Өргөст торонд өрлүүлсэн цагаан зээр өр өвтгөнө

2016 оны 01 сарын 27

Өр өвтгөх юм энэ хорвоод мундахгүй юм. Яг л шоронгийнх шиг өргөстэй, харахад намхан ч харайхад өндөр тор. 1949 оноос хойш Монгол орон Айраг-Бор-Өндөр, Багахангай-Багануур, Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн зэрэг салбар зам байгуулсаар 1815 км урт төмөр замтай болжээ. Өргөст торон хашааны нэг талын урт үүнтэй яг тэнцэнэ.

Орос, Хятадыг холбосон гол зам нь 1110 км. Энэ замын Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх 709 км хэсэг нь цагаан зээрийн хувьд эрлэгийн үүд болоод байна.

Зэрлэг амьтдын бэлчээр нутгийг хоёр хуваасан уг замыг сураггүй байхад цагаан зээр Дорнодын талаас Увсын хязгаар хүртэл дөрвөн цагийн аясаар дураар нүүн амьдардаг байж.

Гэвч төмөр зам Монгол оронд, монголчуудад хөгжил авчирсныхаа хажуугаар зээрэнд нутаг заасан цөллөг, торны зүүн талд үлдээсэн ялын тогтоол болжээ.

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судалгаа, шинжилгээний удирдагч Б.Бүүвэйбаатар 2002 онд Японы эрдэмтдийг Монголд ирж, цагаан зээр судлахад хамт явжээ.

Японы судлаачид 30 орчим зээрэнд сансрын дохиололтой хүзүүвч зүүн, байршил, нүүдэл хөдөлгөөнийг нь судлахад өвлийн улиралд зээр төмөр замын торонд сүлбүүлж үхсэн тохиолдол олонтаа давтагдсан байна.

Дохиололтой зээрний нэг нь ч төмөр замын өргөст торыг давж чадаагүй аж. Бэлчсэн газраар нь явж үзэхэд өргөст торонд орооцолдон, сүлбүүлж үхсэн 240 зээрийн сэг олджээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг хийсэн хүнийг л ийм торны цаана хорьж цагддаг атал галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд төмөр замыг бүхэлд нь өргөстэй төмрөөр хаших шаардлага юусан билээ.

Тор нь өргөсгүй байж болох л байлтай. Амьтан оруулахгүй гэсэн юм бол зээр, хонь малын толгой багтахааргүй хэрсэн, өргөсгүй тор байхад л болно биш үү.

Өргөст торонд орооцолдоод амь тавьчихсан цагаан зээрийн зургийг хараад “Байгалийн жам шүү дээ. Юун сүртэй юм” гэх хатуу сэтгэлт хүмүүн энэ хорвоод байгаа учраас өргөст тор өнөө хэр байсаар, БОНХАЖЯ, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг аль аль нь анхаарахгүй, анзаараагүй мэт өнгөрөөсөөр байна.

Өргөстэй торон завсраар зээр шургаж, дээгүүр нь харайж байна гэдэг бол энэ тор шаардлага хангахгүй хэрнээ амьтны амь шал дэмий бүрэлгэж буйн нотолгоо юм.

Өвсний сөл, цасны нимгэнийг даган, өдөрт 200 км хүртэл газар нүүдэллэж чаддаг энэ амьтан өнөө жил цас, зуднаас зугтаж явсаар Улаанбаатар хотын баруунтаа, Эмээлт хүртэл ирээд Төв аймгийн нутгаар урагш гаран, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар дайран, хилийн зүг нүүдэллэж явна.

Элчилгүй холын замд зээрийн сүрэг цуцахгүй ч гэлээ зун оройхон төрсөн янзага, арванхоёрдугаар сарын дундаас нэгдүгээр сарын дунд үе хүртэл шаргачин дагасаар ядарч туйлдсан цэнхэр ооно голдуу амьтан өргөстэй торонд тамлуулж, хурдан машины дугуйн нөхөөс болж байна.

Өргөст торон дундуур үйл тамаа үзэн зүтгэсээр арай чүү амьд гарлаа ч өрөөсөн хөлөө алдсан, тэртэй тэргүй үсгүй шахам нимгэхэн арьсаа өм цөм урсан, гэдсээ хүү татсан өрөвдөлтэй амьтас цагт дунджаар 70 км хурдлан, дөрвөн туурынхаа хүчээр амиа тээж явдаг сүргээ яахин гүйцэх вэ дээ.

Сүүдрээс нь хүртэл үргэн цочдог тас, элээнд нүдээ бүлтэгнүүлэн байж амьдаараа идүүлэх ямар гээч цээрлэлийг хүмүүс бид түүнд онооно вэ. Төмөр замаа өргөсгүй тороор хашсан бол ядаж хэдэн зээрийн амийг ийм ялаас хэлтрүүлэх байлаа.

Цагаан зээр, бүсгүй хүн хоёр нутаггүй л гэдэг. Бүсгүйчүүд өнөө цагт нутагтайгаар барах уу, юм юмтай болсон. Цагаан зээр л хөөрхий цахилсаар, царайчилсаар үлджээ. Амтархан идэх хялгана, шаваг ахиухан ургалаа гэтэл түймэр хуйхалчихна.

Өнгөрсөн зун Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт дэгдэн, олон хоног үргэлжилсэн хээрийн түймэрт хамгийн их хохирсон нь үнэндээ зээр.

Зам ангийн найман машин, хэдэн айлын өвөлжөө үнс нурам боллоо, гурван хүн түлэгдлээ гэж л тоолсон болохоос үнэндээ амьдаараа зулын гол болсон зээрийг тоож анзаарсан нь үгүй. Тэдний төлөө хүүе гэж хашгирах хүн хэдэн биологичоос өөр байхгүй.

Гаднаа 1000 малтай, гэртээ мянгат малчин, сум, аймаг, улсын сайн малчин гэсэн шагнал урамшуулал өрчихсөн айл хоттой хониноосоо ганцыг нядлаад хүнсэндээ хэрэглэхгүй хэрнээ зээрийн гулууз амбаартаа хураачихсан байдаг.

“Хонины сүүл, адууны өөхөөр хачирлаад идшинд хэрэглэчихдэг юм” хэмээн хээвнэг суух ийм хүмүүс л зээрийн сүргийг хүйс тэмтэрч, хэзээ ч, хэнд ч өгөхгүй малаа өөрөөсөө хүртэл харамлан өсгөдөг. Зээрийн сүргийн гол дайсан нь 2000 оноос өмнө буутай цэрэг байсан бол одоо мянгат малчид.

“Тал дүүрэн бэлчих цагаан зээрийг ажихад газар хөдөлж байх шиг санагддаг байсан” гэх өвгөдийн дурсамж түүхэнд үлдэв. 1970 онд манай улс 22.5 сая малтай байх үед цагаан зээр таван сая байлаа. 1994 онд “АН-2” онгоцоор Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын нутагт нэгэн зэрэг тооллого хийхэд 2.5 сая зээр тоологджээ. Тэр үед Монгол 26.8 сая малтай болоод байв.

Үүнээс гуравхан жилийн дараа 1997 онд автомашинаар тоолоход зээрийн сүрэг 500 мянгаар хорогдож, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн нутагт хоёр сая зээр үлдсэн байсан бол малын тоо эсрэгээрээ 4.4 саяар нэмэгдэн, 31.2 сая болжээ.

Мал сүрэг 44 саяд хүрсэн 2009 онд БОАЖЯ, Дэлхийн банк, Голландын Засгийн газрын “Nemo-2” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс зохион байгуулсан үнэлгээгээр 3.3 сая зээр бий гэсэн тооцоо гарчээ.

Сүхбаатар аймгийн мал сүүлийн 40 жилд хоёр дахин өссөн. Баруун-Уртынхан гэхэд 1970 онд ердөө 348 толгой малтай байсан бол 40 жилийн дараа 181 мянга болсон байв. Өнгөрсөн оны эцэст манай улсын мал сүрэг таван төрөл дээр өсөн, 56 саяд хүрлээ. Харин зээр хэд болсныг хэн ч мэдсэнгүй.

Хэнтийн Өмнөдэлгэр (436.3 мянга), Сүхбаатарын Баяндэлгэр (405.9 мянга) сум 2015 онд хамгийн олон мал тоолуулсан эхний таван сумын тоонд багтсан бол багуудаас Сүхбаатарын Баруун-Урт сумын VIII баг 252.5, Хэнтийн Баянхутагийн I баг 152.3 мянган малаар улсдаа тэргүүллээ.

Цагаан зээрийн сүргийг хилийн, төмөр замын өргөст тор луу шахаж байгаа энэ олон сая малыг идэх өвсгүй болж буй сургаар Засгийн газар тэрбум тэрбумаар нь мөнгө цацав. Татвар төлөгчдийн мөнгөөр 2011-2013 онд улсын нөөцөд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг үнэгүй, 2678 тонн тэжээлийг тал үнээр нь өгчихлөө.

Тэр их өвс, тэжээлийг бэлтгэхэд малчид ямар ч хувь нэмэр оруулаагүй. Учир нь тэд татвар төлдөггүй. Зуд болохоор зүгээр л авчихдаг. 2009 оны зуднаар ч тэгж л байсан, одоо ч хэвээрээ. Мал, малчин гэхээр өндөсхийдэг Засгийн газар зээр гэхээр манасхийдэг.

Зээр, мал хоёрын бэлчээр нэг учраас өвс, хужир тавьж өгөх боломжгүй гээд хөдөлдөггүй. Харин ч шүлхий тараасан гэж адлаад зээрийн сүргийг зүгээр л хүйс тэмтрэх гэж байсан удаатай. Зээрээс болоод шүлхий гарлаа гэж улайран дайрдаг малчид өөрсдөө л энэ амьтны нутгийг булаан, малаа оруулсан шүү дээ.

Дээрэм үүгээр дуусахгүй. Эр, тарганыг нь сорчлон агнасаар зээрийн сүргийн бүтцийг алдагдуулчихлаа. Өр өвтгөх юм үүгээр тогтохгүй. Зээртэй ижил зуднаас зугтсан малчид малаа оторлуулах гээд армаг тармаг цастай, арай дөнгүүр өвстэй газрыг түүнээс дээрэмдэж байна.

Энэ амьтны үзүүр нь дотогшоо эргэчихсэн хоёр эвэр таваг хоолны ч үнэ хүрдэггүй. Эврийг нь 8000 төгрөгөөр авч зардаг, цааш дамжуулдаг наймаачид хүртэл бий. Эзэндээ ямар ч хэрэггүй, сүр барааны ч нэмэргүй тэр эвэр хүний аминд орох эмийн найрлагад багтдаг юм гэнэ лээ.

Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигтийн боомтоор 2014 оны есдүгээр сарын сүүлчээр Дорнод, Сүхбаатарын иргэд зээрийн 8300 ширхэг хос эвэр гаргах гэж байгаад баригдаж байв. Үүний өмнөхөн Зүүн Хатавчаар 15600 ширхэг хос эвэр авч гарахаар завдсан хүмүүсийг тус боомтын гаальчид илрүүлсэн.

Монголын гаалиар нэвтрээд Хятадын талд баригдсан хэрэг. Ийм байдлаар манай гаалиар цагаан зээрийн хэчнээн эвэр гаргадгийг бурхан л мэдэх биз ээ. Энэ бол 23900 зээр хядсаны нотолгоо юм. 2009 оноос эхлээд нэг зээр агнах зөвшөөрлийг 100 мянган төгрөгөөр өгдөг болсон.

2014 онд 300, өнгөрсөн жил 150 цагаан зээр агнахыг Засгийн газар зөвшөөрчээ. Гэвч нэг зээр намнах зөвшөөрөл хэд болж үрждэг болоод хэдэн мянгаар нь хяддаг юм бол. Хууль бусаар ооно агнавал 500 мянга, шаргачин унагавал 550 мянган төгрөг төлүүлж, экологид учруулсан хохирлыг нь нөхүүлэхээр 2011 онд Засгийн газар 23 дугаар тогтоол гаргасан ч зээр хядагчид баригдана гэж бараг байхгүй.

Баригдвал экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр нугалж төлүүлэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлж торгох хуультай ч “Адилхан хулгайч юм чинь” гээд зүүн гурван аймгийнхан нэгнийгээ матна гэж үгүй.

Өчүүхэн муу өт хүртэл өөрийн гэсэн үүрэгтэй, илүү юм нэгээхэн ч үгүй энэ хорвоод бурхан цагаан зээрийг хялганат талын хөрс сийрүүлэгч, ургамлын тоос хүртээгч болгож бүтээжээ. Хялганат талдаа бол энэ амьтан цэцэгт нугын эрвээхэй л гэсэн үг.

Байгаль эх өөртөө хэрэгтэй гээд энэ амьтныг бий болгосон байхад адилхан л нэг бүтээл нь болох хүн бид харсаар байгаад хиаруулж болохгүй.

Орос, Хятад, Казахстанаар нутагтай байсан энэ өрөвдмөөр амьтан хааяа өвс, ус хайн урагш, хойш хил давдгийг эс тооцвол одоо зөвхөн Монголд үлджээ.

Хил гэж мэдэхгүй энэ амьтан ус, өвс хайсаар өнөө маргаашгүй Хятадын нутагт орно. Тэнд өнөө өргөст тор угтана, яана даа.

Х.БОЛОРМАА

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Б.ЛХАГВАСҮРЭН: Манай зээрийн сүргийн бүтэц алдагдаж, ооно цөөрсөн

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Б.Лхагвасүрэнгээс зарим зүйл тодрууллаа.

-Манай улс 2009 оноос хойш зээрээ тоолоогүй. Зээрийг хэдэн жилийн давтамжтай тоолох ёстой вэ. Одоо ер нь манайд хэдэн зээр байгаа бол?

-Өмнө нь агнуурын амьтдыг дөрвөн жил тутам улсын зардлаар тоолох ёстой гэж Ан агнуурын тухай хуульд заасан байсан. Одоогийн хуулиар аймгууд нь өөрсдийн зардлаар зээрээ тоолох ёстой.

Гэвч аймгууд зээр тоолох мөнгөө өөр зүйлд зарцуулсан нь дээр гэж үздэг юм билээ. Ингээд дунд нь орхигддог болсон гэх үү дээ.

2009 оноос хойш албан ёсоор тоолоогүй учраас улсын хэмжээнд одоо нийт хэчнээн зээр байгааг хэлж мэдэхгүй. Харин манай лабораторийнхон 2013 онд Дорнодын цагаан зээрийг тоолоход 900.000-1.000.000 орчим байсан.

Мөн 2014 онд Хэнтий аймгийн цагаан зээрийг тоолоход 250-300 мянга орчим гэсэн тоо гарсан. Зээр хаа сайгүй нүүдэллэж явдаг амьтан учраас энэ хоёрыг нэмээд нийт тоо толгойг нь гаргах боломжгүй л дээ.

Зээрийн тоо яах вэ. Хамгийн гол асуудал нь чанар. Өдгөө манай зээрийн сүргийн бүтэц алдагдаад байна. Махыг нь авах гэсэн хүмүүсийн шуналаас болж өнөөдөр оонын тоо толгой их цөөрсөн. Энэ нь цагаан зээрийн үржилд маш сөрөг нөлөөтэй.

-Зээрийн эврийг Хятад руу дамлан худалдахын тулд маш ихээр агнах болсон гэдэг. Ингэхэд зээрийн эвэр ямар эмийн түүхий эд болдог юм бэ?

-1970-аад онд манай эрдэмтэд зээрийн эврээс ядаргаа тайлах үйлчилгээтэй “Прокаприн” гэдэг эм гаргаж авсан юм билээ. Бугын цусан эврээс гаргаж авдаг эмийн бүтээгдэхүүнтэй ойролцоо төрлийнх бололтой байдаг.

Гэхдээ одоо хийхээ больсон. Хятадууд зээрийн эврээр дангаар нь эм үйлдвэрлэдэг гэсэн судалгаа, албан мэдээлэл байхгүй. Өөр түүхий эдтэй хольж, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж мэдэх юм.

-Орос, Хятад хоёр руу үргэж орсон зээрийг буцаалгүй, тэнд нь хашиж үлддэг гэдэг үнэн юм уу?

-Орос, Хятад, Монгол гуравт л цагаан зээр байдаг байсан. Хоёр хөрш маань одоо бараг зээргүй болсон доо. Манайхаас Орос, Хятад руу орсон зээрийг буцааж гаргадаггүй гэж хилчид ярьдаг юм билээ.

-Мал, зээр хоёр бэлчээрээ булаалдаж байна гэдэг. Таныхаар ийм нөхцөлд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Малын тоог хэт өсгөх хэрэггүй гэж би боддог юм. Малчид хэт олон малтай болох тусмаа зээрийг малын дайсан мэтээр үздэг болсон. Үнэндээ мал өсөж үржихийн хэрээр зээрийн бэлчээр рүү түрэмгийлж орсон дайсан нь юм шүү дээ.

Мөн бид уламжлалт мал аж ахуйгаасаа хөндийрч, намаржаа, өвөлжөө, хаваржаа, зуслан гэж нутаг сэлгэж нүүдэллэхгүй, нэг газартаа удаан суурьших болсон нь зээрийн нүүдэлд саад учруулж байна.

Ямар сайндаа бэлчээргүй, идэх өвсгүй болсон зээрийн сүрэг хот руу хүртэл орж ирж байх вэ дээ. Санаснаар болдог бол төмөр замын торон хашлагыг хүртэл авмаар байгаа юм.

Торон хашлага доторх өвсийг идэх гэж ороод, галт тэрэг, машин ирэхээр үргэж, гарч чадахгүй байсаар дайруулах нь дайруулж, торонд орооцолдон шархдах нь шархдаж, үхэж үрэгдэж байгаа нь туйлын харамсалтай.

Б.БАТ-ЭРДЭНЭ: Хамгийн хямд төсөр өртгөөр олддог нь л

энэ торон хашаа

УБТЗ-ын харьяа Замын III ангийн дарга Б.Бат-Эрдэнээс энэ асуудлаар тайлбар авлаа.

-Манай улс нийт хэдэн км урт төмөр замтай вэ. Тэр болгон бүгд төмөр торон хашлагатай юу?

-Манайх нийтдээ 1115 км урт төмөр замтай. Энэ зам хоёр талаараа төмөр торон хашлагатай.

-Төмөр замын өргөстэй торон хашлагад цагаан зээр, мал орооцолдон шархдах, үхэх тохиолдол их гардаг.

Гадаадын орнуудад бол ан амьтдад зориулж, төмөр замын дундуур хонгил болон гүүрэн гарц хийдэг гэсэн. Манайд тийм гарц, хонгил бий юү?

-Яг мал, амьтдад зориулсан гарц, хонгил гэвэл манайд байхгүй. Ийм гарц байхгүйдээ цагаан зээр төмөр замын торон хашлагад орооцолдон, шархдаж, үхээд байгаа юм биш.

Гол нь зээр бэлчээргүйдэж, идэх юм хайсандаа төмөр замын хашлага доторх өвс рүү улайрч ороод байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр цагаан зээрийн бэлчээрийн асуудлыг нэн тэргүүнд ярих учиртай байх.

Уг нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтдыг болзошгүй ослоос хамгаалах үүднээс төмөр торон хашлага хийдэг юм.

Харамсалтай нь, дээрх торон хашлага руу мал, амьтан орж, сүйдэх тохиолдол мэр сэр гарсаар байдаг. Энэ байдлаас гарахад хаана хаанаа анхаарах хэрэгтэй.

-Төмөр зам дагуу татдаг тор заавал өргөстэй байх ёстой юм уу. Өргөсгүй, мал, амьтны толгой ч багтахааргүй жижиг нүхтэй сараалжин төмрөөр сольж болохгүй юү?

-Хамгийн хямд төсөр өртгөөр олддог нь л энэ торон хашаа юм. Сүүлийн үед зарим аж ахуйн нэгжийн хэрэглээд байгаа тийм сараалжин төмөр тор авна гэвэл одоогийн өртгөөс хэд дахин илүү гарна.

Төмөр замын дагуух зурвас газрын өвс рүү мал, амьтан орохын тулд торон хашлагыг эвдэх нь элбэг. Тиймээс торон хашлагыг байнга засаж, сэлбэх шаардлага тулгардаг.

Замын нэг ангид гэхэд л жилд 30 орчим тонн тор оруулж ирж, зарцуулдаг гэхээр үүнийг хэд дахин нугалбал бүр илүү зардал гарна.

-Тэгвэл тэр торон доторх өвсийг байнга хадаад авчихдаг болбол мал ч, зээр ч тийшээ орж үхэж үрэгдэхгүй юм биш үү?

-1115 км урт төмөр замын хоёр талын өвсийг байнга хадаад байх хүн хүч, хөрөнгө мөнгө ч манайд хомс. Зам ангийнхан намар зурвас газрын өвсөө боломжийн хэрээр хаддаг л юм. Гэхдээ бүгдийг нь тогтмол хадах боломж манайханд үнэхээр байхгүй.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 tor tatna, gedeg, ters tusmaa URGUSTEI TOR tatah ni hooson buguud yaduu hunii zan yum daa, aldah yumgui baij l tog, tsooj bolood amitan alj, nugel huraagaad baih. uursduu zeer bolj turuud ijil zovlon tuulah tavilan irj yu magad. ene tor tatuulsan hunii nuruu ni arzaij baiga baih daa.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга