Ш.Цэрэнжаргал: Нэхмэлийн машин, засварчин хоёроо өөрөөсөө илүү хайрлана

2015 оны 03 сарын 01

Нүд дүүрэн инээмсэглэсэн, наснаасаа залуу харагдах энэ эмэгтэйг Шаравжамцын Цэрэн­жаргал гэдэг. Тэрбээр өдгөө 70 нас шүргэж яваа ч зүгээр сууна гэж үгүй. Малчны гэрт төрж, 17-хон насандаа 1000 гаруй ажилчинтай “Нэхмэлийн үйлдвэр”-ийн ам бүлд багтсан болохоор ажил хөдөлмөр хийхгүйгээр амьдарна гэсэн төсөөлөл түүнд үгүй. Дурлаж, зүтгэсэн нэхмэлчний мэргэжил, хичээл зүтгэл нь түүнд 32 насанд нь Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй алдрыг авчирчээ. Энэ эрхэм хүндэтгэлийг манай улсад өнөөдрийн байдлаар 420 гаруй хүн хүртсэн бөгөөд тэдний ердөө 30 орчим нь эмэгтэй. Эдгээрийн хоёр нь нэхмэлчин баатар. Бүр онцолбол тэдний нэг нь өнөөдрийн “Нямын зочин” Ш.Цэрэнжаргал. Ингээд нэхмэлчин баатрын ярилцлагыг хүргэе.

Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. Тантай уулзахаар утасдахад “Зочин хүлээн авч байна” гэсэн. Зочдын хөл татрах янз байна уу?

-Сайхан шинэллээ. Сайхан шинэлэв үү. Энэ жилийн Цагаан сар өргөн дэлгэр сайхан боллоо. Хамаатан садан дотроо хамгийн ахмад нь болсон учраас хүний хөлд их дарагдана аа. Нэхмэлийн үйлдвэрт хамт ажиллаж байсан хэдэн ахмад настандаа очиж золгодог юм. Өнөөдөр Хөдөлмөрийн баатар найзуудаа хүлээж авлаа. Бүгд л нас өндөр болж байгаа учраас шинийн 7, 8 хүрч байж л нэгнийдээ зочлох юм байна шүү дээ.

-Архангай аймгийн Эрдэнэ-мандал сумаас Хөдөлмөрийн баатар гурав төрсний нэг нь та. Нутаг ус, аав ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Аав минь Шаравжамц, ээж минь Ломбо гэдэг хүн байлаа. Би малчин ардын отгон охин болон мэндэлсэн. Нэг ах, нэг эгчтэй. Удамд минь төрийн шагнал хүртсэн алдар цуутай хүн байгаагүй ч малынхаа буянд бүгд л сайхан амьдарсаар ирсэн. Энэ онд Эрдэнэмандал сумын маань 90 жилийн ой тохиож байна. Манай сумаас төрсөн хоёр баатар барилгачин Б.Цогоо, агрономич С.Цагаан-шүхэрт нарыгаа дурсахгүй байхын аргагүй.

-Тэр үед хүмүүс олон хүүхэдтэй байсан санагдана. Танайх харин цөөхүүлээ байжээ. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Тэр л үеийн хүүхдүүдийн жишгээр мал маллаж өссөн. Манайх адуун сүрэг олонтой байсан учраас багаасаа л гүү сааж, айраг бүлнэ шүү дээ. Тэр бүхэн ажил хөдөлмөр эрхлэхэд минь их түлхэц болж өгсөн гэж боддог юм. Багадаа хурдан морь унадаг хүүхэд байв. Одоо ч моринд их хорхойтой. Улсын баяр наадмаар Хүй долоон худагт очиж, морь хардаг уламжлалтай.

-Хөдөөгийн жаахан охин нэхмэлчин мэргэжил эзэмшин, их хотод ирж, Нэхмэлийн үйлдвэрт ажилласан түүх сонирхолтой байна л даа.

-Тэр үед залуучууд илгээлт өвөрлөн мал маллаж, ажилчин болж, зарим нь их, дээд сургуульд сурдаг байв. Дунд сургуулийн сурагч байхад Дархан хот байгуулагдаж байна гээд манай сумын ах, эгч нар тийшээ хошуурцгаадаг байлаа. Хаашаа явж байгааг нь сайн мэдэхгүй ч их л гоё санагддаг байж билээ. Тэгээд долдугаар ангиа төгсөөд илгээлт авч, ажилчин болъё гэж бодсон. Би ч баргийн юмыг гараараа шаггүй нэхчихдэг байлаа. Тиймээс Улаанбаатар хотын Нэхмэлийн үйлдвэрийг зорьсон. Намайг очих үед тус үйлдвэрт нэхмэлчин, цахилгаанчны курс нээгдэж таарсан. Тэнд сурч төгсөөд анх Ичинхорлоо гэж ахмад ажилчны дагалдан болсон. Ажилд орох гэсэн нь бас хөгжилтэй. “17 настай хүүхдийг авахгүй. Насанд хүрээгүй хүнийг авбал хариуцлага тооцдог юм” гээд болдоггүй. Тэгэхээр нь удирдах албаны хүмүүсээс “Би ирэх жил 18 нас хүрнэ. Намайг ажилд авчих л даа” гээд гуйж гувшаад суучихсан. Үсээ хоёр салаа сүлжсэн жаахан охин гуйгаад зогсоод байхаар татгалзаж чадаагүй юм шиг байгаа юм. Түүнээс хойш хэдхэн сарын дараа л би 18 нас хүрч, олон хүний сэтгэлийг амраасан даа (инээв).

-Таныг Улаанбаатар хотод ажиллахаар ирэхэд гэр бүлийнхэн тань хотод шилжиж ирсэн үү?

-Хотод шилжиж ирнэ гэдэг их хэцүү байлаа шүү дээ. Одоогийнхтой адил дур зоргоороо нүүж суухгүй. Хотод сургуульд сурсан хүмүүс мэргэжилтэй болоод төрсөн сумандаа очиж ажилладаг байсан.

-Тэгээд та хотод хаана амьдарч байв?

-Ээжийн минь дүүгийнх хотод байдаг байлаа. Хот байтугай аймгийн төв ч орж үзээгүй хөдөөний надад эхний хэдэн сар их л хэцүү байсан. Үйлдвэр гэр хоёрын хооронд эгч минь намайг жаахан хүүхэд шиг л зөөдөг байлаа.

-Та их зоригтой байжээ.

-Хүн нэг зорьсон бол түүндээ хүрэх ёстой. Гурван ээлжээр ажилладаг байлаа. Шөнийн ээлжийнхэн 01.30 цагт ажилдаа очно. Үйлдвэр гэж юу байдгийг ч мэдэхгүй би анх тэр газар ороод хөдөөний айлуудад байсан 180-ын одеялыг нэхэж байхыг хараад их гайхаж билээ. Тэгээд энэ одеялыг нэхэж сурмаар санагдаж, бүр түүндээ дурласан.

-Анхны цалингаа аваад мэдээж их баярласан байх. Юунд зориулснаа санадаг уу?

-Хөдөөний хүүхдүүд гар дээрээ бэлэн мөнгө авч үзсэн биш. Анхны цалингаа аваад их баярласан. 150 төгрөг байл уу даа, их л мөнгө санагдсан. Түүгээрээ өөртөө хувцас авч, гэрээсээ мөнгө гэхгүй болгоод л байдаг байлаа. Жил ажилласны дараа амралтаа аваад нутагтаа очсон чинь их сайхан байсан. Аав, ээж, ах эгчдээ дээлийн даавуу, торго, чихэр аваад очсон шүү.

-Таны дурласан нэхмэлчин мэргэжил, хичээл зүтгэл тань Хөдөлмөрийн баатар болгосон байна шүү дээ. 1981 онд энэ эрхэм алдрыг хүртсэн билүү?

-1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор, 32 насандаа Хөдөлмөрийн баатар болсон. Тиймээс улсын баяр наадам онцгой сайхан санагддаг юм. Улсад ажиллаад 15 дахь жилдээ энэ хүндтэй алдрыг хүртсэн. Ю.Цэдэнбал даргын гарын үсэгтэй үнэмлэх, алтан таван хошуу хүртэж байхдаа өөртөө итгэж ядсан. Үйлдвэрийн төлөвлөгөөгөө биелүүлэх гэж л зүтгэж байснаас баатар болно чинээ санаагүй. Бидний үеийнхэн улсын төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэхээс шагнал, эрх мэдэл горилж ажилладаггүй байлаа. Улсад 36 жил ажиллахдаа Ардын их хурлын депутатаар сонгогдон, удаа дараалан нийслэл, үйлдвэрийн аварга болсон. Миний гаргасан өчүүхэн энэ амжилтыг төр засаг өндрөөр үнэлсэн нь хамт олны минь гавьяа юм. Хөдөлмөрийн баатар болгосон туслагч гэвэл нэхмэлийн муу машин минь шүү дээ. Машин саатаж ажиллахгүйгээс төлөвлөгөө биелэхгүй бол тэр шөнө нь нойр хүрэхгүй. Тиймээс машин, засварчин хоёроо өөрөөсөө илүү хайрлана. Засварчнаа бүр шүтнэ. Алтан гартай засварчин байхгүй бол мянган машин байлаа ч юм хийж чадахгүй. Нэхэгч засварчин хоёр сайн байгаад машинаа тордох юм бол нэхэж чадахгүй зүйл гэж үгүй.

-Таныг Хөдөлмөрийн баатар болоход аав ээж тань байсан уу?

-Аав минь намайг их багад тэнгэрт хальсан. Ээж минь намайг Хөдөлмөрийн баатар болохоос таван жилийн өмнө өөд болсон юм. Гэхдээ тэд минь тэнгэрээс харж баярласан гэж боддог. Миний баатар болдог жил анх удаа хөдөлмөрийн баатар арав төрсөн түүхтэй.

-Тухайн үед таван жилээр төлөвлөгөө гаргаж ажилладаг байж. Энэ их ажлын хажуугаар ар гэртээ цаг зав хэр гаргадаг байсан бэ. Хань болон хүүхдүүдээ танилцуулахгүй юу?

-Таван жилд төчнөөн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоог нэвтрүүлсэн хоёр дахь хүн нь би. Түүний дараа улс даяар энэ тооцоот төлөвлөгөөг хэрэгжүүлсэн юм. Нэхмэлийн ажил их өвөрмөц. Нэг хүн хоёр машин дээр зэрэг ажиллана. Одоо бодоход нэг хүн хоёр хүний ажил зэрэг хийдэг байжээ. Хүний хань сайн байснаар ажилдаа амжилт гаргаж чаддаг юм билээ. Ар гэрээ сайн авч явна гэдэг энэ ажлыг хийгээд өгснөөс ялгаагүй. Миний ханийг Намсрайн Төмөрбаатар гэдэг. Цахилгаанчин мэргэжилтэй хүн байсан. Хэдэн жилийн өмнө өөд болсон доо, хөөрхий. Одоо эгч нь бага хүүтэйгээ амьдарч байна. Том нь эхнэр хүүхэдтэй болж, тусдаа гарсан. Үеийнхнээсээ би хожуу эмээ болсон шүү. 60 нас гарч байж эмээ боллоо. Одоо удахгүй хоёр дахь ач минь төрөх гэж байна.

-Нэхмэлчний ажлыг хүмүүс төдийлэн сайн мэддэггүй шүү дээ. Та өөрийнхөө мэргэжлийг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Нэхмэлчин гэхээр гараараа нэхнэ гэж ойлгодог. Нэхмэлийн машин дээр ажиллана гэдэг яг л жолоо барихтай адил. Машиныхаа дууг хүртэл анддаггүй. Нэг удаа нүдний эмчид үзүүлсэн чинь “Чи ямар хачин нүдтэй охин бэ. Ямар ажил хийдэг вэ” гэж байна. Би нэхмэлчин гэсэн чинь. “Өө тэгвэл аргагүй. Чиний нүд чинь яг л хаврын зэрэглээ шиг болчихсон байна. Ажлаа хийхээ болихоор зүгээр болно” гэлээ. Хөндлөн, босоо чиглэлд гүйх тэр утаснуудыг байнга харсаар байгаад харц тогтохгүй, зэрэглээ шиг болсон байсан байна лээ.

-Тэгэхээр таны хараа муудсан гэсэн үг үү?

-Ямар ч байсан харааны шил зүүхгүйгээр зүү сүвлэчихнэ шүү. Зүү сүвлэхээр хараа муудсан эсэхийг мэддэг гээ биз дээ (инээв). Үеийнхэндээ нүд, шүд сайтайд ороод байгаа шүү. 32 цагаан шүднээс 30 нь бий гэхээр хүмүүс итгэдэггүй юм. Багадаа ааруул, цагаан идээ сайн идсэний ач гэж боддог.

-Нэхмэлийн үйлдвэр хувьд шилжихэд та хувьцаа эзэмшиж чадсан уу?

-2000 онд хувьчлагдсан. Тухайн үед ажиллаж байсан болохоор эвгүй санагдсан. Би хувьцаа авч чадаагүй. Нэг хэсэг зогсонги байсан үйлдвэр маань эргээд ажиллаж байгаад баяртай байгаа.

-Хувьд шилжсэнээс хойш та тэнд ажилласан уу?

-Үгүй ээ. Гэхдээ үйлдвэр рүүгээ гүйгүүл морь шиг зүтгэнэ шүү дээ. Зав гарвал яваад очдог юм. Тэгээд гараараа биш амаараа “ажил хийж” байгаад ирнэ.

-Таныг буцаагаад 20 насанд тань аваачвал юу хийх вэ. Өөр мэргэжил сонгох байсан уу?

-Маш их юм амжуулах байсан байх. Одоо үед хүн сэтгэж чадвал бүх зүйл нээлттэй болжээ. Гэхдээ мэргэжлээ солихгүй ээ. Нэхмэлийнхээ чиглэлээр л ажиллана. Бурхнаас хайрласан мэргэжил минь гэж боддог. Гэхдээ тухайн ажлыг гүйцэтгэдэг биш хийлгэдэг инженер болох байсан байх.

-Эмэгтэй хүнд нас насны гоо сайхан байдаг гэдэг. Таны энэ үеийн гоо сайхан юу вэ?

-Залуу нас өөрөө хүнийг чимж байдаг. Залуу байхад бүх юм гоё сайхан. Бидний үед нүүрний будаг гэж байсан биш. 30 гарсан хойноо л анх нүүрээ будаж үзсэн шүү. Гэхдээ харагдах гоо сайхнаас илүү дотоод сэтгэлийн гоо сайхан хүнийг гэрэлтүүлдэг гэж боддог. Миний 66 насны гоо сайхан инээмсэглэл минь юм болов уу. Болж л өгвөл инээмсэглэх дуртай.

-Та нутагтаа хэр очиж байна. Гавьяаныхаа амралтад суусан хүнд зав их гардаг болов уу?

-Нутагтаа очих дуртай. Зарим жил хоёр ч удаа очдог. Тэтгэвэртээ суусан хэрнээ л ажилтай хүнээс илүү завгүй байх юм байна шүү дээ. Нэхмэлийнхээ үйлдвэр рүү гүйхээс эхлээд ажил дуусахгүй байсаар шөнөтэй золгох юм.

-Улсдаа олон жил ажиллаж, гавьяандаа гарсан хүмүүс тэтгэвэр бага авч байна гэдэг. Таны хувьд Хөдөлмөрийн баатрын нэмэгдэл авах уу?

-Тэтгэврээс гадна сард 200 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг. Энэ маань амьдралд их нэмэр болно. Гэхдээ манай баатруудын тэтгэвэр их бага шүү дээ. Баатар хүн гэхээр хүмүүс тусгай хангамжинд байдаг юм шиг санадаг. Манай баатрууд дунд орох оронгүй ч хүн бий. 90 нас давсан ахмад баатрууд маань төр засгаас харж үзэх болов уу гээд горьдож л суудаг юм, зайлуул. “Баатар аа” гэж дуудуулаад дасчихсан тэрбээр энд тэнд явж байхдаа Баатар гэдэг нэртэй хүнийг дуудахад андуурч, эргэж хараад байдаг “дутагдалтай” болсон гэнэ шүү. “Хэдэн жилийн өмнө Нэхмэлийн үйлдвэрийн залуу ажилчид маань манайд зочлохоор ирлээ. Тэгээд хаал­га тогшсон нэг нь сандраад миний нэрийг мартчихаад “Баатар байна уу” гэж асуусанд манай хүн “Тийм хүн байдаггүй ээ” гээд хаалга хааж билээ хэмээн дурсан инээмсэглэсээр үлдэв.

Ч.БОЛОРТУЯА 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл