Түймэр унтраах үеэр нэг хүн машинд дайруулан нас барж, хоёр хүн гэмтжээ

2015 оны 03 сарын 31

Өвөл цас бага унаснаас агаар эрт хуурайшсан учраас зүүн гурван аймагт хээрийн түймэр гарсаар байна. Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан түймэр Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумын нутгийг хамарсан. Түймрийг энэ сарын 27-ны 19.00 цагт бүрэн унтраасан юм. Гэвч харамсалтай нь түймэр унтраахаар ажиллаж байсан иргэд осолд орж, нэг нь нас барж, хоёр нь хүнд гэмтсэн байна. Хохирогчид галд бус, автомашины осолд өртжээ.

Тодруулбал, энэ сарын 25-ны шөнө түймрийн захад зогсож байсан автомашин байрлалаа сэлгэхээр хөдлөх үедээ хажууд нь ажиллаж байсан хүмүүсийг дайрсан байна. Энэ талаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга, хурандаа Г.Нармандахаас тодруулахад “Хэнтий аймгаас орж ирсэн түймрийг энэ сарын 26-нд, Сүхбаатараас орж ирсэн түймрийг 27-нд бүрэн унтрааж дууссан. Одоогоор хохирлын хэмжээ гараагүй байна. Хэчнээн га газар түймэрт өртсөн нь 14 хоногийн дараа тодорхой болно. Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч болон нутгийн иргэд нийлсэн 1600 гаруй хүн, 300 орчим автомашинтай ажилласан. Урьдчилсан байдлаар дөрвөн айлын гэр шатсан. Мөн хонь мал галд өртсөн.

Эцсийн байдлаар нэгдсэн мэдээлэл гараагүй байна. Салхины чиг тогтворгүй секундэд 10-20 метрт хүрсний зэрэгцээ өндөр шигүү өвстэй газар байсан нь түймэр унтраахад нэлээд хүндрэл учруулсан. Гуравдугаар сарын 27-нд бусад газраар орсон бороо, цас Дорнодод огт ороогүй. Түймэр унтраахад ажилласан хүмүүсийн олонх нь орон нутгийн иргэд байсан. Харамсалтай нь түймэр унтраах үеэр тэдний нэг нь машинд дайруулан нас барж, хоёр нь гэмтлээ.

Машинд шүргүүлсэн хоёр хүнийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэж, яаралтай хагалгаанд оруулсан. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа болохоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж ярилаа. Тус аймгийн Цагдаагийн газраас энэ тухай асуухад хариулт өгөхөөс татгалзсан юм.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл