Үрээ “золигт гаргасан” ЭХЧҮҮД

2014 оны 12 сарын 19

Хайрт ээж минь ээ. Би таныхаа уйтгар гуниг, баяр хөөрийг мэдэрдэг. Ээж ээ, та амьдралаас заримдаа залхан, урам хугарч уйлахад хүү нь бас дагаад уйлдаг. Таныг ямар нэгэн юмнаас айж цочиход зүрх минь улам хурдан цохилдог шүү. Хэрэв намайг илж, энхрийлэн эрхлүүлэхгүй удвал би ууртайгаар өшиглөн, өөрийгөө сануулдгийг та мэдэх үү. Таныхаа халуун хайр, зөөлөн тэврэлтэд хурдан л очих юмсан. Хайр дүүрэн гайхамшигтай амьдрал намайг хүлээж байгаа гэдэгт хүү нь итгэдэг...

Харамсалтай нь хүүхдээ хаясан ээжүүд энэ гэгээхэн, ариухан дуу хоолойг сонсоогүй бололтой. Эхийн хэвлийд бүрэлдсэнээс сар гаруйн дараагаас л хүүхдийн зүрх цохилж эхэлдэг. Тэр бяцхан зүрх хайр мэдрүүлэн цохилсоор энэ хорвоод “Би ирлээ” хэмээн тунхаглан чангаас чанга уйлсаар төрдөг билээ. Улаан нялзрай “сахиусан тэнгэр”-ийг тэврэх мөчид ямар ч хүний сэтгэл хөдөлж, хайр мэдэрдэггүй гэж үү. Ээж болсон тэр мөчөөс л хүүхдээ хайрлах хайр цагаан сүү шигээ ивлэдэг билээ. Гэтэл манай улсад энэ онд 16 эх хүүхдээ хаяж, төөрүүлсэн байх юм. Тэр тусмаа 0-5 насны таван нялх хүүхдийг санаатайгаар хаяж, үүнээс болж хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Төрөөд долоо ч хоноогүй алгын чинээхэн амьтныг орцонд орхиод зугтсанаас болж, өнөөдөр тэр бяцхан зүрх цохилохоо больжээ. “Миний хүүхдийг хэн нэгэн аваад өсгөх байх гэж бодсон. Ингээд осгоод үхчихнэ гэж санаагүй” хэмээн уйлах залуухан ээж. Тэрбээр хүүхдээ өөрөө өсгөж чадахгүй юм гэхэд хэн нэгэн аваад явах хүртэл хараад зогсож болох л байсан. Гэтэл хэнд найдаж, сүүгээ нэхэн ам нь өмөлзөх нялх үрээ хог шиг хаяна вэ. Төрүүлсэн эх нь хайрлаж чадахгүй голж байхад өөр хэн илүү хайрлана гэж. Үр хүүхэд гэдэг эцэг эхчүүдийн хувьд үргэлжлэл, Монгол Улсын хувьд иргэн нь гэдгийг мартах учиргүй. Хэрэв тэжээн тэтгэж, өсгөж чадахгүй бол Монгол Улсад буцаагаад өгч болох байсныг Цагдаагийн байгууллагынхан хэлсэн. Тэднийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн халамж үйлчилгээний төв, Асрамжийн газарт ч гэсэн өгч болох л байв. Гэтэл золбин гөлөг шиг гудамжинд хаяж, осгож үхэхэд хүргэнэ гэдэг эрүүл хүний ухаанд багтамгүй. Тэжээвэр амьтнаа ч орхин явахад хэцүү байдаг атал төрүүлсэн үрээ санаатайгаар хаяад явсан тэдгээр эмэгтэй эх хүн гэж үү.

Эх хүн, эмэгтэй хүн гэдэг энэ дэлхийн бүхий л сайн сайхан, цагаан сэтгэл, энэрэл хайр, эрхэмсэг үзэсгэлэнгийн дээд байсаар ирсэн. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Үр могой” найраглалдаа

“Гарсан юм даа надаас чи

Харсаар байж тураалтай биш

Гараа эсгэж, цусаа өгнө...” гэж эх хүний хариу нэхдэггүй хязгааргүй хайр энэрэл, үрийнхээ төлөө үхэж чадах агуу сэтгэлийг илэрхийлсэн байдаг. Энэ мэт үрийнхээ төлөө, залуу нас, халуун сэтгэлээ хайргүй зориулах монгол сайхан эх олон. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг хэсэг эхийн энэ үйлдлээс болж, эх хүний сэтгэлд эргэлзэхэд хүрсэн юм. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 25-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх эсвэл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэдэг.

Мөн хуулийн 117.2 дугаар зүйлд энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заажээ. Хүүхдийнхээ аминд хүрсэн хоёр ээж өнөөдөр хуулийн дагуу ялаа эдэлж байна. Харин гудамжинд орхисон гурван хүүхдийн эцэг эхийг цагдаагийнхан олж, хүлээлгэн өгчээ. Тэднийг улсын Дээд шүүхээс эцэг эх нь байх боломжтой гэж үзсэн байна. Ивлэсэн сүүгээ царцаж амжаагүй байхдаа нялх үрээ хаяж, төөрүүлсэн тэдгээр эмэгтэйчүүд үр хүүхдээ тэжээх санх үүгийн боломжгүйн улмаас ийм алхам хийсэн гэж Цагдаагийн газарт мэдүүлсэн байх юм. Энэ хүүхдээ хаях, цаашлаад аминд нь хүрэх шалтгаан мөн үү. Ядуу зүдүү амьдралтай ч үр хүүхдийнхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, шил лааз түүгээд ч хамаагүй тэднийгээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулж байгаа аав ээж нарыг тэгвэл яах вэ. Төрүүлсэн үр хүүхдээ төөрүүлдэг, хаядаг энэ мэт сэтгэл сэртхийлгэсэн хэрэг шил дараалан гарах болсон нь нийгмийн эрүүл үзэгдэл үү. Эдгээр асуултад сэтгэлзүйч юү гэж хариулах бол. “Монгол халамж төв”-ийн захирал, сэтгэл судлаач, Д.Отгончимэгээс асуулаа.

-Төрүүлсэн үрээ гудамжинд хаяж, аминд нь хүрсэн шалтгааныг сэтгэлзүйчийн хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Шалтгаан нь яг тухайн хүнд буюу сэтгэл зүрх, оюун санаанд нь бий. Нийгэм, эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядууралд буруу өгөх биш. Эх хүний хувьд тэдгээр эмэгтэй “За энэ нэг юмыг хаяад өөрөө сайхан амьдарна” гэж бодоогүй байх. Хүүхэдтэйгээ сайхан амьдрахыг хүссэн ч түшиж тулж, урам зориг өгөх хүүхдийн эцэг, аав ээж, ах дүүс байгаагүй байж болох юм. Тухайн эмэгтэйг жирэмсэлсэн цагаас нь эхлэн бүгд буруутгаж, нүд үзүүрлэснээс нялх үрээ хаях шийдвэрт хүрсэн байх магадлалтай. Гэхдээ энэ бол тэдгээр нялх амьтныг хаях, аминд нь хүрэх шалтгаан биш.

-Эх хүн үрийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй гэдэг шүү дээ. Гэтэл эмэгтэй хүн, тэр тусмаа эх болсон хүн ийм үйлдэл гаргасан нь хүн төрөлхтөн харгис хэрцгий, сэтгэл зүрхгүй болж байгаагийн илрэл үү?

-Хүн юу харахыг хүсэж байна түүнийгээ л харна, юу бодож байна түүнийгээ л батлах зүйлстэй тааралдана. Эмэгтэй, эх хүний халамж хайрын үйлдэл, хариуцлага хүлээх чадвар, сайн сайхан зан чанар, сайхан сэтгэл, тэсвэр тэвчээр, тусч хөдөлмөрч байдлыг магтан сайшаан ярьж, бичсээр байвал эмэгтэй хүн бүр үр хүүхэд, найз нөх өд, хойч үедээ нөлөөлөн чиглүүлж, сайн хүм үүжлийг өв болгон үлдээж чадна. Харин эсрэгээр нь хүмүүсийн харах сонсохыг ч хүсдэггүй зүйлсийн тухай ярьж бичиж, үзүүлээд байвал нөлөөллийн хүчээр үйлдэгч болж, амьдралыг үзэх үзлийн сэтгэхүй нь гажууддаг. Гэхдээ хүн төрөлхтөнд сонголт бий. Юуг сонгон үзэж, сонсож, сонирхон татагдаж байна гэдгээ өөрөөсөө асуугаад үз. Хамгийн зөв хариулт зүрх сэтгэл, дотоод ертөнцөд бий.

-Хүүхдээ хаясан эмэгтэйчүүд тэжээх боломжгүй, амьдрал ядуу учраас гэсэн тайлбар өгсөн байх юм. Энэ нь хүүхдээ хаях шалтгаан байж болох уу?

-Тэд янз бүрийн шалтгаанаар өөрийгөө зөвтгөхийг хүсэж байна. Ядуу гэхээр л мөнгөгүй, ажилгүй, байргүй, өв хөрөнгөгүй гэж үзэх гээд байдаг. Гэтэл ядуурал хүний оюун санаа, зүрх сэтгэл хоосон, мэдлэггүй, мөс чанаргүй, амиа хичээсэн, хүндлэлгүй, ёс зүйгүй, хүмүүжилгүй, хайр үгүй байдлаар илэрдэг. Тэр ч байтугай юунд дуртай, дургүйгээ ялгахгүй, өөрийгөө мэдэхээ больсноос хүн сэтгэлийн хямралд ордог. Ийм байдалд хүрэхгүйн тулд эцэг эхчүүд хүүхдээ амьдралын ухаантай, гэр бүлийн боловсролтой болгоход хичээх, үлгэрлэн дагуулах хэрэгтэй.

-Осгож амиа алдсан хоёр хүүхдийн ээж шоронд хоригдож байна. Гэхдээ тэд хэзээ нэгэн цагт дахиад хүүхэд төрүүлэх байх. Сайн ээж байж чадах болов уу, сэтгэлзүйн хувьд хэр өөрчлөгдөх бол?

-Тэд дахин хүүхэд төрүүлж сайн ээж болж чадна гэж бодож байна. Хамгийн гол нь сэтгэлийн шарх, муухай дурсамжаасаа хурдан салах хэрэгтэй. Айдас цочролтой удаан яваад байвал бие сэтгэлийн өвчтэй болдог. Цочролд оруулах ямар нэгэн үйл явдлын үеэр тархин дахь дурсамжийн агуулах гэмтдэг. Ингэснээр дурсамжинд орсон мэдээллүүд задарч, болсон хэцүү явдлуудыг сануулж, байнга муу мэдрэмж төрүүлдэг юм. Хорих ангиудад сэтгэлз үйч ажиллаж байгаа нь сайн хэрэг. Тэдгээр эмэгтэйн сэтгэл зүйг эдгэхэд тусалж чадах болов уу.

Адгуус ч гэсэн үр төлөө гаргаж, хайрлаж, хамгаалдаг. Бид гагцхүү оюун ухаан, ухамсарт амьдралаараа тэднээс ялгардаг. Нарны амьдралаа нарсанд өнгөрүүлж, зовж төрүүлсэн үрээ “золигт гаргасан” ийм эх хүн олон бүү байгаасай. Үр хүүхэд чулуунаас төрдөггүй. Тэдэнд аав байж л байгаа. Тэд эцэг хэмээх эрхэм үүрэг хариуцлагаа бүү умартаасай.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.141.234 hen ni ch jiremsenees hamgaalah arga sain meddeggui esvel huchirhiileld ortson baih magadlaltai

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл