ЭРҮҮЛ МЭНДЭЭР НААДАГЧДЫГ ИНГЭЖ ДАВРААЖ БОЛОХ УУ

2015 оны 04 сарын 17

Дэлгүүрээс талх тариа, чихэр жимс авч байгаа мэт аль таарсан эмийн сангаасаа антибиотикийг ямар ч хяналтгүйгээр худалдан авч буй дүр зураг Монголд хаа сайгүй. Жороор олгодог эмийг жоргүй өгөх нь хэвийн үзэгдэл. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16.5.1- т заасан “Жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Гэвч үүнийг эмийн сангийн “эрдэмтэй” эмзүйчид мэддэггүй эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт царайлдаг бололтой. Эмзүйчид өөрсдийгөө дэлгүүрийн жирийн нэг худалдагч биш эм барих тусгай зөвшөөрөлтэй, онцгой салбарт ажиллаж буй гэдгээ мартчихаагүй баймаар.


Эрүүл мэндийн ямар нэгэн асуудалд орсон хүмүүс л эмийн сан барааддаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Өвчтэй хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд гээд онцгой анхаарал шаардлагатай хүмүүс эмийн сангийн гол үйлчлүүлэгч байдаг. Гэтэл эрүүл мэндийн байгууллага, эмч, эмзүйчид ажил мэргэжилдээ хэтэрхий хайнга хандаж, олон хүнийг хохироосоор байна. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард “Монос-Эх нялхас” эмийн сангийн эмзүйч хүүхдүүдэд насанд хүрсэн хүний тунгаар эм өгснөөс болж, 16 нярайн амь дээсэн дөрөөнд дэнжигнэж байлаа. Гэтэл энэ хэрэг хуучраагүй байхад ахиад л эмнэлгийн байгууллагын удирдлагууд, эмч, сувилагч, эмзүйчийн буруугаас болж, ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдрын тасагт хэвтэж байсан найман хүүхдэд зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг эмнээс 188 ширхгийг уулгасан ноцтой алдаа гаргав. Үүний хохирогч нь бас л хүүхдүүд.

Тэдний биеийн байдал дээрдсэн гэж ЭХЭМҮТ-ийн эмч нар хэлж буй ч дараа нь эрүүл мэндэд нь ямар нэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насаар энэ мэт тоглодгоо эрүүл мэндийн байгууллагынхан хэзээ зогсоох вэ. Тэдэнд ямар хариуцлага тооцож байна вэ. Эмийн тун андуурч өгсөн будлиу эмзүйчийн эм барих эрхийг хассан тухай МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хэлэв. Мөн хүүхдүүдэд буруу эм өгсөн “Моносфарм трейд” компани, ЭХЭМҮТ-ийн удирдлагуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон гэсэн юм. Энэ нь “Монос”- ыг ердөө 9.6 сая төгрөгөөр л торгоод өнгөрч байгаа хэрэг. Монголчуудын эмийн талаарх боловсрол нимгэн. “Аспирин”, “Анальгин”, “Парацетамол”- оос хэтрэхгүй нь нууц биш.

Тиймдээ аль ойрхон эмийн санд ороод “Толгой өвдөөд байна, ямар эм уух вэ, хүүхэд халуураад, хоолой нь өвдчихлөө сайн эм юу байна” гэж асуугаад л эмзүйчийн өгснийг л авч орхидог. Тэд ч “Эмчид үзүүлсэн үү. Эмийн жор нь хаана байна” гэж асууж шалгаахгүйгээр орлогоо бодоод л “наймаа”-гаа хийнэ. Уг нь эм бол хүнс биш онцгой бараа. Гэтэл мөнг өө л өгсөн бол энэ нь эмзүйчдэд хамаагүй гээд хэлчихэд буруудахгүй. Томоохон эмийн сангуудад эм авах гэсэн хүмүүс урт дараалал үүсгэсэн байдаг. Нэг удаа 200-300 мянган төгрөгөөр эм аваад гарах хүн ч цөөнгүй. Эрэлт дагаж нийлүүлэлт гэгчээр эм, эмийн бүтээгдэхүүнүүд ийм эрэлттэй байхад эмийн сангууд олшрох нь аргагүй биз ээ. Гэхдээ энэ бол хэн дуртай нь эрхэлдэг бизнес биш. Манай улсад өнөөдрийн байдлаар эм ханган нийлүүлэх 209 байгууллага, эмийн 1311 сан ажиллаж байна. Энэ нь гурван сая монголчуудын хувьд “Зуун ямаанд жаран ухна” гэдэгтэй утга нэг юм.

Гадаадын 10 сая хүнтэй хотод гэхэд л эм ханган нийлүүлэх байгууллага 6-7 байдаг аж. Манай улсад эм ханган нийлүүлэх байгууллага яагаад ийм олон буйг ЭМСЯ-наас “Манай улсад эмийн хүртээмж, хангамж төдийлэн сайн биш. Тиймээс иргэдийг чанартай эмээр тасралтгүй хангахын тулд хүсэлт тавьсан байгууллагад тодорхой шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах эрх олгодог” гэж тайлбарладаг. Эмийн сангийн шинэ стандартад тэдэн хүнд төдөн эмийн сан байна гэхгүйгээр хоёр эмийн сангийн хоорондох зай 500 метрээс доошгүй гэж заасан байдаг юм байна. Стандарт батлагдсан өдрөөсөө хэрэгждэг учраас алхам тутамд барьсан энэ олон эмийн сангуудыг цэгцлэх боломжгүй болохыг МХЕГ-ынхан хэлдэг. Харин шинээр эмийн сан байгуулах зөвшөөрлийг эмийн сан дутагдалтай газруудад олгох саналыг МХЕГ-аас ЭМСЯ-нд хүргүүлжээ.

ДЭМБ-аас хүн хэрэгцээ шаардлагатай эмээ 10 минутын дотор алхаж очоод авах зайд эмийн сан байхыг зөвлөдөг аж. Манай улс ч уг зөвлөгөөг хэрэгжүүлэхээр хичээж байгаа гэнэ. Өнгөрсөн онд МХЕГ-аас эм ханган нийлүүлэх байгууллагын 20.5, эмийн сангийн 29, эмийн үйлдвэрийг 100 хувь шалгалтад хамруулахад Монгол Улсын эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй эмийг зах зээлд нийлүүлдэг зөрчил нийтлэг илэрсэн байна. Тус газраас энэ оны зургадугаар сарын 1 гэхэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг бүртгэн авах, түүнээс хойш бүртгэгдээгүй эмийг үйлдвэрлүүлэхгүй гэсэн шаардлагыг эмийн үйлдвэрүүдэд тавьжээ.

ГАРЫН ҮСЭГ МЭТ ТАТАЛСАН ГАРГАЦГҮЙ ЖОР

Эмчийн мутарласан эмийн жорыг тайлж уншина гэдэг амаргүй. Төрөлх хэлээрээ бичсэн хэдий ч “ална” эсвэл “аварна” гэсний аль нь болохыг унших гээд хичээгээд ч тайлахгүй нь харамсалтай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийн жор” гэж эмчээс эмзүйч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг хэлнэ гэжээ. Гэтэл ихэнх эмийн жор нь он, сар, өдөр бичигдээгүй, аль эмнэлгийн эмч олгосон, холбогдох утасгүй баримт бичиг гэхэд хэцүүхэн зүйл байдаг. Эмч нар нь ч эмийн жороо стандартын дагуу бичихгүй, үйлчлүүлэгч ч үүнийг шаарддаггүй. ЭМСЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтнүүдээс борооны дараах мөөг шиг олширсон эмийн сангууд, ажлын хариуцлага алдсан эмзүйчдийн талаар тодруулах гэсэн боловч Эрүүл мэндийн хөгжлийн төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан мэднэ гээд хариулт өгөхөөс татгалзсан юм.

Үүний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвд очиход бас л өөрсдөөсөө холдуулан, нэг хэлтсээс нөгөө хэлтсийнхнийгээ мэднэ, бид мэдэхгүй гэцгээв. Ямартай ч манай улсад 2013 оны байдлаар 1596 эмчзүйч ажиллаж байжээ. Тэдний 1343 нь эмэгтэй. Эмзүйчдийн 548 нь 29-50 насныхан бол 55-60 насны 99, 60-аас дээш насны 52 хүн ажиллаж байгаа юм байна. Энэ бол Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамгийн сүүлд гаргасан тоо баримт. Тэгвэл эмийн сан, эм ханган нийлүүлэх 1520 байгууллагад (Нэг эмийн санд дор хаяж хоёр эмзүйч ажилладаг гэж бодохоор) эмзүйч дутагдаж буй нь илэрхий. Тэгэхээр эм барих тусгай зөвшөөрлийг сургууль төгссөн болгонд л сайн муу, мэддэг чаддаг хамаагүй олгохоос өөр аргагүй байдал эндээс харагдаж байгаа юм. ЭМСЯ, МХЕГ үүнд анхаарч, бодитой ажил хийхгүй бол хэнбугай ч эрүүл мэндээрээ хохирч, амиа алдах аюул ойрхон байна.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Д.Баярболд: Эмийн бүртгэлд ороогүй эм худалдсаар байна

Эмийн сан, эмнэлгийн байгууллагуудад хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг нь илр үүлэн, урьдчилан сэргийлэх үүрэгтэй нь МХЕГ. Тус газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хариуцлага алдсан зөрчил цөөнгүй гаргах боллоо. Танайх эмийн сангуудыг хэзээ шалгав?

-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу энэ онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөгөө өмнөх оны арванхоёрдугаар сард зарладаг. Харин төлөвлөгөөт бус шалгалтыг жилд 2-3 удаа гэнэтийн байдлаар хийдэг юм. Өөрөөр хэлбэл, улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй хуурамч бүтээгдэхүүнийг илрүүлэх зорилгоор шалгалт хийж байна. Одоогийн байдлаар онц ноцтой зөрчил илрээгүй.

-Эмийн жорын стандарт гэж бий. Эмч, эмзүйчид үүнийг хэр баримталж, үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Эмч, эмзүйчийг стандартын шаардлага хангасан жороор эм олгож сургахад нэлээд асуудал үүсдэг. Эмийн сангуудад жороор олгох эмийг жоргүй өгч буй тохиолдол байсаар байна. Хэн дуртай нь эмийн сангаас антибиотик аваад гарч байна. Энэ асуудлыг ул үндэстэй шийдвэрлэх хэрэгтэй. ЭМСЯ, МХЕГ хамтран Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээлэл технологийн зөвлөлөөр цахим жорын асуудлыг хэлэлцүүлсэн. Ингэснээр хилээр орж ирж байгаа эм, эмийн бодис аль эм ханган нийлүүлэх байгууллагаар ямар эмийн сангаар, хэн гэдэг эмчийн жороор, эмзүйчийн гараар дамжин эзэндээ очсоныг сүлжээгээр хянах боломжтой болох юм. Төслийн хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл цахим жор нэвтрүүлэх боломжтой болно.

-Эмийн бүртгэлд багтаагүй эм борлуулах зөрчил их гардаг гэлээ. Үүнийг яаж зогсоох уу?

-2014 онд урьдчилан сэргийлэх шалгалт хийхэд бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм тодорхой хэмжээнд илэрсэн. Тиймээс хил, гаалийн хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Иргэд бага савлагаатай эмийг цүнх, хувцсандаа нууж оруулж ирж байна. “Нарантуул” зах дээр үр зулбуулах эм байнга илэрдэг. Үүнийг шалгахад хувь хүмүүс нууцаар оруулж ирсэн байдаг. Мөн үр зулбуулах эмийг эмчийн хяналтгүй хэрэглэснээр хүндрэл нэмэгдэх хандлагатай байна гэж ЭХЭМҮТ-өөс манайд мэдээлсэн. Үүний дагуу байцаагчдадаа чиглэл өгөөд ажиллаж байна. Үр зулбуулах эм уугаад биеийн байдал нь хүндэрч, амаржих газруудад ирсэн эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь “Нарантуул” захаас эм авсан байсан.

-Эмийн жорыг стандартын дагуу бичээгүй бол ямар хариуцлага хүлээдэг юм бэ?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар эмч, эмийн сангийнхан хариуцлага хүлээх ёстой. Удаа дараа зөрчил гаргавал эм худалдах эрхийг нь хүчингүй болгодог. Гэхдээ энэ нь ганц эмзүйчийн бус эмчийн хариуцлагатай холбоотой.

-Хүмүүс онлайнаар эм, эмийн бодис худалдан авдаг болж. Эмийг ингэж онлайнаар худалдаж болдог юм уу?

-Аль ч бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалддаг болжээ. Манай байгууллагаас иргэдийг эм, эмийн бүтээгдэхүүнийг эмийн сангаас өөрийн биеэр очиж авахыг анхааруулдаг. Эмийн сан, эмзүйчид тусгай зөвшөөрөл олгодог нь учиртай. Стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд эм барих эрхээ авсан эм, эмийн бодисыг худалдах эрхтэй. Гэтэл буух эзэн, буцах хаяггүй онлайнаар эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авна гэдэг өөрийн эрүүл мэнддээ эрсдэл учруулж байгаа хэрэг.


Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл