Хүн дүрстэй араатнуудыг бүх насаар нь шоронд хорьё

2015 оны 03 сарын 06

Алгын чинээхэн охинд ахадсан зовлон шаналал, өвдөлт, тамлал, тарчлаан, гомдол, цөхрөл, хорсол, нулимс мэдрүүлж хорвоогоос буцаасан бид ирээдүйдээ юу гэж хэлэх вэ. Атгын чинээхэн зүрх нь ямар их айдаст автан, аврал эрэн яасан их уйлаа бол. Тархиа задартал цохиулж, уушгиа бяцартал зодуулж, төрсөн эцэгтээ гомдохдоо тэр төд удалгүй хүний ертөнцөөс явчихлаа. Дөрөвхөн настай хөөрхий охин гэр бүл салалтын, томчуудын, нийгмийн золиос болоод, Монголд гэр бүлийн хүчирхийлэл ямар хэмжээнд хүрснийг өөрийн биеэрээ хэлж өгөөд буцлаа даа. Архидалт, ажилгүйдэл, ядуурлын тухай ярьсаар ирсэн ч гэр бүлийн хүчирхийлэл гээч үүнээс хэд дахин илүү аюултай, хор хөнөөлтэйг бид тэр бяцхан охины амиар мэдэрсэн нь “ниргэсэн хойно нь хашгирав” гээч болов.

Бидний амьдарч буй нийгэм хэлгүй, дүлий, гар хөлгүй, хөгжлийн бэрхшээлтэй, томчууд хэтэрхий арчаагүй, өрөвдөлтэй болохыг дөрвөн настай охины унагасан нулимс, урсгасан цус тодоос тод илчилж өглөө. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл гээч тэсрэх бөмбөг өнөөдөр л гэнэт дэлбэрсэн юм биш. Бидний мэдэхгүй, нүднээс далд газарт хэчнээн хүн хүчирхийлэлд автаж, хэд нь хорвоогоос хальж буйг хэлэх боломжгүй. Нуугдмал, бугшмал энэ байдлыг одоо л илчилж, ил болгохгүй бол цаашдаа зогсоож дийлэхгүй.

БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ

Тэгвэл бид гэр бүлийн хүчирхийллийг яаж ил болгож, үүний эсрэг юу хийж чадах бол. Манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байдаг ч тунхаг төдий. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь эрсэдсэн хэрэг гарсаар байтал тус хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг, зөрчил, гэж үзсэн ганц ч үг үсэг алга. Тус хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хүчирхийллийн хэргийг Иргэний хэргийн шүүхээр хэлэлцэж хянан шийдвэрлэнэ гэжээ. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл нь иргэний хэрэг төдий байхаа больж, эрүүгийн хэрэг болоод удлаа. Анхнаасаа л эрүүгийн хэрэг байсан асуудлыг манай хууль тогтоогчид иргэний хэрэг гэж өнгөц харсан болж таарч байна. Тухайлбал, 2013 онд 21 настай охин найз залуудаа харгис хэрцгийгээр тамлуулан нас барсан байж болзошгүй аймшигт хэрэг гарч, нийгмийг цочроосон. Г.Алтанхүү гэх этгээд найз охиноо 48 цагийн турш зодсоны улмаас түүний биед 46 шарх сорви, зулгаралт үүссэн гэдэг. Гэтэл Г.Алтанхүүд шүүхээс жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноосон.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүхийн байрнаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан. 2013 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн эцэг нь хүүхдээ заазуурдаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тэрбээр тухайн үед архи ууж агсам тавьж, эхнэртэйгээ муудалцсаны улмаас гурван настай хүүхдээ “Миний хүүхэд биш” гээд цавчиж хөнөөсөн байдаг. 2014 онд тавхан настай хүүхдээ төрсөн эцэг нь заазуурдан бэртээсэн сэтгэл сэртхийлгэсэн хэрэг бас гарлаа. Хэрэг гарсан газарт цагдаагийн албан хаагчид, Яаралтай түргэн тусламжийнхан очиход заазуурдуулсан таван настай хүүгийн ах зургаан настай жаал, хоёр настай охин шарх сорви болчихсон угтсан гэдэг. 2014 онд төрсөн хоёр үрээ хазаж тамласан хэрэг гарсныг уншигч та санаж байгаа байх. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс “цус сорогч” эцэгт 3.6 жил хорих ял оноосон. Мөн шүүхээс хүүхдүүдийн ээжид хохирол гэж 1.5 сая төгрөг олгохоор болсон нь хэтэрхий даапаалсан явдал болов. Бяцхан үрсийн яс махандаа шингэтэл мэдэрсэн зовлон, хэдэн жил үргэлжилсэн тамлалыг дөнгөж 1.5 сая төгрөгөөр үнэлжээ.

Харин төрсөн эцэг, хойт эхдээ хэрцгийгээр зодуулан, амиа алдсан бяцхан охины гомдлыг Монгол Улсын шүүх, цагдаагийн байгууллагынхан хэрхэн тайлах бол. Шүүх эмнэлгээс талийгаач охины цогцост хийсэн задлан шинжилгээний дүн гарч дуусаагүй байхад түүний төрсөн эцэг Цог охиноо хүчирхийлээгүй гэж яаран сандран мэдээлсэн нь бас л хачирхалтай. Г.Алтанхүү гээчид 48 цагийн турш зодуулсан талийгаач охиныг шинжээчид “Архины гүн хордлогын улмаас нас барсан” гэсэн нь бас л сэжигтэй. Хүний амь амьдралтай холбоотой ажилд шүүх, цагдаа, шинжээчид хэтэрхий хайнга хандаж буйн жишээ энэ. Үхсэн нь хохь, амьд нь зол болдог дэндүү шударга бус явдлыг шүүх, цагдаа, прокурорынхон өөрсдөө өөгшүүлэн үлгэрлэдэг нь гутамшиг. Үүнд бас эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнууд зүй ёсоор багтана.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 13.1-д “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ биелүүлж байх үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсвэл үйлдэгдэж болзошгүй байгаа нь илэрхий болсон тохиолдолд цагдаагийн байгууллага, боломжгүй бол нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэж заажээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар ухаангүй шахам ирсэн дөрвөн настай охиныг эцэг, хойт эхийнх нь “гомдолгүй” гэсэн ганц үгээр хаацаалан гэр лүү нь буцаагаад явуулсныг юу гэх вэ. Тэд үүргээ ухамсарлан, өчүүхэн хүн чанар гаргасан бол хөөрхий охин бидний дунд өнөөдөр байх ч байсан юм бил үү.

АРААТАНД ЭНЭРЭНГҮЙ, АЛДСАНД ХАТУУ МОНГОЛЫН ХУУЛЬ

“Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэсэн хэлц амьдралд нийцэхээ болиод удлаа. Хэн нэгний амь насыг хамгаалж чадвал илжиг болсон ч яадаг юм. Хаалттай хаалганы цаана чухам юу болж буйг бид мэдэхгүй ч хэн нэгний аврал эрэн уйлах чимээ, хашгирах дуугаар чихээ дарахаа больцгооё. Цагдаад мэдэгдэж сурцгаая. Хүний амийг онц хэрцгийгээр хороосон, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, сэтгэл сэртхийлгэн, зүрх шимшрүүлсэн хэрэг хийсэн хүн дүрст араатнуудыг Монгол Улс хэрхэн гэсгээдэг вэ. Эрүүгийн хуульд цаазын ялын тухай тодоос тод, томоос том тусгасан. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар манай улс 2010 онд цаазаар авах ялаас түдгэлзсэн. Тиймээс цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг хэлтрүүлэн, оронд нь 30 жил гянданд хорьж байгаа юм. Эрүүгийн хуульд хорих ялын үндсэн хугацаа 1-15 жил байхаар заасан. Харин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 25 жил хүртэл хугацаагаар хорих хуультай.

Мөн тус хуулийн 126.3-т “14 нас хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ялаар шийтгэнэ” гэж заажээ. Харамсалтай нь тэднийг Өршөөлийн хуульд хамруулах, хугацаанаас нь өмнө суллах зэргээр толгойг илдгээс хүний ёсноос гажсан хэрэг гарсаар, даамжирсаар байна. “Чамайг алчихаад 10 жил суугаад л гараад ирнэ” хэмээн томрох нөхөд олон байгаа нь Монголын хууль араатанд энэрэнгүй, алдсанд хатуу ханддагтай холбоотой. Ийм гэмт хэрэг үйлдэгсдийн олонх нь өмнө нь ял эдэлж, шийтгүүлж байсан, архаг гэмт хэрэгтнүүд байгаа нь үүний нотолгоо. Жишээ хэлэхэд, хэдэн жилийн өмнө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан найман настай охиныг хүчирхийлээд зогсохгүй зэрлэгээр хөнөөж, цогцсыг нь цүнхэнд хийгээд зах дээр хаясан, хүний санаанд багтамгүй хэрэг гарсан.

Хэрцгий балмад тэр этгээд өмнө нь насанд хүрээгүй гурван ч хүүхдийг хүчирхийлсэн нь Мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байв. Үүний өмнөхөн Булган аймгийн Тэшиг суманд “махан толгойт” хочит Н.Тулга гэгч хүн 13 настай охиныг зэрлэгээр хүчиндэн, хөнөөсөн хэрэг гарсан. Н.Тулга өршөөлөөр суллагдаад удаагүй байхдаа уг жигшүүрт хэргийг үйлдсэн нь хүний амийг онц ноцтойгоор хороосон, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоож, аминд хүрсэн хүн дүрстэй араатнуудыг насаар нь гянданд хорих ял Монгол Улсад хэрэгтэйг харуулж байна. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлж, онц хэрцгийгээр хороосон этгээдийг 15-25 жил үнэгүй хооллож ундалж, хувцаслаад Өршөөлийн хуульд хамруулж наранд гаргаж буй нь шударга бус. Эрх чөлөө, ардчилал гээчийг буруу ашиглаж сурсан хүмүүст төмөр нударга буулгах шаардлага байна. Төрсөн охиноо хүчирхийлсэн, заазуурдаж хороосон, хазаж тамлан “цусыг нь сорсон”, тарчлаан зовоож аминд нь хүрсэн араатнуудад цаазын ял өгдөггүй юм аа гэхэд бүх насаар нь нарсанд хатааж, хийсэн нүглийнхээ төлөө насаараа гэмших “боломж” олгоё.

Шүүгч хорих ял гээд хэдэн тоо хэлдэг. Ялтанд тэр тоогоо ч гүйцээгүй байхад нь эрх чөлөө эдлүүлэх нь дэндүү шударга бус. Нийгмийн ой санамж түр зуурынх. Өнөөдөр халаглан гашуудаж байсан хүмүүс маргааш нь өнөөхөө мартаж орхидог. Тухайн үедээ шуугиж, амтай болгон ярьж байсан гэмт хэргүүдийг өнөөдөр хэд нь санаж байна вэ. Дөрвөн настай охины өр өвтгөсөн үхлийн талаар сонссон олон эх уйлж, олон аав Цог гээчийг үзэн ядаж, олон хүн хойт эх Маралмааг жигшин зэвүүцэж буй ч олонх нь хөөрхий охиныг 49 хоног нь өнгөрөөгүй байхад л мартаж орхих нь гашуун үнэн. “Ээж бүрийн дуу хоолой” группийнхэн Олон улсын эмэгтэйчүүдийн баяр хүртэл төв талбайд цуглаж байгаа боловч хэн тэднийг тоож байна. Хууль санаачлагчид, эрх мэдэлтнүүд тэдэн дээр очиж, уулзан, хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаа бил үү. Цаг хугацаа гээч бүхнийг эдгээж, мартуулж орхидог.

Гэхдээ бид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхээ мартаж болохгүй. Ингэхийн тулд таны буй газарт хүчирхийлэл үйлдэгдэж байвал Цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь эхний алхам. Цагдаагийн байгууллагын 102, гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл авах 107, хүүхдийн тусламжийн 108 гэсэн утсыг цээжлэхэд илүүдэхгүй. Эдгээр утсанд “авраач, хамгаалаач” гэсэн дуудлага одоо ч ирж байгаа байх. Харин тэр бүхэнд хүрч ажиллах хүн хүч бий юү. Бусад улсад гэр бүлийн хүчирхийлэгчийг барьж цагдахаас илүү уураа барих, сэтгэл санааг нь засаж тайвшруулах сургалт явуулахыг илүүд үздэг. Энэ нь ч үр нөлөөгөө өгдөг аж. Харин манайхан дуудлага өгсөн тохиолдолд согтуу байвал түр саатуулах байранд хонуулаад, эрүүл хэрнээ эхнэр хүүхдэдээ гар хүрсэн бол танхайрсан гэсэн зүйл заалтаар торгож, хэд хоног саатуулаад л буцаадаг.

Энэ нь хүчирхийллийг бууруулахаас илүү даамжруулах нь бий. Цагдаа дуудсанд өширхсөн хүчирхийлэгч эргээд улам хэрцгий үйлдэл гаргадаг. Гэхдээ тухайн үед цагдаа очсоноор хэн нэгний амь эрсдэхээс хамгаалж байгаа нь үнэн. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гэр бүлийн хүчирхийлэл гээчтэй аядуу аргаар тэмцэж үр дүнд хүрдэг гэх. Эхний ээлжинд УИХ-аар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулахыг олон нийт хүсэж буй. Төрийн түшээд нийгэмд тулгамдсан, олон нийтийн хүсэн хүлээсэн хуулийг батлахгүй хэрнээ ашиг хонжоо хайсан амин хувийн асуудалдаа анхаарч, өдөр хоног аргацаасаар байтал цөөхөн хэдэн монголчууд хүчирхийллийн бараан сүүдэрт улам л дарагдсаар.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 онд батлагдсан ч үр дүнгээ өгсөн нь алга. Буух эзэн, буцах хаяггүй, тодорхойлолтоос өөр юмгүй энэ мэт хууль баталж, нүглийн нүдийг гурилаар хуурахаа болих цаг болоогүй юу. Үр хүүхэдтэй тань адилхан багачууд хүчирхийллийн золиос болсоор байхад эх хүн, эмэгтэй гишүүд та бүхэн юу хийж сууна вэ. Хамгийн түрүүнд дуугарч, энэ бусармаг байдлыг зогсооход тэргүүн эгнээд явах ёстой биш бил үү. Хүчирхийллийг хүлцэн тэвчиж, нялх үрсээ нядлан “идэх”-ээ больцгооё.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.199 Та юу гэж бодож байна ...МАН МАХН-ыг улс төрөөс бүрмөсөн арчин хаяж зайлуулаагүй цагт энэ лус хэзээ ч хөгжихгүй.Гэр бүлийн хүчирхийлэл бол тэдний бий болгосон ажилгүйдэл ядуурлаас үүдэлтэй гэмт хэргүүдийн нэгээхэн хэсэг юм.
89.144.238.116 у гэж бодож байна ...er ni iim hargis yumnuudiig shuud tsaazlaad baibal daragiihan aigaad yu ch hiij chadahgui shuudee TE RURSHUULIIN HUULIA ODOO BOLIMOOR YUM shorond suugaad ene hulgaichuud chin buur arhag bolj ireed ahij amitan ailgaad huchirhiileed baian shuudee Shorond nasaar ni hataa esbel shud tumnuu nuden deer buudaad hay teged boloo uur yumaar yaahb tgebel hashirna ternees bish setgel zuin zublulguug yag manaihan toonoodoo
14.200.152.239 Dald setgelzuin huchirhiileliig yah ve?
14.200.152.239 1. Huulia shuud mungu, hurungutei ni tulaad gargachih, niigemd ihenh dee shuu erchuud ni uureg hariutslagaas multrah arga haidag araa daadaggui novshnuud ur huuhed, hani ijil, aav eej, ah duugee zovooj haragdahiin. Iim novshnuudaas bolj dald setgel zuin huchirhiileld ur huuhed, hajuudah ni ordog. Teriig ch huulinda oruulah heregtei.2. Gadnii ulsiin belen huuli durem huulaad yadaj gargachaasai. Uursdiiguu Chingis gej boddog homsdlooso odoo salah heregtei buruu zuruugui tom yariad, ed zuils, mungu chuhald taviad l, hamgiin aimar ni uursdiiguu meddeggui bish bas meddeg murtluu terendee idegded bga shte zaluuchuud.
183.81.169.59 шууд устга. тэр шаарыг тэжээх татварын мөнгө алга.
195.93.129.114 Эхлээд Монгол улсад ноёрхож байгаа улс терийн хучирхийллээ зогсооё. Тэгээд негее яриад байгаа ”унэт зуйлтэй” ардчилсан терее бий болгое. Тэгвэл хууль цааз нь зев тевшиндее очиж наад гэр булийн хучирхийлэл чинь алга болох хууль зуйн зев гольдрол ууснэ. Тер нь дампуу байхад хичнээн хууль цааз яриад нэмэргуй.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл