Манай дайчдад ялалтын медаль гардуулжээ

2015 оны 09 сарын 01

БНХАУ-ын нийслэлд маргааш болох цэргийн ёслолын жагсаалд оролцох монгол цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ. Тэдэнд уржигдар БНХАУ-аас Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэт медаль гардуулж, ойд зориулсан далбаан гарын үсэг зуруулсан байна. Энэхүү жагсаалд Монгол, ОХУ, Мексик, Казахстан, Вьетнам, Пакистан зэрэг 10 орны цэргүүд хайрцаглан жагсах юм. Хайрцаг бүр 76 хүнээс  бүрдэх агаад тэд долоо хоногийн зургаан өдөрт нь найман цагаар хамтарсан бэлтгэл хийж байгаа аж. Бэлтгэлийг Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн талбайд хийж байна.

Манай улсаас Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцоно. Тэдний тав нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэрэг бол 20 орчим нь өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон, Улаанбаатар цэргийн хүрээний ангийн дайчид. Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой, 18-38 насны 76 залууг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлан, Тянь Ань Миний талбайгаар алхна. Тэрээр Улаан талбайд болсон жагсаалд мөн оролцсон юм. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нараас ярилцлага авч, нийтэлжээ.

Жагсаал маргааш Бээжингийн цагаар 10.00-аас эхэлнэ. Энэ нь Монголын цагаар 11.00 юм. Энэхүү ёслолд зарим орон нэг эгнээ буюу 7-9 цэргийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа аж. Жагсаалд оролцох бүх цэргүүдийг Хятадын арми болон зэвсэг техниктэй танилцуулж, Цагаан хэрэм, урлагийн тоглолт үзүүлжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга