Загастайн давааг засаж эхэллээ

2015 оны 10 сарын 25

Завхан аймгийг 2014 он гэхэд Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ёстой байв. Энэ чиглэлд зам тавих тендерт “Тэнгэр уул” компани шалгарч, 2013 онд ажлаа эхэлсэн ч дорвитой ажил хийгээгүй тул Зам, тээврийн яамнаас тус компанитай байгуулсан гэрээг цуцалж, энэ жил дахин тендер зарлахад “Насны зам” компани шалгарч, наймдугаар сарын 15-нд гэрээ байгуулжээ. Туслан гүйцэтгэгчээр нь Хятадын “Чайна жиангу жинада констракшн” компани ажиллаж, 55 км зам тавилцах бол үлдсэн 12 км замыг ”Тэнгэр уул” ХХК  гүйцэтгэхээр  болсон юм байна.

Алдархаан, Идэр, Яруу сумын нутаг дэвсгэр дэх Загастайн даваа орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Зам, тээврийн сайдын тушаалаар аравдугаар сарын 8-наас хааж, “Насны зам” ХХК даваан дахь хавцалтай зургаан км замд тэсэлгээ хийж, хад чулууг нь янзалж байна. Харин өчигдрөөс Загастайн давааг засаж эхэллээ. Ирэх арванхоёрдугаар сарын 5-наас өмнө энэ давааг засан, ирэх жил зам тавихад бэлэн болгох аж. Үүнд шаардлагатай 27.4 тэрбум төгрөгийг 2016 оны улсын төсөвт суулгахаар төлөвлөсөн байна. Уг замыг хоёр сарын хугацаагаар хаасан тул хот хоорондын зорчигч тээврийн автобуснуудыг Алдархаан сумын нутаг дахь Доной-Сайрын дөрөлж-Цахирын дөрөлж-Зүйлийн төв-Яруу сум-Дахтын даваа-Тэлмэн сум-Улаанбаатар гэсэн маршрутаар явуулж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга