Л.АМАРЖАРГАЛ: ЭНЭ САРД СОГТУУРУУЛАХ УНДААНААС ҮҮДЭЖ 101 ОСОЛ ГАРСАН

2014 оны 12 сарын 23

  Хэдхэн хоногийн дараа шинэ он гарна. Хүн бүр энэ мөчийг догдлон хүлээж, албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд эхэлсэн. Гэвч баяраа тэмдэглэсэн жолооч, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс зам тээврийн осолд өртөх нь ихэслээ. Энэ тухай болон Богд уулын араар тавьсан шинэ замд осол ихээр гарах болсон талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас тодрууллаа.

-Богд уулын арын замд ноцтой осол их гарах болсон. Саяхан автомашины осол гарч, хоёр хүн гэмтлээ. Энэ замд ослоос урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглэгээ хэр байдаг вэ?

-Өнгөрсөн онд Богд уулын араар Улиастайгаас Зайсангийн гүүр хүртэл 13 км зам тавьсан. Энэ зам нь Богд уулын хормой, Туул голын эрэг дагуу байрладаг учраас өвлийн улиралд цантаж, халтиргаа гулгаа их үүсдэг. Нийслэлийн Хот тохижилтын газраас элс, давс байнга цацдаг ч нэмэр болохгүй байна. 13 даваа, нугачаа бүхий энэ замд 30 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон тэмдэг тавьсан. Гэвч жолооч нар өөрсдийн хариуцлагагүйгээс болж, хоорондоо мөргөлдөх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гаргаж байна. Богд уулын арын замаар 30 км цагийн хурдтай явахад л 10 минутын дотор хүрэх газраа хүрэх боломжтой. Гэтэл манайхан тогтоосон хурдыг хэтрүүлж, халтиргаа, эргэлттэй замд осол их гаргаж байна. Энэ сарын 17- нд “Тоёота чейзер”, “Тоёота приус” маркийн машинууд мөргөлдсөний улмаас хоёр хүн гэмтсэн. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг шалгаж байгаа. Мөн урсгал сөрсөн, үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад автомашиныг гүйцэж түрүүлж байгаад өөдөөс нь ирсэн машинтай мөргөлдсөн, хурд хэтрүүлсэн зэрэг осол, зөрчил олон гарч байна.

-Хурдны хязгаараас өөр тэмдэг, тэмдэглэгээ бий юү?

-3.5 тонноос дээш жинтэй ачааны машин явахыг хориглосон. Эргэлттэй газруудад шөнөдөө гэрэл ойлгогч, цацруулагч, анивчдаг гэрэлтүүлэг байрлуулсан. Цаашдаа гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай. Мөн далан руу унахаас сэргийлж хашлага хайс барьсан. Замын хөдөлгөөний дүрмийг цусаар бичсэн дүрэм гэдэг. Энэ дүрмийг зөрчсөнөөс хүний эрүүл мэнд, амь хохирох аюултай.

-Шинэ жилийн баяртай холбоотойгоор согтуу жолооч, явган зорчигч нар осол гаргах, өртөх нь ихэслээ. Энэ сард согтууруулах ундаатай холбоотой хэчнээн хэрэг, зөрчил гарав?

-Арванхоёрдугаар сард гэр бүл, найз нөхдөөрөө архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил их гардаг. Үүний улмаас эрүүл мэнд цаашлаад амиа алдах тохиолдол цөөнгүй. Энэ сарын эхний 20 хоногийн байдлаар зам тээврийн 321 осол гарч, 341 хүн хүнд, хөнгөн гэмтэж, тав нь нас барсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 1450 жолоочийг журамлан саатууллаа. Үүний зэрэгцээ согтууруулах ундаа хэрэглэн, биеэ авч явах чадваргүй болсон явган зорчигчид ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдаас гүйх, гарцгүй газар зам хөндлөн гарах зэргээр осолд өртөж байна. Тиймээс шинэ жилийн баяраа тэмдэглэж буй албан байгууллагууд ажилчдынхаа аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Нэгдсэн унаагаар гэрт нь хүргэх, эсвэл дуудлагын жолооч дуудаж өгч болно шүү дээ.

-Хүмүүст сэрэмжлүүлж юу хэлэх вэ?

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, осол гаргасан 101 тохиолдол бүртг үүлснээс 75 нь жолооч, 26 нь явган зорчигч байсан. Согтуугаар жолоо барьж байгаа хүн эрхээ хасуулах вий, цагдаад баригдах вий гэж айхаас бусдын амийг хохироочих вий гэж эмээхгүй байгаа нь харамсалтай. Замын хөдөлгөөний дүрэм зөрчс өн хэнийг ч осол тойрч гардаггүй. Тиймээс нэг нэгэндээ хүнлэг хандаж, дүрмээ баримтлаарай гэж хэлье.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл