НҮҮРЛЭСЭН ГАМШИГТАЙ НҮҮРЭЛДЭЖ СУРАХГҮЙ ЮМ УУ

2015 оны 04 сарын 23

Гамшиг гэхээр гадаад мэдээгээр гардаг зүйл гэж ойлгодог хүн бидний дунд олон. Тэгвэл Монголын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт гарч буй түймрийн тухай гадаадын мэдээллийн агентлагууд дэлхийд цацаж байна. Сүхбаатар аймагт өчигдөр 17 градус дулаан, 14 метр секунд салхитай өнжлөө. Үүн дээр түймрийн гал халуу төөнөж, гамшигт хамаг байдгаа алдсан иргэдийн цусны халуун нэмэгдээд зүүн аймгуудад аагим халуу шатаж байна. Монгол дэлхийн анхаарлыг татах халуун цэг болов. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 90 шахам хувь нь хуйхлагдсан, 2600 адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан дээр нэмэгдээд зөгийн сүрэг нь түймэрт өртсөн, зам ангийн найман машин, жоншны уурхайн нэг машин, 22 айлын гэр шатсан хэмээн гамшгийн тоолуур хар эрчээрээ гүйж байна. Хэчнээн олон хүний хэдэн жилийн хөлс хөдөлмөр ганцхан хоромд үнс нурам болов доо хэмээн харуусах сэтгэл төрөх агшинд “Өрөөлийн хөрөнгө биш, өөрийнх нь өмч шүү дээ. Түүнийгээ хамгаалах талаар тэд юу хийсэн юм бэ. Ядаж гэр, өвөлжөөгөө тойруулаад цараа (зогон) татсан бил үү” гэсэн адайр асуулт дотроос хатгаад болохгүй нь.

Түмэнцогт суманд түймэр 500 метр тулж очсоныг Мянганы замд хашиж байж унтраасан гэх мэдээг сонсоод хэрвээ зам байгаагүй бол бүхэл бүтэн сум утаа болон уугих байжээ гэж бодох агшинд зүрх ширхийсэн. Монголчууд бид ийм л аюул дунд аж төрж байна. Дөрвөн цагийн эргэлтэд дураараа нүүхээ болиод сумын төвд хадаастай амьдардаг болсон хэрнээ л суурин газрын хүмүүсийн амьдралын хэв маяг, аж төрөх ухааныг сурч чадаагүй байна. Нүүдэлчид байгалийн эрхшээлд аж төрдөг бол суурин хүмүүс байгальтай тулж тэмцэж амьдардаг энгийн зарчим бий. Ядаж л айл бүрт түймэр унтраах нүдүүр, хүрз байх ёстой, бичиг баримт, мөнгө төгрөгөө хурдан аваад гарах боломжтой газарт хадгалах ёстой гэхчилэн наад захын зүйлийг мэддэг хүн хэд байгаа бол. Энэ бол миний зохиосон зөвлөгөө биш, амьдралаас гарсан сургамж учраас авах ухаанаар хандах л учиртай зүйл. Түймэрт өртсөн мал, эд хөрөнгө дунд даатгалтай юм даанч байхгүй гэж уулзсан хүн бүр л учирлаж байна.


ХААН банкинд малаа барьцаалан, зээл авсныхаа ачаар зарим малчин даатгалаас хэдэн төгрөг авч башийх нь. Өглөө нартай уралдаж босоод үдэш сарнаас хожимдож унтахыг хичээхдээ юуны төлөө зүтгэлээ. Нар, салхитай хүүрнэн тэнгэрийн аашийг танадахдаа малчид яаж сэргийлэхээ бодож л байдаг. Гэвч түймэр гарна гэсэн зурхай тэнгэрт бичигддэггүй нь гачлан. Харласан тал удахгүй ногоорно. Харласан хот хэдэн жилийн дараа малаар дүүрнэ. Харин энэ түймрээс авсан сургамж л сонин байна. Он гарснаас хойш манай улсад дүрэлзсэн түймрийн дийлэнхийг нь хүн тавьсан, ОХУ-аас айлчилсан байгаа нь анхаарал татав. Аянга цахилгаан буух болоогүй, аяндаа түймэр астал халаагүй байгаа хавар цагт гарсан түймрийг байгаль руу бухах арга алга. Хүний тавьсан түймэрт хүмүүс хохирч, хээрийн зэрлэг адгуус, гэрийн тэжээвэр амьтад, мал шатаж, газар дэлхий гасалж байна гэхээр хэлэх муу үг олдохгүй нь. Ийм аймшиг өдүүлсэн гэмтнүүдийг олж чаддаггүй, олох гэж хичээдэггүй учраас л хүмүүс тамхины ишээ унтраалгүй шидсээр, халуун үнсээ хаа хамаагүй асгасаар, хашааныхаа шарласан өвсийг шатаасаар байна.

Онцгой байдлын хэдэн бор аврагчид түймрээс түймрийн хооронд, үерээс үерийн хооронд үйлээ үзсээр зуны шар наранд зутарч гүйцдэг. Хэнэггүй нэг нь албатай юм шиг гамшиг тарьж, өрөөлийн гайг өөр дээрээ үүрэх ёстой юм шиг нэг хэсэг түүнийг нь унтраах гэж явах. Түймэрт дайчлагдсан иргэд, үүрэг аваад мордсон аврагчид, цэргүүд нойр хоолгүй шахам түймэр нүдсээр туйлдаж ядарч байна. Харласан хотоо хараад малчид уйлж байна. Хайран болсон газар нутгаа үзээд монгол хүний элэг эмтэрч байна. Ийм зүйлийг хэн ч хүсдэггүй. Гамшиг заавал гарах ёстой бишсэн. Даанч гамшиг гээч гайхлыг хүн төрөлхтөн газарт булчихаж чадахгүйгээс хойш нүүрлэсээр байх нь тодорхой. Гэхдээ ядаж заримтай нь нүүрэлдэж сурах юмсан.

Гай гамшиг тохиолдвол хэн ч зугтаж чадахгүй, нүүр тулах нь ойлгомжтой учраас түймэр гарвал, түйрэн болбол, газар хөдөлбөл, гайтай өвчин гарвал ингэж даван туулна гэсэн төлөвлөгөө аймаг, сум төдийгүй айл бүрт байх учиртай. Тэгээд ч зогсохгүй түймэр гарвал хэн хэн нь ямар багажаа авч нүдэх, хэн нь утсаар тусламж дуудлага өгөх... гээд хүн бүр хийх ажлаа хуваарилаад авчихсан, түүндээ эзэн болдог байвал зарим гамшгаас сэргийлж, гарсныг нь газар авахуулалгүй зогсоож, нарийн яривал гартаа оруулах боломж бий.

Х.БОЛОРМАА


ӨНӨӨДРИЙН АСУУЛТ

6-8 хоног өдөр шөнөгүй ажилласны эцэст түймрийг унтраалаа

-Түймрийн улмаас ямар хохирол учрав?

Ж.БАТСУУРЬ (Сүхбаатар аймгийн Засаг дарга):

-Манай аймгийн хэмжээнд одоогийн байдлаар түймэр асаж байгаа газар байхгүй. Түмэнцогт, Мөнххаан, Эрдэнэцагаан зэрэг суманд гарсан түймрийг унтраасан. Шатсан малыг устгах, өвөлжөө бууцаа цэвэрлэх, малчдад өвс, ус дөхүүлж өгөх гээд түймрийн дараах ажил хийгдэж байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, орон нутгийн иргэд гээд 600-700 орчим хүн 6-8 хоног өдөр шөнөгүй ажилласны эцэст түймрийг унтрааж чадлаа. Манай аймгийн 18 өрх гэр оронгүй болж, 2000 гаруй мал шатсан.

С.ЧУЛУУНБААТАР (Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын II багийн иргэн):

-Манайх болон хүүгийнх гээд хоёр айл сумын төвөөс баруун хойш 10 км-т төлийн гэртэйгээ нийлээд гурван гэр хаваржиж байсан. Би хөгшинтэйгээ, хүү эхнэр хүүхэдтэй тавуулаа байдаг. Төл малаа оролцуулаад 500 гаруй малтай байсан. Энэ сарын 13-нд нар шингэж байхад Хэнтий аймгийн Баян-Овоо сумын зүгээс гэнэт л түймэр ороод ирсэн. Энэ жилийн төлөө хашаанд нь оруулаад хашчихсан байсан юм. Нэг ч төлөө түймрээс хамгаалж, гаргаж чадаагүй. Мөн 40-50 жил ажиллаж хуримтлуулсан хөрөнгөө түймэрт алдсан. Хөдөөний бид хамаг эд хогшлоо пин, чингэлэгтээ л хадгалдаг улс. Чингэлэгт маань хөөрөг, мөнгөн эмээл, хазаар, аяга бүгд байсан. Тэндээс юм авах нь битгий хэл гэрээсээ зузаан хувцас ч авч чадаагүй, өмсөж байсан хөвөнтэй дээлтэйгээ л үлдсэн.

Шөнө нь даарахад ядаж хүрмээ өмсөөд гэрээс гараад ирэхгүй яав гэж бодогдож байв. Түймэр манай сум руу орж ирэх үеэр захиргаанаас долоон хүнтэй баг “Портер” машинтай түймрийн зүг рүү гарсан юм билээ. Тэд төллөсөн мал услахаар худгаас 200 литрийн таван торхоор ус авсан байсан. Тэдэнтэй зэрэгцэж сумын төвд амьдардаг хүү минь “Микро” автобустай ирсэн. Тэд торхтой усаа манай гэр, пин рүү шүршсэн ч хүчтэй салхилж байсан болохоор галыг унтрааж чадаагүй. Манай нутаг өвс ургамал ихтэй, өндөр ургацтай газар. Одоо тэр сайхан нутаг минь шатчихлаа. Түймрийн дараа манайх бог, бод нийлсэн 200 орчим малтай үлджээ. Тэр малаа сумын төвд хүүгийнхээ хашаанд авчирсан. Албан газар, компаниудаас хандив туслалцаа их ирж байна. Гурил, будаа, хувцас хунар гээд хэрэгтэй бүхнийг олгож байгаа.

Д.УРТНАСАН (Дорнод аймгийн Баян-Уул сумын III багийн иргэн):

-Манай өвөлжөөний байшин сумын төвөөс 18 км зайтай байдаг. Түймэр гарахаас хэд хоногийн өмнө нөхөр бид хоёр хот руу ажлаар явсан юм. Гэтэл өнгөрсөн 18-нд үдээс хойш манай ах залгаад гэнэт баруун талаас түймэр орж ирээд өвөлжөөний байшин, хашаа хороог чинь түймэрт алдчихлаа. Галыг нь унтраах гээд дийлсэнгүй. Багаас ирсэн хүмүүстэй нийлж байж арай гэж танайхаас зүүн тийш байдаг айлын гэр, малыг түймрээс хамгааллаа гэсэн. Манайх 90 гаруй толгой малтай. Тэрийгээ хот явахдаа ахындаа үлдээчихсэн байсан юм. Харин өвөлжөөнд маань өвлийн хувцас, тавилга, ахуйн хэрэгсэл байсан. Өчигдөр авсан мэдээллээр Дорнод аймгийн Баян-Уул сумын хойд хэсгээр хоёр газарт түймэртэй байна.

300 гаруй хүн түймрийн голомтод долоо дахь өдрөө ажиллаж байгаа аж. Тус суманд ХХАА-н сайд, УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг тусламжийн бараа хүргэсэн бөгөөд сумын Засаг дарга Ж.Дорж нарын хүмүүсийн хамт түймэр унтрааж буй иргэд рүү очжээ. Мөн дуучин С.Жавхлан нарын 16 хүний бүрэлдэхүүнтэй “Хамаг монгол” төслийн баг тус суманд ажилласан юм байна. Дорнод аймгийн ой модны дийлэнх хэсэг нь Баян-Уул суманд байдаг. Тус сумын газар нутгийн 40 хувь нь шатсан бөгөөд түймэр ой руу орчихсон. Салхины хурд 15-16 метр секунд байгаа учир ой руу орсон галыг унтраахад хүндрэлтэй байгаа аж.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

М.ЭНХ-АМАР: ЗЭЭЛ Л МАЛЧДЫН АМИНД ОРЖ БАЙНА


Зүүн гурван аймагт гарсан түймэр нь хэт хуурайшилт, халалт, эсвэл аянга цахилгаанаас болоогүй. 100 хувь хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдлаас болж гарсан. Хэдийгээр онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчин, хилийн цэргийнхэн, нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч цурамд оруулсан түймрийг салхи дахин тараасаар буй. Түймрийн нөхцөл байдал, авч байгаа арга хэмжээ, бусад зүйлийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэдэн газар түймэртэй байна вэ?

-Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Чойбалсан суманд түймэр гарч байна. БаянУул, Дашбалбар суманд дэгдсэн өөр хоёр түймэр болон Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатарын Түмэнцогт сумын түймрийг унтраасан. Завхан аймгийн Баянтэс сумын нутгаар ОХУ-аас түймэр орж ирэх магадлалтай байгаа. Түймэр одоохондоо хил даваагүй ч ороод ирвэл тосон унтраалгахаар онцгой байдлын 24, хилийн цэргийн 59 алба хаагчийг байрлуулаад байна.

-Түймэрт хэдий хэмжээний газар шатсан бол?

-Үүнийг урьдчилан тогтоох боломжгүй. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийн 80 хувь нь шатсан тухай ярьж байгаа ч яг төд гээд тогтоочихсон зүйл алга. Байгаль экологид учирсан хохирлыг ажлын хэсэг гаргаж тогтоолгодог. Тэд хохирлын хэмжээг, цагдаагийнхан хэн гал алдсаныг тогтоохоор ажиллаж байгаа. Түймэрт малын бэлчээр шатлаа. Гэтэл мал ид төллөж байна. 3000 орчим мал үрэгдчихээд байгаа ч цаана нь хэдэн сая мал бий. Тэдгээрийг бэлчээх бэлчээр алга. Иймээс улсын нөөцөд байгаа өвсийг Засгийн газрын шийдвэрээр тухайн бүс нутгийн малчдад өглөө.

-Байдал өнгөрсөн долоо хоногийнхоос дээрдэж байна уу?

-Нэг үеэ бодвол сайжирч байна. Улсын онцгой комисс яаралтай арга хэмжээ авсан. Онцгой байдлынхан газар дээр нь мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байгаа.

-Түймэр Хэнтий аймгийн Батноров сумын хогийн цэг, Баян-Овоо сумын малчны хотон дахь бууцнаас алдагдсан гэдэг үнэн үү?

-Үнэн. Нэг ч түймэр хэт халалт, хуурайшилт, аянга цахилгаанаас болж гараагүй. Хүний буруугаас болсон.

-Гал алдсан хүмүүсийг олсон уу. Тэдэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Цагдаагийнхан буруутныг олохоор ажиллаж байгаа. Тэд хамаг хүчээ дайчлан, шуурхай ажилладаг ч хохирлыг тогтоох, эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах гэсээр хугацаа алддаг. Түүнчлэн түймэрт шатсан газрын үнэлгээ бага. Гэм буруутай хүмүүст Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг ч харьцангуй бага ял оноодог.

-Иргэдийн хохирлыг төр барагдуулах уу?

-Үгүй. Төр иргэдээ аврах, хамгаалах, амьд явах эрхийг нь хангах үүрэг хүлээж, амьдрах орчин бүрдүүлнэ. Тиймээс малчдад гэр, малд нь өвс өгч байна. Түүнчлэн үхсэн малыг булж, ариутгах үүрэгтэй. Хохирсон иргэдэд аймгийн Засаг дарга нь багахан хэмжээний мөнгө өгдөг. Нөхцөл байдал хүндэрвэл иргэд, олон улсын байгууллагаас тусламж хүснэ. Энэ түймэрт хохирсон хүмүүст туслахаар иргэд, байгууллагууд анх удаа өөрсдийнхөө санаачилгаар хандив өглөө. Энэ бол хэвлэл мэдээллийнхний хүч.

-Малаа даатгуулсан малчин байсан уу?

-Байгаагүй. Газар дээр нь очоод үзэхэд бүх малаа алдсан айл цөөнгүй таарсан.

-Малаа барьцаалж зээл авсан хүмүүс хэрхэх бол?

-Зээл л малчдын аминд орж байна. Учир нь банк малыг нь барьцаалахдаа эрсдэлээ тооцож, даатгуулдаг. Тэгэхээр зээлтэй малчид даатгалаас хэдэн төгрөг авна.

-Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн гамшгаас хамгаалах нөөц дууссан. Нөөцийг нөхөж бүрдүүлнэ биз дээ?

-Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгоход Засгийн газар 1.2 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Зөвхөн зүүн гурван аймагт л аюул учраад бусад аймаг зүгээр байгаа юм биш. Ховдын Булган суманд шүлхий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт хонины гоц халдварт цэцэг өвчин гарсан. Энэ мэтчилэн орон даяар шаардлагатай байгаа зардлыг энэ мөнгөнөөс гаргаж, учирсан хохирлын 80-иад хувийг шийднэ. Мөн гамшгаас хамгаалах нөөц нь дууссан аймгуудад тодорхой хэмжээний мөнгө өгч, шатахуун, хүн хүч дайчлах, хоол унд, холбоонд зарцуулахаар болсон.

-Түймэр гарснаас хойш сарын дараа л нөхцөл байдалтай танилцсан нь хэтэрхий удаан, хойрго байна гэж Шадар сайдыг олон нийт шүүмжилж байна. Мөн түүнийг 30 гаруй сая төгрөгөөр онгоц түрээсэлсэн гэх юм.

-Улсын онцгой комиссын ажиллах журам гэж бий. Тэр дагуу бид ажилладаг. Энгийн үгээр хэлбэл, хоёр юм уу, гурван аймгийн нутаг хамарсан аливаа гамшиг (үер, ган, зуд, түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, томоохон осол)-ийн үед Улсын онцгой комисс яаралтай хуралдан, ажлын хэсэг томилж, гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг улс орны хэмжээнд зохион байгуулдаг. Улсын онцгой комисс 28 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний 10 нь сайд, нэг нь дэд сайд, дөрөв нь Төрийн нарийн бичгийн дарга, үлдсэн нь агентлагийн дарга нар. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын түймэр Сүхбаатар аймгийн нутаг руу давж, ОХУ-аас хоёр газраар түймэр орж ирснээр гурван аймаг түймэрт өртсөн. Энэ үед Шадар сайд шийдвэр гаргаж, Улсын онцгой комиссын ажлын хэсгийг надаар ахлуулан, газар дээр нь ажиллуулсан. Ажлын хэсэг Шадар сайдыг нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Шадар сайд газар дээр нь очсон. Шадар сайд буюу Улсын онцгой комиссын даргын мэдэлд гамшгийн үед хэрэглэх Ми-171Е онгоц бий. Хэвлэлээр бичээд байгаа шиг энэ онгоцыг түрээслээгүй. Шадар сайд зохих журмаараа л ажилласан. Ийм байтал “Нэг сарын дараа түймэр дээр очлоо” гэх нь утгагүй. Зарим хэвлэл мэдээллээр хэтэрхий нэг талыг барин, улс төржиж, дайны хажуугаар дажин хийж байгаад харамсаж байна. 

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Д.Чулуунбат: Үүл хуримтлагдвал пуужин харвахад бэлэн


Ихэнх нутгаар хуурайшилттай байгаа учраас ой, хээрийн түймрийг унтраахад амаргүй байна. Цаг уур орчны шинжилгээний газрын Цаг уурын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Чулуунбатаас үүлэнд нөлөөлж хур тунадас оруулах боломж хэр буйг тодрууллаа.

-Түймэртэй газруудад үүлэнд нөлөөлж хур тунадас оруулж байна уу?

-Говийн болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 15-18 метр секунд хүрч байна. Зарим үед 24 метр секунд хүртэл хүчтэй салхилж байгаа. Энэ нь үүл хуримтлах нөхцөл үүсгэхгүй, гарсан багахан хэмжээний үүлийг хөөгөөд явуулчихаад байгаа юм. 15 метр секундээс дээш салхитай байхад үүлэнд нөлөөлж, хур тунадас оруулах боломжгүй. Энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутагт түймэр ид гарч байсан. Тухайн үед Хэнтий аймгийн Баян-Адарга суманд үүл буудсанаас бага зэргийн хур тунадас орж, түймрийн нэг голомтыг унтраасан. Харин Дорнод аймгийн Баян-Уул, Сүхбаатарын Түмэнцогтод үүл хуримтлагдаагүй, хүчтэй салхитай байсан учраас үүл буудах боломж бүрдээгүй.

-Үүлэнд нөлөөлж, хур оруулахад салхины хурд хамгийн чухал байх нь. Ойрын өдрүүдэд зүүн аймгуудад салхи тогтох шинж ажиглагдаж байна уу?

-Ойрын хэд хоногт салхи тогтсон ч үүл хуримтлагдахгүй байна. Улсын хэмжээнд 21 аймагт 35 экспедиц ажиллаж байгаа. Хэнтий аймагт хоёр, Дорнод, Сүхбаатарт тус бүр нэг экспедиц ажиллаж байна. Тухайн орон нутгийн экспедиц, газрын генераторуудыг бэлэн байдалд оруулан, үүлэнд зориудаар нөлөөлөх тохиромжтой нөхцөл бүрдэхийг л хүлээж байна.

-Түймэртэй үед үүлний доод хэсэгт ууршилт их явагдан, тунадас орох магадлал буурдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Зүүн аймгууд хуурайшилтын маш их эрсдэлтэй буюу IV зэрэгт байна. Гуравдугаар сард зүүн аймгуудад цас төдийлэн ороогүй. Тиймээс ууршилт их явагдан, тунадас орох магадлалыг бууруулж байна. Хуурайшилт ихтэй, газар чийггүй байхад үүл тогтох, үүсэх нөхцөл буурдаг. Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа. Гэвч зүүн аймгуудад хур тунадас бага унах шинжтэй байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогтын түймрийг цурамд оруулаад манаж байгаа хэдий ч салхи гарахаар оч үсрээд дахин гал алдах аюултай. Тиймээс үүл хуримтлагдах л юм бол пуужин харвахад бэлэн байна. Гэхдээ пуужингийн нөөц дуусаж байгаа. Өнгөрсөн жил манай улсад БНХАУ-аас пуужин нийлүүлээгүй. Тус улсын дотоодын иргэний байгууллагынхан хур оруулах зорилготой пуужинг буруу зүйлд ашиглан, хоорондоо буудалцаж эхэлсэн учраас дотоод, гадаадын иргэний байгууллагуудад өгөхөөс татгалзсан. Бид өнгөрсөн жилийн үлдэгдэл пуужингаа аймгуудад хуваарилсан. Түймрээс гадна газар тариалангийн бүс, цөлжилттэй газруудад бороо оруулах төлөвлөгөөтэй байна. 800 пуужин авах хэрэгцээ бий.

Ч.БОЛОРТУЯА

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Урьдчилсан байдлаар 950 сая төгрөгийн хохирол учирчээ Ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарсан. Энэ талаар ЗБГХТГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Х.Буянтүмэнгээс тодрууллаа.

-Ажлын хэсэг хэчнээн газарт үзлэг, шалгалт хийгээд байна вэ?

-ЗБГХТГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, ШШҮХ-ийн ажилтнууд багтсан ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байна. Тэд өнөөдрийн байдлаар (өчигдөр) 51 газарт хэргийн газрын үзлэг шалгалт хийлээ. Мөн 67 иргэн, аж ахуйн нэгжийг хохирогчоор тогтоосон.

-Аж ахуйн нэгж гэдэг нь автомашинаараа хохирчихоод байгаа замын компанийнхан уу?

-Тийм ээ. Хохирогчоор тогтоогдогсдын гурав нь аж ахуйн нэгж, үлдсэн нь иргэд. Түймрийн улмаас 10 автомашин, таван мотоцикль шатсан. Мөн малын хашаа саравч, гэр, чингэлэг, амбаар, мал гээд олон эд зүйл шатсан. Эдгээрийн тоог нарийвчлан гаргаж амжаагүй. Хэдийгээр тэдний байгаа газар нь утасны сүлжээ муу ч гэсэн бид өдөр бүр холбогдож мэдээлэл авч байгаа. Урьдчилан тогтоосноор иргэд, байгууллагад 950 сая орчим төгрөгийн хохирол учирчээ. Үүнд шатсан талбай, бэлчээр, гал түймрийг унтраахад гаргасан зардал зэрэг хохирол ороогүй. Манайхаас хоёр түймэр хил давж хөрш орон руу гарсан бол ОХУ-ын талаас долоон түймэр манай улсад орж ирсэн.

-Азаар хүний амь нас эрүүл мэнд хохироогүй байна тийм үү?

-Азаар тийм зүйл болсонгүй. Гэхдээ нэг хятад иргэн машинтайгаа шатаж байсныг цаг алдалгүй ажиллан аварсан. БНХАУ-ын талаас орж ирсэн түймэрт хилийн инженерийн байгууламж өртөв Хилчид хилээ манаж, дархан хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалахаас гадна гал түймрийг унтраахаар нойр хоолоо умартан зүтгэж байна. ХХЕГ-ын Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Ган-Эрдэнээс хил орчмын түймрийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулсан юм.

-ОХУ-ын талд маш их түймэр асаж, салхин дор нь хил залгаа байгаа манай улсын нутаг руу орж ирэх болсон. Бас Хятадын талаас түймэр орж ирсэн мэдээлэл ч байна. Сүүлийн өдрүүдэд хэчнээн түймэр “хил зөрчөөд” байна вэ?

-ОХУ-ын талаас Хэнтий аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын чиглэлээр хоёр ч удаа түймэр хил давж орж ирж, их хэмжээний га талбай шатаалаа. Мөн БНХАУ-ын талаас Сүхбаатар, Дорнод аймгийн хил дагуу гурван түймэр орж ирсэн. Хилээр орж ирсэн түймрийн шалтгаан нөхцөлийг судлахад ОХУ-ын талаас орж ирсэн гал тус улсын иргэдийн болгоомжгүй үйлдлээс болсон бололтой. Тэд ой цэвэрлэж, хөвд шатааж байгаад гал алдсан гэсэн. Хүчтэй салхи, хуурайшилтаас шалтгаалаад тэр түймэр нь хурдацтай тархаж, Хэнтийн Дадал сумын чиглэлээр орж ирж, улмаар Дорнодын Баян-Уул сум руу нэвтэрсэн. Өдгөө энэ түймрийг унтраахаар хилийн цэргийн алба хаагчдаас гадна онцгой байдал, Зэвсэгт хүчнийхэн, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна. Мөн Дорнодын Ямлахын чиглэлээр орж ирсэн түймэр дээр ажилласаар байна. Уг түймэр хилийн долоон сумыг хамарлаа.

-Хятадын талаас орж ирсэн түймэр танай байгууллагад багагүй хэмжээний хохирол учруулсан гэсэн. Шалтгаан нөхцөл нь юу байв?

-Хятадын талаас хил давсан гурван түймрийн тухайд манай улсаас тэдний тал руу орж болзошгүй байгаа галаас урьдчилан сэргийлж, цурам тавьж хамгаалж байгаад салхи эргэхэд унтрааж чадалгүй алдсан юм билээ. Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагааны хилийн отрядын хариуцсан чиглэлээр орж ирсэн энэ түймэрт хилийн инженерийн байгууламжийн 700-гаад модон шон, хилийн цэргийн ангийн малыг хардаг малчдыг хашаа саравч, хоёр айлын гэр, төл мал нь ч шатсан.

-Хил давж орж ирсэн түймрийн уршгаар танай байгууллагад хэдий хэмжээний хохирол учирч, ямар хэмжээний зардал гараад байгаа бол?

-Энэ оны хоёрдугаар сарын 7-ноос дөрөвд үгээр сарын 20-ны хооронд хилийн есөн ангийн хариуцсан хэсэгт 27 удаа ой, хээрийн түймэр гарсан. Хил хамгаалах байгууллагад 14.9 сая төгрөгөөр үнэлэгдэх хохирол учирсан гэсэн урьдчилсан дүн гарсан. Зүүн гурван аймгийн газар нутгийг хамарсан түймэрт хил хамгаалах байгууллагаас багагүй хэмжээний зардал гарсан. Зөвхөн сүүлийн хоёр хоногт гэхэд 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хүнс хоол, шатахууны зардал гарсан гээд тооцоод үзвэл их тоо гарна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга