“Хэвлэлийн зөвлөл бол шүүх биш, сэтгүүлчдийг яллах байгууллага бүр ч биш”

2016 оны 02 сарын 23

Монгол Улсад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад нэг жилийн ойтойгоо золгож байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдоржтой уулзаж ярилцлаа.

-Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж хэний, ямар зорилготой байгууллага вэ?

-Эхлээд байгууллагын зорилгын талаар товч хэлье. Монголын хэвлэлийн зөвлөл юуны урьд хэвлэлийн эрх чөлөөг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгүүл зүйн салбарт ёс зүй төлөвшүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зорилготой байгууллага.

Хэний байгууллага вэ гээд та нэлээд сонирхолтой, нухацтай хэлбэрээр асуултаа тавьчихлаа. Би уг нь уламжлал ёсоор Хэвлэл мэдээллийн зөвлөл нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэдэг талаас нь хариулах гэтэл таны асуултад арай дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай болчихлоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийг би цаашид Хэвлэлийн зөвлөл гэж ярья. Учир нь манай дүрэмд ингэж товчилно гээд заачихсан байгаа. Энэ нэрээр одооноос ярьж бичиж хэвшүүлэх хэрэгтэй байх. Нэг талаас нь харвал Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүл зүйн салбарын байгууллага мэт харагдаж байгаа.

Нөгөө талаас нь харвал зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын байгууллага биш, мэдээлэл хэрэглэгч, хүртэгч монгол хүн бүрт хамаатай, тэдний эрх ашгийг хамгаалах маш өргөн хүрээний үүрэг, зорилго бүхий байгууллага гэдгийг онцолмоор байна.

-Хаанаас санхүүждэг, хэдэн төгрөгийн санхүүжилттэй вэ?

-Ажлын албаны зардлын хувьд төсөрхөн, хоёр гурван хүнтэй төрийн бус байгууллагын л жишгээр ажлаа явуулж байгаа.

Гэвч Хэвлэлийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын цоо шинэ байгууллага, манай оронд төдийгүй ардчилал өндөр хөгжсөн орнуудад ч амаргүй зам туулж, ихээхэн цаг, хөрөнгө, хүчин чармайлтын үр дүнд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, үйл ажиллагаа нь тогтмолжин, хөл дээрээ босдог юм байна.

Манай улсын хувьд олон жил яригдаж, удтал дуншиж байж байгуулагдсан энэ байгууллагыг хөл дээр нь босгоход ихээхэн хүч хөрөнгө шаардагдах нь ойлгомжтой. Зөвхөн ажлын албаны урсгал зардалд 70 орчим сая төгрөг зарцуулагдах тооцоо гарч байна.

Гэтэл цаана нь Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, нийгэмд таниулж сурталчлах, Удирдах зөвлөлийн болон ёс зүйн хороодын гишүүдийг сургах, туршлага судлуулах, гадаад, дотоод харилцаагаа хөгжүүлэх гээд хойшлуулшгүй олон ажил санхүүжилт хүлээж байна.

Энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх үүргийг Удирдах зөвлөл хүлээдэг. Анхны жил Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн хандив дэмжлэг, менежментийн үйл ажиллагаагаар урсгал зардлаа чадан ядан санхүүжүүллээ.

Олон улсын практикт салбарын болон дэмжигч байгууллагуудын хандив, дэмжлэг, улсын төсвийн санхүүжилт, гадаад, дотоодын иргэд, байгууллагын хандив, дэмжлэг, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, санхүүжилт гэсэн дөрвөн гол эх үүсвэрээс бүрдүүлдэг юм байна.

Одоогоор бид санхүүжилтийн эхний хоёр хэлбэрийн эх үүсвэрийг хараахан олж чадаагүй байна.

Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын Хэвлэлийн зөвлөлийг байгуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, сургалт семинар зохион байгуулахад Германы “Дойче Велле” академи, Фридрих Эбертийн сан, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар, Босни Герцеговины Хэвлэлийн зөвлөл зэрэг олон улсын байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирснийг энд онцолъё.

Цаашид олон улсын байгууллагуудаас санхүүжилт, дэмжлэг туслалцаа авах, урт хугацааны санхүүжилтийн бусад найдвартай эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр Удирдах зөвлөл идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа.

-Гишүүнээр нь ямар хүмүүсийг хэзээ сонгосон юм бэ?

-2015 оны нэгдүгээр сарын 28-нд хуралдсан Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулах чуулганы төлөөлөгчдийн хурлаас Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын болон Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүн тус бүр 15, нийт 45 хүнийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүнээр сонгож, баталсан юм.

Удирдах зөвлөлийн даргаар “Монгол HD” телевизийн захирал Ч.Номин, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны даргаар хуульч, сэтгүүлч, доктор Ш.Сүхбаатар, Радио, телевизийн ёс зүйн хорооны даргаар МУБИС-ийн Сэтгүүл зүйн профессорын багийн ахлагч, доктор, профессор Ж.Батбаатар нар сонгогдон ажиллаж байна.

-Гомдол гаргахад төлбөр төлөх үү. Хэвлэл мэдээллийн байгууллага буруутай гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд гомдол гаргагчид мөнгөн төлбөр гаргаж өгөх үү?

-Гомдол хүлээн авахдаа ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Хэвлэлийн зөвлөлийн Ажлын алба гомдлыг бичгээр хүлээн аваад харьяалагдах ёс зүйн хороонд шилжүүлнэ. Ёс зүйн хороо хуралдаж, шийдвэрээ гаргадаг.

Ёс зүйн хороо тухайн хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйн зөрчил гаргасан, эсэхэд л дүгнэлт гаргана. Хэвлэлийн зөвлөл гомдол гаргагчид мөнгөн төлбөр гаргуулж өгөх үүрэг хүлээдэггүй. Үүгээрээ шүүхээс ялгаатай.

Харин шүүх хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн зөрчилд дүгнэлт гаргах боломжгүй. Түүгээрээ хэвлэлийн зөвлөлөөс бас ялгаатай гэж ойлгож болно.

-Хэвлэлийн зөвлөл ямар шийдвэр гаргадаг юм бэ?

-Ёс зүйн зөрчил гаргаагүйг мэдэгдэх, хэвлэл мэдээллийн байгууллага зөрчлөө өөрсдөө залруулсныг мэдээлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг дурдахгүйгээр зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг дурдаж зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх гэсэн дөрвөн шийдвэрийн аль нэгийг л гаргана.

Энэ шийдвэрүүд нь манай Монголын нөхцөлд их хөнгөн шийтгэл, анхааруулах сануулах төдий мэт боловч мэргэжлийн ёс зүйн талаасаа тийм хөнгөн шийтгэл биш л дээ. Манайхан юм л бол торгож, эдийн засгийн шийтгэлийн хөшүүрөг түлхүү хэрэглээд сурчихаж. Энэ талаасаа хариуцлага, шийтгэлийн цоо шинэ хэлбэр, ойлголтыг Монголдоо бий болгохын төлөө бид ажиллаж байна.

-УИХ-ын гишүүд, мөнгөтэй, эрх мэдэлтэй дарга, захирлууд нэр төрөө амандаа багтсан тоогоор үнэлээд сэтгүүлчдийг шүүхэд өгдөг. Шүүх сэтгүүлчийн тайлбар үгийг сонссон болоод л маш өндөр торгууль ногдуулдаг.

Монголын шүүх үнэний талд биш, эрх мэдэл, мөнгөний талд үйлчилдэг гэхэд нэг их хилсдэхгүй. Ийм нөхцөлд сэтгүүлчдийг шүүх, яллах бас нэг байгууллага бий болчихлоо. Энэ шударга зүйл мөн үү?

-Сэтгүүлчдийг буруутган, өндөр торгууль ногдуулдаг тухайд шүүх байгууллагыг шууд буруутгах бас хэцүү. Тэд хуулийн хатуу заалтыг үндэслэн шийдвэрээ гаргадаг. Гэтэл тэр хуулинд нь сэтгүүлчдийг бусад салбарын хүмүүсээс өөрөөр авч үзсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Иймээс асуудлын гол нь шүүгчид биш, хуулиндаа байна гэж үзэх үндэстэй.

Сэтгүүлчийн өдөр тутмын ажил нь байнгын эрсдэл дагуулж байдаг. Мэргэжлийн энэ онцлогийг хууль эрх зүйн хүрээнд зөв зохицуулахын тулд дэлхийн олон улс оронд, ялангуяа ардчилал өндөр хөгжсөн орнуудад media council буюу хэвлэлийн зөвлөл байгуулах зайлшгүй шаардлага урган гарсан байна.

Энэ чиглэл олон оронд амжилттай хөгжиж, иргэдийн мэдэх эрхийг хангах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хэвлэлийн зөвлөл бол шүүх байгууллага биш, сэтгүүлчдийг яллах байгууллага бүр ч биш.

Харин сэтгүүлчдийн сайн дурын үүсгэл санаачилгын үндсэн дээр байгуулагдсан, салбарын өөрийн зохицуулалтын байгууллага юм.

Мэргэжлийн сэтгүүл зүйд ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж, хэвшүүлэх замаар сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагыг мэргэжлийн алдаа гаргах, улмаар шүүхэд дуудагдаж өндөр торгууль шийтгэлд орохоос сэргийлэх, сануулах зорилготой, өвөрмөц онцлогтой байгууллага.

-Хэвлэлийн зөвлөлийн шийдвэр нь эрх зүйн хувьд хэр чадамжтай вэ. Хэрвээ Хэвлэлийн зөвлөл шүүхэд дуудагдвал яах вэ?

-Хэвлэлийн зөвлөл нь нээлттэй, чөлөөт сонгуулийн зарчмаар салбарынхаа бүхий л төлөөллийг өөрийнхөө бүтцэд багтааж чадсан учраас эрх зүйн хангалттай чадамжтай Монгол Улсын хуулийн этгээд юм.

Тэгэхээр тус байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь салбарын хэмжээнд дагаж мөрдөхөд бүрэн чадамжтай гэсэн үг.

Хэвлэлийн зөвлөлөөс олон улсын жишиг, хэм хэмжээнд боловсруулан, баталсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг өнөөдөр орон даяар мөрдөж байна.

Монгол Улсын хуулийн нэг этгээдийн хувьд Хэвлэлийн зөвлөл хуульд захирагдана. Шүүхэд дуудагдаж болно.

Гэхдээ Хэвлэлийн зөвлөл сайтар боловсруулж баталсан, олон улсын жишигт нийцсэн ёс зүйн зарчим баримтлан, үйл ажиллагаа явуулдгаас гадна тус зөвлөлд Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдэг сэтгүүлчид, хуульчид, удирдагчид сонгогдон ажилладаг тул шүүхэд учиргүй дуудагдана гэж бодохгүй байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ёс зүйн алдаа гаргажээ гэсэн дүгнэлт Хэвлэлийн зөвлөл гаргалаа гэж бодъё. Гомдол гаргасан тал тэр дүгнэлтийг барьж шүүхэд очоод “Харж байна уу, үүнийг.

Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл алдаа гаргасныг Хэвлэлийн зөвлөл нь тогтоочихлоо. Одоо би хохирлоо гаргуулж авмаар байна” гэх болно.

Нэг ёсондоо Хэвлэлийн зөвлөл шүүхэд ямар ч үнэ хөлсгүйгээр дүгнэлт гаргаж өгдөг, шүүхийн анхан шатны байгууллага болж хувирах юм биш үү?

-Таны энэ асуултад хариулахын тулд Хэвлэлийн зөвлөл гэдэг байгууллагын мөн чанар, үүсэж бий болох нийгмийн шаардлага, шалтгааны тухай ярих болж байна. Хэвлэлийн зөвлөл бол ардчилсан нийгмийн хөгжлийн замыг сонгосон орнуудад л байдаг, яригддаг зүйл гэдгийг юуны урьд хэлмээр байна.

Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал. Иргэний мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх тэр эрхийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хэрэгжүүлдэг.

Тэгвэл тэр иргэний эрхийг хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж яваа сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийнхнийг алхам бүрт нь буруутгаж, шийтгэж торгоод байвал энэ ажлыг хэн хийх вэ? Нөгөө иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бодит байдал дээр хэрэгжих үү гэсэн асуулт гарч ирнэ.

Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа маань дөнгөж эхэлж байгаа тул хууль эрх зүйн зохицуулалтын зарим асуудал манай улсад одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг хэлье.

Чухамдаа таны асуултад хариулт олохын тулд, энэ харилцааг хууль эрх зүйн хүрээнд зөв зохицуулахын тулд л Хэвлэлийн зөвлөлийг байгуулах бодит үндэслэл урган гарсан төдийгүй улам боловсронгуй болох зайлшгүй шаардлагатай байгаа.

Тэгэхээр мэргэжлийн ажлаа хийх явцад сэтгүүлчийн гаргасан алдаа, зөрчлийг эрүүгийн хуулиар, шүүхээр шийдвэрлэдэг практикаас аажмаар татгалзах, үүний оронд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх замаар өөрийн зохицуулалтын байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэх чиглэл рүү дэлхийн олон орон явж байна.

Эргээд таны асуулт руу оръё. Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлт шүүхэд нотлох баримт болчих юм биш үү гэж. Нэгдүгээрт, Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримт болгохыг хориглосон заалт манай дүрэмд орж ирж байгаа.

Хоёрдугаарт, Хэвлэлийн зөвлөлийг албан ёсоор хуульчлах асуудал Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийн шинэчилсэн найруулгад орсон байгаа. Гуравдугаарт, гомдол гаргагч шүүх, Хэвлэлийн зөвлөлийн аль нэгийг нь сонгож гомдлоо гаргах хуулийн зохицуулалт цаашдаа хийгдэх байх.

-Одоо дэлхий дээр манайх шиг хэвлэлийн консултай улс хэд байдаг вэ. Тэдгээр улсын шүүх нь Хэвлэлийн зөвлөлтэйгөө хэрхэн зэрэгцэн ажилладаг юм бол?

-Европын хэвлэлийн зөвлөлүүдийн холбоо гэж байгууллага бий. Тус холбооны мэдээллээс харахад одоогоор дэлхийн 70-аад улс Хэвлэлийн зөвлөлтэй болжээ. Хэвлэлийн зөвлөлийн асуудал төгс шийдэгдчихсэн орон гэж байхгүй.

Их, бага хэмжээгээр зөв гарц, шийдэл олохын төлөө эрэл хайгуул хийсээр, урагшилсаар байгаа дүр зураг харагддаг. Ардчилалд төгс шийдэл, эцсийн хүрэх цэг байхгүйтэй адил Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа бол тасралтгүй үргэлжлэх, улам боловсронгуй болох процесс юм.

Шүүх, Хэвлэлийн зөвлөл хоёр зэрэгцэн орших гэхээсээ илүү өөр өөрийн үүрэг, зорилготойгоор улам боловсронгуй болж, тус тусдаа хөгжиж төлөвшинө гэж ойлгож байгаа.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга