ШИНЭС, НАРСНЫ ҮРИЙГ БОРТОГОНД ҮНДЭСЛҮҮЛНЭ

2015 оны 03 сарын 04

Ой мод амьтай. Нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч үйлдвэрлэн, цэвэр агаар бэлэглэдэг ой модоо бид хайр найргүй огтлон авснаас ойр орчмынх нь гол горхи, булаг шанд ширгэж, өвс ургамал нь хатаж гандан, хорхой шавьжид идэгддэг. Харин хайрлан, хамгаалж чадвал улам сайхан ургаж, үр өгөөж, ашиг тусаа өгдөг билээ. Модыг хэн хайрлан хамгаалж байна, түүнд үр шимээ илүү хүртээдгийн нэгэн сонирхолтой жишээ дурдъя.

Малайз, Энэтхэг улс дал модныхоо шүүснээс элсэн чихэр гаргаж авдаг юм байна. Малайзчууд дал модны оройг модон алхаар нүдэж, цуурсан газраас нь гоожиж буй шүүсийг тосож авдаг аж. Ингэхэд нэг модноос 30-40 литр шүүс гардаг гэнэ. Тэгвэл энэтхэгчүүд дал модыг маш ихээр хайрлан, модны мөчрийг дээрээс нь доош үнээ саахтай адилаар шувтарч, өдөр болгон “иллэг” хийдэг байна. Ингэсний хүчинд 100-110 литр шүүс авдаг гэнэ.

БОРТОГОНД БОЙЖУУЛСАН ТАРЬЦЫГ СУУЛГАХАД ҮНДЭС ГЭМТДЭГГҮЙ

Харин манай улс ой модоо хэрхэн хайрлаж, хамгаалж, үр шимийг нь хүртдэг вэ. Манай орны ой 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрддэг. Үүнийг шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг шилмүүст, хус, улиас, улиангар, хайлаас, бургас, сөөг зэрэг навчит мод гэж хоёр үндсэн ангид хуваадаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 11.92 хувь нь ойн сан. Ойн сан гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөц юм. Эдгээрээс шинэс 78.8, хуш 9.2, хус 6.2, нарс 4.9, бусад мод сөөг 0.9 хувийг тус бүр эзэлж байна. Энэ нь газар нутгийнхаа хэмжээтэй харьцуулахад ойн сан багатай мэт боловч байгаагаа хайрлан гамтай хэрэглэхэд чамлахаар тоо биш ээ. Харин түймэрт өртөн, хортон шавьжид идэгдэн, уул уурхайн балгаар сүйдсэн ой модоо нөхөн сэргээж, ургуулах нь л чухал гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг.

Ойг нөхөн сэргээх, ойжуулахад нэгэн дэвшилт технологи нэвтэрсэн нь далд үндэсний системтэй буюу бортогонд тарьц ургуулах явдал юм. Тэгвэл бортого гэж юу вэ, ил хөрсөнд тарьц ургуулахаас юугаараа давуу талтай вэ. Тухайн модны үрийг 1-2 жил ургуулах шим тэжээлийн бодис агуулсан хөрс бүхий төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй хайрцгийг бортого гэдэг. Бортогонд ургуулсан тарьц нь ил хөрсөнд ургуулсан тарьцтай харьцуулахад шилжүүлэн тарьсны дараа ургалтын хувьд харьцангуй өндөр, хатуу ширүүн нөхцөлд (уул уурхайд өртсөн, доройтолд орсон, эвдэрсэн, хуурайшил ихтэй, гандуу газар гэх мэт) дасан зохицож ургах чадвар нь илүү байдаг ажээ.

30 СЕКУНДЭД 50 ШИРХЭГ БОРТОГО ҮЙЛДВЭРЛЭДЭГ

Сайн чанарын үрийн нөөц багатай манай орны хувьд бортогонд ургуулснаар их хэмжээний тарьц бэлтгэх боломжтой болж буй юм байна. БОНХАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтнүүд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Ойн тэнхимийн эрдэмтдийн зөвлөснөөр бортогоны тохиромжтой хэлбэр, харьцаа, түүнд хэрэглэх хөрсний бүтцийг судлан тодорхойлжээ. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр бортого хэвлэх үйлдвэрийг ашиглалтад оруулж өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 100 мянган бортого үйлдвэрлэжээ. Уг үйлдвэр нь бортого болон бортого багцлах хайрцаг хэвлэх хоёр хэвтэй бөгөөд 30 секундэд 50 ширхэг бортого, 65 секундэд дөрвөн ширхэг хайрцаг үйлдвэрлэдэг аж. Бортогоны үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажиллах хүмүүс, зөвлөх багийнхны цалин зэрэгт улсын төсвөөс 340 сая төгрөг зарцуулсан байна.

ШИНЭС, НАРСНЫ ҮР БОРТОГОНД 1-2 ЖИЛ “НОЙРСОНО”

Бортогонд тарьц суулгахын давуу талыг БОНХАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээх албаны дарга Б.Ганзоригоос тодруулахад, “Мод тарих үндэсний өдрөөр болон бусад үед ч манайхан ойгоос суулгац авчран тарьдаг. Гэвч эргээд түүнийгээ арчилж тордон ургахад нь анхаардаггүй. Ил хөрсөнд ургуулсан тарьцаар ойжуулахад байгаль, цаг уурын аливаа өөрчлөлтөд өртөж, дасан зохицож, ургах чадвар сулрах, тээвэрлэлт, тарилтын явцад тарьцын үндэс хатан, гэмтдэг. Энэ нь ойжуулалтын ажлын чанар, үр дүн буурахад хамгийн их нөлөөтэй. Харин бортогонд тухайн модны үрийг шим тэжээлтэй, сийрэг хөрсөнд 1-2 жил ургуулснаар хавар эрт үндсийг нь гэмтээлгүй авч тарих боломжтой болж байгаа юм.

Нэг бортогонд 1-2 үр суулгаж, хоёр нас хүрснийх нь дараа ойжуулалтад шилжүүлнэ” гэв. Ингэхдээ зөвхөн шинэс, нарсны үрийг бортогонд суулгаж, үрслүүлэх юм байна. Навчит модыг үрслүүлэхийн тулд өөр хэлбэр хэмжээтэй бортого хэрэгтэй болдог гэнэ. Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн ирэх тавдугаар сард тариалах үрээ бэлтгээд эхэлжээ. Мөн энэ үеэр бортогонд шинэс, нарсны үр суулгах юм байна. Шим тэжээлтэй хөрсөнд “нойрссон” тарьцаа 1-2 жилийн дараа л суулгана. Монголчуудын өөрсдөө үйлдвэрлэж буй эдгээр бортого хоёр талаараа дэлгэгддэг учраас тарьцын үндсийг гэмтээхгүй байх давуу талтай.

902 ГА-Г ОЙЖУУЛЖ, 100 ГА-Д НОГООН ЗУРВАС БАЙГУУЛНА

Манай улс бортого үйлдвэрлэхээс өмнө хүлэмжид далан үүсгэж, модны тарьц бэлтгэдэг байжээ. Жилдээ 10 мянган га-г ойжуулахаар төлөвлөдөг ч төдийлэн амжилттай ургуулж чаддаггүй аж. Өнгөрсөн онд гэхэд л аж ахуйн нэгж, хувь хүмүүс 7.5 га-д ойжуулалт хийснээ улсын Ойн санд хүлээлгэн өгчээ. Энэ онд улсын хэмжээнд 902 га-д ойжуулалт, 100 га-д ногоон зурвасын ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал Төв аймгийн Туулын эх, Баянзүрх уул, Сэлбэ голын эхийг ойжуулахаар болжээ.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл