Б.ТҮВШИНБАЯР: ЗӨВХӨН С БЛОКИЙГ БУУЛГАХ СОНИРХОЛ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДАД БАЙНА

2015 оны 03 сарын 20

Нэг л өглөө сэрэхэд гэрийн тань үүдийг таглаад барилга барьчихсан байж мэдэх нөхцөлд бид амьдарч байна. Ямар ч төлөвлөлтгүй барьсан барилгууд хаа сайгүй сүндэрлэж, цаад эзэд нь оршин суугчдын хараал идэхээс өөрөөр “шийтгэл” хүлээдэггүй. Харин Хан-Уул дүүргийн I хорооны нутагт орших 14, 15 дугаар байрны урд болон завсраар баригдсан “Адоре пропертиз” ХХК-ийн зочид буудлын зориулалттай 13 давхар барилгыг буулгах шийдвэр гурван шатны шүүхээс гарчээ. Гэвч барилгыг бүхэлд нь буулгах бус зөвхөн өргөтгөл буюу С блокийг нураана гэсэн тайлбарыг холбогдох хүмүүс нь өгөх болов. Уг барилгыг анх барьж эхлэх цагаас оршин суугчид нь эсэргүүцсэн боловч тусыг ололгүй өдий хүрсэн. Ялангуяа нар харах эрхээ есөн жилийн турш хасуулсан тус байрны 10 айлын 60 гаруй иргэн хамгийн их хохирчээ. Тэдний нэг нь 14 дүгээр байрны оршин суугч Б.Түвшинбаяр. Барилга баригдсан цагаас өнөөдрийг хүртэл оршин суугчид хэрхэн эсэргүүцэн тэмцсэн болон барилгыг бүхэлд нь буулгах эсэх талаар түүнтэй ярилцлаа.

-Энэ олон жил шүүх байгууллагаар явж, тэмцсэний эцэст үр дүн гарч эхэллээ. Олон хүн Монголд хууль дүрэм үйлчилдэг юм байна гэж ам сайтай байгаа. Өнөөдрийн байдлаар өргөтгөлийг буулгаж дууссан болов уу?

-Өнгөрсөн баасан гаригаас өргөтгөл буюу С блокийг буулгаж эхэлсэн. Хэдий хоёр давхар барилга боловч үндсэн 13 давхрынхаа гурван давхартай тэнцэхүйц өндөртэй юм билээ. Одоо нэгдүгээр давхрынхаа шалыг цөмлөн нурааж байгаа. Улаанбаатарт анх удаа өөрсдийн хөрөнгөөр барьсан барилгаа буулгаж байгаа нь энэ юм билээ.

-Эхнээс нь эцсийг хүртэл эсэргүүцэн тэмцсэн хүний хувьд гурван шатны шүүхээс яг ямар шийдвэр гарсныг хэлж өгөөч. Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хоёр өөр зүйл яриад байгаа шүү дээ.

-2009 оны нэгдүгээр сарын 23-нд гурав дахь шатны шүүх хурал болсон. Анхан шатны шүүхээс “Адоре пропертиз” ХХК-ийн Х.Анхбаяр, Л.Чимгээ нарт нийслэлийн Засаг даргын 2004 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 455 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл тэдний нэр дээрх 490 ам метр газрыг 1320 метр болгон зөвшөөрөл олгосныг хүчингүй болгосон. Гурван шатны шүүхийн шийдвэрт үндэслэн газар эзэмших эрх нь хүчингүй болсныг баталгаажуулсан 80 тоот захирамжийг тухайн үед нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаяр гаргасан юм. Гэвч биелүүлэхгүй явсаар Э.Бат-Үүл даргын үед ирсэн. Э.Бат-Үүл дарга Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүднээс тухайн газар дээрх зочид буудлын барилгыг буулгаж, шүүхийн шийдвэрийг биелүүл, газрыг албадан чөлөөл гэсэн захирамж гаргасан юм. 2013 оноос “Адоре пропертиз” компанид барилгаа буулгахыг шаардан 90 хоногийн хугацаатай мэдэгдэл хэд хэдэн удаа өгсөн. Тэд хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан боловч захирамжийг биелүүлэхгүй явсаар 13 давхар болтол нь барьж дуусгасан. Газар эзэмших эрхгүй болчихоод барилга бариад байна гэдэг хууль ёс, оршин суугчдыг дэндүү дорд үзэж доромжилсон хэрэг.

-Анхнаасаа л эсэргүүцэлтэй тулгарч, олон хүний эрх ашгийг зөрчсөн хэрнээ бөх зүрх гаргаж явсаар маш их хөрөнгө, цаг хугацаа алджээ.

-Газрын, Барилгын, Хот байгуулалтын тухай хуулийн заалтуудыг зөрчин, жирийн иргэдийн эрхэнд ноцтой халдсан энэ компанийн эздэд хууль үйлчилдэггүй нь есөн жилийн турш тодорхой харагдлаа. Монголын хуулийг уландаа гишгэж, олон нийтийн эрх ашгийг зөрчсөн бодит баримт бол энэ 13 давхар барилга. Тус компани барилгаа буулгахдаа НОБГ, НМХГаас техник арга зүйн зөвлөгөө авсан ч тэр нь хангалтгүй гэсэн шалтгаанаар цаг алдаад байхаар нь би АТГ-т хандсан. Энэ барилгыг буулгаж, иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажил хийхгүй байгаа нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар, МХЕГ-ыг шалгаж өгөхийг хүссэн. Гэвч АТГ-аас таны хүсэлтийг харьяаллын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу шилжүүллээ гэсэн хариу өгсөн. Тэгтэл удалгүй энэ барилгын С блокийг буулгаж эхэлсэн. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байна гэж баярлаад сууж байтал 13 давхрыг нь буулгахгүй гэсэн яриа гарч эхэлсэн. Дахин хэлэхэд, Дээд шүүхээс барилгыг бүхэлд нь буулгах шийдвэр гарсан. Нийслэлийн Засаг дарга ч тус компанид хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Тэд хүлээж авч гарын үсгээ зурсан. Тухайн газар дээрх зочид буудлыг буулга гэсэн болохоос зөвхөн С блок гээгүй. Тиймээс баярлахад бас эрт байна. Үнэхээр хуулийг бүрэн хэрэгжүүлэх эсэхийг л харах үлдлээ.

-Барилга бариулахгүй гэж тэмцэж явахдаа таныг янз бүрийн сүрдүүлэг, гүтгэлэг доромжлолд өртсөн гэж сонссон юм байна.

-Миний аав, дүү нар гээд гэр бүлээрээ л эсэргүүцсэн. Барилга барьж байсан хүмүүст нь зодуулахаас эхлээд асуудалд орсон. Есөн жилийн хугацаанд намайг яаж доромжилж, гүтгэснийг энд хэлээд барахгүй байх. Энэ бол өчигдөр үүсээд өнөөдөр дууссан асуудал биш шүү дээ. Эсэргүүцээд байхад барилгаа барьсан хүмүүс түүнийгээ хамгаалах гэж тэмцэлгүй яах вэ. Гэхдээ мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй юм шиг авирлаж байсан нь харамсалтай. Төрийн байгууллагууд нь ч зөвшөөрөл өгчихөөд хөдлөхгүй суусаар байсан.

-Тэгэхээр таны биед халдсан гэсэн үг үү?

-Таягтай явж байхад түлхэх бол энүүхэнд. Төрийн байгууллагынхнаас ч биднийг таатай хүлээн авч, сонссон хүн бараг байхгүй. Э. Бат-Үүл даргатай албан ёсоор хоёр удаа уулзсан. “Шүүхийн шийдвэрийг биелүүлээч ээ” гэж шаардахаар “Хүмүүстээ үүрэг өгсөн” гэж ам тагласаар ирсэн. Э.Бат-Үүл даргатай холбогдох хүмүүс нь уулзаж байх үеэр “Шүүхээс С блокийг буулга гээд байхад Түвшинбаяр гэдэг хүн бүхэлд нь буулга” гээд байна гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл хэлж байсан. Ингэж хэлсэн нь миний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн. Тэр компанийн хүмүүст миний тухай мэдээлдэг хүн олон бий. Э.Ариунгэрэл дарга бидний шүүх хуралд оролцож байсан. Бүхэлд нь буулгах ёстойг мэдэж байгаа ч сонирхол нь ийм юм байна гэж би бодсон. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж гэдэг хүн түүний хэлснийг няцаасан.

-Аюулгүй байдалд минь сөрөг нөлөө үзүүлсэн гэж та хэллээ. Жишээ хэлэхгүй юү?

-“Адоре пропертиз” ХХК-ийн хүмүүс “Намайг алж, шороонд булна” гэж ярьж байхыг сонссон хүн нь надад хэлсэн. Тиймээс би “Надад аюул байна. Хамгаалж, анхаарч өгөөч” гэж цагдаа болон Хүний эрхийн комисст хандсан.

-Олон нийтэд зөвхөн С блокийг буулгах мэт мэдээлэл өгч буй нь ашиг сонирхлын зөрчил байна гэж та бодож байна уу?

-Яг үнэн. Тэгж хардах үндэслэл бий. Нийслэлийн удирдах албаны хүмүүс зөвхөн С блокийг буулгах ёсгүйг мэдэж байгаа. Хуулийн хэлтсийн дарга нь хүртэл ингэж яриад байгаа нь олон хүнийг төөрөгдүүлж байна.

-13 давхар барилгын оронд та бүхний амьдарч буй хуучин барилгыг буулгах, эсвэл нар харах эрхгүй болсон хүмүүсийг шинэ байранд оруулан хохиролгүй болгож, энэ байрыг улсын өмч болгох нь зөв гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-10 айлын 60 гаруй хүн нар харахгүй битүү нүхэнд есөн жил амьдарлаа. Гэхдээ энэ сайхан шинэ барилга нь нураад балгас болох нь дээ гэж бодогдох үе байдаг л юм. Гэвч хууль бол хууль. Эцсээ хүртэл биелүүлэхийг шаардана.

-Тантай тухайн компанийн удирдлагууд уулзаж, зөвшилцөх санал тавьж байсан уу?

-2009 онд “Адоре пропертиз” ХХК-ийн захирал Х.Анхбаяртай уулзсан. Өмгөөлөгчөө аваад очсон. Тэрбээр “Хүмүүсийг ажилтай болгох гэж байна” гэж ярьдаг юм аа л ярьсан. Шүүхийн шийдвэрийн талаар ярих гэтэл яриулаагүй. Тэгэхээр нь “Надтай тэгвэл юу ярих гэсэн юм бэ” гэтэл “Түвшинбаяр гэдэг хүнийг харах гэж л дуудсан юм” гэсэн. Энэ бол маш том сүрдүүлэг. Түүнээс хойш өөрийгөө энэ компанийн захирал гээд байгаа Ганболор гэдэг хүнтэй 2013 онд уулзсан.

-Өргөтгөлийг ямар ч байсан буулгаж байна. Харин 13 давхрыг буулгах тал дээр та бүхэнтэй зөвшилцье гэвэл хүлээж авах уу?

-Хоёр давхар барилгыг буулгав уу үгүй юү одоо зөвшилцөлд хүрнэ гэсэн зүйл бодогдохгүй байна. Шүүхийн шийдвэр биелүүл, 13 давхар барилгаа буулга гэсэн л шаардлагаа тавина.

-Энэ ганц таны эрх ашиг биш 60 гаруй хүний асуудал шүү дээ.

-Олон хүний эрх ашгийн төлөө биш байсан бол би өдий хүртэл ингэж явахгүй. Тэдгээр хүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралд оролцсон. Мөн 15 дугаар байрны Цэцэгмаа гэх эмэгтэй шүүх хуралд орсон.

-Газрын болон барилга барих зөвшөөрөл олгох эрх мэдэл бүхий хүмүүс л анхнаасаа хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй нь харагдаж байна. Аль аль талдаа хүмүүсийг хохироосон ийм асуудал олон бий.

-Эрх мэдэлтнүүдийн балгаас болж нар харах эрхээ хасуулсан олон хүн байдаг. Миний бичиж тэмдэглэснээр хууль бусаар барьсан, хүмүүсийг хохироосон 47 барилга бий. Цонх цонх руугаа харсан барилга хоорондын зай 20 метрээс багагүй байх стандарт байдаг ч биелүүлэхгүй байна.

-13 давхар барилгыг буулгахад ойр орчмынх нь хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд ч эрсдэл учрах аюултай шүү дээ. Танд эмээх сэтгэл төрж байна уу?

-Анхнаасаа л хүний эрүүл мэндэд заналхийлсэн барилга байсан шүү дээ. Энэ барилгыг буулгаж дуусахад хэдэн жил зарцуулахыг мэдэхгүй юм. Ийм их хөрөнгө зарсан барилгыг яаж буулгах вэ гэж удирдах албан тушаалтнууд нь хүртэл хэлж байсан. Тиймээс зөвхөн С блокийг буулгах сонирхол нийслэлийн удирдлагуудад байна.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.228 халхлуулсан байр нь олон жилийн настай болохоор оршин суугчдад нь шинэ байр өгөөд нүүлгээч. тэр байр нь гэж талбай багатай дамждаг нэг тиймэрхүү соц нийгмийн багтаамж муу л байр шүү дээ. шинэ байраа ажиллуулаад ядаж улсад татварын орлого оруулж байвал дээр бишүү. хэрэлдсээр байтал цагаан байрных нь ашиглалтын хугацаа дуусах байлгүйдээ
150.129.143.64 Наад хотын хэдэн нөхөдчин бүгд холбоотой батүүл нураалгаж чадах болууда хотыг сүйрүүлж байн даа.
202.179.20.89 toriin albanii bogs doloogchid 180.000 hursen shuu dee tegeheer 60 hun asuudal bish bolood l tegej bga yum

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл