ГАЛ ТҮЙМЭРТ НЭГ ХҮН УГААРТАЖ, НЭГ ХҮН АМИА АЛДАВ

2016 оны 02 сарын 19

Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд хоёр объект шатаж, хоёр айл орон гэргүй болсноос гадна нэг хүн амиа алдаж, нэг хүн угаартлаа. Баянзүрх дүүргийн XXI хороонд Жамсран уулын өврийн гудамжинд 17-ны 20.44 цагт дөрвөн ханатай гэр, эд зүйлс шатах үед дотор нь байсан 44 настай эрэгтэй угаартсан байна.

Уг дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн найман аврагч очин, дээрх хүнд анхны тусламж үзүүлээд, нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн V хороонд 18-ны 00.25 цагийн үед зуны байшин шатсан байна. Энэ үед уг байшинд унтаж байсан эмэгтэй амиа алджээ. Галыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн найман албан хаагч унтраах үеэр хүний цогцос гарч ирсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм байна.

Мөрдөн байцаалтын явцад талийгаач 48 настай Т гэх эмэгтэй, Чингэлтэй дүүргийн IX хороонд оршин суудаг болохыг тогтоосон аж. Уг эмэгтэй галд өртөж амиа алдав уу, өөр шалтгаан байв уу гэдгийг тогтоохоор цагдаа нар шалгаж буй бол галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж буй.

Мөн өчигдөр өдөр Баянгол дүүргийн XVI хорооны нутагт орших 60 айлын хоёрдугаар байранд гал гарлаа. Энэ тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 13.23 цагт иржээ.

Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн I, II тасаг очиж, таван давхар байшингийн нэг айлд эд зүйл шатаж байсан аж. Галын утаа угаар тэр байранд тархсан, иргэд угаартах эрсдэлтэй тул гал сөнөөгчид тэнд байсан 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг яаралтай гаргаж, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалжээ.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга