ХАЙР МЭДЭРСЭН ЦАГТ ХҮН ӨӨРЧЛӨГДДӨГ

2014 оны 12 сарын 30

  Ес эхэлж, жавар хайрсан өвлийн хүйтэнд жижигхэн тэргэн дээр 20 орчим литрийн савтай халуун хоол, цай тавиад “Нарантуул” захын зүг яарах өвөө эмээ хоёр. Тэднийг Алтангэрэлийн Дашдаваа, Ламжавын Хишигсүрэн гэх. 60 нас хол давсан, гэр бүлийн хоёр. Уранхай, ноорхой хувцастай, халтар царайтай, архи, хир буртаг үнэртүүлсэн хүмүүс “Нарантуул” -ын хойд хаалга буюу эндхийнхний нэрлэснээр “Мангасын ам”-ны дэргэд хоёр хөгшнийг хүлээн, нааш цааш холхиж байлаа. Орох оронгүй эдгээр хүнийг энэ хоёр буурай жилийн өмнөөс хооллож, ундалж эхэлжээ.

Тэд хахир өвөл, халуун зуныг ажралгүй “Нарантуул” захад усны болон хуванцар сав суулга зарж амьжиргаагаа залгуулдаг хэдий ч эдгээр хүнд сэтгэлийн дэм, урам зориг хайрлаж яваа буянтнууд. А.Дашдаваа, Л.Хишигсүрэн нар өдөр бүр 08.30 цагт 40 орчим хүнийг ингэж хооллодог аж. Энэ үеэр нь тэдэнтэй уулзлаа.

Л.ХИШИГСҮРЭН ГУАЙН ХИШИГ

Өглөөний хоол будаатай, ногоотой шөл байв. Л.Хишигсүрэн гуай гоймонтой хуурга, ногоотой шөл, бантан зэрэг төрөл бүрийн хоол хийж өгөхийг хичээдэг гэнэ. Бээрсэн гараараа хоолоо барин амтархан идэх хижээл насны нэгэн эр “Хав халуун хоол идэх сайхан байдаг шүү. Маш амттай хоол хийж өгдөг юм. Өвөө, эмээ хоёрын хоолны хүчээр л өдий зэрэгтэй явж байна. Энэ хүмүүст үнэхээр их баярладаг” гэхэд бүгд л “Тийм шүү” гэж хэлж байв. Амьдралд юу эс тохиолдох вэ. Тэд юуг алдсан, яагаад ингэж амьдарч буйг хэлэхэд бэрх. Гадаад байдлыг нь хараад арчаагүй, архичин гэж болох ч сэтгэл зүрхэндээ ямар шарх, шаналалтай явааг бид мэдэхгүй. Тэд нийгмийн нэгээхэн хэсэг, бидний адил хүн гэдгийг энэхүү өвөө, эмээ хоёрын үйлдэл батална. Анх эдгээр хүнийг хооллох тухайгаа Л.Хишигсүрэн гуай өвгөндөө хэлэхэд тэрбээр “Эд нарын амьдрал өөрчлөгдөж, сайжирна гэж байхгүй” хэмээн дургүйцжээ. Гэвч хүмүүст чин сэтгэлээсээ тусалж, хогон дундах амьдралаас нь босгоно гэсэн эхнэрийнхээ итгэл үнэмшилд тэр яалт ч үгүй бууж өгсөн байна. Одоо бол А.Дашдаваа гуай төмс, ногоо арилгаж өгөхөөс эхлээд тэдэнд хоол бэлтгэхэд эхнэртээ хамгийн сайн тусалдаг аж. Л.Хишигсүрэн гуай тогооч мэргэжилтэй болохоор ч тэр үү сайхан амттай хоол хийдэг гэнэ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий тогоочоор ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 10 гаруй жилийн өмнөөс “Нарантуул” захад лангуу түрээслэн, наймаа хийж эхэлжээ.

ЯДАЖ ХОЁР ХҮҮХДИЙГ ГЭРТЭЙ БОЛГОХ ЮМСАН

Өнгөрсөн жилийн яг өдийд “Мангасын ам”-ны дэргэд гурван хүн бөнжигнөтөл чичрээд сууж байжээ. Тэр байдлыг хараад Л.Хишигсүрэн гуайн сэтгэл зовнин, халуун хоол, цай өгөхөөр шийдсэн аж. Түүнээс хойш өдийг хүртэл гудамжны гэсэн тодотголтой тэдгээр хүнийг хооллож ундалсаар яваа юм. Анх 17 хүнд хоол хийж өгсөн байна. Эргэн тойрныхон нь хүн гэж тоож харахгүй байхад настай хоёр хөгшин өглөө эрт халуун хоол, цай авчирч өгөхөд итгэж ядсан тэд “Мөнгө авах юм уу, буяны ажил уу” гэж ам өрсөн асуусан гэдэг. Нэг удаагийн аяганд савласан хоолноос Л.Хишигсүрэн гуайг аваад өгөхийн зуур тэд цаасан хайрцагтай хоол руу гараа дүрж, булаацалдаж эхэлжээ. Тэгэхээр нь “Би та нараас ямар ч мөнгө авахгүй, хооллох гэж байна. Нэг нэгнээ дээрэлхэж, ийм муухай зан гаргаж болохгүй. Хоол нь хүрэлцэхгүй байсан ч хуваагаад ид. Ингэж бие биедээ хайр мэдрүүлж бай” гэж Л.Хишигсүрэн гуай хэлжээ. Маргаашнаас нь тэд өөрсдөө эхлээд хүүхэд, дараа нь эмэгтэйчүүд, тэгээд эрчүүд нь хоолоо авъя гэсэн санал гаргасан байна. Халуун хоолны сургаар “Нарантуул” орчим гэлтгүй энд тэндээс хүмүүс цуглардаг болсон аж. Ийм амьдралтай бүх хүнийг тэтгэврийн хоёр хөгшин тэжээж дийлэхгүй. Тиймээс үнэхээр очих газаргүй, орц хонгил, траншейнд хонодог 40 орчим хүнийг байнга хооллодог болсон байна. Тэдний дотор дөрөв, зургаан настай хоёр хүүхэд бий. Гэхдээ гадаа хүйтэрсэн учраас таньж мэддэг айлдаа толгой хоргодож байгаа аж. Дөрвөн настай нэгэн охины ээж нь архичин бол сургуульд орох нас нь болсон ч сурах эрхгүй яваа хүүгийн эх хүнд өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Өтгөн, шингэн холилдон, нохой шувуу эргэсэн бохир газарт согтуу эхийнхээ дэргэд юу ч мэдэхгүй жаргалтай тоглох хөөрхий охин, ээжийгээ санан ганцаараа уйлж суух бяцхан хүү хоёрыг асрамжийн газарт өгөх гэж Л.Хишигсүрэн гуай нэлээд хөөцөлдсөн байна. Гэвч мэддэг хүмүүс нь “ирж авна” гээд сураггүй болсон гэнэ. Тиймээс тэрбээр Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ханджээ. Тэндээс гэр өгөх сураг дуулдсан байна. Хэрэв гэртэй болбол тэр хоёр хүүхдийг амьдруулах хүсэлтэй байгаагаа Л.Хишигсүрэн гуай ярив.

“ЖАРГАХ НАСАНДАА ИЙМ ХҮМҮҮСТЭЙ ЗУУРАЛДААД ХЭРЭГГҮЙ”

А.Дашдаваа, Л.Хишигсүрэн хоёр таван хүүхэдтэй. Тэднийгээ их, дээд сургууль төгсгөж, амьдралтай нь залгуулсан хүмүүс. Хоёр хүүхэд нь гадаадад амьдарч байгаа бол нэг охин нь их эмч, нөгөө хоёр нь уул уурхайн компанид ажилладаг. Тэд аав ээжийгээ “Нарантуул”-ын гэр оронгүй хүмүүсийг хооллож буйг сонсоод “Жаргах насандаа ийм хүмүүстэй зууралдаад хэрэгг үй” гэж хэлсэн ч дийлээгүй. Харин ч “Ядарсан нэгнээ үргэлж өөд нь татаж яваарай, бидний хийсэн буян та нарын болон ач зээгийн минь амьдралд гэрэл гэгээ авчирна” гэсэн сургааль сонсчээ. Хоёр буурал нэг хүнд өдөрт 1000 төгрөгөөр тооцож, хүнсээ цуглуулдаг аж. Тэгэхээр сард нэг сая орчим төгрөг зарцуулж байгаа юм.

Халуунд халж, хүйтэнд хөрж, зовж олсон хэдээсээ ийнхүү илүүчилж буй нь ямар нэг ашиг харсандаа бус, нэг ч гэсэн хүн энэ хэцүү амьдралаасаа салаасай гэж хүссэнийх. Энэ хүсэл нь ч эхнээсээ биелж байгааг тэрбээр баяртайгаар хэлсэн юм. Тэдний халуун сэтгэлийн хүчээр хүмүүсийн бие нь тэнхэрч, амьдрах урам зоригтой болжээ. Тодруулбал, өнгөрсөн зун “Таны өгсөн хоолонд бие минь тэнхэрлээ. Барилга дээр ажиллана” гээд 17 залуу энэ газрыг орхин явжээ. Тэдний зарим нь одоо ч Л.Хишигсүрэн гуай руу утсаар ярьж, баярлаж талархаж явдгаа илэрхийлдэг гэнэ. Харин ахимаг насныхан нь гэр орондоо харьж, эхнэр хүүхэдтэйгэээ амьдарна гээд явжээ. Гэвч үүгээр өвөө, эмээ хоёрын сэтгэл ханасангүй. Тэдний өгөх аяга хоолноос дараагийнх хүртэл өлөн зэлмүүн явж, шил лааз түүж, заримдаа ч хүний юманд гараа дүрэх тэднийг бусдын адил сайн сайхан амьдруулахыг хүснэ. Үүгээр ч зогсохгүй тэднийг толгой хоргодох орон гэртэй болгох гэж хичээнэ. Гэртэй болбол эмэгтэйчүүд нь хоол, цайгаа хийж, хамтдаа байснаар нийгэмшиж чадна гэж тэд итгэдэг. “Энд ирсэн хүмүүс өөртөө болон өрөөлд маш их гомдсон байдаг юм билээ. Намайг гэх хүн энэ дэлхийд байхгүй, би бол адгийн амьтан гэсэн айдаст хүлээстэйгээс зүрх сэтгэл нь шархалсан байдаг” гэж жилийн турш тэднийг сонсож, ойлгохыг хүссэн Л.Хишигсүрэн гуай хэлэв.

Дулаан цагт шил, лааз түүгээд хоногийн хоолоо залгуулдаг тэд өвлийн хүйтэнд аргаа бардаг байна. Гэхдээ л архиа олоод уугаад байдгийг тэрбээр учирласан. Үүнийг өөгшүүлдэг нэг газар нь тус захын хойд хаалганы ойролцоо байрладаг 24 цагийн дэлгүүр. Тэнд найруулсан спирт байнга зарна. 750 граммын шилтэй нь 3000 төгрөг. Ингэж “хор” худалдаж авснаас олсон хэдийгээ цуглуулаад өмсөх хувцас, орох оронтой болоосой гэж хоёр буурал залбирч явдаг гэнэ. Сайхан сэтгэлд хязгаар үгүйн илрэл энэ ажээ.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.41.3 Mongol Tereza eh bna shyy dee
123.121.201.186 Ard tumenteigee almineg geed songuuliin shou hiij baisan eronhiilogch maani mongol toriin saalin gants unee geltei ”Erdenet”-iin uurhaigaasshine onii shougaa ehelj baihaar ene met humuus heden ger ogood shoudsan bol amlaltiinhaa aguulgad arai oir boloh baijee. he he
123.121.201.186 Ard tumenteigee almineg geed songuuliin shou hiij baisan eronhiilogch maani mongol toriin saalin gants unee geltei ”Erdenet”-iin uurhaigaasshine onii shougaa ehelj baihaar ene met humuus heden ger ogood shoudsan bol amlaltiinhaa aguulgad arai oir boloh baijee. he he
123.121.201.186 Ene humuusiin tuhai bichseniig manai toriin 3 unshdag bolov uu? Herev unshsan bol yu bodoh bol?! Bid yaaj amidarch baigaa bilee. Hoorhii ene 2 hogshin yamarhuu ajil hiij olsnoosoo iluuchilj baina geed bodvol ch Tedend nileedgui hediig etgeed ondiilgochih horongo mongo bii dee. Gantshuu setgel ni ni medeh hereg dee
123.121.201.186 Ene humuusiin tuhai bichseniig manai toriin 3 unshdag bolov uu? Herev unshsan bol yu bodoh bol?! Bid yaaj amidarch baigaa bilee. Hoorhii ene 2 hogshin yamarhuu ajil hiij olsnoosoo iluuchilj baina geed bodvol ch Tedend nileedgui hediig etgeed ondiilgochih horongo mongo bii dee. Gantshuu setgel ni ni medeh hereg dee
130.75.172.138 mundag yumaa
122.201.17.86 ямар агуу сэтгэл вэ...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл