Адилхан МОНГОЛ

2015 оны 08 сарын 31

Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа баруун “ханцуй”- гаар аяллаа. Монгол орны хамгийн баруун талын цэг Хүйтэн оргилыг зорьсон аяллынхаа замд эх орныхоо байгалийн сайхныг бишрэн явсаар Баян-Өлгий аймгийн төвд ирэхэд “Энэ чинь Монголын нутаг биш бил үү” гэсэн асуулт өөрийн эрхгүй амнаас унав.

Дээвэргүй шавар тагзнууд нь дээрээс дараад авах шиг. Бараг л бүгд дүнсийсэн саарал. Найрлаганд нь барьцалдуулагч бодис огт ороогүй шавраар босгосон хашаанууд нь тэрхүү саарал төрхийг улам бүрсийлгэнэ. Яг л хятад хороолол шиг.

Хаа нэг харагдах хасаг цагаан гэрүүд энэ бүүдгэр байдлыг сарниулж үл дөнгөнө. Гудамжинд тааралдах хүмүүсээс газар асуухаар өөдөөс мөрөө хавчина, эсвэл толгой сэгсрээд казах хэлээр ямар нэг юм шулганачихаад яваад өгнө. Эгээ л гадаадад ирчихсэн мэт.

“Аймгийн төвийнхөн монголоор ярина шүү. Сумын төвийнхөн гадарлана. Муу зан нь хөдлөхөөр монгол хүний өөдөөс казахаар яриад явуулчихдаг юм. Хөдөө бол монгол хэл мэддэг хүн бараг байхгүй. Дээхнэ үед ийш тийш томилолтоор явж, ажил хийж байсан хөгшчүүд л монгол хэлтэй” хэмээн хоёр хэлтэй казахууд сануулсан. Үнэн аж.

Алтайн нурууны Таван богд руу явах зам дагуу тэнгэрт тэмүүлсэн хасаг цагаан гэрүүд үе үе тааралдавч эзэдтэй нь огт хэл нэвтрэлцсэнгүй. Газар сайн мэддэг, монгол хэлээр маниас дутахгүй ярьдаг Сайла гуай бидний гуйлтыг төвөгшөөлгүй хүлээн авч, туслаагүй болж ч бид төөрөх байв.

Ямар ч хаяг тэмдэггүй хөдөөний олон салаа замын алинаар нь явбал зорьсон газартаа хүрэх юм бүү мэд. “Таван богд руу жуулчид цувж байгаа. Жуулчин авч яваа монгол жолооч зөндөө таарна. Тэднээс зам асуугаад явбал алзахгүй” гэж зөвлөсөн хүмүүсийн үгэнд орсон бол ч...Хадлангийн талбайгаа манаж үлдсэн ганц нэг айл, шаварт суусан ганц “УАЗ-469”, мотоциклийнхоо моторыг хөргөж суусан хоёр хүнээс өөр замд бөртийх юм таарсангүй.

Хаа сайгүй бэлчих хулгар шарууд, сэг хайн эргэлдэх элээ л замын хань болж байв. Казахууд тарваганы мах иддэггүй, тэднийг агнадаггүй болохоор хулгар шарууд нь талд тааваараа идээшлэх юм. Тарган ч гэж жигтэйхэн. Холхон байгаа нь толгойгоо өргөж харчихаад тоох ч үгүй, ойрхон таарсан нэг нь дуртай дургүй баацаг баацаг харайсаар нүхэндээ орох ч төд удалгүй гараад ирнэ.

Энэ нутгийн хүн зон нь яг л тарвага шигээ тайван. Хөдөөний монгол малчид үүрийн таван жингээр үнээгээ сааж, хонио бэлчээдэг байтал эндхийн малчин айлууд есөн цагийн үед л өрхөө татах юм. Зусдаг газар нь ялаа, шумуулгүй, их халдаггүй болохоор үнээ мал нь оодогнодоггүй бололтой. Түүнийгээ дагаад малчдынх нь сэтгэл тайван.

 

Аймгийн төвийнхөн ч ялгаагүй, хэзээ ажил хийдгийг нь ойлгоогүй бид бачуурах шахаж байв. Баян-Өлгийн цагийн зүү 11.30- ыг заах үед л зах доторх амбааруудынх нь хаалга онгойж эхэлнэ. Тэгснээ 4-5 цаг наймаа хийгээд л 17.00 цаг гэхэд бүх хаалганд том том цоож зүүгээстэй хоцорно. Цагийн зөрүүнээс болоод тэд Улаанбаатарын биднээс нэг цагийн хойно сэрдэг ч нийслэлийнхнээс цагийн дараа орондоо ордог болохоор ингэж хойргоших шалтаг баймгүй.

Хахир хүйтэн өвөл урт удаан үргэлжилдэг орны иргэн бид зуны гурван цагт болжмор шиг сэргэг байж, илжиг шиг зүтгэдэг гэж санаж явсан маань биш болов. Улаанбаатарын бид л цагт баригдсан амьдралдаа дарлагдаж дасчихаад бусдыг өөр шигээ байлгах гэдэг ч юм болов уу гэсэн эерүүллээр тэднийг зөвтгөж явав.

Баян-Өлгий аймаг Алтайн нуруунд байрлалтай болохоор уулсын орон. Алсаас цайран дүнхийх цаст цагаан уулс нь сүрлэг. Жирийн уул нь гэхэд Хангайн уулсыг хоёр гурваар нь давхарлачихсан мэт өндөр. Далайн түвшнээс дээш 1301-4374 метр өндөрт оршдог энэ аймгийн нийт нутаг дэвсгэрийн 95.3 хувь нь 1600 метрээс дээш өндөрт байрлалтай.

Угаасаа тэнгэрт ойрхон амьдардаг энэ ард түмэн зун болохоор уулсаа өгсөөд улам л өндөрт зусдаг аж. Ердийн хөсөгт гэрээ ачаад, техник явахгүй, санаанд багтамгүй бэрх замаар хэдэн улаан хонь, саалийн ганц хоёр үнээгээ туугаад л уулын орой дээр буучихна. Тэндээс нь хүн мал ундлах ус олдоод байдаг нь бүр гайхалтай.

Цагаан цасан малгайтай уулс бүрийнх нь сугаас цэв хүйтэн, тув тунгалаг гол горхи шоржигнон урсах нь машиныхаа ард “Газрын гүний цэвэр ус” гэсэн тодотголтой савласан ус ачсан намайг шоолох мэт. Эндхийн мөнх цас, мөс гэсээд бараг дуусаж байна. Одоохондоо цэвдэг бүрмөсөн хайлаагүй байгаа болохоор л уулын орой дээрх гол горхиуд татраагүй байгаа аж.

Потанины мөсөн гол гэхэд маш эрчимтэй хайлж байна. Дөрвөн жилийн өмнө Таван богдод ирсэн хүн “Энэ уулын тэр хавь битүү цастай байсан. Одоо алга” хэмээн гэрчлэхээс үзвэл дэлхийн дулаарал гээч мангас дуу алдам энэ сүрлэг уулсыг ч багалзуурдаж байгаа нь илт. “Одоо л сайн хараад ав. Дахиад ирэхэд чинь байгаа ч уу, үгүй ч үү” гэх шиг Таван богдын тэнгэр тэр өдөр бүртийх ч үүлгүй тунгалаг байлаа.

Мөсөн гол, мөнх цаст уулсаас холгүйхэн овоон дээр нь дан цамцтай халууцаж байсан гээд бод доо. Тийм халуунд мөс ч гэсэн хайлахгүй гээд яах билээ. Хэдэн мянган жил энд ноёрхсон цас, мөс энэ орчлонд мөнхийн юм гэж нэгээхэн ч үгүй гэдгийг сануулан, саа мөнгөн биеэ эмтлэн урссаар. Уйтай юм. Ийм гайхалтай, тийм биширмээр байгаль, сүр хүчин мөдхөн байхгүй болно гэхээр одоо ч гэсэн тийшээ гүйчихмээр.

Хажууд нь ханаа шийрлээд амьдармаар. “Солбио хүрэн ат минь Сарын газраас жонжоотой доо хө” хэмээн солгой хоолойгоор аялах Сайла гуайд мэдэхгүй монгол дуу гэж үгүй бололтой. “Казахстанд нүүж очсон казахууд нэгнийдээ цуглаад монгол дуу дуулдаг ш дээ. “Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол нутаг минь” гээд л дуулахад нь тэднийг үнэхээр өрөвдмөөр шүү.

Манай ах дүүс бас Казахстан нүүсэн. 1990 оны үед Баян-Өлгий бараг хүнгүй болсон. Эндээс нүүж очсон хүн бүрт Казахстаны Засгийн газар мөнгө өгч, хөдөө газар зааж нутаглуулаад мал маллуулсан. Энд албан газарт ажиллаж байсан хүн тэнд очоод мал маллаж чадахгүй, дасахгүй хэцүүдсэн. Тэгээд бараг бүгдээрээ буцаад нүүгээд ирсэн ш дээ.

Казахстан Монголоос их өөр, бүх зүйл мөнгөөр хэмжигддэг. Нэг удаа би Казахстанд явж байгаад нэг залуугаас зам асуусан чинь “20 тэнгэ өг” гэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ. Ингэж хүнээ алдаж болохгүй. Манай монголчууд тэгдэггүй ш дээ” хэмээн ярих энэ хүний яриа бүрт “манай монголчууд” гэсэн үг багтдаг.

Монгол хэл мэддэг казахууд бүгдээрээ л “Манай монголчууд” гэж яриад өгүүлбэрээ “ш дээ” гэж төгсгөх нь чихэнд содон. Харин бид өөдөөс нь “Танай казахууд” гэнэ. “Манай, танай” хоёр мөргөлдөж, бас нийлж байсан цаг түүхэнд бий. Түрэг улсыг мөхсөний дараа XI-XII зуунд Монголын харьяанд орсон казахууд дараа нь түүхийн нэгэн хэсэгт салсан ч 1864 оноос эхлэн Алтайгаас өнөөгийн Ховд аймгийн нутаг руу нүүн суурьшиж эхэлжээ. Манжийн төр мөхсөний дараа казахууд Богд хаант Монгол Улсад дагаар орох хүсэлт гаргаж, 1917 оноос Монголын албан ёсны харьяат болсон байна. Хожмын түүх гэвэл 1930-аад онд Хятадыг хөл толгойгоо алдан бужигнаж байхад нь Зөвлөлт улс овжин ашиглан, Коминтерний заавраар баруун хойд хэсгийг нь салгах бодлого явуулж байсан гэдэг.

1933 онд Шинжаан тусгаар тогтнолоо зарлан, Ардын бүгд найрамдах засагтай болж, 1939 оны эцсээр Алтайн хасгуудын буу зэвсгийг хураан авч, ноёд тайж нарыг феодал хэмээн баривчилж эхэлжээ. Үүнийг эсэргүүцэж хасгийн Расхаан, Эсим нарын толгойлсон бослого гарч, цаашдаа хасгийг Хятадаас бүрэн тусгаарлах хөдөлгөөн болон өрнөсөн юм.

Босогчдын эгнээнд явсан Оспан гэгч эр бусдаасаа тодрон “Хасгийн эрэлхэг баатар” хэмээн алдаршиж, яваандаа бослогын удирдлагыг гартаа авчээ. Шинжаан мужийн Алтайн Эрчим голын Арал гэдэг газарт хасгийн 12 керей отгийн Молох овогтны доторх Айтуган молох ястан Исламын гэрт 1899 онд төрсөн энэ эрийг Коминтерн ашигласнаар монгол, казах гэсэн хоёр үндэстэн Монгол хэмээх нэгэн дээвэр дор багтсан түүх эхэлсэн юм.

Учир нь Шинжааны Засгийн газар 1942 оны эцсээр гоминдааны Засгийн газарт бууж өгснөөр 1943 оны гуравдугаар сараас эхлэн Шинжаанд байсан Зөвлөлтийн цэргийн сургагч мэргэжилтнүүдийг гаргажээ. Зөвлөлт улс үүний эсрэг Оспаныг ашиглахдаа Монголын гараар могой бариулсан юм. Зөвлөлт өөрөө Хятадад цэрэг, зэвсэг, хөрөнгө мөнгөөр тусалж байсан учраас Оспанд ил цагаан тусалж болохгүй байж.

Тиймээс Монголыг ашиглан, нэг гараараа Хятадад тусалж, нөгөө гараараа бусниулж байжээ. 1943 оны аравдугаар сарын 6-нд Монголын тал Оспантай хэлэлцээр хийж, зэвсэг, эд хөрөнгөөр тусалжээ. Ингээд Оспан гоминдантай байлдсан ч түрэгдэн, 1944 оны гуравдугаар сарын 1-нд 360 өрхийн 2200 гаруй хүн дагуулан Монгол руу оргон зугтаж ирсэн байдаг.

Тэднийг Монгол Улс Ховдын Булганд хүлээн авч, зэр зэвсэг, эд бараагаар тусалжээ. 1945 оны зун Шинжааны Алтайн босогчид баруун хойт хэсгийн Ил тарвагатай аймгийн босогчидтой нэгдэн, гоминданыг шахан зайлуулснаар одоогийн Хятадын нутгийн бараг тал нь буюу Алшаа хүртэлх өргөн уудам нутаг Зөвлөлтийн мэдэлд оржээ.

1945 оны есдүгээр сард зөвлөлтүүд энд Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс байгуулж шинэхэн улсынхаа Ерөнхий сайдаар Алейхаан гэгчийг томилсон байна. Энэ том улсын бүрэлдэхүүнд Шинжааны Алтай аймгийг оруулж, аймгийн тэргүүнээр нь Оспаныг тавьжээ. Гэвч 1945 оны дунд үеэс эхлэн Оспан Монгол Улсын баруун хил хязгаарыг байнга зөрчин, дээрэм хийдэг болсон байна.

Түүнийг устгахаар Монголын ДЯЯ гурван удаа оролдоод чадаагүй ч Оспан 1951 оны хоёрдугаар сарын сүүлчээр Энэтхэг рүү оргох гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газарт Хятадын ардын чөлөөлөх армийнханд баригдаж, Үрүмчи хотод цаазлуулжээ. Монгол, казах хоёр үндэстэн өнөө цагт Монгол хэмээх туурга тусгаар улсын нэгэн дээвэр дор амьдрах болсон учир ийм.

Зөвлөлтөөс өрх тусгаарласныхаа дараа Казахстан улс казах иргэдээ урин дуудсан. Бүр мөнгө, мал, газар өгсөн. Тэгэхэд зарим нь “Миний эх орон энд байна” гээд яваагүй. Олонх нь явсан. Гэсэн ч нэг хэсэг нь “Миний эх орон Монгол юм байна” гээд буцаад ирсэн. Салаад нүүгээд явчихаж болохгүй ямархан сэжмээр тэд бидэнтэй холбогдсон юм бол доо.

Монголын казахуудыг Казахстанд очиход монгол гэж хажигладаг, Монголд ирэхээр нь бид казах гэж түлхдэг. Энэ нь тэдэнд хэцүү байдаг юм байна гэдгийг ойлгох эгшинд “Хятадууд биднийг монгол гэдэг. Ар монголчууд та нар биднийг хятадууд гэдэг” хэмээн өвөрмонгол ахан дүүсийн минь нэг уйлж байсан нь тархинд зурсхийж, зүрх хөндүүрлэсэн дээ.

 

Казахстанд оччихоод нүүж ирсэн айлуудын дунд бичиг баримтгүй, Казахстаны иргэн гэсэн харьяалалтай хүн олон. Бичиг баримтаараа бол өөр улсын харьяалалтай ч зүрх сэтгэл, бие нь Монголд байгаа энэ хүмүүс бидэнд “Би ч бас монгол” гэж хэлж байна. “Чингис хааны үед ч бид нэгэн дээвэр дор байсан. Одоо Казахстанд найман гэж омог бий.

“Монголын нууц товчоо”-нд гардаг Найман аймгийнхан чинь бид шүү дээ. Казах хэлэнд монгол үг зөндөө бий” гэж ирээд л тэд өөрсдийгөө монгол гэж итгүүлэхээр мэрийнэ. Тийм дээ тийм, Монгол гэдэг туурга тусгаар улсын туган дор нэгтгэгдсэн бид адилхан монгол.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.250 Kazakuudiig mongol heleer zaaval yrij surgah heregtei chadahgui bol ter kazahstanruugaa zailna biz!!!!
172.101.82.153 gantshan aimgiin hun am l mongol tur zasgaas huvhtei bna gedeg baharhuushtai ......
172.101.82.153 gantshan aimgiin hun am l mongol tur zasgaas huvhtei bna gedeg baharhuushtai ......
172.101.82.153 het sul doroi tur, zasagtai bolohoor l neg aimag mongolooroo yarij chadahgui bgaaz dee.
172.101.82.153 het sul doroi tur, zasagtai bolohoor l neg aimag mongolooroo yarij chadahgui bgaaz dee.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга