Хоригдлуудыг ангилан байрлуулахыг зөвлөв

2015 оны 04 сарын 01

Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Каритас Чех” байгууллага “Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих” төсөл хэрэгжүүлжээ. Гурван жил хэрэгжүүлсэн уг төслийн үр дүнг өчигдөр хэлэлцлээ. Үүний хүрээнд ял эдэлж буй хүмүүсийн хүний эрхийн нөхцөл, өнөөгийн байдлыг анх удаа судалж, тайлан гаргажээ. Манай улсын хэмжээнд 25 хорих анги, 40 хорих байр байдаг.

Тэдгээрээс 23 хорих анги судалгаанд хамрагдсаны 21 нь зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийт барилгын 22.5 хувь нь ашиглалтад ороод 50-аас дээш жил болжээ. Хорих ангиудад ялтнуудыг гэмт хэргийн төрөл, давтан болон анх хоригдож байгаа зэргээр нь ангилан өөр өөр өрөөнд байрлуулдаггүй, зөвхөн хувь хүний үнэлэмжээр хуваарилж байгаа нь судалгаа явуулсан хүмүүсийн анхаарлыг татжээ.

Энэ нь ялтнуудын хүмүүжил төлөвшил, зан суртахуунд нөлөөлөхөөс гадна хүний эрх зөрчигдөх үндэс болж байна гэж тэд үзэж байгаа аж. Мөн хоригдлуудын ундны ус нь эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй, эмч, эм тариа дутагдалтай, ял эдэлж буй хүмүүсийг суллагдсаны дараа хэрхэн амьдрах төлөвлөгөө боловсруулахад нь хорих байгууллагын удирдлага, алба хаагчид анхаарч ажилладаггүйг шүүмжилсэн юм.

Тиймээс ял эдэлж буй хүний эрхэнд анхаарал хандуулах талаар зөвлөмж гаргажээ. Энэ тухай “Хорих байгууллагын нөхөрлөл” ТББ-ын захирал Маргарет Карригаас тодруулахад “НҮБ-аас баталсан “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм”-д заасны дагуу хоригдлуудыг ангилан байршуулдаг болох, зөвхөн ялтнуудад зориулсан FM ажиллуулах, 24 цагийн турш ундны ус уух нөхцөлөөр хангах хэрэгтэй” гэв.

Ч.ТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.177.109.36 энэ вэб хуудсанд ял эдэлж буй хүмүүсийн зургийг шууд дэлгэн харуулах эрх байдаг болов уу.хувь хүний зарим нэр хүнд, нийгэмшихэд сөргөөр нөлөөлөх асуудал гарах эрсдэлтэй биш үү.сэтгүүлчид үүн дээр бодолтой хандаж, хоорондоо зөвлөлдөж, мэргэжлийн ёс зүй болон бусад холбогдох зүйлд тусгасан нь зөв байх гэж бодож байна.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл