Н.Лүндэндорж: УИХ гаргасан хуулиа өөрсдөө зөрчиж байна

2014 оны 12 сарын 16

Шүүхэд хийж буй шинэчлэлийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өчигдөр мэдээллээ. Тэрбээр шүүхийг нээлттэй, цахим болгохын зэрэгцээ стратеги боловсруулан, шүүхээс гаргасан шийдвэрт эрдэмтэд дүн шинжилгээ хийснийг онцлон танилцуулав. Монгол Улсын шүүх энэ онд хүний нөөцийнхөө 13 хувийг шинэчилж, 63 шүүгчээр бүл нэмжээ. Энэ сарын 10-нд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон. Энэ талаар тус зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос тодрууллаа.

-Шүүхийн захиргааны төв байгууллагын хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөв, буруу гэж шүүх эрхгүй. Харин энэ хуулийг хүчингүй болгосноор ямар ноцтой үр дагавар гарахыг хэлэх хэрэгтэй. 7-8 сарын өмнө есөн аймагт давж заалдах шатны шүүх байгуулж, нийслэлд ажиллаж байсан шүүгчдээ тийш шилжүүлсэн. Одоо тэднийг байр сууцаа зараад буцаад ир гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 10.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргаа зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу бүх аймагт иргэн, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулбал шүүгч, туслахын тоо одоогийнхоос нэг дахин нэмэгдэж, зардал төдий чинээ ихэснэ. Гэтэл 2015 оны төсөвт шүүгчдийн орон тоог нэмэх, шүүх байгуулахад зориулж нэг ч төгрөг тусгаагүй. Тиймээс үүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн бололцоо одоогийн шүүхийн төсөвт байхгүй.

-Шүүхийн ерөнхий зөвлөл “унасан” хуулиудаа яахаар болж байна вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн гол амин сүнс нь байхгүй болсон. Тиймээс бид Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн төлөөлөгчдийн эрх хэмжээг хуулийн хүрээнд байлгах үүднээс хуулийн төсөл боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчид өрг өн барьсан. Иргэдийн төлөөл өгучийг шударга ёсны шаардлага хангах гэж шүүх хуралд оролцуулдаг. Тиймээс энэ хуулийг “амьдруулах” талаар бид хөөцөлдөж байна. Цэцийн шийдвэрээр “бүдэрсэн” Шүүх байгуулах тухай хуулийг Засгийн газартай зөвшилцөж, санал болгосны үндсэн дээр УИХ, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг эрхзүйн шинэ орчныг анх удаа ашиглах гэж байна.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирэх оны төсөв ямар байгаа вэ?

-Манай төсвийн урсгал зардал өмнөх оныхоос 3.6 тэрбум төгрөгөөр буурсан. Шүүхийн урсгал төсвийг өмнөх оныхоос нь бууруулж болохгүй гэсэн хуулийн заалт бий. УИХ гаргасан хуулиа өөрсдөө биелүүлэхгүй зөрчиж байна шүү дээ.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл