13 давхар барилгыг бүхэлд нь буулгах уу, С БЛОКИЙГ НУРААХ УУ

2015 оны 03 сарын 18

Нийслэлчүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулаад удаж байна. Наад захын жишээ гэхэд л хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарлах газраа эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүст булаалгасан айл олон бий. Тухайлбал, Хан-Уул дүүргийн I хорооны нутагт байрлах “Адоре пропертиз” ХХК-ийн барьсан 13 давхар барилга олон айлын нар харах эрхийг хасаад уджээ. Уг барилгыг тус хорооны 14, 15 дугаар байрны дунд буюу хоёр хананаас ердөө 75 см зайд сүндэрлүүлжээ. 2006 оноос барьж эхэлсэн энэхүү барилгын суурийг цутгах цагаас л тус хорооны оршин суугчид эсэргүүцэн, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тууштай тэмцсэний үр дүн 2009 онд гарч, уг барилгын газрыг хууль бусаар олгосныг гурван шатны шүүх тогтоожээ. Гэвч шүүхийн шийдвэр хадны цуурай мэт замхарсан байх юм. Харин 2011 онд Улаанбаатар хотын захирагчийн 33 дугаар захирамжаар Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 173 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Адоре пропертиз” ХХК-ийн зочид буудлын С блокийг албадан буулгаж, газрыг нь чөлөөлөх захирамж гарчээ. Гэвч үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2015 оны гуравдугаар сарын 11-нээс тус барилгын С блокийг буулгаж эхэлсэн юм.

Тус хорооны оршин суугчид ялангуяа нар харах эрхээ хасуулсан хүмүүс “Монгол Улсад хууль хэрэгждэг юм байна” хэмээн магнайгаа хагартал баярлаж сууна. Гэхдээ тэд хэр удаан баярлах бол. Учир нь зочид буудлын зориулалтаар барьсан уг 13 давхар барилгыг бүхэлд нь буулгах бус зөвхөн С блокийг л буулгана гэсэн яриа газар авав. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад хоёр өөр зүйл ярьсан нь сонирхолтой.


Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Л.Баянбатаас уг барилгыг бүхэлд буулгах эсэхийг тодруулахад:

-13 давхар барилгыг нураана гэсэн шийдвэр огт байхгүй. Энэ барилгын С блок буюу хоёр давхар өргөтгөлийг буулгах нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсан. 2012 онд хотын захирагч асан Г.Мөнхбаяр уг барилгыг нураахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байдаг. Энэ барилгыг нийслэлээс хөрөнгө гаргаж нураахгүй. “Адоре пропертиз” компанийнхан барьсан барилгаа өөрсдийн хөрөнгөөр буулгаж байгаа.

-Тэгэхээр 13 давхар барилгыг бүхэлд нураах шийдвэр гараагүй гэсэн үг үү?

-С блокийг л буулгах шийдвэр гарсан. Шүүх ямар шийдвэр гаргаж, хотын захирагч ямар тушаал өгнө, түүнийг л бид биелүүлнэ. Одоогоор 13 давхрыг бүхэлд нь буулга гэсэн шийдвэр ирээгүй байна. Өөрсдийн хөрөнгөөр барьсан барилгаа буулгаж байгаа анхны тохиолдол энэ байх. Хууль зөрчин барилга барьж байгаа олон компанид энэ үйл явдал томоохон сургамж болно гэж бодож байна гэв. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эх сурвалж “13 давхар барилгыг бүхэлд нь буулгах шийдвэр гарсан. Мэдээж 13 давхар барилгыг нураахад хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаардана. Нэг хоёр хоногийн дотор л дуусгах ажил биш шүү дээ. Оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй бол эрсдэл ихтэй. Тиймээс эхний ээлжинд С блок, дараа нь барилгыг бүхэлд нь буулгана. Одоогийн байдлаар үүнтэй адил хууль бусаар барьсан бусад барилгыг буулгах шийдвэр шүүхээс гараагүй” гэсэн юм. Зочид буудлын зориулалттай уг барилгын газрыг Х.Анхбаяр, Л.Чимгээ нар анх эзэмшиж байжээ. Л.Чимгээтэй холбогдон энэ тухай асуухад “Бид уг барилгыг өөр хүнд худалдсан. Одоо надад хамаагүй асуудал” гэж тайлбарлав.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.29.214 Барьчихсан барилга нураана гэдэг бол тэнэг асуудал. Зочид буудлын зориулалтаар барьсан барилга юм бол гэр хороололын дахин төлөвлөлтөнд орж байгаа айлуудыг түр байрлуулах юм уу, эсвэл эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох юм. Манайх шиг ядуу улс барьчихсан бэлэн барилгыг ямар нэгэн зориулалтаар хэрэглэх зөв болов уу?
202.179.20.80 Баянгол дүүргийн 4-р хорооны өрхийн эмнэлгийн орох хаалга хажуугийн байрны цонх хаагаад бас тийм барилга бариж байгаа шүүхэд оршин суугч нар нь өгч нураалгах хэрэгтэй юм байна бас даварсан авилгач айлын цонхонруу бие засах газраа харуулчихаад хэнэгчгүй байгаа юмдаа
202.70.38.46 Нэгэнт барьсан барилгыг нураах нь юу юм тэр айлуудыг нь наад 13 давхартаа оруулах арга хэмжээ аваад хуучинд нь өөр юм ажиллуулахгүй юу даа Ийм барилга хаа сайгүй харагдана билээ
202.179.31.242 Ug ni huuchin muudsan barilgaa nuraagaad oron bairand osuulaad shineer barisand ni ih hemjeenii torguuli noogduulaad shiidej boldoggui um baih daa. Huuli zurchvul zah zeelees herhen archigadah ve gedgiig uzuuleh bsan um bishuu
103.26.193.53 Hkanuuld suuliin 10 jild surguuli stesterleg mash hkobor barisan, hkarin 16 deesh mash olon shilen barilga barisan. Ene 13 buu hkel 18-r syrgyyliin stonhkon deer 50 sm zaitai barilga 13 dabhkar bariad odoo alban, gazar ail hkamtarch bg Tsonhkiig ni hkaasan l baidag Та юу гэж бодож байна ...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл