ДҮРЭМГҮЙ ТОГЛООМ БУЮУ САМРЫН БИЗНЕС

2015 оны 03 сарын 11

  БУСДЫН ХООЛЫГ БУЛААХАД УЧИР БИЙ

Хуш модны самарт дургүй хүн үгүй биз ээ. Чигчий хурууны хумсны толион чинээ хэрнээ маш амттай самрын идээнд 19 төрлийн амин хүчил агуулагддаг. Энэ нь уургийн дутагдлыг нөхөн, дархлааг сайжруулдаг. Гэхдээ жижигхэн “бие”-дээ багтамгүй ид шидтэй энэ гайхалд дурлагсад биднээс өөр олон бий. Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, хөтүү, жирх, хэрэм, баавгай, гахай зэрэг олон амьтны гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм өвлийн идшиндээ 6-10 кг самар нөөцөлдөг бол баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, 100-150 кг өөх хуримтлуулдаг гэнэ. Харин самрын ургац муутай жилд баавгай ичиж чадахгүй дан ангаар хооллодог аж. 2009-2010 онд самар гараагүйгээс өлсгөлөн баавгай Хэнтий аймгийн Галшар сум хүртэл тал хээрт тэнэж, хүний гарт өртсөн тохиолдол ч гарчээ.

Мөн самрын ургацгүй жил жирх, хэрэм их хорогдсоноос ойн булга, шилүүс зэрэг үслэг амьтдын хоол тэжээл хомсдон өсөж үржих нь багасдаг байна. Тэгэхээр хуш мод цэвэр агаар бэлэглэхийн зэрэгцээ хүн амьтанд хоол хүнс нь болдог ач тустай. Бид амьтдын хоол тэжээлээс хумслахдаа ч ухаантай хандах хэрэгтэй. Ядаж л аравдугаар сараас эхлэн ууланд гарч, самар түүж бэлтгэх нь тэднийг хүндэтгэж буйн илрэл. Учир нь энэ үед ойд чийг унаж, гал түймрийн аюул гарахаас сэргийлэх бөгөөд амьтад ч ичээнд орж эхэлдэг. Манай улсад дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой бий.

Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг. Хушин ой ойн сангийн ердөө долоохон хувийг л эзэлдэг. Тиймээс хуш мод, түүний самрыг Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтаажээ. Гэхдээ самар элбэг ургацтай жилдээ “хог” болох нь холгүй. Улаанбаатарын гудамж талбай, булан тохой бүрт “самар аваарай” гэсэн хүмүүс дүүрэн. Энд тэндгүй самрын яс хөглөрч, ТҮК-ийнханд ажил нэмдэг. Иргэн бүр ахуйн хэрэглээндээ зориулж 25 кг-ыг самар түүж, бэлтгэх эрхтэй. Гэхдээ тухайн оршин суугаа газрынхаа Засаг даргын зөвшөөрлөөр кг тутамд нь 500 буюу нийт 12.500 төгрөг төлнө. Харин самар түүхээр ууланд гарсан хүн 25 эсвэл 250 кг түүж буйд хяналт тавих хүн байхгүйд л гол учир оршиж байгаа юм. Муна, шуудайгаа бариад ууланд гарагсдад хушин ой “зоос” болж харагдахаас амьд байгаль, амьтан ургамалтай харьцаж буйгаа мартаж орхидог.

Их хэмжээгээр түүж бэлтгэн хятадуудад борлуулж амташсан хүмүүс хуш модноос боргоцойг нь газар унагахын тулд том мунаар цохиж холтсыг нь гэмтээдэг байна. Ингэснээр модны ус дамжуулах эд нь гэмтэн, оройн титэмд нь чийг очихгүй байснаар хурайшин амьдрах чадваргүй болдог ажээ. Зөвшөөрөлгүй самар түүж бэлтгэх, гар дээрээс зарж борлуулах “дайн”-тай цагдаа, байгаль хамгаалагчид, МХЕГ-ын байцаагчид тэмцээд тэмцээд тус ололгүй өдий хүрлээ. Төр засгаас ч хуш модны самрыг үйдвэрлэлд нэвтрүүлэх бодлого баримтлахгүй, иргэд ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй тоос шороотой орчинд самар зарж борлуулсаар. Нэгэнт бидэнд байгаль эх баялгаа хүртээж байхад түүнийг нь зөв зохистой ашиглах нь чухал. Тиймээс манай улсад хушны самрыг дотоодын болон гадаадын зах зээлд худалдаанд гаргах үндэсний үйлдвэр үгүйлэгдэж байна.

Гудамжны энэ бизнесийг өөд нь татаад авбал олон хүн ажлын байртай болж, гэдэс цатгалан амьдрах боломж бүрдэх талаар үйлдвэрлэгчид ярьж байна. Чамлахаар чанга атга гэгчээр нэг үеэ бодвол хуш модны самрыг түүж бэлтгээд, тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр цөмж, идээ болон самрыг нь цаасан уутанд савлан худалдаалж буй үйлдвэрүүд Монголд бий. Гэвч харамсалтай нь тэд бүгд хятад эзэнтэй аж. 1990-ээд оны үеэс хятадууд манай улсаас самар их хэмжээгээр авч эхэлсэн бөгөөд одоо ч авсаар л байна. Гэхдээ энэ арга нь бүр нарийсан хятадууд монгол хүний нэр дээр компани байгуулан, өөрийн нутаг руугаа вагон вагоноор самар зөөсөөр байгаа билээ. Хятадууд дэлхийн зах зээлд монопол учраас манайхаас хямд үнээр авсан самраа боловсруулан хэд дахин өндөр үнээр Испани, Европын орнууд руу гаргадаг аж.

ЗӨВХӨН САМРЫН ИДЭЭГ Л ЭКСПОРТОЛНО

БОНХАЖЯ-наас Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумаас үйлдвэрийн зориулалтаар самар ашиглахыг зөвшөөрчээ. Энэ жилийн хувьд самар түүж бэлтгэх зөвшөөрөл авсан 12 аж ахуйн нэгж бий. Түүний дөрөв нь гадаад улс руу экспортлох эрхтэй. Ингэхдээ зөвхөн самрын идээг л гадагшаа гаргаж болно. Өөрөөр хэлбэл, самрын идээг хүнсний бүтээгдэхүүн гэж үзэж хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Төв аймгийн Мөнгөнморьт суманд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийнд дээд хязгаарыг 240, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум 3000, Ерөө сум 160, Мандал сум 467 тонн буюу нийт улсын хэмжээнд 3875 тонн хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоосон байна. 3875 тонн самрын кг тутмаас нь 3000 төгрөгийн татвар авч хилээр гаргана. Ингээд бодохоор нэлээд их мөнгө Улсын төсөвт төвлөрнө гэсэн үг.

Гэхдээ үүнийг эргээд хуш модыг нөхөн сэргээх, арчилж хамгаалахад зарцуулдаггүй аж. “Байгалийн ургамлын тухай хуульд ахуйн зориултаар түүж бэлтгэсэн ургамлыг бусдад худалдах, худалдаалахыг хориглоно” гэж заасны дагуу иргэд түүсэн самраа гар дээрээс худалдаалах хориотой. Тиймээс монголчууд хятадуудын барлаг хийж, түүж бэлтгэсэн самраа нэг кг-ыг нь 5000-6000 төгрөгөөр тэдэнд өгдөг. Монгол хүмүүс байгалийн баялгаа ашиглан амьдрал ахуйдаа дэм болох гэхээр “болохгүй, бүтэхгүй, хориотой, татвар төл” гэсэн хууль эрх зүйн заалтууд саад болж байна. Самар ургаад байдаг, түүгээд зарж борлуулж болдоггүй, үйлдвэр байгуулъя гэхээр төрөөс дэмжиж, зээл олгодоггүй нэг ийм гаж тогтолцоо бий болоод удлаа. Монгол Улсад самрын бизнес яагаад хөгждөггүй вэ. Бид байгаа баялгаа зүй зохистой ашиглан, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадагшаа гаргахад юу хэрэгтэй байна.

Монгол брэнд гээд харийнхны гар цайлгах зүйл манай улсад хэр олон байдаг билээ гэсэн асуулт ар араасаа хөвөрнө. Эдгээр асуултын хариулт маш энгийн. Самар боловсруулах үйлдвэр байгуулах гэхээр хөрөнгө мөнгө шаардлагатай. Хөрөнгө нь байлаа гэхэд ховор ургамлын жагсаалтад багтсан болохоор түүхдээ кг тутамд 800 төгрөгийн төлбөр, хилээр гаргахад кг бүрт 3000 төгрөгийн татвар төлдөг. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд нутгийн иргэдээс самар худалдан авна. Энэ мэт татвар төлбөр нь ашигтай бизнес явуулах боломжгүй болгож байгааг үйлдвэр эрхлэгчид хэлсэн юм.

Монгол хүмүүс монгол орныхоо байгалийн баялгийг ашиглаж байгаа тохиолдолд татварыг нь багасган, харин гадаад хүмүүст өндөр татвар ногдуулах тогтолцоо үгүйлэгдэж буйг тэд хэлэв. Мөн аливаа тоглоом өөрийн гэсэн дүрэмтэй байдаг. Дүрмийг мэдэхгүй хүн тоглох боломжгүй. Гэтэл самрын бизнес хэмээх “тоглоом”-д оролцогсод нэгдсэн нэг дүрэмгүй. Иймээс эмх цэгцгүй байдал үүсэж, хууль бусаар самар түүх, зарж борлуулах нь буурахгүй байгааг үйлдвэрлэл эрхлэгчид онцолсон. БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Х.Оюунбилэгээс цөөн асуултад хариулт авсан юм.

Х.ОЮУНБИЛЭГ: ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОСОН ТОХИОЛДОЛД ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРДӨГ

-Эргэн төлжих байгалийн баялаг болох самрыг орчин үеийн технологиор боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

-Сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглан самар боловсруулж буй үйлдвэрүүд манай улсад бий. Гэхдээ үндэсний томоохон үйлдвэр байгуулах хэрэгтэй. Ойн дагалдах баялаг ашиглах эрхийн бичгийг гурван жилийн хугацаатайгаар тухайн байгууллагуудад яамнаас олгодог. Үйлдвэрийн зориулалтаар түүж бэлтгээд түүнийгээ дотооддоо ашиглахыг зөвшөөрч байгаа. Түүнээс иргэд зарж борлуулах нь хориотой.

-Иргэд гар дээрээс самар зарж л байдаг шүү дээ. Ууланд гарч самар түүх хүмүүс ч багасахгүй байна.

-Үүнд МХЕГ-ын байцаагчид хяналт тавих үүрэгтэй. Самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд түүх ёстой. Гэтэл хүмүүс наймдугаар сар гарав уу, үгүй юү боргоцой нь ягаан байхад түүчихдэг. Мэрэгч болон зэрлэг амьтад өвлийн идшээ нөөцлөх шаардлагатайг ч мэддэггүй. Наймдугаар сарын эхнээс аравдугаар сарын сүүлч хүртэл ойн хуурайшлын үе. Самар түүж байгаа хүмүүс нэг чүдэнзний мод алдахад л хушин ойд маш их хэмжээний хохирол учрах аюултай. Тиймээс ойд цас унаад чийгтэй болсон хойно самар түүж бэлтгэх хэрэгтэй гэв.

Амин дэмтэй амтат самрыг орчин үеийн аргаар боловсруулан савлаж дотоод болон гадаадын зах зээлд гаргаж буй “Грийн пинун” ХХК-ийн захирал, Монголын самар үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Баянмөнхөөс зарим зүйлийг тодруулав. Тэрбээр 2000 оноос хойш самрын бизнестэй хувь заяагаа холбожээ.

Х.БАЯНМӨНХ: САМАР ХОВОР БИШ ЭЛБЭГ УРГАДАГ

-Танайх самар бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй 12 аж ахуйн нэгжийн нэг нь. Самар хэрхэн түүж бэлтгэсэн бэ?

-Ойн тухай хуульд заасны дагуу орон нутгийн удирдлагатай гэрээ хийж, менежментийн төлөвлөгөө батлуулан нутгийн иргэдээс нь самар худалдан авсан. Гэхдээ боловсруулсан самраа хилээр гаргахад асуудал тулгарлаа. Уг нь самар нь ястай байхдаа ч хүнсний бүтээгдэхүүн. Гэтэл хүнсний бүтээгдэхүүн биш ховор ургамал гээд кг тутамд нь 3000 төгрөг авч байна. Хуш модны самар бол дэрвэгэр жиргэрүү шиг ховор ургамалтай адилхан биш. Хуш мод нь ховор байж болох ч нэг модноос хэчнээн тооны боргоцой гардаг билээ. Гэтэл онцгой татвартай бүтээгдэхүүнд оруулсан нь үндэсний үйлдвэрлэл хөгжих боломжгүй болгож байна. Ядаж хөл дээрээ зогссон хойно нь татвар авбал татгалзах зүйлгүй.

-Тэгэхээр хууль тогтоомж нь амьдралд нийцэхгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Самар түүж, ой модыг там болгож байгаа мэтээр л хүмүүс ойлгодог. Яг үнэндээ бол самар түүгээд сурчихсан нутгийн иргэд модондоо маш хайр гамтай ханддаг. Хуш модыг бага зэрэг түншихэд л гүйцэд боловсорсон боргоцойнууд өөрөө унаад ирдэг. Иргэдийг самар худалдахыг хориглодог хэрнээ, татвар төлөөд байвал гаднынхан ирээд авсан ч хилээр гаргах боломжтой ийм бодлого баримталж байгаа нь дутагдалтай. БОНХАЖЯ-наас иргэдэд хуш модны самрыг зөв зохистой ашиглахыг сурталчлан ойлгуулах юм бол хүмүүс уралдан түүж өрсөж мөнгө олохоор дайтахгүй шүү дээ. Хууль эрх зүйн заалт нь амьдралд нийцэхгүй болохоор биелүүлэхэд хүндрэлтэй байдаг.

-Таныхаар яаж өөрчилбөл болох вэ?

-Монголын самар үйлдвэрлэгчдийн холбоо 2007 онд байгуулагдсан. Бодлого боловсруулдаг яамныхан ард иргэд, үйлдвэрлэгчидтэй уулзаж самрыг хэрхэн яаж ашиглах журмаа гаргах нь амьдралд нийцнэ. Тэгэхгүйгээр сохроор журам боловсруулж, самрын бизнесийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахгүй байна.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл