Найман настай охин мөрөөдлийн номын сангаа байгуулна

2015 оны 02 сарын 24

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай М.Мичидмаа охин англи хэлний ярианы клуб нээжээ. Тэрбээр аав, ээжийнхээ хамт Австралид хоёр жил амьдарч байгаад эх орондоо ирсэн байна. Тэнд байхдаа англи хэл сурч, ном их уншдаг байжээ. Монголдоо ирээд ном унших гэсэн боловч гэрийнх нь ойролцоо хүүхдэд зориулсан номын сан байгаагүй учир ийн шийдсэн аж.

Үүнд нь аав ээж, ангийн багш нь дэмжиж, тусалжээ. Одоо М.Мичидмаа охин “Өнөр бүл” хэмээх асрамжийн төвийн хүүхдүүд болон Хүүхдийн номын ордноор үйлчлүүлж багачуулд англи хэл үнэ төлбөргүй зааж байгаа юм. Тэрбээр энэ сарын 28-нд “Happiness center”-т хүүхдүүдэд зориулан “Үлгэрийн баатрууд дахин амилсан нь” арга хэмжээ зохион байгуулах юм байна. Үүнд оролцох хүүхдүүд англи, монгол хэлээр уншсан номныхоо баатрын дүрийг бүтээж ирэх аж.

Түүний ангийн багш Н.Баасан “Бага насны хүүхэд ч гэсэн мөрөөдлөө биелүүлж чаддаг гэдгийг Мичидмаа маань харуулж байна. Үе тэнгийнхэндээ зөв үлгэр дуурайл үзүүлж байгаад нь баяртай байна” гэв. Харин түүний ээж Б.Бэрцэцэгтэй холбогдоход “Охин минь Австрали, Шинэ Зеландынх шиг хөгжилтэй номын сантай болмоор байна гэж ярьдаг байв. Энэ хүслийг нь биелүүлэхээр Баянгол дүүргийн XXIII хорооны байранд загвар номын сан нээхээр ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар хүүхдэд зориулсан 300-400 ном цуглуулаад байна. Миний охин 1000 номтой болохыг мөрөөдөж байгаа. Уг номын сандаа “Мичкогийн хүүхдийн хөгжилтэй номын сан” гэсэн нэр өгөх юм” гэв.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл