Х.НАМСРАЙ: Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуульд нэгтгэх цаг нь болоогүй

2014 оны 12 сарын 30

  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ойрын үед хэрэгжүүлэх ажлын нэг нь шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн харьяанд шилжүүлэх. Үүнийг эрдэмтэн, судлаачид эсэргүүцэн, “Шийдлийн Засгийн газар шинжлэх ухааныг булшлах нь” хэмээн үзэж, өнөөдөр жагсаал хийхээр болсон. Энэ талаар академич Х.Намсрайгаас тодрууллаа.

-Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийг их, дээд сургуульд нэгтгэхийг эсэргүүцэж буй шалтгаан нь юу юм бэ. Сургалт, судалгааны байгууллага нэгдэх нь зөв юм биш үү?

-Аливаа улс орны шинжлэх ухаан бол гол салбар, хөгжлийн үндсийн үндэс юм. Уг нь шинжлэх ухаан, боловсрол нь нэг зоосны хоёр тал. Гэхдээ одоогийн нөхцөлд их, дээд сургууль судалгааны түвшинд ажиллах арга зүй, зохион байгуулалтын хувьд хангалтгүй байна. Их, дээд сургуулийг нэгтгэсэн ч үйл ажиллагаа нь цэгцрээгүй л яваа. Африкийн орнуудын эрдэмтэд манай улсыг Шинжлэх ухааны академитай юм уу гэж гайхдаг. Бид эрдэмтэн, судлаачдаа хөгжүүлж, академитай болох гээд чадахгүй байна гэдэг юм. Гэтэл өдий зэрэгт хүрсэн салбараа ингэж унагаж болохгүй. Судалгаа, шинжилгээний ажил гэдэг нарийн түвэгтэй. Хүрээлэнгүүдийг их, дээд сургуульд нэгтгээд одоогийн түвшинд хүргэхэд дахин 10-20 жил зарцуулна. Математик, эдийн засгийн хүрээлэнг их, дээд сургуульд нэгтгэснээр ямар ч үр дүн гараагүй шүү дээ.

-Бусад улсын жишиг ямар байдаг юм бол. Ялангуяа манай хоёр хөрш шинжлэх ухааны салбартаа хэрхэн анхаардаг вэ?

-ОХУ Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн холбоо гэж байгуулсан. Холбооны ерөнхийлөгч нь улсынхаа Ерөнхий сайдын адил хэмжээний эрх мэдэлтэй. Урд хөршийн Шинжлэх ухааны академи манайхтай адил бүтэцтэй. Манайх шиг хүн ам цөөтэй улс шинжлэх ухааны салбараа ингэж тарамдуулснаар бүр устгах аюултай.

-Манай эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухааны ололт нь үйлдвэрлэлд нэвтэрч, хэрэглээ болж, үр өгөөжөө өгөх нь ховор гэж шүүмжлэх нь бий. Энэ тал дээр та юу хэлэх бол?

-Хэрэгжүүлэхэд бэлэн судалгаа, шинжилгээний ном, бүтээл олон. Гэвч манайд зах зээлд гаргах үйлдвэр байхгүй. Хөгжилтэй улс эрдэмтдийнхээ төслийг үйлдвэрлэлд шууд нэвтрүүлдэг. Харин манайд Химийн хүрээлэн нүүрснээс хий гаргалаа гэхэд санхүүжилт байхгүйгээс хэрэглээ болгож чадахгүй байна. Франц, Япон, Герман зэрэг улс манай орны газар хөдлөлтийн онцлог, тектоникийн судалгааг маш их сонирхож, хөрөнгө оруулж байгаа.

-Та маргаашийн жагсаалд оролцох уу. Таныхаар одоо яах ёстой вэ?

-Шинжлэх ухааны академи дотроо зохион байгуулалт хийж, адил төстэй судалгааны хүрээлэнг нэгтгэн, захиргааны хэмнэлт хийж болно шүү дээ. Хими, физик, биологи зэрэг тулгуур 20 хүрээлэн, 600 орчим л ажилтантай. Тэгсэн хэрнээ дэлхийн хэмжээнд судалгаа шинжилгээ явуулдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Шинжлэх ухааны академи их, дээд сургуультай хамтран ажилладаг. Гэхдээ сургалтын байгууллагыг судалгааныхтай нэгтгэх цаг нь болоогүй. Таван жилийн дараа ч юм уу, нөхцөл байдал сайжирвал нэгтгэхийг үгүйсгэхгүй. Хэрэв Ерөнхий сайд бидний энэ хүсэлтийг хүлээн авбал эрдэмтэн, судлаачид гудамжны жагсаал хийхгүй шүү дээ. Би маргааш (өнөөдөр) цуглаанд оролцохгүй. Гэхдээ дэмжиж байгаа. Жагсаал цуглаан гэдэг залуусын ажил.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.110 ooroo hoish suugaad zaluusaar turuu bairdag huuchinii uldegdel ingej helchiheed yaj saihan ajillah amidrah tuhai bodoj bna aa

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл