Алтай Таван Богдоос бууж явсан таван уулчин осолдон, амиа алдлаа

2015 оны 07 сарын 16

Баяр наадмын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай Таван Богдод авирахаар явсан таван уулчин сураггүй болж, тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайж, уржигдар цогцсыг нь оллоо. Алтай Таван Богд ууланд хүн авирч, оргилд нь хүрсний 100 жилийн ой энэ онд тохиож буй аж. Тиймээс Монголын өнцөг булан бүрээс болон хилийн чанадаас олон уулчин энэ ууланд авирч байгаа юм байна.

Тэдний нэг нь болох “Монголиан экспедишн” компаниас ууланд авирах аялал зохион байгуулсан бөгөөд түүнд нь 10 хүн бүртгүүлснээс гадна Орхон аймгийн, орос гишүүдтэй баг болон сураггүй болсон уулчид тэднийг дагаж явжээ. Тэд энэ сарын 12-нд авиралт хийн, бүгд Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэнд хөл тавьжээ. Гэвч орой нь отогтоо цуглахад таван уулчин ирээгүй байна. Тиймээс гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид тэднийг хайсан ч олоогүй учир Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдэгджээ.

Энэ мэдээлэл ОБЕГт энэ сарын 12-ны шөнө ирсэн бөгөөд тус газраас нисдэг тэрэг гарган, Алтай Таван Богдыг зорих гэж байсан ч “Таван хүний цогцос олдсон” гэсэн мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс ирсэн учраас бүрэлдэхүүнээ өөрчлөн, өчигдөр 06.40 цагт Улаанбаатар хотоос хөдөлжээ. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнээс тодруулахад “Манай газрын Гамшиг, шуурхай удирдлагын төвийн дарга, хурандаа Б.Мандахгэрэл тэргүүтэй есөн хүний бүрэлдэхүүнтэй баг Баян-Өлгий аймаг руу нислээ.

Цаг агаарын байдал хүнд байгаа учраас ангалд унасан цогцсыг гарган авахад цаг их зарцуулна. Тиймээс маргааш (өнөөдөр) цогцсыг авчрах байх. Нас барсан хүмүүсийн гурав нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн байгууллагад цогцсыг таниулах ажиллагаа явуулсны дараа хэн гэдгийг нь хэлэх боломжтой” гэв. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Алтай Таван Богдод авирахад нэг хүн сая гаруй төгрөг төлж, ямар нэг клубт нэгддэг бөгөөд тэдгээр таван уулчин аль нэг клубт харьяалагдаагүй, өөрсдөө бие даан явж байжээ.

Гэхдээ тэд өмнө нь ууланд авирч байсан туршлагатай бөгөөд хамгийн ахмад нь 57 настай аж. Тэднийг уулнаас бууж явахад буюу Малчин оргил (далайн түвшнээс дээш 4068 метр) орчмоос унаж буйг харсан нэгэн уулчин одоогоор цочролд ороод байгаа юм байна. Тэрбээр хоёр эмэгтэй уулчны орилох дууг сонссон гэжээ. Уулнаас буух явцад цас нурсан чимээ гарсныг тэнд байсан уулчид сонссон аж.

Ч.ТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
5.254.65.8 Шалгуур тавьж болдоггүй юм уу. Хэн дуртай нь явдаг бол өөрсдөд нь ч , улсад ч хэцүү л юм.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл