Сурагчдад сар бүр, эцэг эхчүүдэд улирал бүр Замын хөдөлгөөний дүрэм заахаар болов

2016 оны 01 сарын 28

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эргэн тойронд гарч буй зам, тээврийн ослыг цөөлөх, хүүхдийг ийм ослоос сэргийлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар нийслэлийн Боловсролын газрын дарга энэ сарын 26-нд албан даалгавар гаргалаа.

Ингэснээр сургуулиуд эргэн тойрон дахь машины зогсоол, зам, гарцыг хүүхдэд аюулгүй байлгаж, самбар байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээ авах үүрэг хүлээв.

Мөн 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад анхаарч, сургууль, цэцэрлэгийн дотоод журам болон багш, эцэг эх, захиргааны гурвалсан гэрээнд тусгахаар болж байна.

Үүний зэрэгцээ багш нар 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч хэвших нь. Бас нэг авууштай зүйл нь сурагчдад сар бүр Замын хөдөлгөөний дүрэм заах юм байна.

Уг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад насных нь онцлогт тохируулан, Замын хөдөлгөөний дүрэм заахаар 2010 онд ЗЦГ, нийслэлийн Боловсролын газрын дарга нар хамтарсан тушаал гаргасан ч хэрэгжээгүй.

Харин одоо л ажил хэрэг болж магадгүй нь. Энэ хичээлийг зөвхөн сурагчдад бус, эцэг эхчүүдэд ч улирал бүр заахаар уг даалгаварт тусгажээ. Учир нь уг дүрмийг мэддэггүй, хүүхдэдээ буруу үлгэр дуурайл үзүүлдэг эцэг эх цөөнгүй бий.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга