Чөлөөлөх дайнд ялсны 70 жилийн ойг Дорноговьд тэмдэглэлээ

2015 оны 08 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны анхны зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу манай улс Чөлөөлөх дайны ялалтын ойг өргөн тэмдэглэж байна. Баярын эхнийх нь энэ сарын 19-нд Сүхбаатар аймагт болсон бол энэ сарын 21-нд Дорноговьд тэмдэглэлээ. Батлан хамгаалах яам, Дорноговь аймгийн ЗДТГ, тус аймаг дахь цэргийн ангиуд хамтран Сайншандын төв талбайд ялалтын баяраа тэмдэглэсэн юм. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид, генералууд, дайнд оролцсон ахмад дайчид оролцсон энэ арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд ёслолын жагсаалаар алхан, үзүүлэх тоглолт хийснээс гадна 084 дүгээр ангийн алба хаагчид шүхрээр буув. Мөн Сайншандын баруун талд байдаг Зургаан баатрын хөшөө, Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Орой нь төв талбайд Цэргийн дуу бүжгийн чуулга, орон нутаг дахь цэргийн ангиудын уран бүтээлчид “Эх орны төлөө зүтгэе” шоу тоглолт зохион байгуулжээ.

Дашрамд дурдахад, 1945 онд Сайншандад байрлаж байсан хурандаа И.С.Дорожинский даргатай мото буудлагын 27 дугаар тусгай бригад, хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан мото механикжуулсан хуягт бригад Хятадын ард түмнийг Японы милитаристуудаас чөлөөлөхөд онцгой үүрэг гүйцэтгэж ялалт байгуулсан түүхтэй. Энэ дайнд Дорноговь аймгийн Иххэт сумын иргэн Д.Данзанваанчиг болон дээрх ангиудад алба хааж байсан Л.Аюуш, С.Дампил, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нар баатарлагаар тулалдаж, Монгол Улсын  баатар цолаар шагнуулсан юм. Японы милитарист хүчний давагдашгүй цайз хэмээгдэж байсан, Жанчхүүгийн даваан дахь бэхлэлтийг эзлэн авах тулалдаан наймдугаар сарын 19-21-ний хооронд болсон байна. Гурван хоног үргэлжилсэн энэ ширүүн тулалдаанд Монгол ардын хувьсгалт цэргийн армийн 21384 дайчин оролцож, 13 нь амь үрэгдсэн юм. Дайсны пулемётын галын цэгийг устгах даалгавраа нэр төртэйгээр гүйцэтгэхдээ 11 удаа шархдан амь үрэгдсэн Монгол Улсын баатар, пулемётчин Л.Аюуш (1945.09.26-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан), дайснуудын тасалсан холбооны утсыг олж залгахаар галын шугам руу мөлхөж яваад хоёр удаа шархадсан ч Чингисийн удамт монгол цэрэг гэдгээ харуулж, тасарсан утасны хоёр үзүүрийг амандаа зуун эрдэнэт биеэрээ холбоо дамжуулсаар амиа алдсан Монгол Улсын баатар холбоочин М.Жанчив (1965 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан) нарын 13 монгол хүү Жанчхүүгийн даваанд үүрд нойрсчээ. Дээрх баатруудын дурсгалыг хүндэтгэж Сайншандын төвд Зургаан баатрын хөшөө сүндэрлүүлсэн түүхтэй.  

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга