Кристинагийн ХҮҮХДҮҮД

2015 оны 04 сарын 10

Гудамжинд хог түүж, дуу дуулан мөнгө гуйж зогсох бяцхан охин. Түүний амьдралд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй. Хайр, энэрэл хүссэн гунигтай харц, бусдаас гуйлга гуйсан жижигхэн халтар гар. Энэ бол Ирландын Дублин хотын ядуусын хороололд өссөн бяцхан охины дүр зураг. Түүний бага насандаа авсан сэтгэлийн шарх, мэдэрсэн ганцаардал өөр шиг нь өлсгөлөнд нэрвэгдсэн, тарчиг амьдрал дунд өссөн хүүхдүүдэд туслах хөшүүрэг нь болжээ. Энэ бол Кристина Нобле.

Тэрбээр Монгол болон Вьетнамд өнчин, ядуу, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах зорилгоор асрамжийн газар байгуулжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй Кристина Ноблийн гэр хотхоны багачуудтай уулзаж, тэдний аж амьдралыг сурвалжиллаа. Сурвалжлагаа хүргэхээс өмнө Монголын хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан, халуун сэтгэлт Кристина Ноблийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй нь.

ЭЭЖИЙНХ НЬ ХАЙР ТҮҮНД ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОХ ХҮЧ ӨГЧЭЭ

Кристина Нобле 1944 онд Ирландын Дублин хотод төржээ. Тэрбээр гэр оронгүй хүмүүсийн толгой хоргоддог жижигхэн байшинд аав ээж, ах, дүү нарынхаа хамт амьдардаг байж. Эцэг эх нь ажил хийдэггүй байсан болохоор үргэлж л өлсөж, дааран, хог түүж, түүнийгээ тушаан өл залгуулдаг байсан аж. Хэдий ядуу зүдүү амьдрал туулсан ч бага насандаа эцэг эхийн хайраар дутахгүй өсчээ. Гэтэл түүнийг 10 настай байхад ээж нь нас барж, аав нь архичин болов. Дүү нараа хоолтой, хувцастай байлгах, ээжийн хайр халамжийг мэдрүүлэх хүнд ачаа түүнд оногдлоо.

Хоёр жилийн дараа түүний ах болон дүү нарыг нь улсаас өөр өөр асрамжийн газар руу явуулчихаж. Гэхдээ үүнийг Кристина мэдсэнгүй. Учир нь түүнд ах, дүү нар нь бүгд нас барсан гэж хэлжээ. Энэ хорвоод өөрийгөө цор ганцаараа үлдсэн гэж бодсон хөөрхий охин олон жил гудамжинд хог түүн, дуу дуулж амьдарсан байна. Тухайн үеийн Ирландын асрамжийн газрынхан хүүхдүүдийг бие махбодь болон сэтгэл санаагаар нь хүчирхийлдэг байжээ. Тиймээс Кристинад асрамжийн газар байснаас гудамжинд амьдрах нь илүү санагдсан учраас олон удаа асрамжийн газраасаа зугтсан гэнэ.

Ганцаардал, айдас, өлсгөлөн, хүчирхийлэл гэгч ямар байдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн Кристина “Надад туслах нэг л хүн энэ хорвоод байсан бол” үргэлж боддог байж. Тиймдээ ч гудамжинд амьдарч буй олон мянган ядарсан хүүхдүүдэд туслах хүн нь болохыг тэр хүсчээ. Мөрөөдлөө ч бодит амьдрал болгож чадсан юм. Кристина хэсэг хугацаанд авга эгч болон түүний нөхөртэй хамт амьдарчээ. Гэтэл түүнийг авга эгчийнх нь нөхөр хүчирхийлсэн байна. Бяцхан биед нь ахадсан зовлон үүгээр дууссангүй, 16 настайд нь түүнийг дөрвөн залуу машинд оруулан хүчирхийлжээ.

Тэрбээр хар дарсан зүүд мэт амьдралаасаа зугтан Дублинаас Англид ирсэн байна. Зовлон бэрхшээлд шантарсан ч түүнд ээжийнх нь хайр хөл дээрээ босох хүч хайрлаж байсан гэдэг. Түүний өнгөрсөн амьдралын хамгийн сайхан дурсамж нь ээжээрээ хайрлуулж байсан үе. Өөр шигээ зовлон зүдгүүр, өнчрөл хагацал амссан хүүхдүүдэд туслахын төлөө тэрбээр зүтгэж явна. Тиймээс “Кристина Ноблийн хүүхдийн сан”-гаа 1989 онд Вьетнамд, 1997 онд Монголд байгуулжээ.

Тэрбээр Ирланд, Англи, Франц, Хонконг, Австрали, АНЭУ, АНУ-ын хүүхдэд туслахыг хүссэн хүмүүсээс хандив цуглуулан, хоёр сангийнхаа үйл ажиллагааг явуулдаг юм байна. Мөн Монголын 1100 айлын хүүхдүүдэд сар бүр мөнгөн тусламж үзүүлж, боловсрол эзэмшихэд нь тусалдаг аж.

ТЭД ХЭРСҮҮ БАС УХААЛАГ

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах Кристина Ноблийн гэр хотхонд энэ сарын 3-нд очсон юм. Энд амьдралын боломж тааруу, хагас болон бүтэн өнчин, аав ээж нь архичин, хог түүдэг эмзэг давхаргын хүүхдүүд амьдардаг болохоор тэдний сэтгэлийн шархыг хөндөхгүйн тулд хэлэх үгээ ч цэгнэх хэрэгтэй болов. Хөндлөнгийн бидэнд энэ хотхон асрамжийн газар төдий ч эдгээр хүүхдийн амьдарч буй гэр нь учраас айлд урилгагүй зочлохыг хүссэнгүй.

Кристина Ноблийн хүүхдийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал, Кристинагийн зээ Том Минтер ч хүүхдүүдийн эрхийг юу юунаас илүүд үзэн, тэднээс зөвшөөрөл авсны дараа бид тэр газарт очсоныг онцлох хэрэгтэй болов уу. Цэлийтэл онгойсон том хаалгаар ороход цэнхэр угалзтай монгол гэр үүд цавцайн харагдана. Эхний айлаар орлоо. Энд таван хөвгүүн амьдардаг ч ганц л хүү гэртээ байв. Бусад нь нэгнийдээ сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байгаа гэнэ. Хүүхдүүдийн амьдардаг гэр хэдий зай багатай ч орчин үеийн шийдлээр тохижуулсан нь таатай мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ хувцасны шүүгээ, ор тэргүүтэй шинэхэн тавилгууд анхаарал татна.

Өмнө нь модон ор, монгол хээ угалзтай ширээ сандалтай байсан гэнэ. Харин хүүхдүүдийг илүү тухтай орчинд байлгахын тулд паркетан шал тавьж, давхар ор байрлуулжээ. Гэр хотхоны хүүхдүүдийн хамгийн балчир нь гурван настай хүү. Түүний ээж нь байдаг ч хүүтэйгээ бараг л уулздаггүй юм байна. Бяцхан хүү энд төрсөн ах эгчтэйгээ хамт амьдардаг. Ээж нь долоон хүүхэд төрүүлсэн, өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүдээ тэжээх чадваргүй болохоор энд байлгахаар шийджээ. Гэр хотхонд 3-16 насны 42 хүүхэд амьдардаг юм байна. Тэд таван өөр сургуульд сурдаг аж.

15 нас хүрсэн охид ээжийн үүрэг гүйцэтгэн, дүү нараа харж хандана. Хэдий нэг эцэг эхээс төрөөгүй ч амссан зовлон нь тэднийг нэгтгэжээ. Амралтын өдөр байсан болохоор хүүхдүүд нэгнийдээ цугларан, хамтдаа шагай тоглон, шигтгээгээр наамал хийж, зарим нь хичээлээ давтаж байв. Тэд чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг юм байна. Тухайлбал, англи хэл сурч, тэквандогоор хичээллэн, үндэсний хөгжим, төгөлдөр хуур, бүжгийн дугуйланд хамрагддаг ажээ. Бүх тавилга нь ягаан, цагаан өнгөөр ижилссэн гэрт орлоо. Энд охид амьдардаг нь илэрхий.

Хойд орон дээр таван настай охин хүүхэлдэйгээр тоглон, хоёр нь шагай шүүрч байхад тэдэн дотроо эгч нь болох 15 настай охин гэрийнхээ шалыг хичээнгүйлэн угааж байв. Тэрбээр энэ гэрийн “ээж” нь. Дүү нараа хооллож ундлан, хичээл сургуульдаа явахад нь тусална. Тэдэнтэй ярилцахад эцэг эхээ санасан байдал ажиглагдаж байв.

Тэнд дутагдах зүйлгүй амьдарч буй ч төрсөн аав ээжийн хайрыг юутай ч зүйрлэшгүй. Гэхдээ зарим нь ч архи ууж, зодож занчдаг аав ээжтэйгээ хамт байснаас энд амьдрахыг илүүд үздгээ нуусангүй. Охидын “ээж”-тэй түр ярилцав.

-Эгчийн дүү энд ирээд хэр удаж байна вэ?

-Таван жил болж байна. 10 настайдаа энд ирсэн.

-Энд амьдрах ямар байна?

-Бүх хүүхэд нэг гэр бүл шиг дотно байдаг болохоор гоё. Хичээлийн хэрэгсэл, хувцас, хоол хүнс гээд дутагдах зүйлгүй, сэтгэл амар байдаг юм.

-Анх ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Олон танихгүй хүүхдүүдийн дунд эвгүй байсан уу?

-Харин ч хүүхдүүд найрсгаар хүлээн авсан. Олон сайн найз, дүүтэй болсондоо баяртай байдаг.

-Гэрийнхэн нь чамайг энд байгааг мэдэх үү?

-Аав ээж минь намайг багад салчихсан. Одоо холбоо барьдаггүй. Намайг энд байгааг мэдэхгүй. Би эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Эмээ минь намайг энд хүргэж өгөөд удалгүй өөд болчихсон. Өөрийн төрсөн эгч нараасаа заримыг нь мэддэг ч уулзъя гэж боддоггүй.

-Мэргэжлээ сонгосон уу. Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?

-Гадаад багш долоо хоногийн гурван өдөр нь бидэнд англи хэлний хичээл заадаг. Тийм болохоор англи хэлээ сайн сурч, хэлний чиглэлээр мэргэжил эзэмшинэ гэж бодож байгаа. Мэдээж ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг. Олон хүүхэдтэй, сайн ээж болно гэж боддог.

-Ангийнхан нь чамайг энд амьдардгийг мэдэх үү. Ялгаварлан гадуурхах зүйл ажиглагддаг уу?

-Мэддэг. Бид өмссөн хувцас, идэж буй хоол хүнс, хичээл сурлагаараа ялгараад байдаггүй учраас гадуурхагддаггүй. Харин удахгүй гэр хотхоноосоо явна гэхээр хэцүү санагдаж байна. 12 дугаар ангиа төгсөөд их сургуульд сурч, сайн хүн болоод хотхоныхоо ах эгч нарын ачийг хариулна гэж боддог гэв. Гэр хотхонд амьдарч байгаад төрсөн эгчийгээ тусдаа гарахад нь хамт явсан охин тэдний гэрт орж ирлээ.

Тэрбээр гэр хотхонд долоон жил амьдарчээ. “Буцаад гэр хотхондоо ирэхэд сайхан байна. Бүгдээрээ нэг гэрт цугларан, хамтдаа тоглож наадаж байснаа их үгүйлдэг. Хотхонд амьдарснаар хүмүүстэй зөв харилцан, өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой болсон. Ах захтай байх, нэгнээ хүндэтгэн, хайрлахыг би энэ газраас л сурсан. Биеийн тамирын багш болоод олон сайн шавь төрүүлэх нь миний зорилго” хэмээн хэвлүүхэн ярьж сууна. Тэндхийн хүүхдүүд их хэрсүү, ухаалаг болох нь хэлсэн үгнээс нь л мэдэгдэнэ.

Өнгөрсөн намар сургуулийн сурагч болсон зургаан настай охин энд хоёр ахынхаа хамт иржээ. Тэднийг хогийн цэг дээр амьдарч байхад нь авчирсан гэнэ. Гэр хотхоны хүүхэд хариуцсан менежер М.Урансайханаас хүүхдүүдийн аж байдлын талаар асуухад “Би урьд нь шөнийн ээлжинд ажилладаг байсан. Хүүхдүүд хичээлээ тарж ирээд, оройн цагаар илүү нээлттэй болж, өөрийнхөөрөө байдаг нь анзаарагдсан. Бага насны хүүхдүүд гэрийнхнээ их санадаг. Уг нь энд эцэг эх нь ирж уулзах боломжтой ч хүүхдүүдээ эргэж ирдэг нь цөөн.

Улсаас асрамжийн газрын хүүхдүүдийг гэрт нь эргэн нэгтгэх бодлого барьж байгаа. Бид ч гэсэн хүүхдүүдийнхээ ар гэрийг сайн судалж, хамт амьдрах боломжтой бол аав ээжид нь хүлээлгэн өгч байгаа. Зарим эцэг эх ажил хийж, өөрийн гэсэн гэр оронтой болоод хүүхдээ ирж авдаг юм. Гэхдээ энд байгаа хүүхдүүдийн ар гэрийнхний 70-аас илүү хувь нь архинд донтож, гудамжинд гарсан хүмүүс байдаг. Тийм болохоор хүүхдүүдээ авахгүй, хэдэн жилээр ч хамаагүй байлгадаг” гэв. Гэр хотхоны тогооч тогтсон цагт хоол цай бэлтгэн гэр бүрт нь хуваарилж өгдөг юм байна.

Харин сүүлийн үед охид өөрсдөө гэртээ хоол цайгаа хийж идэх санал гаргажээ. Тиймээс охидоо бие дааж сургах, ирээдүйн эзэгтэй болоход нь бэлтгэх үүднээс энэ саналыг удирдлагууд нь нааштайгаар хүлээн авсан байна. Хүүхэд л болсон юм хойно амттанд бүгд дурлана. Хүүхдийн баяр, шинэ жил гээд тэмдэглэлт өдрүүдээр хүмүүс бэлэг өгдөг болохоор хоног тоолон хүлээдэг гэнэ. Энд 2009 онд ирсэн 14 настай хүүгийн ээж байнга шахуу ирж уулздаг юм байна.

Тэрбээр пүрэв гаригт (дөрөвдүгээр сарын 2) ээжтэйгээ уулзжээ. Түүний аав багад нь өнгөрсөн бөгөөд ээж нь орцны жижүүр хийдэг аж. Ээж нь ирэх болгондоо “Миний хүү хичээлээ сайн хийгээрэй” гэж захидаг гэнэ. Тэрбээр 13 настай эрэгтэй дүүгийнхээ хамт энд амьдардаг юм байна. Хүүгийн мөрөөдөл удахгүй биелж, тэрбээр сайн цагдаа болох нь дамжиггүй. Кристина Ноблийн хүүхдийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Том Минтер “Монгол Улсын ирээдүйн хөгжилд энэ хүүхдүүд чухал үүрэгтэй.

Гэр хотхоны маань үйл ажиллагааг Улаанбаатар хотын захирагч болон хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй олон хүн дэмждэгт баяртай байдаг” гэв. Бидний нэг хэсэг, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд маань хаа холын харь элгийн хүмүүс тусалж байхад бид өөрсдөө гараа хумхиад зүгээр суугаад байж боломгүй. Эцэг эхийнх нь хайрыг орлож чадахгүй ч энэлсэн зүрх сэтгэлийнх нь шархыг бага ч болов нөхөх боломж бидэнд байна.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
105.112.39.61 Сайн уу,Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.    Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ и-мэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй.Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: zekoceanfinance@gmail.comХа
105.112.39.61 Сайн уу,Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.    Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ и-мэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй.Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: zekoceanfinance@gmail.comХа
105.112.39.61 Сайн уу,Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.    Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ и-мэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй.Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: zekoceanfinance@gmail.comХа
124.158.109.200 Та юу гэж бодож байна ...танайд хэрхэн орох вэ
112.72.13.99 манай Монголд , гадаад орны хүүхдүүдэд байг гэхэд Монголын ядарсан хүүхдүүддээ зориулсан иймэрхүү буяны үйлс хийж чадах бэл бэнчинтэй хүн чамгүй олон байгаа даа, гэтэл хаа хол ирландын нэг ядарсан хүүхэн л энэ үйлсийг эхэлж хийх ёстой байж дээ

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл