www.mongoliax.mn ёс зүйн алдаа гаргасныг Хэвлэл мэдээллийн зөвлөл тогтоолоо

2015 оны 10 сарын 25

www.mongoliax.mn сайт энэ оны есдүгээр сарын 8-нд “Халхын шоронгийн хаан Нямлхагва өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь” хэмээх нийтлэлдээ огт хамаагүй иргэний зураг байрлуулснаараа ёс зүйн алдаа гаргасныг Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн пүрэв гаригийн хурлаараа тогтоолоо. Тус сайт хүний зургийг нягтлалгүй нийтэлсэн нь өөрийг нь дээрэм тонуул, зандалчлах гэмт хэргээр олон жилийн ял авсан, Авдрантын шоронд гэмт хэрэг үйлдсэн мэтээр нийтэд ойлгогдож, улмаар нэр хүндэд нь халдаж, гүтгэн доромжилсон үйлдэл хэмээн иргэн Н Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандсан юм.

Харин www.mongoliax.mn сайтынхан “Хүссэн хэрэглэгч фэйсбүүк эрхээрээ манай сайтад мэдээлэл оруулдаг флатформын хэлбэрээр бүтээгдсэн учир хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд манай сайт хариуцлага хүлээхгүй. Бид зөвхөн хэрэглэгчийн нийтэлсэн мэдээллийг нягтлан засах эсвэл устгах эрхтэй. Энэ тохиолдолд манай сайт шаардлагатай гэвэл залруулга нийтэлж болно” гэсэн тайлбарыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн болно. Улмаар тэд зургийг нь сольсноос өөр ямар нэгэн үйлдэл одоогоор үзүүлээгүй байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо уг иргэний гомдлыг үндэслэлтэй хэмээн үзээд, тус нийтлэл нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын нэг дэх заалт буюу “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлээ. Энэхүү дүгнэлтэд үндэслэн “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ын дагуу тус сайтын нэрийг дурьдаж, зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх шийдвэр гаргасан юм гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ажлын албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга