НЭГ НЬ ҮХЭЖ, НӨГӨӨ НЬ ХАЯГДСАН ХОЁР ОХИНЫ ТАВИЛАН

2015 оны 03 сарын 23

2015 оны хоёрдугаар сарын 21. Дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойт эхийнхээ гарт харгис хэрцгийгээр зодуулан амиа алдсан өдөр. Энэ өдрөөс хойш нэг сар хоёр хонож байна. Олон хүнийг цочирдуулсан аймшигт энэ хэргийн талаар дахин сөхмөөргүй байгаа ч гэр бүлийн хүчирхийллийн тухай хөндөх бүрт зүрх зүсэм тэр хэрэг яригдсаар л байх болно. Гэхдээ яриад өнгөрөх биш гэр бүлийн хүчирхийлэл гээч нууц далд бугшсан идээ бээрийг шахаж цэвэрлэхгүй бол дахиад хэдэн хүн харамсалтайгаар амиа алдахыг хэлэх аргагүй. Тиймээс ч бяцхан охины мэдэрсэн өвдөлт, хайран амийг үнэгүйдүүлэхийг Монголын ард түмэн хүсэхгүй байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтэд “Охиныг бусдад зодуулж амиа алдсан. Тархи болон бусад хэсэгт нь мохоо, хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан байна. Мөн хөл, гартаа зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлттэй, уушги нь няцарсан. Тархиндаа авсан гэмтэл нь үхэлд хүргэжээ” гэж дурдсан байв.

Төрсөн охиныхоо аминд хүрсэн эцэг Т.Цогт, хойт эх Г.Маралмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн, хүн амины хэргийн сэжигтнээр тооцож, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Т.Цогт, Г.Маралмаа нараас хэргийн талаар мэдүүлэг авахад сэжигтнүүд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл бий. Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэжээ. Харин Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгүйд охиныг минь зодож, загнан, хоол унд өгөхгүй, бие засуулахгүй хорьдог байсан” гэсэн аж. Мөн Т.Цогт эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт хүргүүлсэн байна.

Хөөрхий охиныг хэд хоног тамлан тарчилгаж, аминд нь хүрчихээд өөрийн эрүүл мэндээ бодож буй Т.Цогтод олон хүн бухимдан, батлан даалтад гарчих вий гэж эмээж буй нь нууц биш. Хөөрхий охины төрсөн эцэг Т.Цогт, хойт эх Г.Маралмаа, төрсөн эх Б.Өнөржаргал гэж хэн бэ. Тэдний талаар хэд хэдэн хүнтэй уулзаж тодруулахад гурвуулаа өнчин, багаасаа зовлон шаналал үзсэн хүмүүс байв. Дөрөвхөн настай охины үхлээр хэн нь хэн бэ гэдэг нь илэрсэн тэдний хувь тавилан ээдрээтэй. Г.Маралмаа, Б.Өнөржаргал нар нэг сургуульд хамт сурч байсан, нэг нэгнээ сайн таньдаг хүмүүс гэнэ. Талийгаач охины төрсөн ээж Б.Өнөржаргалын аав ээж багад нь Хөвсгөлд болсон онгоцны ослоор хоёулаа амиа алдсан бол хойт эх Г.Маралмаагийн аав нь түүнийг таван настай байхад нь хорвоог орхиж, ээж нь удалгүй эцгийнх нь “араас явжээ”. Мөн Т.Цогтын аав нь нас барсан бөгөөд тэрбээр ээжийнхээ хамт амьдардаг байж.

ОХИНОО ТАМЛАН ТАРЧЛААЖ ХОРООЧИХООД
ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙГ БОДЖЭЭ

Тулгатын Цогт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нийслэлийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн мэргэжилтэн. Энэ нь задлан шинжилгээ хийдэггүй, хэргийн ул мөр илрүүлж, бэхжүүлдэг ажил аж. Сэжигтнээр цагдан хоригдож буй тэрбээр тус хүрээлэнд 2013 онд ажилд орсон юм байна. Тэнд нэг жил долоон сар ажиллажээ. ШШҮХ-гийн дэд захирал Ц.Гантулгаас Т.Цогтын зан араншингийн талаар болон ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, байсан эсэхийг тодруулахад “Түүний ажиллаж байсан нийслэлийн Шүүхийн шинжилгээний албанаас тайлбар авсан. Жил долоон сар ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил гаргаагүй, сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй юм билээ. Хэрэг шийдэгдээгүй байна. Гэхдээ энэ хүнийг өмгөөлж хамгаалсан зүйл байхгүй шүү. Шинжилгээний дүгнэлтийг хугацаанд нь үнэн зөвөөр, хууль журмынх нь дагуу гаргасан.

Охин бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй нь биологийн шинжилгээгээр тогтоогдсон. Цогт зан байдлын хувьд томоотой, төлөв даруу хүн шиг л байсан. Сүүлд нь сонсоход эхнэрээсээ салаад Г.Маралмаа гэх эмэгтэйтэй амьдарч байсан юм билээ. Бид ажилтнуудынхаа дотоод амьдралд төдийл оролцдоггүй. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол ялаа авах нь тодорхой шүү дээ” гэсэн юм. Мөн тэрбээр, мөрдөн байцаалтын үед мэдээлэл өгөхийг хуулиар хориглосон байдгийг онцгойлон хэлэв. Цагдаа хувцастай, төрийн тусгай албаны хүн ийм бусармаг хэрэг хийсэн нь олны эгдүүцлийг маш их хүргэж буй. Энэ ч утгаараа ШШҮХ -гийн нэр хүнд унасан. Түүнээс энэ хэргийн дараа ажилтнуудынхаа ёс зүйд хэрхэн анхаарч буй талаар лавлахад, “Бүх алба хаагчдадаа анхааруулсан.

Нэг хүнээс болж бүхэл бүтэн байгууллага ямар байдалд ордгийг бүгдээрээ харлаа. Гэр бүлийн харилцаа, ёс зүйдээ онцгой анхаарахыг сануулсан. Төрийн тусгай алба хаагч, төрийн элч болсон хүмүүс ийм асуудал гаргаснаар ард түмэнд ямар байдалтай харагдаж байгаа нь ойлгомжтой” гэв. Тус хүрээлэнгийнхэн баасан гариг бүрт нэгдсэн уулзалт хийж, өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн болон ирэх өдрүүдийн ажлаа төлөвлөн, үүрэг даалгавар авдаг аж. Тийм учраас Ц.Гантулга дарга Т.Цогттой долоо хоног бүрийн баасан гаригт нүүр тулж уулздаг байжээ.

Г.МАРАЛМАА ТӨРСӨН ОХИНОО
ОРХИОД Т.ЦОГТТОЙ АМЬДАРЧЭЭ

Талийгаач охины хойт эх болсон Ганбатын Маралмаа тарчиг амьдралтай, дуу цөөтэй эмэгтэй гэнэ. Тэрбээр 1997 онд нийслэлийн ерөнхий боловсролын 92 дугаар сургуульд орж, 2008 онд сургуулиа төгсөөд “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуульд аавынхаа төрсөн дүүгийн тусламжтайгаар элссэн байна. Гэвч сургуулиа төгсөлгүй дундаас нь хаясан гэнэ. Түүний аав Ганбатын төрсөн дүүтэй нь уулзаж Г.Маралмаагийн талаар тодрууллаа. Тэрбээр өөрийнхөө нэрийг хэвлэлд гаргахаас татгалзсан учраас нэрийг нь өөрчлөн Баяр гэж бичлээ. Одоогоос 20 жилийн өмнө буюу Маралмааг таван настай байхад нь түүний аав нас баржээ. Харин ээж нь түүнээс 2-3 жилийн дараа мөн хорвоог орхисон байна. Багаасаа өнчрөл хагацал үзэн, ядуу тарчиг амьдарсан Маралмаад Баяр их тусалдаг байжээ. Тэрбээр Маралмаад сургуулийн хувцас, хичээлийн хэрэгсэл гээд бүхий л зүйлээр тусалж дэмжсээр ирсэн байна.

Баяр Маралмааг “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуульд оруулж өгсөн цагаас хойш түүнтэй холбоо тасарсан аж. 2010 онд Маралмааг хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн гэж хүнээс сонссон байна. Одоо бусдаас дутахгүй амьдарч байгаа байх гэж бодож явтал олон нийтийн сүлжээ, сонин, телевизээр “Дөрвөн настай охин харгис хэрцгийгээр нас барсан” тухай мэдээлэл цацагдаж, тэр хэрэгт нь Маралмаа холбоотойг мэдээд цочирдсон гэнэ. Нөхрөөсөө салж, өөрийнхөө төрсөн охиноо хаяж яваад өөр хүнтэй амьдарч, бүр тэр хүнийхээ хүүхдийн үхэлд сэжиглэгдэж буйд нь одоо ч итгэж чадахгүй байгаагаа тэрбээр хэлсэн юм. Маралмаа нэг эгч, хоёр дүүтэй, айлын дунд охин. Төрсөн ганц эгч нь ч амьдралын боломжоор тааруу агаад нэгэн цайны газарт үйлчлэгчээр ажилладаг аж. Г.Маралмаа таван настай, төрүүлсэн охинтой юм байна. Гэвч Т.Цогттой хамтран амьдрах болсноор өөрийн охиноо эцэгтэй нь үлдээжээ.

Төрүүлсэн охиноо хайрлаагүй хүн өрөөлийн үрийг хайрлаж чадна гэж үү. Баяр “Маралмаатай уулзаагүй 3-4 жил болж байна. Батлан хамгаалахын их сургуульд сурдаг, бөө байсан гэж сайтуудаар гарсан мэдээлэл худлаа байх. Миний оруулж өгсөн дээд сургуульд сураагүй байна лээ. Сурагч байхдаа дуу цөөтэй, жижигхэн бор охин байсан. Яагаад ийм аймаар хэрэг хийснийг ойлгохгүй байна. Тэр миний хамаатан эсэх нь хамаагүй. Дөрөвхөн настай хүүхэд хүчирхийллийн улмаас нас барчихаад байна. Гэтэл тэр нас барсан охин нь манай сургуулийн Өнөржаргалын хүүхэд байсан нь надад бүр ч хэцүү байлаа” гэж ярьсан юм. Г.Маралмаагийн багш нь цагдаагийн байгууллагад очиж, гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Сэжигтэн бүсгүйн эмээ (аавынх нь ээж) нь 70 нас хол давсан буурал байдаг аж. Тэрбээр телевизээр энэ тухай сонсоод “Яасан муухай алуурчид вэ. Хэн ийм хэрэг хийдэг байна аа” гээд л халаглаж, харуусаад байсан болохоор Г.Маралмааг энэ хэрэгт холбоотой гэдгийг түүнээс тас нуужээ.

ТАЛИЙГААЧ ОХИНЫ ТӨРСӨН ЭХ Б.ӨНӨРЖАРГАЛ
СААЖИЛТТАЙ ГЭДЭГ НЬ ХУДЛАА

Нэг сургуулийн сурагч байсан хоёр эмэгтэй нэг эрээс болж, нэг нь төрсөн охиноо хаяж, нөгөө нь төрүүлсэн охиноо алдчихлаа. Энэ ээдрээтэй хувь тавилан хаанаас эхэлж, хаана төгсөхийг мэдэхгүй. Үнэн гэвэл дөрөвхөн настай охин томчуудын амьдралын золиос болж, бяцхан биедээ хэт ахадсан зовлон үүрч, энэ хорвоогоос буцсан явдал. Хар багадаа аав ээжээ ослоор алдсан Б.Өнөржаргал хамаатныхаа айлд дутагдах юмгүй өсчээ. Хүн харахад сайхан хувцаслаж, цэвэр цэмцгэр явдаг байсан ч аав ээжийн халуун хайр амсаагүй хар багаасаа өнчрөл үзсэн өрөвдмөөр тавилантай. Гэтэл дахиад л хагацал үзэж, төрсөн охиноо бусдын гарт харамсалтайгаар алдчихлаа. Б.Өнөржаргал 2009 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсчээ. Түүнийг сайн мэдэх нэгэн хүн “Өнөрөө маань хүнтэй харилцаа сайтай. Ямар хичээлээр элсэлтийн шалгалт өгөх вэ. Багш аа, би жүжигчин болбол чадах бол уу” гээд л гүйж явсан сэргэлэн цовоо охин байлаа. Тухайн төгсөлтийнхөө хамгийн царайлаг, хөөрхөн охин нь байсан шүү” гэв. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Б.Өнөржаргалыг саажилттай гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар түүний ойр дотно хүнээс тодруулахад “Ямар ч саажилт өвчин байхгүй. Ийм худлаа мэдээлэл гарсанд харамсаж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.23.51.2 Та юу гэж бодож байна ...Хөөрхий охин хүний хорвоод ирээд дэндүү их зодуур нүдүүр үзсээр энэ хорвоогоос буцлаадаа ҮНЭХЭЭР ӨРӨВДӨМ АМЬТАН ЮМ,эНЭ 2 АЛУУРЧИНИЙГ БҮХ НАСААР ШОРОНД ХАТААВАЛ ТААРНА
103.229.121.64 Eejtei hun enddeggui gej ug baidag. Torson eh n ohinoo zovj bgaag medseer baij haranhui shonoor aluurchdiin gart avaachij ogson baina. Ter eh n hohirogch gegdeed bgaa hun mash ih buruutai. Toruulsen nyalh ohinoo yasan orovdoj hairladaggui yum. Ter hoid eh n tegj ih uzen yaddag bsan bol ohinoo avchirch og geel daramtlaad baihuu. Ene teneg torson eh n avaachij ogdog bsan bh
202.126.89.143 ..
66.102.6.238 Хоёулаа нийлээд зодоогүй нь лав. Нэг нь жинхэнэ хэрэгтэн, нөгөө нь хилс хэргийн сэжигтэн. Тийм байхад хоёуланг нь муулаад яахав.
202.180.220.81 Тиймээ үнэндээ тэр төрсөн эхэд нь гомдоод байх юм. Охиноо өөрөө л өсгөхгүй яасан юм бэ? Тэр хар шөнөөр утсаа салгахгүй юу гэж авч, яах гэж авч очсон юм бэ
112.72.13.206 Яана даа. Өвчэй ч гэсэн гэсэн хөөрхий ээжид нь охиныг нь өгөхгүй дээ гэж хүн бүр л халаглан суусан биз дээ. Гэтэл эв эрүүл, сав саруул байж биеийн амрыг харсандаа юу эсвэл эцэгт нь санасан хорсол зэвүүцлээсээ үү Юу??? Өнөржаргал гэх энэ эмэгтэй алуурчинд өөрөө л өгсөн юм байна. шд Чи үрээ хайрлаагүй байхад, өөрихөө охин үрийгч хайрлаагүй тэр хойд эх чиний охиныг хайрлахгүй шүү дээв Төрсөн эхийн буруу маш их байна шүү дээ
112.72.13.41 Та юу гэж бодож байна ...torson eej n bas xatuu setgeltei ium aa.tegj xelj b.d untaj b.d n avaachij ogood b.daa yaxav dee.gvriigeed xevtex b.n b.gvi iu
202.70.37.34 Энэ бол маш муухай хэрэг. Өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийг хөнөөж байгаа хүмүүст уучлал байхгүй шүү дээ. Ямар нүүрээрээ батлан даалтанд гарна гэж хэлдэг байнаа. Монголд ийм хүний мөсгүй хүмүүс олширч байгаа юм биш үү
103.23.51.1 Та юу гэж бодож байна ...Ийм хогийн хүүхнүүд зөндөө монголд бна тэр болгоныг мэддэггүй болохоос хүүхэдээ хаяж явчихаад нөгөөл муу нэртэй хадамдаа бүх бурууг гүрдэж хэлнэ хүүхэдээ хаяж явсан хүүхнүүдийг яллаж шийтгэх хэрэгтэй

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл