Я.БОРХҮҮ: Хүмүүсийг автобусанд чихэж оруулаад л эмнэлэгт аваад ирлээ

2015 оны 02 сарын 25

Ноён уулаа хамгаалан, “Урт нэр”-тэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарласан хүмүүсийг энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02.00 цагийн үед цагдаагийн байгууллагынхан албадан авч явжээ. Өчигдөр (уржигдар) шөнийн байдлаар “Босоо хөх Монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний долоон хүн өлсгөлөн зарлаж байсан бөгөөд тэднийг бүгдийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүргэжээ. Нийт 13 хоног нойтон өлссөн тэдний нэг, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын бие муудаж, эмнэлэгт хэвтсэн. Цагдаагийн байгууллагынхан шөнийн цагаар өлсгөлөнг зогсоосонд хүмүүс дургүйцэж буй. Үүнийгээ өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас тайлбарлав.

Тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Өлсгөлөн зарласан хүмүүсийн эрүүл мэнд доройтож, цаашид аминд нь аюул учирч болзошгүй нөхцөл үүссэн нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учраас Чингэлтэй дүүргийн Засаг даргын хоёрдугаар сарын 23-ны өдрийн А87 дугаар захирамжаар өлсгөлөнг зогсоож, оролцогчдыг албадан эмчилгээнд хамрууллаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд нь бид халдаагүй. Нийгмийн дэг журмыг сахих, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилласан. Өлсгөлөн зарласан газар хотын төв хэсэг учраас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, замын хөдөлгөөнийг сийрэг байлгах зэргийг харгалзан үзсэн” гэв. Мөн тэрбээр албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг өлсгөлөн зарлаж буй иргэдэд танилцуулахад өөрсдөө сайн дураараа эмнэлгийн байгууллагад очихын зэрэгцээ гэрээ буулгаж авч явсан гэлээ.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд очиж, өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийн нэг Я.Борхүүгээс зарим зүйлийг тодруулав.

-Өчигдөр (уржигдар) шөнө яг юу болсон юм бэ?

-02.00 цагийн үед баахан цагдаа биднийг бүслээд өлсгөлөнгөө зогсоохыг шаардсан. Хүчний байгууллага гэдэг хүчнийх л байдаг юм байна. Хүмүүсийг автобусанд чихэж оруулаад л эмнэлэгт аваад ирлээ.

-Олон хоног өлсөж цангалаа. Бие тань хэр байна вэ?

-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн. Хоёрдугаар сарын 9-нд хотод ирээд хоёр хоног суулт хийсний дараа өлсгөлөн зарласан. Эрүүл мэндийн байдал доройтсон байна гэсэн. Жин таван кг хасагдсан байна лээ. Биднийг хуурай өлсгөлөн зарлана гэсэн чинь л шөнө нь ийм юм болчихлоо.

-Цагдаагийн байгууллагаас ч тэр, тухайн үеийн үйл явдлын бичлэгээс харахад ч та бүхэн эсэргүүцэл үзүүлэлгүй эмнэлэгт ирсэн байна.

-Цагдаагийн байгууллагынханд эсэргүүцэл үзүүлэх эрх бидэнд байхгүй шүү дээ. Хувцас хунар маань ч одоо хаана байгааг мэдэхгүй. Зохион байгуулагч нарыг өчигдөр цагдаагийн байгууллага руу авч яваад өнөө өглөө сулласан.

-Та бүхнийг мөнгө авч өлсгөлөн зарлаж байна гэх хардлага нийгэмд бий. Та ямар зорилгоор энэ өлсгөлөнд оролцсон юм бэ?

-Мандалчууд бид Ноён уулынхаа өвөр бэлд өвөг дээдсээ нутаглуулдаг. Ноёд хаадаа булшилсан, түүх соёлын дурсгалаа 70 тн алтнаас болж нураалгана гэдэг харамсалтай байсан учраас нь өлсгөлөнд нэгдсэн. Ганц компанийн төлөө хуулиа өөрчилж, газар нутгаа зарж байгаа хүмүүсийг эсэргүүцэж байна. Өдрийн 500 мянган төгрөгөөр ингэж байна гэсэн яриаг би өчигдөр л сонссон. Энэ бол худлаа. Эмнэлэгт ирсэн эдгээр хүн 3-8 кг жин хассан аж. Тэдэнд дусал залгаж, нойл шөл уулгасан байна. “Өлсгөлөнг албадан зогсоосон ч гэсэн хойч ирээдүйнхээ төлөө хийж байгаа энэ тэмцэл маань дуусаагүй” гэж тэд хэлэв. Энэ үеэр “Босоо хөх Монгол” бүлгэмийн удирдах зөвлөлийн дарга П.Шинжээравдан “Өдөр бүр эмнэлгийн ажилтнууд ирж биднийг үзэж, эрүүл мэндийн байдлыг тогтоож байсан учраас албадан эмчилгээнд орох шаардлага байгаагүй. Өчигдөр шөнө гар утсыг сүлжээгүй болгож, зам хааж машин тэрэг оруулахгүй байсан. Хэдий “Урт нэр”-тэй хуульд өөрчлөлт оруулсан ч улсаа нэгэнт эзлэгдсэн гээд ард иргэд нь орхиод явдаггүй шиг бид үргэлжлүүлэн тэмцэх болно. Гацууртын ордыг эзэмшүүлнэ гэдэг тэнгэрийн зарлиг биш. Үүнийг ард түмэн цуцлах ёстой” гэв. Тэд ирэх сарын 1-нд урлаг соёлынхонтой хамтран тайван жагсаал цуглаан хийх аж. Ноён уулаа ухуулахгүй үлдээхийг дэмжсэн хэсэг залуус өчигдөр Чингисийн талбайд суулт зарлах гэсэн ч цагдаагийн байгууллагынхан болиулсан юм.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.88.210 Та юу гэж бодож байна ...Ч. Болортуяа мундаг сэтгүүлч юм

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл