Амь өрссөн алба, ГАЛ СӨРСӨН ДАЙЧИН

2015 оны 03 сарын 03

“Авралын дуугаар зэрэг боссон

Ассан галын сөрөг зогссон

Аврагч, гал сөнөөгчийн хатан зориг

Аюул гамшиг хаасан мөнх хориг” гэсэн дөрвөн мөрт шүлэг хүрэл хөшөөний дор сийлээстэй. Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах X ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Баасанжавын Батсайханы ажил мэргэжил онцлогтой, амь насаа ч хайрлахгүй зүтгэх тангарагтай. Албандаа 24 цаг гарч, 48 цаг амардаг. Гэхдээ амрахаасаа ажиллах нь их. Ямар ч нөхцөлд гар утсаа унтраах эрхгүй бөгөөд дуудсан цагт ажилдаа ирэх ёстой. Эх орон цэрэг хүүгээ 1000 хоног тэжээж нэг л өдөр дууддаг гэдэг. Тэд эх орон дуудсан цагт эргэж буцах эрхгүй мөрдэстэй цэргүүд. Аврагч, гал сөнөөгчийн ажлын нэг хоногийг сурвалжлахаар ахлах ахлагч Б.Батсайхантай хоёрдугаар сарын 27-нд болзсон цагтаа уулзлаа.

08.30 цаг Дохио дуугарч, аврагч, гал сөнөөгчид ээлж солилцохоор хоёр эгнээ болон жагслаа. Хүмүүсээ бүртгэж дуусаад, тус ангийн орлогч дарга, ахмад Э.Буянтогтох үүрэг чиглэл өгөв. Үүний дараа өмнөх ээлжийнхэн нь дараагийн хүмүүстээ гал унтраах машин, багаж зэвсгээ бүрэн бүтэн эсэхийг шалгуулж, шатахуун хэр зэрэг байгааг нягтлуулан хүлээлгэн өгдөг юм байна. Ингээд гал унтраах машин, шал, ариун цэврийн өрөө зэргээ угааж цэвэрлэх ажил эхэлнэ. Энд цэвэрлэгчийн орон тоо хэрэггүй. Тэд дуудлагагүй үедээ эргэн тойрноо цэмцийтэл цэвэрлэчихнэ.

09.00 цаг Ээлж солилцсоны дараа аврагч, гал сөнөөгчид гадна талбайд бэлтгэлд гардаг ч өнөөдөр лам залж, жилийн заслаа хийлгэхээр болсон учраас тус байрны хоёрдугаар давхарт байрлах хичээлийн тэнхимд харуулаас бусад нь цуглав. Тус ангид дөрвөн салааны 100 орчим аврагч, гал сөнөөгч бий. Тэд салаа, салаагаараа ээлжлэн ажилладаг. Гэхдээ өнөөдөр онцгой байдлын албан хаагчдын дунд гуравдугаар сарын 13-нд болох марш тактикийн тэмцээнд бэлтгэх гээд салаа харгалзалгүй олуулаа цугларсан байв. Тэд энэ тэмцээний 10 гаруй удаагийн аварга аж. Аюул гамшиг, гал усны өөдөөс сөрж зогсох тэдэнд үхэл гээч дэндүү ойрхон. Хэзээ ч амиа алдаж болзошгүй учраас засал хийлгэсэн шүү хэмээн сэтгэлээ ч болов “хуурах” нь тэдэнд чухал. Ингээд заслаа хийлгэхээр сууж байтал гэнэт түгшүүрийн дохио хангинаж, “Хаан гэр” дахин шатаж байна, I салааныхан гараарай” гэх дуудлага ирэв. Хүмүүс пижигнэлдэж, түгшүүрийн чанга дуунаас цочсон би ч араас нь даган гүйлээ. Өнөөдрийн гол баатар Б.Батсайхан яах ийхийн зуургүй л машиндаа суучихсан байв. Гэрэл зурагчин бид хоёр ч машинд сууж амжив.

09.53 цаг Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт байрлах “Хаан гэр” ресторанд засвар хийж байсан хүмүүс хөөсөнцөр шатааснаас багахан хэмжээний гал алдсаныг I салааныхан унтраалаа. Тус ресторан хоёрдугаар сарын 4-нд шатаж, гал сөнөөгчид бүтэн 11 цагийн турш ажилласны эцэст бүрэн унтраасан билээ. Гэтэл дахиад шатаж байна гэсэн дуудлага анхаарал татав. Ахлах ахлагч Б.Батсайхан уг рестроныг шатахад анхны дуудлагаар очиж ажилласан хүний нэг. Тухайн үед гал унтраах явцад рестораны дээвэр цөмрөн, гал сөнөөгчдөд гишгэх газар үлдээгүй гэнэ. Ийм хүнд нөхцөлд ар нуруунаас нь халуун гал төөнөж байсан ч тэд бууж өгөлгүй зүтгэсээр бүрэн унтрааж чадсанаа ярив.


10.25 цаг Биднийг X ангид ирэхэд даллага аваад дууссан байлаа. Харин хичээлийн тэнхимд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Дамцагдорж, тус ангийн захирагч хурандаа Ч.Цогтбаяр тэргүүтэй удирдах албаны хүмүүс хуралдаж байв. Тэд баасан гариг болгон долоо хоногийн ажлаа дүгнэж, ирэх өдрүүдийн төлөвлөгөөгөө гаргадаг аж. Монгол Улсад гал түймэр унтраах анхны мэргэшсэн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд тохионо. Ойн баяраа угтан олон ажил хийхээр төлөвлөсөн учраас богино хугацаанд шаргуу ажиллахыг хурандаа А.Дамцагдорж үүрэгдэв. Мөн хахир, зэврүүн, урт хавар болох шинжтэй байгаа учраас ой хээрийн түймрээс сэргийлэхийг сануулав. Сонирхуулахад, манай улсад анх гал түймэр унтраах анги “Усан хөөрөгмийн газар” нэртэй байгуулагджээ. Энэ нь одоогийн “Алтангадас” одонт Аврах, гал унтраах X анги юм. “Гал” гэсэн дуудлага ирэнгүүт ус нэвтрэхэд тэсвэртэй хувцас, усны гутлаа углаад парк буюу X ангиас 45 секундын дотор гарсан байх шаардлагатай. Харин замын түгжрэл, гэр хорооллын буруу хаяг байршил, эмх замбараагүй баригдсан барилга байгууламж зэрэг нь тэднийг хүрэх газартаа хурдан, шуурхай очиход саад болно. “Гал унтарсан хойно л ирдэг” гэж гал сөнөөгчдийг иргэд шүүмжилдэг ч тэд түгшүүрийн дуудлага авмагц нэг минутын дотор л паркаас гардгийг нүдээрээ үзлээ. Хүрэх газартаа хурдан хүрэх эсэх нь тэднээс огт шалтгаалахгүй. Зарим үед X ангиасаа холдож чадалгүй замын түгжрэлд ордгоо ч нуусангүй.

11.00 цаг Баасан гариг бүр тус ангийнхан их цэвэрлэгээ хийдэг. Ингэхдээ сугалаа сугалж, ажил үүргээ гүйцэтгэдэг юм байна. Б.Батсайхан 10 тоннын даацтай машин цэвэрлэхээр болов. Эрчүүд байдаг гэхэд энэ байгууллага маш цэвэрхэн. Өдөрт гурван удаа шалаа угааж, галын дуудлагад яваад ирэх болгондоо машинаа цэвэрлэнэ. Тиймээс машинд нь өчүүхэн ч тортог үгүй. Байнга л гялалзаж байх нь тэр. Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн онд гамшиг ослын 2700 дуудлага ирсний 1240- д нь Аврах, гал унтраах X ангийнхан ажиллажээ. Тэд хотын төвд байрладаг учраас зөвхөн өөрийн харьяа Чингэлтэй гэлтгүй бусад дүүрэгт гарсан галыг унтраахад дайчлагдана. Бусдыгаа бодвол энэ ангийнхан илүү ачаалалтай ажилладаг ч авдаг цалин нь ижилхэн бага. Тэдний 90 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд айлын гэр, хашаа байшин түрээсэлдэг нь ч цөөнгүй. Банкнаас бүгд их бага хэмжээгээр зээл авчээ. Орон сууцанд орох гэхээр урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай хүн үгүй. НОБГ-аас 48 ажилтны орон сууц барихаар төлөвлөсөн ч аманд ч үгүй, хамарт ч үгүй нь ойлгомжтой.

12.40 цаг Аврагч, гал сөнөөгчид үдийн хоолондоо орлоо. Энд олон жил тогооч хийж буй Ц.Лхасүрэн гуай гурилтай шөл, төмстэй хуурга бэлтгэжээ. Түүний дүү тус ангид гал сөнөөгчөөр ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдсан аж. Б.Батсайхан гадна талбайн харуулын үүрэг гүйцэтгэх учраас хоолоо хурдан идчихээд гарлаа. 5.000 төгрөгт багтаагаад нэг, хоёрдугаар хоол идчихдэг нь гадуур хооллохоос хамаагүй хямд. Тэгээд ч амт, чанар сайтай юм билээ.

13.25 цаг Гадаа цас будраад агаар цэвэршсэн сайхан өдөр байлаа. “Гал гарлаа” гэх түгшүүр дуугарах хүртэл аврагч, гал сөнөөгчид ажлаа амар тайван үргэлжлүүлсээр байв. Тэд огтхон ч зүгээр суухгүй. 18.00 цагаас л хэсэг хугацаанд чөлөөт цаг гарна. Гэхдээ тэр үед галын дуудлага ирвэл амрах цаг гээд явахгүй байх эрх үгүй. Өдөр бүр гал унтраах, хүн аврах бэлтгэл сургуулилалт хийж, хууль эрх зүйн хичээлд сууна. Гадаа талбайн харуулд цаг орчим зогссон Б.Батсайхан дэд ахлагч Э.Энхбаярт үүргээ хүлээлгэн өгөв. Энэ үед гал түймрийн нэг дуудлага ирсэн ч иргэд өөрсдөө унтраасныг станцаар мэдээлэв. Хогийн бункерт шатаж буй хогийг хүмүүс өөрсдөө унтрааж болох байтал дуудлага өгч, шатахуун, цаг гарздах тохиолдол их байдаг юм байна. Мөн худал дуудлага ирэх бөгөөд яваад очиход нь гал гараагүй байх нь бий. Иргэд өөрсдөө татсан тамхиныхаа ишийг унтраалгүй хаяад гал алдах, үнс нурмаа ил задгай хаяж, тэсэрч дэлбэрэх бодисыг галд ойрхон тавих зэргээс гал түймэр гарах нь элбэг аж. Тухайлбал, цахилгаан тасарсан үед ариун цэврийн өрөөндөө лаа барьж ороод агааржуулагчийн өмнө тавиад гарснаас дэлбэрэлт болсон байна. Мөн ахуйн гаазыг шүдэнзээр асаах гэж оролдсоноос дэлбэрэлтэд өртөж байжээ. Энэ мэтээр хүмүүс гааз, агааржуулагч зэрэг тэсэрч дэлбэрэх зүйлтэй буруу харьцсанаас өөрийгөө болон өрөөлийг хохироодог байна.


15.00 цаг Ахлах ахлагч Б.Батсайхан энэ үед ажлын тайлангаа бичлээ. Аврагч, гал сөнөөгчид бүгд, өөрсдийн унтраасан галын талаар тэмдэглэл хөтөлдөг юм байна. Одоогийн байдлаар тус ангид гамшиг осол, гал түймрийн дуудлагагүй тайван байсан учраас түүнтэй хэсэг ярилцлаа. Тэрбээр 18 жилийн өмнө буюу 20 насныхаа босгон дээр Аврах, гал унтраах X ангийн ам бүлд багтжээ. Сагс, волейбол, хөлбөмбөг сайн тоглодог учраас биеийн тамирын багш болохоор шийдсэн тэрбээр өөрийгөө гал сөнөөгчөөр ажиллана гэж төсөөлөөгүй явж. Бяцхан нууц задлахад тэрбээр нэг танил ахынхаа “Аврагч, гал сөнөөгчийн ажил их амар. Нэг хоног гарч, хоёр хоног амардаг” гэсэн үгэнд хууртаж орхижээ. Ингээд гал сөнөөгчийн шалгалтад тэнцэж, ажилласнаар авхаалж самбаа, хурд хүч, сэтгэлийн хат шаардсан, хэн дуртай нь хийж чадах ажил бишийг ойлгожээ.

Анх дуудлагад явахдаа улалзсан улаан гал хараад “Унтрааж чадах болов уу” гэж эмээсэн гэдэг. Аваар осолд орж амиа алдсан хүний энд тэнд тарсан эд эрхтэнийг цуглуулж, галд шатсан хүний шарилыг зөөсний дараа халуурч, шөнө нь хар дарж зүүдэлдэг байсан гэнэ. Харин одоо Б.Батсайхан хал үзэж, хашир суужээ. Зөвхөн гал унтраах биш мал, амьтны гоц халдварт өвчин, үер усны аюул, түймэрт явах зэрэг аминд халтай энэ ажил аврагчдад ердийн л зүйл. Анх ажилд ороод багаж зэвсгийнхээ нэрийг мэдэхгүйгээс хашир туршлагатай хүмүүст загнуулан, ганц хоёр “шанаа хүртэж” явснаа нуугаагүй.

Харин одоо тэрбээр “Онц гал сөнөөгч”, дөрвөн хүүхдийн эцэг, халамжит нөхөр. Эхнэр Сүхбаатарын Одонгэрэл нь түүнд хоёр сайхан хүү, хоёр хөөрхөн охин төрүүлж өгчээ. Ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлж, хэдэн сараар гэрийн бараа харахгүй ой хээр, малын гоц халдварт өвчин, түймрээс түймрийн хооронд ажиллах нөхрөө ар гэртээ санаа зовохгүй, ажлаа сайн хийхэд нь эхнэрийн үүрэг маш чухал. Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид тохой нийлүүлэн сурч байсан хоёр тоонот гэрт толгой холбох хувьтай байжээ. 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ОБЕГ-ын аврагчдын сууж явсан “МИ 8” нисдэг тэрэг осолдож, 15 аврагч амиа алдсан харамсалтай явдлыг ард түмэн одоо ч мартаагүй. Уг түймрийг унтраах ажилд тухайн үед Б.Батсайханы салааныхныг явуулахаар болж, шуурхай хуралдсан аж.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байгаа эхнэртээ утсаар хэлжээ. Гэтэл аврагчдын сууж явсан онгоц осолдож, олон хүн амиа алдсаныг эхнэр С.Одонгэрэл нь телевизийн мэдээнээс мэджээ. Нөхрөө тэр түймэр лүү явна гэж байсан болохоор санаа нь зовж, үхсэн амьдыг нь сураглахаар Дарьганга сумаас аймгийн төв хүртэл 160 км орчим замыг мориор туулан ирж, Б.Батсайхантай холбоо барьж санаа нь нэг амарсан гэдэг. Тухайн үед тэдний салааг явуулахаа больсныг эхнэртээ хэлж чадалгүй холбоо тасарсан байжээ. С.Одонгэрэлийг буцаад сумын төвд байх аавындаа ирэхэд түүний гуя эмээлд холгогдож, цус шүүрсэн байжээ.

“Ажилдаа явлаа” гээд эхнэр, хүүхдээ үнсээд гарсан хүн маргааш нь гэртээ ирэхгүй, үүрд явсан байж болох тийм л эрсдэлтэй ажлыг аврагчид гүйцэтгэдэг. Энэ хүнд ажлын гол ачааг тэдний ар гэрийнхэн нь үүрдэг билээ. Тиймээс ч онцгой байдлынхан баяр ёслол, амралт зугаалгыг аль болох алба хаагчдынхаа гэр бүлийнхэнтэй нь хамт тэмдэглэхийг зорьдог. “Мартын 8”-нд гэхэд бүх алба хаагчдадаа “Эхнэртээ, эхнэргүй нь найз охин, найз охингүй нь ээждээ аваачиж өгөөрэй” гээд ил захидал дээр бичсэн мэндчилгээ, сарнай цэцэгтэй өгч явуулдаг уламжлалтай аж.

17.50 цаг Түгшүүрийн харанга дахин хангинаж, Чингэлтэй дүүргийн VII хороо, Хувьсгалчдын 9-421 тоотод гал гарсан гэх дуудлага ирлээ. Бид ч өмнөхөө бодвол нэлээд туршлагажиж, машинд хоцрохгүй сууж амжив. Дуут дохио хангинуулсан нүсэр том машинаа жолооч, ахлах ахлагч Энхбаатар маш сурамгай барих нь бахархмаар. Зарим үед яалт ч үгүй урсгал сөрөх тохиолдол гардаг гэнэ. Тэр үед станцаараа ярин замын хөдөлгөөнийг зохицуулдаг байна. Хэн нэгнийг аврахаар, эд хөрөнгийг нь хамгаалахаар хором бүртэй уралдан, хурдан шуурхай очих гэж яарах тусам гал сөнөөгчийн ажлын үнэ цэнийг улам бүр мэдэрнэ.


Дуудлага өгсөн айл руу очих гэж нэлээд уруу газраар буухад 10 тн ус ачсан том машин маань нэг л эвгүй болж, унах гэж байгаа мэт гулсаад явчихав. Халтиргаатай үед бол ийм замаар буухгүйгээр тойрохоос өөр аргагүй болдог гэнэ. Гэр хорооллын гудамж улам л нарийсаж, галын машин эргэх ямар ч боломжгүй болжээ. Тиймээс нэг гудамжаар орсон л бол дуустал нь явахаас өөр аргагүй. Дуудлага өгсөн хүн хаягаа буруу хэлснээс болж, хойд талынх нь гудамжаар орчихжээ. 9-421 тоот гэсэн боловч 8-421 тоот байв. Иргэний үнэмлэх дээрх хаягаа хэлсэн гэсэн ч гудамжных нь өнцөгт “найм” гэсэн тоо тодоос тод буйг тэд өдий болтол анзаарсангүй.

Гал гарсан газарт ирэхэд хар утаа суунаглан, амьсгалах аргагүй байв. Гэтэл Б.Батсайхан тэргүүтэй гал сөнөөгчид юу ч болоогүй мэт нөгөө их хар утаа руу гүйгээд орчихов. “Ядаж амны хаалт зүүхгүй дээ” гэж бодогдоно. Хар утаанд хахаж цацсан би салхин талд нь гарч зогслоо. Гэрийн эзэгтэй гэх эмэгтэй хүүхдээ сургуулиас нь авахаар гарахдаа амбаараас нь утаа гарч буйг хараад гал команд дуудсан аж. Тэд үнсээ амбаартаа түшүүлэн тавьснаас халуун нурамнаас гал алдсан байна. Үнс нурмаа ил задгай хаяснаас гал түймэр гарах нь их. Шатсан амбаарт гэрийн мод хураалттай байжээ. Уг галыг унтраахад нэг тн гаруй ус зарцуулжээ. Тиймээс Зуун айл дахь гүний худгаас машинаа дүүртэл ус аваад ангидаа эргэж ирлээ. Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Ч.Цогтбаяр, орлогч, ахмад Э.Буянтогтох нар ажлаа салаан дарга, дэслэгч Ц.Үүрцайхад хүлээлгэн өгөв. Тэрбээр бүтэн хоногийн турш, аврагч, гал сөнөөгчдийг ахлан ажиллах юм.

19.00 цаг Галын дуудлагад явсан хойгуур оройн хоолны цаг хэдийнэ өнгөрчээ. Марш тактикийн тэмцээнд оролцож буй тамирчдаа хооллосон учраас дуудлагад явсан хүмүүст хоол үлдээгүй аж. Иймд гэрээсээ авчирсан буузаа жигнэж идлээ. Ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахаар нойр, хоолгүй зүтгэдэг тэд хулгайн хэрэгт холбогдох, бүр хүн амины хэргийн сэжигтэн болох тохиолдол ч гардаг. Хэдэн жилийн өмнө ТҮЦ-т гал гарсан дуудлагаар очиход нэг эмэгтэй нас барсан байж. Гэтэл тэр эмэгтэйг хэн нэгэн хөнөөсөн байж таарчээ. Гал унтрааж, хүний амь аврахаар очсон тэд хүн амины хэрэгт сэжиглэгдэж, сар орчим байцаагдан, хар дансанд нэр нь бичигдсэн аж.

20.28 цаг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлагаар II салааны гал сөнөөгчид явлаа. Хогийн бункер, ил задгай хог шатсан дуудлагад гал сөнөөгчид мотоциклиор явахаар болж байгаа юм билээ. Энэ ангид гал унтраах зориулалтын хоёр мотоцикль бий. Энэ нь шатахуун хэмнэхээс эхлээд түгжрэлд орохоос сэргийлэх давуу талтай.

22.47 цаг “Баянгол дүүргийн III хороо, 73 дугаар байрны дөрөвдүгээр давхарт айл шатаж байна” гэсэн дуудлагаар очиход орны матрас шатсан байсныг жижүүр нь унтраажээ. Орцонд орхисон матрас дээр тамхины ишээ унтраалгүй хаяснаас гал гарчээ. Зургадугаар давхрын айлууд утаанд боогдож, гэрээсээ гарч чадахгүй байсныг аврагчид гаргав. Мөн энэ үеэр тус байрны гуравдугаар давхарт гурван сартай нялх хүүхэд ганцаараа гэртээ цоожлогдсон гэх мэдээллийг жижүүр нь өгөв. Гал сөнөөгчдийн нэг салхивчаар нь орж, хаалгыг дотроос нээж, хүүхдийг гарган, ээжид нь хүлээлгэн өгсөн юм.

00.00 цаг Улаанбаатарын хөл хөдөлгөөн татарч, хүмүүс унтаж амарч эхэллээ. Харин аврагч, гал сөнөөгчид байнгын бэлэн байдалтай байцгаана. Б.Батсайхан гадна талбайн харуулд гарлаа. Тэрбээр “Алтангадас”-т Аврах, гал унтраах X ангиас төрсөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Т.Отгонтой нэгэн үе мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бахархдаг. Түүний бахархах зүйл үүгээр тогтохгүй ээ. Б.Батсайхан ард түмнээ аюулаас хамгаалах амаргүй албанд 18 жил зүтгэхдээ 3624 удаа дуудлагад гарч, 2159 гал түймрийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган унтрааж, аж ахуйн нэгж, байгууллагын 24.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 126 хүний амь биеийг гамшиг осол, гал түймрээс авран хамгаалжээ. Тэрбээр “Ийст”, “Алтжин бөмбөгөр”, “Нарантуул” худалдааны төв, МАХН төв байр, ТЭЦ-3-ын Цахилгаан дамжуулах суваг” “Шангри-ла 2”, “Хаан гэр” зэрэгт гарсан томоохон гал түймрийг унтраалцжээ. 2003 оны үед Б.Батсайхан гэртээ цоожлогдсон 3-5 насны гурван хүүхдийг гал түймрийн аюулд өртөхөөс авран хамгаалсан байна.

Тодруулбал, айлын гэр шатаж, хажууд нь байсан гэр лүү гал авалцах үед хүүхдийн уйлах дуу түүнд сонсогджээ. Тэрбээр цоожтой хаалгыг эвдэн ороход нэг нь угаартаад шалан дээр унасан, нөгөө хоёр нь тулганыхаа дэргэд уйлаад зогсож байжээ. Эрдэнэт хүний алтан амийг аварсан ач гавьяагаа “Миний хийх ёстой ажил” гэж даруухан өгүүлнэ. Мөн ТЭЦ- 3-ын Цахилгаан дамжуулах сувагт гарсан галыг унтраахад уснаас өөр урдаа барих зэвсэггүй тэд өндөр хүчдэл рүү ус цацсаар байгаад унтраажээ. Тус газрын удирдлагууд “Улаанбаатарчууд нийтээрээ гэрэл цахилгаангүй болно” гээд гал сөнөөгчдийн аюулгүй байдлыг хангаж, цахилгаанаа салгаж өгөөгүй аж. Тэд өдөр бүр ингэж үхэлтэй тулдаг, тулалддаг. Б.Батсайхан дөрвөн хүүхдийнхээ нэгийг нь төрөхөд эхнэрийнхээ дэргэд байжээ. Ингэхдээ бүр эхнэрээ таксинд төрүүлсэн аж.

Түргэний машин ирэхгүй болохоор нь эхнэрээ таксинд суулгаад хөдлөх гэж байтал түргэн тусламжийн эмч ирж, “Ус нь гарсан учраас өөр машинд зөөж суулгах боломжгүй” гээд өөрөө таксинд суугаад, ЭХЭМҮТ рүү явжээ. Гэтэл замд эхнэр нь төрсөн байна. Харамсалтай нь түргэн тусламжийн эмч нь хүүхэд эх барих ямар ч туршлагагүй хүн таарч. ЭХЭМҮТ-ийн сувилагч гарч ирж, хүүхдийнх нь хүйг таслаад дөнгөж төрсөн нярай “амьтан”-ыг нимгэн даавуунд боогоод л сугандаа хавчуулаад явчихсан гэнэ. Халуун гал, хүйтэн ус, гай гамшигтай “тулалдаж” явахдаа ч ингэж сандарч үзээгүй болохоор Б.Батсайханы хамаг биеийнх хөлс нь цуваад юу ч хэлж чадалгүй үлдсэнээ одоо дурсаж сууна. “ЗИЛ130” машинтай, берзентэн хувцас нь нэвт норж, хөл нь мөс шиг хүйтэн болсон үедээ ч ингэж бэрхшээж үзээгүй гэдэг.


Тухайн үед хөдөлмөр хамгааллын хувцас гэж байгаагүй болохоор усанд хувцас норж хөлдсөнөөс мөсөн баримал шиг болсон нэгнийгээ өргөж машинд суулгадаг байжээ. Харин одоо усны гутал, утаанаас хамгаалах амны хаалттай ч халуун галтай “ноцолдож” хамаг хөлс нь цуваад эргээд хүйтэн агаарт цохиулдаг учраас тэдний олонх нь нуруу, бөөрний өвчтэй. Б.Батсайханы ч гэсэн ууц нуруу нь өвддөг бөгөөд бөөрний даруулга байнга зүүдэг аж. Ингэж амь биеэ хайрлалгүй зүтгэдэг буянт үйлсээ тэд хэзээ ч дөвийлгөн, сайрхдаггүй. Харин ард түмэн тэдэнд хайртай. “Хаан гэр” рестораны галыг унтраахаар тэднийг өдөржин ажиллахад иргэд халуун цай, аарц, хоолоо бариад ирсэнд гал сөнөөгчид ихээхэн баярлажээ.

01.50 цаг Б.Батсайхан ахлах ахлагч шөнийн харуулаа хүлээлгэн өглөө. Гадаа жижигхэн ширхэгтэй цас бударсаар, тангараг өргөсөн эрчүүд шөнийн цагт ч амрахгүй хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсээр л. Энэ шөнө түгшүүрийн дуудлага хангиналгүй, тайван өнжив. Гэхдээ зөвхөн Аврах, гал унтраах X ангийн л хувьд шүү дээ. Өөр дүүргүүдэд гал түймрийн дуудлага хэр их байсныг мэдэхгүй.

06.00 цаг Хоёрдугаар сарын 28. 22.47 цагт дуудлагад явснаас хойш шөнө дуудлага ирсэнгүй, амар тайван хонолоо. Б.Батсайхан шүршүүрт орсны дараа гадаа талбайд бэлтгэл сургуулилалт хийв.

08.30 цаг Дуут дохио дуугаран аврагч, гал сөнөөгчид ээлж солилцсоноор Б.Батсайханы нэг хоногийн ажил дуусав. Тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдэдээ яарсаар Чингэлтэйн автобусанд суулаа. Б.Батсайхан нийтийн тээврийн “үнэнч” зорчигч. Тэрбээр машин техник сонирхдоггүй учраас ажил гэрийн хооронд байнга л автобусаар зорчдог аж. Түүнийг олон хүний амь аварсан, “Онц гал сөнөөгч” гэдгийг тэнд суугаа зорчигчдын хэн нь ч мэдэхгүй.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.88.97 Та юу гэж бодож байна ...za bvh alba haagchidda amidrald ni az jargal sain shan bvhniig hvsen erooe 4r salaani gal sonoogch zorigtoos amjilt hvslee
103.10.23.181 90 jiliin tvvht uugan angiin tvvhig ami nasaa vl hairlan,er zorig gargan vrgeljlvvlen awch ywa salaani ahda ervvl enh,amidrald n az jargal,ajild n ondroos ondor amjilt hvsch vrgelj gilalzaj ywaarai gj hvsey-10r angi-1r salaa.gal sonoogch,ahlagch.0.Erdenebulga n
103.10.23.181 90 jiliin tvvhtei uugan angiin tvvhig ami bie vl hairlan er zorig awhaalj sambaagara vrgeljlvvlen awch ywaa salaani ahda ervvl enh,az jargal,ajliinamjiltiig hvsey vrgelj gereltej ywaarai
103.9.91.75 Юуны өмнө Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ”Алтан гадас” одонт Аврах гал унтраах 10-р ангийн түүхт 90-н жилийн ойн баярын мэндийг мөрдөс нэгт ах, андууд, дүү нартаа хүргэхийн ялдамд Уг нийтлэлийн эзэн Ахлах ахлагч Бассанжавын Батсайхан багшдаа барлаж явдагаа илэрхийлья. Энэ л хүн надад 8 жилийн өмнө Гал сөнөөгчийн амьдрал болоод хүнд хэцүү зүйлсийг хэрхэн даван туулхыг зааж өгсөн билээ. Багшынхаа нийтлэлийг уншаад сэтгэл их хөдлөж байна. Ажлын амжилт багшаа. Төрийн ордоны ОБА-ны гал сөнөөөгч ахлагч Э.Ган-Эрдэнэ
202.179.11.70 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Аврах гал унтраах 10 дугаар ангийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье, мөн галын албаны үе үеийн дайчин нөхөддөө амьдралын сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд алба хааж байгаа Онцгой байдлын албаны нийт албан хаагчиддаа болон бид бүхний ар тал болсон нийт гэр бүлийнхэнд нь ажлын өндөр амжилтийг хүсэн ерөөе. Нийтлэлийн баатар ахлах ахлагч Б.Батсайханд эрүүл энхийг хүсье. Сайхан нийлэл, уншихад нэн таатай байлаа
202.126.91.42 онцгой байдлын албан хаагч нар, энэ цагийн эгэл баатарууд, та бүхэнээрээ байнга бахархаж явдаг шүү бүгдийх нь гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхэнийг хүсэн ерөөе Та юу гэж бодож байна ...
202.131.7.252 Tiim shuu.. ystoi l ene tsagiin egel baatruud min!!!
166.94.148.112 сайн байна уу, монголд байгаа ах нарийнхаа тухай унших сайхан байна. намайг жавхлан гэдэг. би virginia мужийн fairfax county d gal sunuugch hiideg. ene jil manai mujid world police and fire game boloh gej baigaa. mongoloos hichneen humuus ireh gej baigaa medeelel nadad alga. surgaar sonsohnee tsagdaagaas humuus oroltsdog bololtoi. galaas humuus end ireh bolvol bi chadlaaraa tuslii. minii utas 7033096748. email javkhlanb2001@yahoo.com mongold SCBA, gal untraahad hergeldeg tsever agaaraar amisgaldag apparat baidaggui yumuu?
166.94.148.112 orchin uyeiin gal mash ih hortoi. dandaa himiin bodis. gants gunzgii amisgaa avahad l uushignii havdartai boloh magadlal undurtei bolono
  • 2015 оны 08 сарын 14
166.94.148.112 Юуны өмнө Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ”Алтан гадас” одонт Аврах гал унтраах 10-р ангийн түүхт 90-н жилийн ойн баярын мэндийг мөрдөс нэгт ах, андууд, дүү нартаа хүргье.
  • 2015 оны 03 сарын 08
166.94.148.112 draeger pss 3000 SCBA амьсгалын аппарат бий.
  • 2015 оны 03 сарын 05
166.94.148.112 solongosiin SCA hort hii utaanaas hamgaalah bag l baidag.her baragtaa l bol omsohgui shdee
  • 2015 оны 03 сарын 04
75.127.195.67 Bi ene humuuseer uneheer ih baharhdag. Hun bolgon zugtah amshigt gazar luu zorigtoigoor orj temtsdeg. Yalanguya mongold bol technic hangamj muu, ulaan garaaraa l ih galiig untraah gej buh huchee daichildag. Amerikt gal untraaj baihiig harsan. mash holoos olon mashinaar undruus shurshdeg. Oiriin zaind neg ch gal sunuugch ochdoggui yum baina lee. Ger bul, eej aav, ehneruuded ni bas yamar hetsuu baidag boloo. Neg udur ajildaa yavaad ergej irehgui baih undur magadlaltai humuus shuu dee. Orchin tsagiin jinhene baatruud ta nar shuu!
75.127.195.67 Tiim shuu
  • 2018 оны 03 сарын 20
75.127.195.67 amerikt iluu hamgaalalttai bolohoor gald iluu oirtonoldoo. teglee geed iluu mundag gesen zuil baihgui l dee. mongol d yaachij bodson iluu hund l dee. uvul - 30, 40 gradust gal untraana gedeg bol barag butehgui asuudal. bi neg udaa -10 tai shune gal untraagaad uilingaa aldaj bailaa :-) hamag huvtsas noiton. tes hulduu.
  • 2015 оны 08 сарын 14

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл