БИТГИЙ ДАВАР

2015 оны 10 сарын 22

Оюутнаас оюунтан төрдөг байлтай, манай оюутнуудаас шантаажчид төрөөд байх юм. Хуруу хумсаа хуйхлан байж их, дээд сургуульд илгээсэн, эрдмийн их далайгаас шүр, сувд шүүрдэж яваа гэж их итгэл хүлээлгэсэн хүү, охин тань хаана юу хийж явааг ижий аав та мэдэж байна уу.

Номын санд суугаа, нойр хоолоо хагаслан хичээлээ давтаж байгаа гэж бодож байна уу. Үгүй дээ, Чингисийн талбай дээр суулт зарлаж, эрх баригчдыг шантаажилж суугаа. Эрдэм ном биш, “хор найруулах” гэдэг муу аргад суралцаж яваа. 1990-ээд оны оюутнууд Ардчилсан хувьсгалд оролцож, ардчиллын төлөө өлсгөлөн зарлаж явсан гэж сайрхдаг.

Түүнээс хойш 20 жил өнгөрөхөд оюутнууд бас л өлссөн хэвээрээ. Харамсалтай нь бусдын сайн сайхны төлөө биш, амин хувийнхаа эрх ашгийн төлөө шүү. 25 жилийн өмнөх оюутнууд өнөөгийн оюутнуудад ардчилсан эрх чөлөө авчрахын төлөө өлсөж явсан бол одоогийн энэ нөхөд сургууль, цэцэрлэгийн дүү нарынхаа унааны мөнгийг булаацалдаж сууна.

Намрын намарт их, дээд сургууль, коллежууд дунджаар 178 мянган оюутан хүлээн авдгийн 113 мянга нь автобус, троллейбусаар үнэгүй зорчих карт нэхдэг. Юм л бол жагсана, өлсөнө гэж айлгадаг Монголын оюутны холбоо (МОХ) гэх төрийн бус байгууллагын хийдэг ганц ажил нь тэрхүү картыг банкнаас авч, тараах.

Сурсан дадсанаараа энэ холбоо өнгөрсөн хавар хичээл тарах үеэр оюутнуудаас захиалга авч, 64 мянган карт хэвлүүлжээ. Харин нийслэлийн Тээврийн газар өнгөрсөн зун Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийж, хөгшин хөвөөгүй бүгд мөнгөө төлж зорчих системд шилжүүлсэн. Энэ бол гэнэтийн юм биш.

2014 оны намар нийтийн тээврийнхэн автобусны маршрутыг богиносгон, өдрийн турш 500 төгрөгөөр зорчих тасалбар гаргаж, туршсан. Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийнэ гэдгээ тэр үед ч мэдэгдэж байлаа. Үүнийг оюутнууд ч мэдэж байгаа. Мэдсээр байж Монголын оюутны холбоо 64 мянган оюутан тус бүрээс 8900 төгрөг хураан авч, 569 сая төгрөгөөр смарт карт хэвлүүлсэн болж таарав.

Эрдэм номд шамдах үнэт цагаа үрж, “Оюутнуудад өдөржин үнэгүй зорчих эрх өгөхгүй бол нийслэлийн удирдлагууд огцор” хэмээн улстөржиж суугаа оюутнуудыг дахин бүү давраа. Хэрвээ тэдэнд хүсээд байгаа зүйлийг нь өгвөл оюутнуудын саналыг автобусны картаар худалдаж авлаа гэж ойлгогдоно.

БСШУЯ, нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, МОХ харилцан зөвшилцсөнөөр 8900 төгрөг гэдэг тоог гаргаж ирсэн гэнэ. Смарт карт хэвлүүлэх, тараах зардал, дээр нь наах хуулганы үнэ, оюутны даатгал нийлээд ийм үнэтэй болсон аж.

Оюутнуудад энэ картыг нь тараагаад өгчихсөн болохоор асуудалгүй. Түүнийгээ автобус, троллейбусны жолоочид үзүүлэн, оюутан гэдгээ нотлох баримт болгон ашиглаж байгаа учраас мөнгөний гарзгүй. Тэгсэн хэрнээ яагаад МОХ оюутнуудыг өгдөөн суулт, өлсгөлөнгөөр далайлгана вэ. Хүн бүр “U money” картаар зорчиж байхад оюутнууд олноос онцгойрч, смарт картаараа явах гээд байгаа ч юм шиг.

Эсвэл 3600 төгрөгөөр “U money” карт худалдаж авахаас гар татаад ч байгаа мэт. Барьсан гар утас, бааранд өгдөг мөнгө, өмссөн пүүзийг нь харвал оюутнууд ийм мөнгөн дээр голоо цохих улс биш.

Явж явж хамаг учир МОХ-нд байна. Смарт карт захиалсан оюутан бүрээс 600 төгрөг авч, 150-ийг нь карт тараасны хөлс болгож, их, дээд сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүнд өгдөг гэнэ. 450-ийг нь яадгийг бурхан л мэдэх байх.

Улаанбаатар дахь олон мянган оюутны өмнөөс МОХ тэмцэл зарлаж, Чингисийн талбай дээр чичирч суугаагийн гол зорилго нь автобусаар дураараа тэнэх. Оюутнууд автобуснаас автобус дамжин, дэнгийн эрвээхэй шиг тэнүүчилж, найз нөхөд, нутаг нугын танилууд, оюутны байр, хамаатан садныхаараа хэсүүчилж явдгийг бүгд мэднэ.

Айлд, гэртээ амьдардаг оюутнууд бусдын зараалд байнга явдаг. Автобусанд мөнгө төлдөггүй болохоороо тэд ингэж хээрийн салхи шиг хэсүүчилж, халааснаасаа мөнгө гаргадаггүй болохоор нь тэднийг хүмүүс юманд зардаг юм. Үүнийг бүгд мэднэ.

Нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, харж үзлээ гээд тэд эрдэм номонд гэгээрч гийгүүлээгүй, харин ч улам бэртэгчин болсоор байна. Санчгандаа сортой буурал дэргэд нь зогсож байхад чихэвч зүүчихээд буруу харчихдаг, жаахан хүүхэд тэвэрсэн эмэгтэй ороод ирэхэд унтаж байгаа дүр үзүүлээд нүдээ аньчихдаг, сургууль, цэцэрлэгийн жаалуудыг хөөж босгоод өөрөө тухалчихдаг хөгийн амьтад бол оюутнууд.

Өөрөө хүүхэд байгаагүй юм шиг, удахгүй хүүхэдтэй болохгүй юм шиг, өтөл насны хажуугаар өнгөрөөд гарах юм шиг тэнэглэдэг мунхгууд бол тэд. Хоёр хөлтэй, хохимой толгойтой л болохоос хүний үнэргүй тэдэнд өдөрт хоёр удаа автобусаар үнэгүй явах эрх олгох ёсгүй байсан юм.

Биднийг оюутан байхад автобусны билет гэх алгын чинээ цаас арын хаалгатайд нь атгагдаж, бусдад нь сураг л сонсогддог байв. Түүгээр хоёр л чиглэлийн автобусанд суух эрхтэй. Тухайлбал, А-10, Т-8 гэж билет дээрээ бичээд 10 дугаарын автобус, наймдугаар чиглэлийн троллейбусанд л сууна. Одоогийнх шиг дуртайдаа сууж, харсан зүгтээ тэнэхгүй гэсэн үг.

Гэр нь сургуулиас хэт хол, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 8000 оюутан л автобусаар үнэгүй зорчдог байсан бол 2011 оноос 96 мянга болгож тоог нь огцом нэмээд зогсохгүй, ажлын тав хоногт цаг, чиглэл харгалзахгүйгээр үнэгүй явах эрх олгосноор оюутнууд толгой дээр гарч суусан түүхтэй.

Цадахаар цагаан хурганы сүүл хатуу гэгчээр тэд “U money” картаар өдөрт хоёр удаа үнэгүй зорчиж буйгаа “Гэрээсээ гараад сургууль руугаа нэг дөх, хичээл тараад гэр лүүгээ нэг удаа дөх гэлээ” хэмээн чамлаж байна. Бас “Карт авахын тулд оршин суугаа газраасаа хорооны тодорхойлолт авчир гэлээ. Чадахгүй” хэмээн адарч сууна. Чадахгүй бол үнэгүй зорчуулах алба бас үгүй.

Эрдэм номд шамдах үнэт цагаа үрж, “Оюутнуудад өдөржин үнэгүй зорчих эрх өгөхгүй бол нийслэлийн удирдлагууд огцор” хэмээн улстөржиж суугаа оюутнуудыг дахин бүү давраа. Хэрвээ тэдэнд хүсээд байгаа зүйлийг нь өгвөл оюутнуудын саналыг автобусны картаар худалдаж авлаа гэж ойлгогдоно. Яг үнэндээ оюутнуудыг ийн хэлээ хазлан, элдэв суулт, өлсгөлөн, тэмцэлд сургасан буруутан нь улстөрчид өөрсдөө.

Оюутнууд бол сонгогч гэж харж буруу эрхлүүлсээр, өнөөдүүл нь сонгууль хаяанд ирчихсэн ийм үед бидний шаардлагыг хүлээж авахгүй хаачих юм гэсэн шиг “Огцор”, “Бидний асуудлыг шийд” хэмээн толгой дээгүүр, том дуугаран, шантаажилж явна.

Өдөрт хэд хэдээрээ авто осолд өртөн, амиа алдаж, эрэмдэг болж буй сурагчдыг хамгаалахаар Монголын сурагчдын холбоо эрвийх дэрвийхээрээ ажиллаж, сургуулийн цагдаа хүртэл бий болгоод явж байхад бэлгийн замын халдварт өвчиндөө баригдсан, үр хөндөлтийн тоог урьд хожид үзэгдээгүйгээр ихэсгэсэн, гашуун ус, хар өвсөнд толгойгоо мэдүүлсэн, хормойдоо салхитай, хөнгөн явдалтай оюутнуудаа залж татаж авах ямар ажил хийж байна, МОХ.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй ийм айхтар гамшгийн үүр уурхайг цэвэрлэхийн оронд автобусаар өдөржин үнэгүй зугаалах эрх нэхэж суухаас ичдэг ч болоосой. Хөнгөмсөг оюутнуудад хөл залгуулж ирсэн нийтийн тээврийнхний буруу ч үүнд байж мэднэ. Битгий давар гэж оюутнуудад одоо хэлж сур, улстөрчид өө.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 Битгий давар. Иймхэн юмны төлөө өлсгөлөн зарлаж, Монголын оюутнуудын нэрийг гутаасан МОХ-г шинэчлэх цаг болж.
202.131.230.221 Дэлхийн аль ч улс оронд байдаг зарчмаар мөнгөө төлөөд л зорч л доо
49.0.188.246 энэ сэтгүүлч арай дэндүү харлуулах гэж мөн ч их хичээсэн байна. уг нь бол асуудалд бодитоор хандах үүрэгтэй баймаар. нэг оюутнаас хураасан 8900₮, 64 мян оюутнаас авсан нийт 569 сая ₮ -өөр карт хэвлүүлэхэд хэн нэгний хармааг түнтийлгээд харин карт нь одоо хэнд ч хэрэггүй эд болоод хэвтэж байгаа нь дуугүй өнгөрөх зүйл мөн үү? энэ хэвлүүлсэн карт нь бүтэн жил биш 1 семестр л автобусанд явах эрхтэй. өвөл нь дахиад л захиалдаг. тэгвэл энэ өвлөөс 1 сараас U money картаар явна гэж хэлж яагаад болоогүй юм бэ? нэгэнт хотын дарга нар хавар захиалга авахыг зөвшөөрсөн юм бол энэ хэвлүүлсэн карт, тэр оюутнуудаас хураасан 569 сая ₮ -ийн хохиролыг хэн барагдуулах вэ? тэр 569 сая ₮ хэний хармаанд орсон бэ? зуны 3 сарын турш оюутнуудын мөнгийг хэн эргэлдүүлж ашигласан бэ?
71.35.99.166 Ээж аав нь хувийн компанид үйлчилгээний ажил дундаж орон тоон дээр ажилладаг хотын унаган иргэдийн оюутан хүүхдүүд хэлмэгдэж байна ш дээ өдөрт 2 удаа явдаг аль ч хамаагүй картаа ядахдаа өгөөчээ
71.35.99.166 Ээж аав нь хувийн компанид үйлчилгээний ажил дундаж орон тоон дээр ажилладаг хотын унаган иргэдийн оюутан хүүхдүүд хэлмэгдэж байна ш дээ өдөрт 2 удаа явдаг аль ч хамаагүй картаа ядахдаа өгөөчээ
75.70.159.182 Yag unen bitgii davar.
183.81.169.58 манай оюутнууд улс орныхоо аюулгүй байдлын төлөө, авилгагүй монголын төлөө, шударга ёсны төлөө, төрөөс тэрбумтан төрүүлэхгүйн төлөө , төр засгийн түшээдийн буруу, бусармаг үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө өлссөн бол дэмжих байлаа. оюутан залуучууд гэдэг асар их хүч мөн. гэтэл тэд дөнгөж автобусны мөнгөний төлөө өлсөж байна.
103.26.195.19 Даварсан хижигнүүдийг таслан зогсооё!
180.149.78.22 Үнэн. Битгий давар
180.149.78.22 Үнэн. Битгий давар

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга