БУРХАН минь ийм юм дахин бүү үзэгдэг

2015 оны 07 сарын 08

Амь тавьсан эхийнхээ мөөмийг хөхсөн чигээрээ нас барсан нялх үр, хэзээ ч босож ирэхгүй тэднийхээ дэргэд тэнхээ мэдэн бархирах хүүхдийн дуу чихэнд хадах шиг....

300.000 Аймшиг, гаслан, цус, нулимс... энэ дэлхий дээр байж болох хамгийн муу муухай бүхнийг энэ тоо гэрчилнэ. 1937 он. Монголын он тооллын хуудаснаа энэ он хэлмэгдүүлэлтийн гэдэг тоогүй тодотголтойгоор хараар тэмдэглэгдсэн бол Хятадын түүхэнд хядлагын гэдэг хирдхийм үгээр бичигджээ. Хэлмэгдүүлэлт гэдэг бол хядлага гэсэн үг. Хядлагыг ямар ч үгээр халхалж, нууж, гоёх аргагүй. Харамсалтай нь үүнийг хийсэн хэрэгтнүүд нь хэзээд хааж нуусаар ирсэн байдаг. Монголд ч тийм юм болсон, Хятадад ч бас л адилхан юм. 1937 оны арванхоёрдугаар сараас 1938 оны нэгдүгээр сарын хоорондох зургаан долоо хоногийн дотор Японы милитаристууд Хятадын Наньжин хотод 300.000 хүн хяджээ. Энэ нь 12 секунд тутамд нэг хүн хөнөөсөн гэсэн үг юм. Үүнийг хүн төрөлхтөнд сануулан, хойчид сургамж болгохоор Наньжинд музей байгуулжээ. 300.000 гэсэн тоог томоос том тод хараар бичиж, үр хүүхдээ тэврэн, ээж аавыгаа дагуулан дайснаас зугтаж яваа хүмүүс, хэдийнэ амь тавьсан эхийнхээ мөөмийг хөхөж байсан чигээрээ нас барсан нялх үр, тэднийхээ дэргэд чарлан суугаа жаахан хүү (Хэзээ ч босож ирэхгүй болсон ээжийнхээ дэргэд тэнхээ мэдэн бархирах хүүхдийн дуу чихэнд хадах шиг).... гээд өр өвтгөж, зүрх зүсэм үйл явдлыг дүрсэлсэн хар бараан хөшөө баримлуудыг музейн гадна цувуулан байрлуулжээ. Гэхдээ усан дотор. Яагаад ч юм ийм баримлуудыг усан дотор байрлуулсан нь их л утга учиртай биз. Гэвч би хувьдаа цус, нулимсыг усаар төлөөлүүлжээ гэж ухав.

Үнэхээр ч тэгсэн гэдгийг музейд ороод бататган ойлголоо. Өлгийтэй нялхсаас эхлээд өтөл буурлуудыг хүртэл хядаж, арав хүрээгүй охиноос авахуулаад 70 настай эмгэнийг хүртэл хүчиндсэн тэр харгис этгээдүүд хүмүүсийг амьдаар нь булж, голд үйж, буудаж, сэлмээр толгойг нь тасдаж, хутгалж, шатааж, онгоцноос бөмбөгдөж... юу эсэхийг хийгээ вэ. Хүрэл чулуун зүрхтэн, хүний махан хүнстэн гэж чухам тэднийг л хэлнэ дээ. Гуравхан настай жаал хүүг ямар гэм хийсэн гэж алаа вэ? Есөн хүнтэй халуун ам бүлийг яалаа гэж хүйс тэмтрээ вэ? Хоёрхон настай охиныг яагаад өнчрүүлээ вэ? Яасан гэж...? Яагаад...? Японы цэргүүд 1937 оны арваннэгдүгээр сард Наньжин хот руу дайрчээ. Тухайн үед хотыг хамгаалж байсан Гоминданы 100.000 цэрэг тэдэнтэй тулалдсан ч хүчин мөхөстсөн байна. Тэр үед хот нэг сая 10 мянган хүнтэй байсны 500.000 нь дүрвэж, хол явах чадалгүй хөгшид, хүүхэд, эмэгтэйчүүд болон гэр бүлээ орхихгүй гэсэн эрчүүд нийлсэн 500.000 хүн үлджээ. Милитаристууд Наньжиныг эзлээд хотын иргэдийг хядаж эхэлсэн байна. Япондоо шоронд хоригдож байсан хоригдлуудыг авчран, хүн хядуулж байсан нь хожим тодорхой болсон гэнэ. Тэдний нэг болох Нода Цуёоши, Мукай Тошиаки хоёр нэгэн удаа хэн нь ганц хоногт хамгийн олон хүн алахаа үзэхээр мөрийцжээ.

Милитаристууд хядсан хүмүүсийнхээ цогцсыг голд хаядаг байж. Гол цогцоснуудыг эрэг дээр гаргажээ. Япон цэрэг дэргэд нь зургаа авахуулсан байв

Хороосон хүнээ маргааш нь тоолоход нэг нь 105, нөгөө нь 106 хүн хөнөөсөн байжээ. Хүн алж тоглосон энэ хоёр яргачныг Алс Дорнодын олон улсын цэргийн шүүхийн шийдвэрээр 1948 оны нэгдүгээр сарын 28-нд Наньжинд цаазалсан аж. 12 секунд тутамд таазнаас усан дусал подхийн газарт дусна. Ус дусахад ханан дээрх олон хүний зурагны нэг нь томорч тодорно. Бас өөр нэг танхимд 12 секунд тутамд шалан дээрх гэрлүүдийн нэг нь тодрон асаж, тэр бүрт ханан дээрх зурагнаас нэг хүнийх нь гэрэлтэн тодорч байв. Энэ бол музейн зохион байгуулалтын нэг хэсэг. Бүх үзмэр нь хөдлөшгүй баримт юм билээ. Мөрийцөж байгаад хүн хядаж бахаа хангасан дээрх хоёр яргачны гэрэл зураг ч энд байв. Гэр бүлийнхээ бүх хүнийг хядуулаад хоёулхнаа үлдсэн охидын баримал яг л амьд юм шиг харагдана. Хөх тоосгон гэрийг нь тавилга, эд хогшилтой нь тухайн үед байснаар нь бүтээж, охидын нэгийг идэх юм хайн том торх руу сандал дээр гишгэн өнгийж, нөгөөг нь ширээн дээрх савнаас ширхэг будаа чимхэж байна уу гэмээр дүрсэлжээ. Нуруу хүйт оргиулж, хамаг бие зарсхийлгэсэн энэ музей бүхэлдээ цэргийн гэмт хэргийн баримт. Шар үс босгосон тэрхүү үзмэрүүдийн нэг нь олон зуун хүний араг ястай танхим. 3-60 настай 208 хүний шарил энд байгааг малтлагаар тогтоожээ.

Маш гүн нүх ухаж байгаад хүмүүсийг олноор булсан нь давхарласан олон яснаас илт харагдаж байв. Мэдэгдсэн нь 208 болохоос дор нь дахиад хэчнээн хүний шарил бийг таашгүй гэнэ. Хядлага болсон яг тэр газарт 1985 онд энэ музейг байгуулжээ. Цогцоснуудыг 1996 онд илрүүлсэн аж. Милитаристуудыг энд хядлага үйлдэж байх үед Наньжинд гадаадын цөөнгүй иргэн амьдарч байж. Тэдний нэг болох Майнние Ваутрин гэдэг америк эмэгтэй япончуудаас олон хүүхэд, эмэгтэйчүүд, хүмүүсийг хамгаалан авч үлдэж чаджээ. Дайны үед, тэгээд хядлага дундаас хүн аврахаар хамаг авьяас, ухаанаа дайчилж, зовлон бэрхшээл туулан, аймшигт зүйлстэй нүүр тулсаар тэр эмэгтэй сэтгэцийн өвчтэй болсон байна. Тэрээр нутагтаа очоод 1941 онд амиа хорлосон аж. Жон Рабе гэдэг герман эр тэр үед бас олон хятад хүнийг алан хядагчдаас аварсан байна. Тэрээр өдрийн тэмдэглэл хөтлөн, Наньжинд болж буй аймшигт хядлагын тухай тэмдэглэн үлдээжээ. Хядлага 1937 оны арванхоёрдугаар сарын 13-наас эхэлжээ. Энэ хар өдрийг эргэн санаж, гашуун үнэнийг хүмүүст мэдүүлэх үүднээс БНХАУ-ын дарга Си Зиньпиний шийдвэрээр 2014 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 13-ныг Хятад орон даяар гашуудлын өдөр болгон зарлажээ.

Наньжинд үлдсэн 500.000 хүний 300.000 мянгыг нь хядсанаа милитаристууд ихэд нууцлан, цэргийн гэмт хэргийг нь илчлэх гэрэл зураг дээр “Олон нийтэд дэлгэхийг хориглоно” гэж бичээд улаан тамга дардаг байсан аж. Тэгсэн хэрнээ хятад хүүхдүүдтэй тоглож, хоол хүнс, тоглоом бэлэглэж буйгаар зургаа авахуулан сонинд нийтлүүлж “Хятадын ард түмэн амар тайван амьдарч байна” гэсэн утгатай мэдээлэл гаргаж, олон нийтэд тараадаг байжээ. Тэр бүхнийг нотлох сонин, гэрэл зургууд энэ музейд дэлгээстэй. Амиа алдсан хүмүүсийн нэрс, намтар, зураг бүхий хар хавтаснууд музейн нэг хананд өрөөстэй байв. Хядлагын хохирогч, гэрч болсон хүмүүсийн баримтыг хөх хавтсанд хийн өржээ. Энэ бүх аймшгийг дэлхий дахинд илчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн нь Матёока Тамаки гэх япон эмэгтэй. Тэрээр элэг нэгтнүүдийнхээ үйлдсэн алан хядлагыг илчилж, япон цэргүүдийн нутагтаа авч очсон гэрэл зураг, бусад баримтуудыг хайж цуглуулан энэ музейд авчирч өгсөн байна. Энэ эмэгтэй 1988 оны наймдугаар сарын 15-нд анх Наньжинд ирж, цэргийн гэмт хэргийн золиос болсон хятад хүмүүсийг хүндэтгэн дурсах арга хэмжээ зохион байгуулсан байна. Тэрээр жил бүр Наньжинд ирдэг гэнэ. Хятад улс энэхүү хядлагыг эсэргүүцэн дайны дараа Алс Дорнодын олон улсын цэргийн шүүхэд хандсан байна.

Шүүх тэрхүү хядлагыг эрс буруушаан цэргийн гэмт хэрэг хэмээн хүлээн зөвшөөрч, хядлага үйлдсэн хүмүүст цаазын ял оноожээ. Тус музейн тайлбарлагч Ван Дан Дан “Япон улс ийм хядлага үйлдсэнээ одоо хүртэл хүлээн зөвшөөрөөгүй” хэмээн хэлсэн юм. Тэд зөвшөөрсөн ч бай, үгүй ч бай хөдлөшгүй баримтыг олон нийт харлаа, мэдлээ. Үүний илрэл нь Матёока Тамаки, бас япон хүүхдүүд. Япон хүүхдүүд олон мянган цаасан шувуу хийн, энэ музейд, Хятадын ард түмэнд илгээжээ. Цаасан шувуу нисгэх тэнгэр үүрд цэлмэг байж, наран үүрд мардаж байг гэж тэд хүсчээ. Энхтайвныг хүссэн хүүхдийн цагаахан сэтгэлийг тээсэн сая сая цаасан шувуу хөөргөх тэнгэрийг дарийн утаа бүү бүрхэг. Зүрх зүсэж, яс хавтайлгасан энэ музейгээс гарч ирэхэд зүүн гартаа хүүхдээ тэвэрч, баруун гараараа тагтаа хөөргөж буй эмэгтэйн 30 метр өндөр баримал угтав. Эх үрс үүрд хамтдаа аз жаргалтай, амар амгалан байж, цэлмэг тэнгэрт шувууд жиргэг.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.116 Mongolchuudiin uhel uhel bishuu mongolchuudiig haydsan hujaagi nugeln hariun irsen harinch bagaduulsan bnl
150.129.142.255 122.201.21.136 бичсэн сэтгэгдэл үнэн хэлжээ.
122.201.21.136 Та юу гэж бодож байна. Энэ хүүхэн Монгол 5 хүн тутамын 1-г хядсан аллагыг бичээгуй, Хятадууд 1890 онд 3- едерийн дотор 180.000 евермонголыг хядсаныг бичээгуй, 600.000 баруун Монголыг хядсаныг бичээгуй, хэдэн 100.000 мянган хойд монгол, буриад монголыг бичээгуй, Хэдэн сая Хазара нарыг одоо болтол алж устгаж доромжилсоор байгаад санаа тавихгуй мертлее юун Хужаасаг юм бэ???!!! 300.000 хужаа бол 1.5 тэрбум хужаагийн 0.2 хон хувь. 300.000 ухсэн гээд Хужаа нар дэлхийгээс арчигдахгуй. Харин цеен Монголчууд яахав?
220.191.168.13 Bol”j muu Hujaa nar. Hujaa nariig tsuuluh zuv sh dee.
5.254.65.104 Та юу гэж бодож байна . Энэ хүүхэн дахиад юм бүү бичээсэй

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга