СУРАГГҮЙ БОЛОГСДЫГ СУРАГЛАХАД...

2015 оны 08 сарын 04

- Эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 2100 орчим хүн сураггүй алга болж, эрэн сурвалжлагджээ-

 

“Тийм хувцастай, ийм зүс царайтай, төдөннастай хүн алга болсон тул харсан, үзсэн хүн холбообарина уу” гэсэн зартай бид бишгүй л таардаг. Тэрболгонд “Яасан юм бол доо. Хурдан олдоосой билээ” лгэж бодоод өнгөрөхөөс алга болсон хүний ар гэрийнхэн ньямар их шаналж, цагдаагийн байгууллага хэрхэн эрэнсурвалжилдаг талаар төдийлэн ойшоодоггүй байж.Саяхан болсон харамсалтай явдлын дараа цагдаагийнбайгууллагынхныг мэдээлэл солилцохдоо тааруу,хүн алга болсон, амь настай нь холбоотой асуудалдхойрго ханддаг гэсэн шүүмжлэл гараад буй. Энэ тухай сурвалжиллаа.

Өнгөрсөн сарын 13 буюу баяр наадмын өдөр ажилдаа яваад сураггүй болсон 19 настай эмэгтэйг ар гэрийнхэн нь хайж байгаа тухай зар фэйсбүүкээр нэлээд тарсан. Харамсалтай нь тэр эмэгтэй галт тэргэнд мөргүүлж амиа алдсан байжээ. Үүнийг ар гэрийнхэн нь гурав хоногийн дараа мэдсэн бөгөөд тэр даруйдаа Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст очиход “Маргааш цагдаагийн алба хаагчдын баярын өдөр.

Энд унаа машинтай хүн алга” гээд халгаагаагүй тухай талийгаач эмэгтэйн ах Э.Өрнүүн-Ундрах хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр “Наадмаар найз нөхөдтэйгөө уулзсан юм болов уу гэж найдаж байлаа. Гэсэн ч гар утас нь салчихсан, огт сураг гарахгүй болохоор санаа зовоод долдугаар сарын 14-ний 17.00 цагийн орчим цагдаагийн “102” дугаарт залгаж мэдэгдсэн. Дараа нь 19.00 цагийн орчимд Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргасан. Дүү минь сураггүй болсныг цагдаагийн байгууллага 14-ний орой мэдсэн гэсэн үг.

Гэтэл Гурвалжингийн гүүрний доод талаас эмэгтэй хүний цогцос 14-ний өглөөний 05.00 цагийн орчимд олдсон байсан. Цагдаа жаахан л анхаарал хандуулсан бол бидний хайгаад байгаа хүн нас барсан гэдгийг мэдэх байсан. Өргөдөл авснаас хойш 17-ныг хүртэл цагдаагийн байгууллагаас бидэнд ямар ч хэл сураг өгөөгүй” гэсэн байдаг. “19-хөн настай дүү минь амиа хорлох үндэслэлгүй, гаднын нөлөө байна” гэж үзсэн ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.

Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж цагдаагийн байгууллагаас хэлж буй. Талийгаач эмэгтэйг хамт явсан хоёр найз нь долдугаар сарын 14-ний 02.00 цагийн орчим Ус цаг уур, орчны шинжилгээний газрын баруун талын автозамын хойноосоо урагшаа чиглэлтэй зам дээр таксинд суулгаж өгсөн гэжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Хар бараан өнгийн суудлын автомашины жолооч Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн жижүүрийн 2124102 утсанд хандана уу” гэсэн мэдээллийг олон нийтэд хүргээд буй.

Таксины жолооч олдсон эсэхийг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс тодруулахад “Одоогоор олдоогүй байна” гэлээ. Харамсалтай нь талийгаач эмэгтэйн таксинд суусан яг тэр хэсгийн зам хяналтын камергүй аж. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард АПУ компанийн гэрээт борлуулагч Б.Алтанхуяг сураггүй алга болж, ар гэрийнхэн болон цагдаагийн 500 орчим алба хаагч эрэн хайх ажиллагаа явуулсан. Харамсалтай нь арав гаруй хоногийн дараа түүний цогцсыг Налайхаас олсон юм. Хөдөө орон нутагт ч мөн адил малдаа яваад сураггүй болсон, ус авахаар гараад алга болсон гэх мэт сэтгэл сэртхийлгэсэн явдал гарсаар байна.

Сураггүй болсон хүнийг хэд хоног хайсны эцэст олдохгүй бол ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн эрлийн ажлыг зогсоох нь бий. Дээр дурдсанчлан гэр орондоо ирэхгүй, хэд хоногоор алга болсон хүмүүс амиа алдсан байх нь цөөнгүй ч найз нартайгаа наргиж цэнгэж байгаад хэд хоногийн дараа эсэн мэнд ирэх тохиолдол бишгүй. Тиймээс цагдаагийн байгууллага хүн алга болсон хэрэгт “түргэн авдаггүй” байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулав.

Б.БААТАРХҮҮ: ЦАГДАА НАРТ СҮЛЖЭЭГЭЭР МЭДЭЭЛСНЭЭР ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛДЭГ

-Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг хэрхэн явуулдаг юм бэ. Мэдээлэл өгснөөс хойш 72 цагийн дараа цагдаа нар эрэн сурвалжилдаг. Энэ хооронд юу ч хийдэггүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-72 цагийн дараа эрэн сурвалжилдаг гэдэг бол ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах үйл ажиллагааны журам гэж бий. Энэ дагуу оршин суугаа газартаа ирээгүй, алга болсон гэсэн гомдол бүрийг тухай бүрт нь хүлээн авч, бүртгээд эрэн сурвалжлах тусгай санд мэдээллийг нь оруулдаг. Энэ мэдээллийг харьяа нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа болон хороо хариуцсан хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарт хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл, “Ийм хүнийг хайж байна” гэсэн мэдээлэл цагдаагийн бүхий л салбар, ангид хүрдэг гэсэн үг.

Ингэснээр тухайн жижүүрийн ажилтан өөрийн нутаг дэвсгэрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнд мэдээлээд, эрэн сурвалжлах ажиллагаа явагддаг. Алга болсон хүн хоёр цагийн дараа, 2-3 хоноод ирэх тохиолдол ч бий. Ялангуяа хүүхэд залуусын хувьд найз нөхөдтэйгөө амарч зугаалахдаа ар гэрийнхнээсээ айж эмээгээд хэлэлгүй явчихдаг.

Гар утсаа салгасан байдаг. Гэхдээ ямар ч шалтгаантай байсан иргэн гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага ажиллах ёстой. 2-3 хоног олдохгүй байгаа, ноцтой байдал илэрсэн, гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй тохиолдолд эрэн хайх ажиллагаанд хүч нэмж, самналт хийдэг.

Жишээ нь, АПУ компанийн гэрээт борлуулагч алга болсон хэрэгт 500 гаруй, мөн хэдэн жилийн өмнө эгч, дүү хоёр алга болоход 1000 орчим цагдаа гаргаж, эрэн хайсан. Үр хүүхэд, хань ижил, хамаатан саднаа сураггүй алга болоход айж сандрах нь мэдээж. Гэхдээ цагдаагийн байгууллагад мэдүүлснээр л бүх цагдаа нэгэн зэрэг гараад, самналт хийнэ гэж ойлгож болохгүй.

Тухайн нутаг дэвсгэрт эрэн сурвалжлаад мухардалд орсон, сэжигтэй тохиолдол илэрсэн үед самналт хийдэг. Энэ хүртэл цагдаа нарыг зүгээр суугаад байна гэж ойлгож болохгүй. Алга болсон хүний талаарх мэдээллийг цагдаагийн бүх хэлтэс, тасаг бие бүрэлдэхүүнд сүлжээгээр мэдээлснээр эрэн сурвалжлах ажиллагаа шууд эхэлдэг.

-20-иод хоногийн өмнө 19 настай эмэгтэй ажлаа тарж яваад амиа алдсан харамсалтай явдал болсон. Цагдаагийн байгууллагынхныг эрэн хайх ажилд хойрго хандсан гэж ар гэрийнхэн нь гомдолтой байгаа. Цагдаагийн баяр болох гээд ажлаа цалгардуулсан юм биш үү?

-19 настай эмэгтэйг алга болсон өдрөө галт тэргэнд дайруулж нас барсныг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоосон. Хамгийн гол нь ар гэрийнхэнд нь гурав хоногийн дараа мэдэгдсэнд учир байгаа юм. Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хоорондоо мэдээллээ түргэн шуурхай солилцоогүй.

Нэг хэсэг нь эрэн сурвалжилж байдаг. Нөгөө тал нь цогцос олдсоныг дамжуулаагүйгээс сураггүй болсон охин нас барсан талаар ар гэрийнхэнд нь оройтож дуулгасан. Талийгаачийн биед ямар нэгэн бичиг баримт байгаагүйгээс ингэж удсан байж болох. Таксины жолооч талийгаачийг хамгийн сүүлд авч явсан. Одоогоор үүнээс өөр шинэ мэдээлэл алга. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй.

-Ар гэрийнхэн нь хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ.

-Одоогоор тийм мэдээлэл байхгүй.

-Энэ оны эхний найман сарын байдлаар 2100 хүн алга болсон гэлээ. Тэднээс эсэн мэнд олдсон нь хэд бол?

-90 гаруй хувь нь эсэн мэнд олдсон. Сэтгэцийн өвчтэй, тэнэмэл амьдралтай хүн алга болох нь цөөнгүй. Автын осол зэрэг золгүй байдлаар амиа алдсан тохиолдол ч бий. “Хүн сураггүй алга боллоо” гэсэн мэдээлэл авсан цагдаагийн алба хаагч хойшлуулшгүй ажиллагаа (тухайн үеийн нөхцөл байдал, хэзээ алга болсон, хэнтэй явсан зэрэг мөрдөн байцаалт) явуулж байх явцад олдох тохиолдол их. Тэр хооронд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж л байдаг. Шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, эсэхийг шийднэ.

-Амралт зугаалгад явсныг нь ар гэрийнхэн нь мэдэлгүй цагдаагийн байгууллагад хандаж, эрэн сурвалжлуулдаг тохиолдол цөөнгүй. Залууст хандаж юу хэлэх вэ?

-Найз нөхөдтэйгөө амралт, зугаалгаар явахдаа ар гэрийнхэндээ хэлж дуулгаж байгаач ээ. Ядаж мессеж бичээд үлдээвэл ар гэрийнхэн нь санаа зовж, цагдаагийн байгууллагад хандаж, эрэн сурвалжлах ажил явуулахгүй шүү дээ. Бөөн асуудал гарсны дараа юу ч болоогүй юм шиг “Найз нартайгаа явсан юм аа” гээд хүрээд ирдэг залуус цөөнгүй. Эрэн сурвалжлах ажиллагаа өртөг ихтэй.

-Ингэж явсан залууст хариуцлага хүлээлгэдэг үү?

-Онгоц түрээсэлж хайсан, хэд хоногоор уул хад самнаж ажилласан зэрэг зардал гаргасан тохиолдолд буруутай этгээдээр нь төлүүлэх тохиолдол бий. Гэхдээ цагдаагийн байгууллага ингэж төлбөр авсан нь цөөн. Үнэхээр төөр өөгүй, алга болоогүй, санаатай хохирол учруулсан нь тогтоогдох юм бол тухайн хүнээр төлүүлдэг.

Гэмт хэргийн сэжигтэн нь оргон зайлсан тохиолдолд батлан даагчаар нь эрэн сурвалжлах ажлын зардлыг гаргуулдаг. Тиймээс найз нөх өдтэйгөө олон хоногоор амралтад явах гээд эцэг эхдээ хэлж чадахгүй, айж эмээгээд байвал зурвас ч болов бичээд үлдээж байгаарай гэж залуустаа захья.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл