СОРХАГТАНИ ХАТАН, ЖАХА ХАМБУ, БАЛЧИР ХУБИЛАЙ, НЯЛХ ХАЙДУ НАРЫГ “ХАЙЖ” БАЙНА

2015 оны 03 сарын 12

“Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны II хэсэгт монгол жүжигчдийг сонгон тоглуулахаар болсон. Дэлхий даяар хүлээлт үүсгэсэн “Марко Поло” цуврал арванхоёрдугаар сарын 12-ноос цацагдаж эхэлсэн билээ. Энэхүү цувралд монгол жүжигчин Б.Амарсайхан Хубилай хааны дүү Ариг бөхийн дүрийг бүтээсэн. Харин энэ удаа холливудад Монголоос хэн хөл тавих бол. “Марко Поло” кинонд дүр бүтээх монгол жүжигчдийн сонгон шалгаруулалт гуравдугаар сарын 12-15-нд МҮОНРТ-ийн байранд болох юм. Энэ талаар тус киноны Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан продюсер М.Оргил, төслийн зөвлөх О.Бүрэнжаргал, хувцасны дизайнер А.Саруул болон бусад холбогдох хүмүүс өчигдөр мэдээлэл өгсөн юм.

Киноны зураг авалт энэ оны зургадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд Малайз, Унгар, Шинэ Зеланд улсад болох аж. Сорхагтани хатан, түүний аав Жаха Хамбу, балчир Хубилай, нялх Хайду нарын түүхэн дүр болон олны хэсэгт тоглох 50-70 монгол хүнийг сонгон шалгаруулах юм байна. Одоогийн байдлаар нэг дүрд 50 орчим хүн бүртгүүлээд байгаа аж. XIII-XIV зууны үеийн монголчуудын ахуй соёл, түүх дурсгалыг дэлхий дахинд таниулах энэ боломжийг ашиглан, төр засаг болон ард иргэдийг дэмжин ажиллахыг “Марко Поло” киноны Монгол дахь төсөл хариуцсан хүмүүс хурлын үеэр уриалав. Сорхагтани хатан бол Хубилай хааны ээж. Тэрээр хүүдээ нөлөөлсөн гол хүн. Хубилай хаан эхийнхээ агуу хүч, оюун билиг, хатан ухаан, алсын харааны ачаар хаан ширээнд суусан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Түүний дүрд 40 орчим насны хүнийг хайж байгаа бол Жаха Хамбугийн дүрд 60 орчим насны эрэгтэй хүн тохирох юм. “Жаха Хамбу бол тал нутагт ихийг үзсэн хөгшин чоно мэт, өөрийн овог аймагтаа хамгийн нэр нөлөө бүхий ахмадуудын нэг. Түүний аварга гар, эвэршсэн хуруу зөвхөн дайнд зориулагдсан гэлтэй харагдах ч өөрөө бол ач нараа энхрийлж байхыг илүүд үзнэ. Түүний хамгийн хүчтэй зэвсэг оюун ухаан нь болохоос хүч чадал, аварга бие нь биш” хэмээн тодорхойлжээ. Харин Хубилай хааны бага насны дүрд 12 орчим насны, улаан хацартай, сониуч, гярхай хүүг сонгох юм байна. Түүний дүрийг “Бага балчир наснаасаа эхлэн хүнд хэцүү хүчирхийлэл, дарангуйллыг хөндлөнгөөс харж ухаан суусаар ирсэн сэтгэлийн хаттай, даруухан” гэж дүрсэлжээ. Мөн Хайду хааны багын дүрд дөрөв орчим насны сониуч, гярхай хүүг сонгох аж.

Харин олны хэсгийн дүрийн сонгон шалгаруулалтад нас, хүйс харгалзахгүй бөгөөд өвөрмөц дүр төрх, авьяас чадвартай, 2-6 сарын хугацаанд зураг авалтад оролцох боломжтой хүмүүсийг урьж байгаа юм. XIII зууны монголчуудын амьдрал ахуй, соёл, заншлыг илтгэн харуулахад яах аргагүй монгол хувцас онцгой чухал. Тиймээс “Монгол костюмс”-ын загвар зохион бүтээгчид, тухайн үеийн язгууртнуудын хувцас, гутал, зүүсгэл гоёлын загвар хийцийг Соёлын өв төвийн мэргэжилтнүүдтэй зөвлөн тодорхойлжээ.

Энэ үеэр тус киноны Монгол талын зөвлөх О.Бүрэнжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та ямар зөвлөгөө өгч байна даа.

-Америк талын цөөн хүнтэй уулзаж ярилцсан. Монгол талдаа зөвлөж байна. Зөвлөгөө маань “Марко Поло” киног хийж байгаа хүмүүст хүрч байх шиг байна. Хүний үг сонсож байгаагаас нь харахад Монголын соёлын их түүхэнд итгэдэг л хүмүүс юм байна гэж бодож сууна.

-Тухайлбал, таны ямар зөвлөгөө тэдэнд хүрэв?

-Продюсер М.Оргил гэх зэрэг хүмүүсээр дамжуулан үгээ хүргэж байна. Кинонд монгол биш, хэлбэр хөөсөн зүйлүүд байгаа юм. Түүнийг нь монгол төрхтэй болгох талаар санаа оноогоо хэлж өгсөн. Түүхэндээ бол Хубилай хаан төрсөн дүү Ариг бөхийгөө цаазалдаггүй. Гэтэл кинонд цаазалж буйгаар гарсан.

-Та “Марко Поло” киног үзэв үү. “Марко Пологийн аялал” номыг орчуулсан хүний хувьд зөрүүтэй зүйл ажиглагдсан уу?

-Байна лээ. Мэдээж ганц ном баримжаалж кино бүтээнэ гэж байхгүй. 740 жилийн өмнөөс Марко Пологийн талаарх ном бүтээлийг Европын бүх хэлээр орчуулж ирсэн. Одоогоос 50 гаруй жилийн өмнө Английн эрдэмтэн Роналд Лэйтхэм нийт уншигчдад зориулан өөрийнхөө судалгааг товчилж, уран сайхны хэлээр сайхан ном бичиж үлдээсэн. Үүнийг нь л хүнд хүргэх үүднээс би орчуулсан. Марко Поло Их Монгол Улсад 17 жилийн турш ажиллаж, амьдрахдаа өөрийн үзэж харснаа бичиж тэмдэглүүлсэн байдаг. Үүнд дэлхийн эрдэмтэд янз бүрээр ханддаг. Марко Поло өөрийн нүдээр харж, гар бие оролцож явснаа бичиж тэмдэглүүлсэн нь Монголын түүхтэй зөрүүгүй таарч байдаг учраас үүнд гарцаагүй итгэж болно гэж боддог.

-Энэ кинонд монгол жүжигчин тоглосон. Одоо II хэсэгт нь олон монгол хүн тоглох боломжтой боллоо. Монголынхоо юуг нь илүү тусгаж, гаргаж өгөөсэй гэж та бодож байна вэ?

-XIII-XIV зууны монголчуудын амьдрал, Хубилай хааны явуулж байсан төрийн бодлогыг түлхүү тусгаж өгвөл сайхан. Монголчууд цаасан мөнгийг анх бий болгосон. Өртөө холбоог Өгөдэй хаан бий болгосон ч Хубилай хааны үед илүү боловсронгуй болж, хоёр түмэн хүн, хорин түмэн морь өртөө улаанд явж байсан. Ази, Европын харилцаа холбоог хоёрхон долоо хоногийн дотор амжуулдаг байж. Хубилай хаан ган зуд болсон ч Хятадын тариачдын амьдрал, монгол малчдынхаа ахуйг ч дэмждэг, одоогийн халамжийн бодлогийг тэр үед бодитой байдлаар нь хэрэгжүүлсэн. Урлаг, соёлын асар их мэдрэмжтэй хүн байсан нь судлах явцад мэдэгдсэн. Тэр үед 500 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим, асар том номын сантай байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хубилай хааны бүтээсэн Одон орны төв бараг л тэр хэвээрээ Бээжин хотод байгаа.

-Хубилай хааныг хятадууд манай хаан гэдэг. Түүхэн талаас нь та юу хэлэх вэ?

-Хятадын хаан болохоос өөр арга байхгүй. Тархай бутархай байсан Хятад улсыг монголчууд нэгтгэж өгсөн. Тэгэхээр Хятад улсын монгол хаан. Гэхдээ Хятадын амьдралд уусаагүй, жинхэнэ монгол хүн байсан. Тиймээс түүний гаргасан хуульд Монгол цэргийн ноёд хятад эхнэр авахыг чанд хориглосон. Тэр нь Манжийн үед ч мөрдөгдөж байлаа. Бид Чингисийн Монгол гэж дэлхийд бахархдаг. Монголчууд нум харваж, сэлмээр цавчаад л дэлхийн талын эзлээгүй, өндөр боловсрол, мэргэн ухаан, удирдах чадвартай байсныг мартах учиргүй.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл