Үндэснийхээ баяраар үр хүүхдээрээ “НААДЧИХ ВИЙ”

2015 оны 07 сарын 09

Эхийн санаа үрд гэдэг. Нялх нярайд нь өлсөх вий, өвдөх вий гэж зовохоос эхлээд нас биед хүрсэн хойно ч үргэлж санаа тавьж, араас нь залбирч суудаг. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тийм их хайртай. Гэхдээ бид хэтэрхий завгүй амьдралаар түрүү барьж, үр хүүхдээ “мартдаг” гэмтэй болжээ. Хоёрхон хоногийн дараа монгол түмний Үндэсний их баяр наадам болно. Хэн хүнгүй л хөл хөөр болж байна. Гэхдээ та Наадмын тасалбар авах гэж халуун наранд шарагдан, унаж тусан зүтгэхдээ хүүхдээ гэртээ цоожлоод ирсэн юм биш биз. Хөвсгөл далай, хөдөө хээр амрахаар хүлгийн жолоо залахдаа хөөрхөн үрээ хэн нэгэнд даатгаад үлдээгээгүй байгаа. Голын эрэгт найрлаж суухдаа архи дарсанд хөлчүүрхэн алаг үрээ мартчихаагүй биз. Бага насны хүүхэд гэмтэж бэртсэн, амиа алдсан хэргүүд сүүлийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдэх нь нэмэгджээ. Бяцхан үрс маань өдөр бүр шахуу зам тээврийн осолд өртөж, халуун тогоонд түлэгдэн, усанд живж, өндрөөс унаж, гэмт хэргийн золиос болж, хүчирхийлэлд өртсөөр байна.

Энэ хорвоод өөрийг нь хайрлах хэн нэгэн байгаа гэдэгт итгэж ирсэн ангаахай үрсээ өдөлж гүйцэн үүрээ орхин нистэл нь бид хайр энхрийлэл, анхаарал халамжаар дутаахгүй өсгөх үүрэгтэй. Гэвч төрсөн үрээ зодсоор байгаад аминд хүрсэн жигшүүрт хэргээс эхлээд эцэг эхийн хайнга, анхаарал болгоомжгүй байдлаас болж хүүхдүүд энэ хорвоогоос буцсаар байна. Уржигдар л гэхэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт хоёр настай хүү дөрөвдүгээр давхрын цонхоор унаж, амиа алджээ. Ийм харамсалтай явдал цааш хөвөрнө. Өнгөрсөн сарын 16-нд Чингэлтэй дүүргийн II хороонд 17 дугаар байрны аравдугаар давхраас хоёр настай хүүхэд унаж амиа алдсан харамсалтай явдал гарсан. Зарим хэвлэлд талийгаач хүүхдийг эмээ нь харж байсан талаар дурджээ. Өөрөө хүүхэд шиг болсон хүнээр хүүхэд харуулна гэдэг бас л бодууштай зүйл.

Үүний өмнөхөн нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны 25 дугаар байрны тавдугаар давхрын цонхны тавцан дээр нэг хүү гараад суучихсан тусламж гуйн уйлах бичлэг фэйсбүүкээр тарж, олныг сандаргасан. Азаар нэгэн залуу түүнийг аварсан билээ. Өнгөрсөн онд байрныхаа цонхоор хүүхэд унаж гэмтсэн, нас барсан тохиолдол тав гарсан бол энэ оны зургаан сарын байдлаар гурав бүртгэгджээ. Гадаа хэдий халуун байгаа ч цонхоо цэлийтэл нээж, зовж төрүүлсэн үрээ “нисгэсээр” байх уу. Ядаж цонхондоо хамгаалалт хиймээр. Гэртээ ганцаараа үлдсэнээс аюултай байдалд орсон энэ мэт жишээ олон. Өнгөрсөн сарын 10-нд Налайх дүүрэгт амьдардаг нэгэн айлд гааз дэлбэрсний улмаас хоёр хүүхэд амиа алдах шахсан. 16 настай ах нь найман сартай дүүгээ дүрэлзэн асах галаас аварч, өөрөө 80 хувь түлэгдэн, эмчилгээ хийлгэж байгаа билээ. Орон нутагт ч мөн хүүхдүүд галд түлэгдэн амиа алдсан харамсалтай явдал гарсаар байна. Ганц жишээ хэлэхэд, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн тавдугаар сарын 8-нд байшин шатаж, гурван хүүхэд амиа алдсан.

Онцгой байдлын алба хаагчид очсон боловч хүүхдүүд хэдийнэ угаартаж нас барсан байж. Тэдний том нь аравтай бол бага нь хоёрхон настай байсан аж. Аав ээж нь гэрээсээ гарахдаа хүүхдүүдээ цоожлоод явсан байна. Хэрэв хаалга нь цоожгүй байсан бол тэд аюулаас зугтаж чадах ч байсан юм бил үү. Мөн хэд хоногийн өмнө нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хороо, Гачууртын эцсийн буудлын харалдаа Туул голд 15 настай хүүхэд живж амиа алдсан. Цэцэрлэг, сургууль амарсан энэ үед бага насны хүүхдүүд харж хандах хүнгүй болдгоос ийм харамсалтай явдал гарах нь нэмэгддэг. Тиймээс үр хүүхдэдээ онцгой анхаарал тавихыг цагдаагийн байгууллагаас сануулж буй. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Т.Аринтуяагаас тодруулахад “Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь багасахгүй байна. Түр хамгаалах байранд хандаж байгаа хүмүүсийн олонх нь хүүхдүүд.

Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд есөн хүүхэд өртжээ. Энэ бол бидэнд мэдэгдэж байгаа тоо. Үүний цаана хэдэн ч хүүхэд хүчирхийлүүлж буйг мэдэхгүй. Бага насны хүүхдүүд харах хандах хүнгүйгээр гэр орондоо ганцаараа үлдэх, хэн нэгэн хүнд захиж үлдээснээс хүүхэд хохирсоор байна. Гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээснээс галын аюулд өртөх, өндрөөс унаж гэмтэх, амиа алдах нь цөөнгүй. Урин дулааны улиралд хүүхдүүд голд живж амиа алдсан харамсалтай явдал гарсаар байна. Өнгөрсөн жилийн Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 87 хүүхэд төөрснийг олж, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Баярлаж наадахдаа ч үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахүй байхыг анхааруулъя. Хэрэв хүүхэд тань төөрсөн, алга болсон бол Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 102 дугаарын утсанд хандах хэрэгтэй. Хаяг нь тодорхойг үй хүүхдүүдийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран асрамжийн газарт хүргэж өгч байгаа” гэв.

Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтгүй, тэнэмэл амьдралтай 40 гаруй хүүхэд бий. Харин эцэг эхийн хяналтад байгаа гэх тодотголоос цаашгүй нөхцөлд амьдарч буй хүүхэд хэд бий бол. Цагийн сайханд монголчууд үр хүүхдээ гэрийнхээ хананаас уяад л сүү саалиндаа гардаг байлаа. Харин одоо цаг өөр, хүүхдүүдийн сэтгэхүй ч ондоо болсон. Тэд маш ухаалаг, бас хэтэрхий дүрсгүй, шалмаг, гэнэн гэдгийг мартаж үл болно. Тав, зургаан настай хүүхдэдээ ой ч хүрээгүй нялх үрээ даатгаад гэрээсээ гарах бөх зүрх эцэг эхчүүдэд байж болох уу. Хэдий ажил хийж, амьдралаа залгуулах ёстой ч алаг үрсийнхээ аюулгүй байдалд анхаарах нь хамгийн чухал биш гэж үү. Төр засгаас нэг ч гэсэн цэцэрлэг, сургууль баривал цоожтой гэрт үлдэх хүүхдүүд цөөрнө дөө. Тэгээд бас цэцэрлэг яагаад зун ажиллаж болохгүй гэж.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.5.205.16 эцэг эхчүүдэд хариуцлага гэж алга. бүх зүйлийг сургууль, цэцэрлэгт даатгадаг. тэгээд хэдэн багш нарыг загнаад сууж байдаг.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл