Байгалийн аюултай үзэгдлийн уршгаар Говь-Алтайн зургаан сум цахилгаангүй болжээ

2015 оны 08 сарын 18

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан эрэг гэдэг газарт нутагладаг, 52 настай, эрэгтэй, малчин Л энэ сарын 15-ны 16.00 цагийн үед мориндоо яваад сураггүй болжээ. Маргааш нь энэ тухай сумандаа мэдэгдсэнээр сумын ЗДТГ-аас эрлийн баг гарган, түүнийг хайснаар 17-ны 19.00 цагийн орчимд Улаан эрэг гэдэг газраас цогцсыг нь олсон байна. Тухайн үед хүйтэн бороо, салхитай байсан тул осгосон бололтой.  

Завхан аймгийн нийт нутгаар өнгөрсөн хэд хоногт усархаг бороо, нойтон цас үргэлжлэн орсны улмаас Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дахь Загастайн даваа хаагджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид энэ тухай дуудлагыг өчигдөр хүлээн авч, цас, шаварт суусан 130 гаруй зорчигчтой суудлын 25, том оврын 14, ачааны нэг машиныг татан гаргасан байна.   

Говь-Алтай аймгийн зарим нутгаар энэ сарын 16-ны өдөр усархаг бороо, нойтон цас үргэлжлэн орсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, тус аймгийн Эрдэнэ, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Цээл сумын цахилгаан тасарчээ. Маргааш нь “Алтай-Улиастай“ ТӨХК-иас ажлын хэсэг гаргаж, Есөнбулаг сумын нутаг дахь Дөтийн даваа хүртэл цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийхэд агаарын шугам мөстөн, газарт унжсан байсан гэнэ. Оройдоо мөстөлт ихсэж байгаа тул эдгээр суманд цахилгаан дамжуулах боломжгүй болжээ.

Тус аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Д 2000 гаруй хоньтойгоо цасанд боогджээ. Тэрээр эхнэртэйгээ хамт Шарга сумын Улаантуг багийн Урд бөхт гэдэг газарт малаа оторлож явсан аж. Тэд гурав хоног цасанд боогдоод энэ сарын 17-ны 09.20 цагт холбоо барих газарт хүрч, тусламж хүссэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Есөнбулаг сумын иргэдтэй хамжин тэднийг 10 гаруй км зайтай газарт нүүлгэн шилжүүлж, Тайшир сумын Далангийн нуруунд хүргэжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга