ЕСӨН НАСТАЙ ОХИД АНГИЙНХАА ХӨВГҮҮНИЙГ ЗОДЖЭЭ

2015 оны 03 сарын 31

“Охидын зодоон” гэж бичээд Google-ээс хайвал нэгнийхээ үсийг зулгаан зодолдож буй охидын дүрс бичлэг цөөнгүй илрэх болно. Бүр ерөнхий боловсролын сургуулийн охид нэгнийхээ цусыг “үзээд” улайран дайрч буй, “нохой зодоон”-оос ч дор дүр зураг олж харах вий. Дэргэд нь харж зогссон хүүхдүүд болиулахын оронд “Наадхынхаа эцсийг үз” гэж хашгиралдан, зодолдож буй хоёрын цөсийг улам хөөргөнө. Нэг нэгнээ нүүр нүдгүй өшиглөж, хайр найргүй зодолдох тэд ирээдүйд эх болно гэдгээ мартсан бололтой. Ингэж байгаад нэгнийгээ үр хүүхэд тээх чадваргүй болгочихвол хэн хариуцлага хүлээх вэ. “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн сурагч охид зодолдон, нэгнийхээ аминд хүрэх шахсан хэрэг прокурорт шилжиж байсан нь саяхан. Гэтэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн охид нийлж, ангийнхаа хөвгүүнийг зодсон хэрэг долоо хоногийн өмнө гарлаа. Тэд дөнгөж есхөн настай. Гэвч насандаа баймгүй танхай балмад зан гарган, ангийнхаа хөвгүүнийг нийлж зоджээ. Ангийнхаа охидод зодуулсан Э-гийн хамар амнаас нь цус гарч, долоо хоног хичээлдээ ирээгүй байна.

Түүний сурдаг 67 дугаар сургуульд өнгөрсөн баасан гаригт очиж, ангийн багштай нь уулзсан юм. Тэрбээр “Манай ангид ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ хэвтэрт ортол нь зодсон юм байхгүй. Зодуулсан хүү хичээлдээ ирээгүй байна. Тэр ах С-тэйгээ хамт нэг ангид сурдаг. Өнөөдөр ах нь бас хичээлдээ ирээгүй. Хүүгийн ээж нь надтай ирж уулзсан. Зодоон болсныг мэдээд би эцэг эхийн хурал яаралтай зарлаж, хүүхдүүддээ сануулга өгсөн. Тэгээд ч энэ бол хэвлэл мэдээллээр цацаад байх хэрэг биш. Хүүхдүүд хоорондоо муудан, зодолдож л байдаг шүү дээ. Манай ангийн Э угаасаа бие султай хүүхэд. Элэг муутай юм шиг байна лээ. Тийм болохоор биеийн тамирын хичээлд оруулдаггүй юм. Саяхнаас өөрийнх нь хүсэлтээр биеийн тамирын хичээлд нь суулгасан. Манай ангид хамт сурдаг Э, С хоёр ах дүү гэгддэг ч хоорондоо таарамж муутай байдаг” гэсэн юм. Тэрбээр охид нийлж, ангийн хөвгүүнээ хичээлдээ ирэхгүй болтол нь зодсон энэ хэргийг төдий л тоохгүй байгаа нь илт.

Харин түүний ангийн хүүхдүүд “Манай ангийн хэсэг охид нийлж байгаад Э-г зодсон. Хоёр гарыг нь бариулж байгаад элэгдээд өшиглөсөн” гэлээ. Түүний найз гэх нэг хүү “Сургуулийн гаднах талбайд зодоон болсон. Э-гийн хамраас нь цус гараад байсан. Ахыгаа туслаач гэсэн чинь яваад өгсөн” гэв. Өдрийн ихэнх цагийг сургуульдаа өнгөрөөдөг сурагчдын хүмүүжил, ёс зүйд багш ихээхэн нөлөөлдөг. Гэхдээ нэг багш хэдэн хүүхэд хүмүүжүүлж буйг бодолцох хэрэгтэй болов уу. Хүүхэд болгонд тэр бүр анхаарал хандуулж чаддаггүй нь багшийн буруу гэхээс цэцэрлэг, сургууль хангалтгүй байгаагийн балаг. Тус сургуульд л гэхэд Сонгинохайрхан дүүргийн VII, VIII, XXIV хорооны 3000 гаруй хүүхэд сурдаг аж. Нийслэлийн хамгийн олон сурагчтай сургууль гэнэ. Тэд гурван ээлжээр хичээллэдэг юм байна. Оройн ээлжийн хичээл 16.00 цагаас эхлэн 20.30 цагт тардаг аж. “Өвлийн хүйтэнд гэр хорооллын харанхуй гудамжаар нохой шуугиулсаар айдаст автан гэртээ харьдаг” тухайгаа тус сургуулийн тавдугаар ангийн охин хэлсэн юм. Түүний гэр нь Нуурын гудамжинд байдаг болохоор сургуулийн автобусанд суулгүй алхаж харьдаг гэнэ.

Учир нь гэр рүү нь явах замд машин багтах зай байхгүй учраас айлын гудамж дамжин алхсаар гэртээ харьдаг гэж байлаа. Энэ мэтчилэн гэр хорооллын алслагдсан сургуулийн хүүхдүүд хэтэрхий ахадсан ачаа үүрч явна. Тус сургуулийн нийгмийн ажилтнаас дөрөвдүгээр ангийн охидын зодооны талаар тодруулахад “Надад одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна. Ангийн багш нь ч юм уу, эцэг эх нь гомдол гаргасан юм байхгүй. Манай сургууль 91 бүлэгтэй. Хичээл эхлэх, тарах үеэр хүүхдүүд сургуулийн үүд, шатаар багтахгүй нэг нэгнээ түлхэх, үүнээс болж сөргөлдөх явдал байнга л гардаг. Сүүлийн үед охид хүмүүжилгүй болж буй нь ажиглагдаж байгаа. Ялангуяа фэйсбүүкт нэгнийхээ зургийн дор янз бүрийн сэтгэгдэл бичсэнээс болж, хүүхдүүд хоорондоо муудалцах нь ихэссэн. Тийм болохоор нь би фэйсбүүк хаяг нээгээд сургуулийнхаа хүүхдүүдийг ямар зураг оруулж, юу бичиж байгааг нь хянадаг болсон.

Гэхдээ манай сургуулийн хүүхдүүд хотын төвийнхтэй харьцуулахад онлайнаар мэдээлэл авах нь бага. Айл бүр интернэтэд холбогдоогүй, хүүхэд болгонд ухаалаг утас байхгүй. Сургуулийн ойр орчим гар утас барихыг хориглосон. Гэхдээ өвлийн хүйтэн, харанхуйд хичээлээ тарахдаа эцэг, эхтэйгээ холбоо барих утастай байхгүй бол бас болохгүй” гэсэн юм. 67 дугаар сургуульд “Таван хуруу” гэдэг зодоонч охидын бүлэг байдгийг тус сургуулийнхан хэлэв. Чигчий хуруу гэгддэг нь хамгийн эрх танхи нь бол дунд хуруу нэртэй охин нь хамгийн зодоонч гэнэ.

Тэд нийлж, хөвгүүдийг зодон, охидыг дээрэлхдэг гэлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоорондоо зодолдох, нэгнийхээ биед гэмт учруулах, ялангуяа төгсөлтийн баярын үеэр гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэлд өртөх тохиолдол цөөнгүй гардгийг цагдаагийнхан хэлдэг. Бидний хойч ирээдүй болсон өсвөр насны охид хөвгүүдийн асуудал янз бүрийн шалтгаанаар дарагдан, нуугдмал оршсоор байна. Хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг, цэцэрлэг, сургуулийг бүрэн камержуулж, эцэг эх нь үр хүүхдэдээ хараа хяналт тавихгүй бол бидний нүд, чихнээс далд хүчирхийлэл гарсаар л байна.

Ч.ТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
110.32.112.161 Solongos kino uzeed baihaar tegehgui yah ve dee. Solongosuud emegteichuud sav l huuvel aav eejteigee hurtel arhi tulgaj uugaad l hogshin zaluugui l usneesee zulgaad zodoldood baih um bilee. Jaahan ohiduud bitgii hel hoshin urlagiin huuhnuud hurtel lag um sursan gesen shig haluun us tsatsaad negiigee alah dohoo biz dee. Humuujliin hicheel sain ormoor um aa.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл