ХЭНЭГГҮЙ БАЙДАЛ, “ХЭРЭГГҮЙ” АМЬ

2015 оны 03 сарын 13

Хэдэн давхар өндөр барилга руу хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан хувцас өмсөлгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авалгүйгээр авирдаг, хэнэггүй нь дэндсэн хүмүүс монголчуудаас өөр байдаг болов уу. Сүүлийн хоёр жилд гэхэд л улсын хэмжээнд үйлдвэрийн осол 1139 гарсан байна. Эдгээр осолд 1212 хүн өртөн 194 нь амиа алджээ. Үүний шалтгааныг МХЕГ-ын байцаагчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан гэж л тайлбарладаг. Хөдөлмөр хамгааллын инженерүүд нь зааварчилгаагаа төдийлэн сайн өгдөггүй, өгсөн ч гүйцэтгэж буй ажилчид нь биелүүлдэггүй юм байна. Энэ нь монголчуудын хэнэггүй зан, “Зүгээр байлгүй дээ” гэж хэнд ч юм итгэсэн итгэлээс үүдэлтэй.

Ийм хэнэггүй байдал “Пума констракшн” ХХК-ийн барьж буй “Хүннү молл” худалдааны төвд ажиллаж байсан ажилчдын дунд ч ажиглагдсан юм. МХЕГ-аас “Хүний төлөө зөв тус” гэсэн сарын аян өрнүүлж байгаа. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн “Вива сити” хорооллын урд байрлах “Хүннү молл” төвийн барилгад өчигдөр үзүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтад 26 байгууллагын 80 гаруй хүн оролцов. Уг барилгыг Улсын комисст ирэх дөрөвдүгээр сарын 4-нд хүлээлгэн өгөх аж. Барилга угсрах үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад хяналтын хуудас тарааж өгч буй. Барилга дөнгөж барьж эхэлсэн цагаас Улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл уг хяналтын хуудсыг бөглөж, эрсдлийн үнэлгээгээ тогтоох аж.

Эрсдэлтэй зүйл гарвал дор бүрт нь засаж залруулах шаардлагатай. Ингэснээр барилгын осол буурна гэж мэргэжилтнүүд найдаж буй. Сургалтад оролцогчдод хяналтын хуудас тараан өгч, тус барилгын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Барилгын гаднах ажил дууссан бөгөөд дотоод засал чимэглэл хийж байв. Уг худалдааны төвд хүүхдийн тоглоомын төв, мөсөн гулгуурын талбай гээд нүд хужирлах зүйл цөөнгүй таарав. Гэвч усан оргилуурын дэргэд үлэг гүрвэлийн баримал “бүтээж” буй ажилчид хамгаалах бүс зүүхгүйгээр хоёр метр орчимд өндөр шатан дээр ажиллаж байлаа. Аюулгүй ажиллагааны заавар ёсоор 1.3 метрээс дээш өндөрт ажиллаж буй хүн заавал хамгаалах бүс зүүх шаардлагатай аж. Хамгаалах бүс яагаад зүүгээгүйг нь тэднээс асуухад “Гайгүй байлгүй дээ. Бид анхаарал болгоомжтой ажиллаж байгаа. Бүс зүүхээр орооцолдоод хэцүү байдаг” гэв.

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үеийн барилга байгууламжууд хүний амины “төлөөс”-тэй баригдаж байна. Ер нь барилгын осол гарах шалтгаан нь юу юм бэ?

-Барилгыг барьж эхлэхдээ эрсдлийн үнэлгээ хийгээгүй, хөдөлмөр, эрүүл, аюулгүй ажиллагааны аргаа зөв төлөвлөж чадаагүй, ерөнхий гүйцэтгэгч компанийнхан туслан гүйцэтгэгчээ сонгохдоо аюулгүй ажиллагааг гол болгохын оронд хамгийн бага зардлаар гүйцэтгэх компанийг шалгаруулдаг, ажилчдын хэнэггүй зан зэргээс болж осол гардаг. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохих түвшинд хийдэггүй. Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоороо олон улсад дээгүүрт бичигддэг ч яаж хэрэгжүүлэх талаар зөвлөмж, аргачлал байдаггүй.

-Ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хяналтын хуудас тарааж өгдөг болсон юм байна. Энэ нь хэр үр дүнтэй бол?

-Бусад орны туршлагад тулгуурлан, барилгын компаниудад хяналтын хуудас өгч байна. Компаниуд дотооддоо аюулгүй байдлаа хангахын тулд МХЕГ-ын вэб сайтаас хяналтын хуудас татан авч, үүний дагуу эрсдлээ тодорхойлон, шалгалт ирэхээс өмнө аюулгүй байдлаа хангах боломжтой. Ингээд шаардлага хангаагүй юм уу, өөрсдөө стандартаа биелүүлж чадахгүй бол улсын байцаагчаас зөвлөгөө авч болно гэв.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.117.4 Та юу гэж бодож байна ...хувь хүний хариуцлага чухал ш дээ.Албан байгуулгуудад өндөр шаардлага тавих хэрэгтэй.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл