ХАГАЦЛЫН НУЛИМС УРССАН ХАР ӨДӨР ДАХИН БҮҮ ТОХИОЛДОГ

2015 оны 07 сарын 02

“Канадын компанид орчуулагч, нярваар ажиллаж байсан 24 настай залуу 2008 оны долдугаар сарын 1-ний 21.00 цагийн үед төв талбайд болж буй үймээнийг зурагтаар үзээд очихдоо амиа алдана гэж яахин мэдэх билээ. Маргааш өглөө нь хүүгээ ажилдаа очоогүйг мэдсэн аав ээж нь баривчлагдсан хүмүүсийн дунд хайсан боловч олсонгүй. Харамсалтай нь хайртай хүү нь буудуулан амьсгал хураасан байжээ”.

Энэ бол одоогоос долоон жилийн өмнөх долдугаар сарын 1-нд болсон харамсалтай явдлын нэгээхэн хэсэг. Тэр өдрийг хэн ч мартаагүй, бас дурсахыг ч хүсээгүй. Гэвч тэр өдөр таван сайхан залуу амиа алдаж, тангараг өргөсөн цагдаа, олон арван хүн гэмтэж бэртэн, үймээнийг далимдуулан хулгай дээрэм, тонуул хийсэн залуус баривчлагдан, улс оронд хэдэн тэрбум төгрөгийн хохирол учирсан үнэнийг үгүйсгэж чадахгүй. Хоёр ой ч хүрээгүй байхдаа аавгүй үлдсэн хүүхэд, 24-хөн настай хүүгээ алдсан эцгийн шархыг хэн, хэзээ ч нөхөх боломжгүй. Эгэл жирийн ард ийнхүү хохирсон нь үнэн боловч хэн тэднийг хохироосон, хэн буудсан нь одоо болтол олны өмнө ил болж, хэргийн буруутан олдохгүй байсаар долоон зуныг үдлээ. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд тэргүүтэй гурван хүнийг буруутган, торны цаана хүчээр шахуу суулгасан ч одоо тэд эрх чөлөөтэй явж буй.

“2008 оны долдугаар сарын 1 өнөөдөр ч үргэлжилж байна” гэсэн лоозон барьсан хүмүүс Чингисийн талбайд цугларч, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон тэдэнтэй нэгдсэн зарим төрийн бус байгууллагынхан өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг, зул өргөв. Тус хөшөөний баруун талд “Амь үрэгдсэн залууст гэрэлт хөшөө босгоно” гэсэн тунхаг бүхий самбар 2009 оны долдугаар сарын 1-нээс хойш байрлаж буй. Гэвч өдий болтол хөшөө босгох байтугай, тухайн үед төр барьж байсан эрх мэдэлтнүүд ард түмнээсээ уучлалт гуйсангүй.

Үймээний үеэр амиа алдсан 24 настай Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр “Төр засаг өнөөдөр буруугаа хүлээгээд ч таван хүнийг хөнөөсөн гэмээ цайруулж чадахгүй. Цагдаагийн байгууллагын ажилтан ч нас барсан. Ийм байхад яагаад хариуцлага алдсан хүмүүсээс ял асуухгүй байгаа юм бэ. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил нар хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан нам гарснаар энэ хэргийг дарагдуулсан уу гэхээс гаргаж ирж чадсангүй” гэв.

Галт зэвсэгт өртөн амиа алдсан дөрөв, угаартаж нас барсан нэг хүний ар гэрийнхэнд нь тус бүр 50 сая, хүнд шархадсан хүмүүст 20 сая төгрөгийн нөхөн олговор төрөөс өгөөд л таг болсон. Мөнгөөр үнэлж болшгүй эрдэнэт хүний амины төлөөсөнд 50 сая төгрөг өгснөөр өнчирч хоцорсон ар гэрийнхэн, тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдсан цагдаагийнхны зүрхэнд хурсан хар толбыг арилгаж, ижий нарын урсгасан нулимсны үнэ цэнийг төлж чадна гэж үү.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл