Ц.ХИШИГБААТАР: НАМАЙГ “ДАРГА АА” Л ГЭЖ ДУУДДАГ

2015 оны 04 сарын 22

Аугаа ялалтын 70 жилийн ойн баярт анх удаа Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид оролцохоор болсон билээ. Тэд тавдугаар сарын 9-нд Москва хотын Улаан талбайд уухай нэмэх бол БХИС-ийн харьяа “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн 44 сонсогч Ангарск хотод болох ёслолын парадад оролцон, монгол цэргийн сүр жавхааг харуулах юм. Халаасандаа генаралын мөрдэстэй сонсогчид маань ирэх сарын 5-нд эх орноосоо мордоно. Баярын парадад оролцох бэлтгэлээ хийх үеэр тус сургуулийн сонсогч түрүүч Ц.Хишигбаатартай ярилцлаа.

-Тэрбээр БХИС-ийн “Соёмбын барсууд” клубийн тамирчин, хөлбөмбөгийн спортын II зэрэгтэй, “Ирээдүйн генерал” өргөмжлөлтэй. Бас шүлэг уншина, илтгэл тавина, хөтөлнө, дуулна гээд чамгүй авьяастай. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Цогтбаатарын Хишигбаатар гэдэг. 1998 онд Дархан-Уул аймагт төрсөн. Намайг хоёрдугаар ангиа төгсөх жил манайх Улаанбаатарт шилжиж ирсэн юм. Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын VII сургуульд тавдугаар ангиа төгсөөд 2010 онд “Тэмүүжин Өрлөг” сургуульд элсэн орсон. Сургуулийнхаа анхны элсэгчдийн нэг. Миний аав, ээж хоёулаа цэргийн хүн. Аав минь хошууч цолтой, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагч. Ээжийг минь М.Хонгорзул гэдэг. Батлан хамгаалах яаманд мэргэжилтэн. Хоёр дүүтэй. Бага эрэгтэй дүү минь ой хоёр сартай. Дүүгээ том болохоор нь цэргийн хүн болгоно гэж боддог.

-Ялалтын баярын жагсаалд оролцоно гэхээр сэтгэл догдолж байна уу. Бэлтгэлээ хэр базааж байна?

-Анх жагсаалд оролцох болсноо сонсоод их догдолсон. Харин одоо сандраад байна. Бэлтгэл эхлээд сар гаруй болсон ч зарим зүйлээ жигдрүүлэх хэрэгтэй байгаа. Бид баярын парадад алхахаас гадна монгол цэргийн онцлогийг харуулсан үзүүлбэр үзүүлэх юм. Цөөхөн хоног үлдсэн болохоор бэлтгэлээ шаргуу хийж байна. Эхний өдрүүдэд жагсаалын хайрцгаа гаргах гэж өдөрт хоёр цаг бэлтгэл хийж байсан бол одоо дөрвөн цагаар бэлтгэлээ базааж байгаа. Орос ах нартаа монголчууд тус болсон гэдэг утгаараа парадад бардам алхана гэж бодож байгаа шүү. (инээв)

-Чиний хувьд ёслолын парадад яг ямар үүрэгтэй оролцох вэ?

-Чиглүүлэгчийн үүрэгтэй оролцоно. Жагсаалын хамгийн урд алхана гэсэн үг. Тэгээд миний ард Монгол Улс болон сургуулийнхаа тугийг барьсан хүүхдүүд алхах юм.

-Аав ээж нь цэргийн хүмүүс учраас энэ сургуульд чамайг сурахад нөлөөлсөн үү. Эсвэл өөрийн хүсэл сонирхлоор оров уу?

-Аав ээжтэйгээ хамт байхад эмх цэгцтэй байдал өөрийн эрхгүй мэдрэгддэг. Гэхдээ цэргийн сургуульд сурах нь миний хүсэл байсан. Монголд анх удаа цэргийн сургалттай бүрэн дунд сургууль байгуулагдах гэж байна гэж сонсоод аав ээждээ хэлэхэд дэмжсэн. Тэгээд шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцсэн дээ.

-“Тэмүүжин-Өрлөг” сургуульд тавдугаар анги төгссөн хүүхдүүдийг авдаг. Өмнө нь сурч байсан энгийн сургалттай сургууль болон одоогийн цэргийн сургуульд сурахын ялгаа нь юу байна?

-Их өөр. Ерөнхий боловсролын сургуульд сурдаг байхдаа хичээлээ заримдаа хийдэггүй байсан. Харин энд бүх зүйл нь цэрэгжилтийн байдалтай. Гэхдээ хүүхдийг хүчлэхгүй. Өөрийн ухамсраараа асуудлыг шийдэхэд нь тусалдаг. Тиймээс хүүхдүүд анхнаасаа хичээдэг. Үеийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулахаар илүү намбатай болсон юм шиг санагддаг.

-Биеийн тамирын хичээлдээ сайн байсан уу?

-Бага ангид байхдаа биеийн тамирын хичээлийн цагаар ихэвчлэн сагс тоглодог байлаа. Харин цэргийн сургуульд орж, сурагчдын дотуур байранд амьдрахад бүх зүйл өөрчлөгдсөн. Хоногийн 24 цагийн турш тогтсон хуваарийн дагуу амьдарч, илүү олон цаг дасгал хөдөлгөөн хийж, гүйж харайдаг болсон.

-Шантрах үе хэр гарч байв. 13-хан настайгаасаа л цэргийн амьдралд орсон учраас бэрхшээлтэй зүйл гарч байв уу?

-Эхний жилдээ шантарсан. Гэхдээ бусдын өмнө уйлдаггүй байлаа. Анх тарган байсан учраас гэдэс тулаад суниахад төвөгтэй байсан шүү. Харин удалгүй хэвийн жиндээ орсон. Одоо ангийн дарга. Түрүүч цолтой. Цолтой хүүхдүүд нь сурагчдаа хэд хэдэн хэсэг болгон хариуцдаг юм.

-Тэгэхээр чи бусдыгаа хариуцан захирдаг байх нь ээ?

-Би нэг бүлэг буюу 100 хүүхэд хариуцдаг. Манай сургууль 300 гаруй хүүхэдтэй. 7-8, 9-11 дүгээр анги гэсэн хоёр бүлэгтэй.

- “Түрүүч ээ” гэж дуудуулах гоё уу?

-“Дарга аа” л гэж дууддаг. Илтгэхдээ харин цолоор дууддаг. Сургуульд цол бол цол, дарга бол дарга, ахлах ангийн хүүхэд бол ахлах ангийн л хүүхэд гэсэн зарчим бий. Харин жирийн үедээ сайн найзууд.

-Цэргийн хүн болохын сайн болон сул тал нь юу юм бэ?

-Наад зах нь хувцсаа цэвэр, зөв өмсөж сурдаг. Ихэнхдээ цэргийн хувцас өмсдөг болохоор гэртээ болон гадуур гарахад өмсөх энгийн хувцас ховор болчихдог нь сул тал юм уу даа.

-Үеийнхэн чинь гадуур зугаалаад л чөлөөт цаг ихтэй байхад цэргийн сургуулийнхны хором бүр төлөвлөгөөтэй. Энэ нь чамд төвөгтэй санагддаг уу?

-Бидний ажлын тав хоног нэгэн хэвийн үргэлжилдэг ч төвөгтэй санагддаггүй. Өглөө 07.00 цагт гэрээсээ гараад хичээлдээ суугаад өдөр 13.30 цагт хоолондоо орно. Тэгээд жагсаалын бэлтгэлээ орой болтол хийгээд гэртээ харина даа. Гэртээ очоод амжуулах чухал ажил маань бээлийгээ угаах. Бид цагаан бээлийтэй бэлтгэл хийдэг учраас өмнөх орой нь заавал угаадаг юм. Гэхдээ үеийнхээ хүүхдүүдэд хааяахан атаархах зүйл гарна аа. 2012 онд би Эх үрсийн баяраар төв талбайд баярын жагсаалд алхсан юм. Хүүхдүүд аав ээждээ эрхлээд, үеийнхэнтэйгээ хөгжилдөж байхад үүргээ гүйцэтгээд л явж байлаа. Тэр үед аав ээждээ эрхэлмээр санагдсан шүү.

-Цэргийн сургуульд сурснаар аав ээжтэйгээ болон бусад хүнтэй харилцах харилцаанд нь өөрчлөлт гарсан уу?

-Аав ээжийнхээ цолыг мэддэг болсноор илүү хүндэтгэлтэй харилцдаг болсон. Заримдаа “Ойлголоо, гүйцэтгэе” гээд хэлчихдэг. Аав минь “Хүн шиг хүн байгаарай. Дарга хүн чинь бусдаасаа илүү байж үлгэр жишээ болдог юм шүү” гэж захьдаг. Тиймээс би хичээлдээ илүү шамдан бусдыгаа манлайлахыг хичээж байна.

-Ангарск хотод баярын жагсаалд алхах өөр орны хүүхдүүдийг судалсан уу. “Монгол гэж ямар улс байдаг вэ. Бахархал нь юу вэ” чамаас хэн нэгэн асуувал чи юу гэж хариулах вэ?

-10-аад орны цэргийн сургуулийн сонсогчид оролцоно гэж сонссон. Тэднээс илүү гарахыг хичээж байгаа. Манай улсын цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд явсан ч тэсвэр хатуужил, ёс журамтай байдгийг онцолж хэлнэ. Чингис хааны үеэс л аравт, зуут, мянгат гэсэн цэргийн зохион байгуулалттай байсан. Одоо ч манай сургууль энэ зохион байгуулалтаар явдаг нь бахархал гэж бодож байна.

-Баярын жагсаалд алхаж байхад хөгжилтэй явдал тохиолдоно биз?

-Миний ард зогсдог хүүхдүүд бүгд надаас өндөр болохоор том том алхдаг юм. Харин би тэднээс ойрхон зайнд алхдаг учраас хүүхдүүд миний гутлын өсгий дээр гишгэчихнэ. Ингэж олон удаа гутлынхаа өсгийг салгаж байсан даа. Бас цэргийн сургуульд анх ороод дүрэмт хувцастайгаа гадуур явж байхад хүмүүс “Хүүхдүүд сурдаг ийм цэргийн сургууль байдаг юм уу” гээд асуугаад явуулдаггүй байлаа. Намхан, жаахан хүүхэд цэргийн хувцас өмсөөд явахаар гайхдаг байсан байх.

-Мэргэжлээ сонгосон уу. Цэргийн амьдралаасаа хөндийрөхгүй биз дээ?

-Багаасаа л цэргийн амьдралыг сонгосон учраас үүнээсээ урвахгүй. ОХУ-ын Шүхэр десант командын дээд сургуульд сурахаар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь монгол хүүхдүүд шалгалтыг нь давдаг ч эрүүл мэндээрээ тэнцэх нь чухал гэсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ англи хэл сурч байна. Үеийнхэндээ хандаж хэлэхэд, удахгүй бүгдээрээ оюутан болж, ажил дээр гарах гэж байна. Тиймээс хичээлээ сайн хийж, гадуур дэмий тэнэхгүй, PC тоглохгүй, архи тамхинаас хол байгаарай гэж хэлье. Бас эр хүн болж төрснийх цэргийн алба заавал хаагаарай. Их гоё шүү гэж уриалмаар байна.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.130 Та юу гэж бодож байна ...ayayaa mundag bn shvv baxapxaj bn
150.129.143.166 Amjilt
124.158.109.140 Та юу гэж бодож байна ...амжилт хүсэе
203.194.114.105 mundag general bolooroi minii duu billy ahaas ni
203.194.114.214 AmjilТ ahiin duu dalai ganaa 2 ahaas ni
103.229.123.133 Мундаг шдэ агаадаа амжилт хүсье . Илүү их хичээгээрэй :))
202.72.247.249 Amjilt huuhdee....:)
61.182.225.186 Dvvdee amjilt hvsie.
49.0.132.14 Amjilt ahiin dvv
202.72.246.106 Minii duu iluu ih hicheegeerei
203.194.114.35 Өвөө эмээгийн хүү улам сайн хичээгээрэй. Хүүдээ амжилт хүсье
49.0.160.249 Өөрийгөө яая гэж байж бас 2 сартай дүүгээ цэргийн хүн болгоно.
49.0.160.249 Anda goe shvv
  • 2016 оны 01 сарын 14
49.0.160.249 Бүгдэнд нь баярлалаа
  • 2015 оны 07 сарын 02
49.0.160.249 Таны хариулт ...мундаг юмаа
  • 2015 оны 05 сарын 01
49.0.160.249 Таны хариулт ...мундаг юмаа
  • 2015 оны 05 сарын 01
49.0.160.249 Таны хариулт ..huurhun yum be mundag bna amjilt
  • 2015 оны 04 сарын 25
49.0.160.249 yahavdee hvvhdiin bodolshde
  • 2015 оны 04 сарын 23

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл