Элэг нэгтнээ хайрлах сэтгэлийг ЭНДЭЭС ИЛҮҮ ТЭНД МЭДЭРМЭЭР БАЙНА

2015 оны 04 сарын 20

Малайзын Куала Лумпур дахь Таман Малури барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-нд гарсан. Энэ нь манай улсын иргэн хилийн чанадад нас барсан 33 дахь тохиолдол. Өөрөөр хэлбэл, 2015 оны эхний дөрөвхөн сарын байдлаар 33 монгол хүн харь газарт амиа алджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад их тоо. Өнгөрсөн онд хилийн чанадад 86 иргэн нас барсан юм билээ. Эрдэм номын мөр хөөсөн эсвэл амьдрал ахуйгаа өөд татах зорилго өвөрлөн хүний нутгийг зоригч монголчуудаа буруутгахгүй ээ. Гэвч харийн газар очоод улсынхаа нэрийг хөөдсөөр байгаа нь харамсалтай. Хилийн дээс алхаад л хэн ч байсан Монгол гэдэг улсаараа овоглодог. Гадаадад очихоор тэрний тэр гэхгүй, сайнаар, саараар дуудуулсан ч Монгол Улсын иргэн, монгол хүн л гэнэ. Бидний эргэн тойронд өвчин, осол, гэмт хэргийн золиос болох, золгүй тохиолдол зэрэг олон шалтгаанаар хүмүүс хорвоог орхисоор л байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь өвчин, удаах нь золгүй тохиолдлоор амиа алдах явдал.

Гэвч энэ шалтгаанаар нас барагсдын амиа алдсан шалтгааныг шалгахад цөөнгүйд нь элэг нэгтнүүд нь холбогджээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Францад монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан. Энэ хэрэгт түүний нөхөр болон тэдэнтэй хамт амьдардаг байсан монгол эмэгтэй М-ийг саатуулан шалгаж буй билээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын иргэн М-ийг талийгаач сайхан сэтгэлийн үүднээс гэртээ амьдруулж байжээ. Гэтэл тэрбээр талийгаачийн нөхөртэй “учир ургуулж” эхэлснээс энэ золгүй явдал гарах шалтгаан болсон гэдэг. Мөн гуравдугаар сард АНУ-д хоёр монгол оюутан бүсгүй хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ хэрэгт мөн тэднийг ажилд зуучилж өгсөн монгол эмэгтэйг сэжиглэн шалгаж буй. Элэг нэгтнээ хохироосон, хөнөөсөн байж болзошүй хэрэг үүгээр дуусахгүй.

Гуравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө БНСУ-ын Кимпо хотод ажиллаж амьдарч байсан монгол эмэгтэй галд түлэгдсэн. Түүний биеийн 80 орчим хувь нь түлэгдсэн бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ хэрэгт мөн түүнтэй хамт амьдарч байсан монгол залууг санаатай гал тавьж, шатаахыг завдсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Бас л Малайзад амиа алдсан монгол бүсгүйн үхэлд гурван монгол эмэгтэйг саатуулан байцааж байна. Талийгаач Малайзын Олон улсын их сургуулийн дотуур байранд гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед тэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн тэндхийн цагдаа нар үзэж буй. Учир нь цагдаа нарыг хэргийн газарт очиход ширээн дээр байсан эд зүйлс, аяга таваг нь хагарч архи, шар айрагны хоосон шил нэлээд байсан ажээ.

Хөршүүд нь ч тэднийг шөнө унтахгүй, дуу шуугиан ихтэй байсан хэмээн мэдүүлсэн гэнэ. Тэгвэл талийгаач амиа хорлосон уу, эсвэл нутаг нэгтнийхээ гарт хорвоог орхисон уу гэдгийг шалгаж, Куала Лумпурын цагдаагийн байгууллагынхан ажиллаж буй. Зөвхөн энэ оны дөрвөн сарын байдлаар л гэхэд монголчууд элэг нэгтнээ хохироосон, үхэлд хүргэсэн нь энэ. Эдгээр нь гэр бүлийн маргаан, архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүссэн байх юм. Түүнчлэн шинээр очиж буй монголчуудаа хууччуул нь хулгай дээрмийн хэргийн золиос болгох энүүхэнд гэнэ. БНСУ-д хулгайн гэмт хэрэгт монголчууд их холбогддог гэдэг. Анх удаа ирсэн газар мэдэхгүй нэгнээрээ хулгай хийлгэх, хамт хулгай хийж байгаад орхин зугтах, хулгайлсан зүйлээ цүнх халаасанд нь хийх зэрэг хүн чанаргүй үйлдэл гаргах нь түгээмэл гэж ГХЯ-ны Консулын газрынхан хэлж буй юм.

Мөн захиргааны журмаар баривчлагдан 10-15 хоног саатуулагдан суллагдах хүн олон байдаг ажээ. Визийн хугацаа хэтэрсэн, хараар амьдарч байгаад баригдсан, биеэ үнэлсэн, хулгай дээрэм хийсэн, архидан согтуурч танхайрсан монголчууд хилийн чанадад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрынхны чихнээс байнга хонх уяастай. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэдэг шиг нэг монгол хүний болчимгүй үйлдлээс болж тэнд амьдарч буй монголчууд бүгд адилхан муу нэртэй болдгийг сануулахад илүүдэхгүй биз. Архиддаг, худлаа хэлж, хулгай хийдэг, биеэ үнэлдэг, нэг нэгнээ өөд нь гаргадаггүй гэсэн муу нэр гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудыг сүүдэр мэт дагадаг нь үнэн. Гэхдээ үүгээр хилийн чанадад Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн, амжилттай ажиллаж амьдарч буй олон хүнийг үгүйсгэх гэсэнгүй. Хүний газар нэрээ бодон, элэг нэгтнүүдээ хайрлан, нэг нэгэндээ тус дэмтэй байгаасай гэж та бүхний ард үлдсэн аав ээж, ар гэрийнхэн тань цайны дээжээ өргөн, залбирч суугааг эргэн сануулахад илүүдэхгүй биз.

2014 онд хилийн чанадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон байна. 19 оронд 165 монгол хүн ял эдэлж байсны 122 нь суллагдан, дахин тухайн улсад зорчих эрхээ хязгаарлуулжээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гадаадын 13 оронд манай улсын 103 иргэн ял эдэлж байгаа аж. БНХАУ-ын Зэ Жиан мужийн Ханжоу хотын Эмэгтэйчүүдийн хорих газарт хар тамхины хэргээр хоригдож байсан Монгол Улсын иргэн Э-г хоёр улсын хооронд байгуулсан ялтан солилцох гэрээний дагуу өнгөрсөн нэгдүгээр сард эх оронд нь авчирсан. Мөн энэ ондоо багтаан БНХАУ-д ял эдэлж буй гурав, БНСУ-д ял эдэлж буй хоёр монгол иргэнээ ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу нутагт нь авчрахаар ГХЯ-ны Консулын газрынхан ажиллаж байгаа гэсэн. Монголчууд тамын тогооны үлгэрээр өдийг хүртэл явж ирсэн. Одоо ч үлгэр жаргаагүй байна. Монгол эгч дүү хоёр хар тамхины хэргээр олон монголчуудыг хөлдөө чирсэн. Тэдний балгаар цөөнгүй монгол хүн харийн шоронд үйлээ үзэж буй. Гэхдээ нэг сайхан мэдээ дуулгахад өнгөрсөн оноос хойш хар тамхины хэрэгт монголчууд холбогдоогүй байна.

Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын улс орнуудад зорчихдоо дайвар ачаа тээш авах, онгоцны буудал дээр байх үедээ ачаа тээшээ хараа хяналтгүй орхисноос хар тамхи бусад хориотой эд зүйл, тэсэрч дэлбэрэх бодисын хэрэгт холбогдох аюултайг сайн таниулж мэдээлсний ач тус гэдгийг Консулын газрынхан дуулгав. Өнөөдрийн байдлаар гадаадын 40-50 оронд манай улсын 105 мянган орчим иргэн ажиллаж амьдарч, сурч байна. Тэдний 30 мянга гаруй нь БНСУ-д амьдардаг. Энэ хэрээр тус улсад монголчууд нас барах, гэмт хэрэгт холбогдох нь хамгийн их байдаг аж. Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд харамсалтайгаар амиа алдах, гэмт хэрэгт холбогдох нь буурахгүй байгаа учраас хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажилладгаа ГХЯ-ны Консулын газрын захирал Н.Батаа, мэргэжилтнүүдийн хамт өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

Тус газраас “Гадаад улсыг зорьж буй Монгол Улсын иргэдэд”, “Хилийн чанадад” гэсэн хоёр гарын авлагыг үнэ төлбөргүй тарааж байгаа аж. Эдгээр гарын авлагад гадаадад аялахын өмнө анхаарвал зохих арван зүйл, хил гаалиар нэвтрэх үед мөрдөх зүйл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын хаяг, холбоо барих утас зэрэг хэрэгтэй мэдээлэл багтаажээ. Сэрэмж хэзээд илүүдэхгүй гэдэг. Хэрэв та гадаадын аль нэг улс руу зорчих гэж байгаа бол энэхүү гарын авлагыг заавал уншаарай. Монголчууд бид эртнээс л нэр төрөө хайрлан дээдэлж ирсэн ард түмэн. Тиймдээ ч үр хүүхдээ “Хүн нэрээ, тогос өдөө”, “Нэр хугарахаар яс хугар”, “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” хэмээн захиж сургасаар ирсэн. Гэтэл хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчууд нэгнээ цавуу асгаж шатаахыг завдсан, бусдад зуучлан хүчирхийлэлд өртүүлсэн, хүйтэн мэсээр нэгнээ хороосон, зургаан давхраас түлхэж, амь насыг нь бүрэлгэсэн зэрэг санаанд оромгүй харгис байдлаар нэгэндээ хандсаар байх уу. Харийн газар нэрээ бодоцгооё монголчууд аа.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл