ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ДАХИН ТӨЛӨВЛӨХӨД ХҮРЭХ ВИЙ

2015 оны 04 сарын 22

“Дүүгийнхийг энд байхад бид зун очиж чаддаггүй байлаа. Зуун айлын энэ хавь битүү намаг учраас жаахан л бороо орвол шалбааг болчихдог, айлуудын хамаг л бохир нь гудамжаар халиад маш заваан байсан. Тэгэхэд бид тоглоом шоглоомоор дүүгээ Шрек гэдэг байсан юм. 2009 онд тэднийх нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлсэн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хашаа байшингаа газартай нь байраар солиод X хороолол руу нүүсэн. Харин манайх Дэнжийн мянгадаа үлдсэн” хэмээн Батаа дурамжхан дуугарав. Ногоон нуураас холгүй амьдарч байсан дүү нь намган дундах навтгар байшингаа усаар халдаг байраар солиод, утаагүй галд цай чанадаг болжээ. Саахалтын зайтай байсан ах нь харин худгаас тэргээр ус зөөж, гаднаас нүүрс оруулан гал түлдэг, гадаа ч утаан дунд, гэртээ ч угаар дунд бахь байдгаараа үлджээ.

Дүүгийнхтэй нь хамт 60 гаруй айл 2009 онд орон сууцанд орох гэрээ хийж, 30-аад өрх бэлэн мөнгөөр газраа сольсон аж. Гэр хорооллыг барилгажуулна гэдэг аль ч засгийн үед толгой өвтгөсөн асуудал байсаар ирсэн. МАН засгийн жолоо атгаж байх үед “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” нэртэй байгаад АН засаглаж эхэлсэн цагаас “дахин төлөвлөлт” болгож үг үсгийг нь сольсон л болохоос угтаа зорилго нь ижил. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу гэр хорооллыг барилгажуулна хэмээн 2008 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн IX-XII хороонд орон сууцны VII хорооллын, дараа нь “Нарантуул” захын хойд хэсэгт XIV хорооллын шав тавьсан.

МҮОНРТ орчмын 27 га газарт 2470, VII бичил хорооллын 93 га газарт 9100, Дарь-Эх орчмын 61 га талбайд 2043, XIV хорооллын 235 га-д 9100, “Зүүн Сэлбэ” хорооллын 187.1 га газарт 3860, Зуун айлд VII хорооллын 210 га газарт 10.000, Дэнжийн мянгын 145 га газарт 3600 айлын орон сууц барина гэсэн төлөвлөгөө тухайн үед гарсан байлаа. Гэр хорооллын навтгар байшин, навсархай хашаануудыг өндөр байшин, өнгөлөг гудамж болгож өөрчлөх нүсэр ажил тэр цагаас өнөө хүртэл үргэлжилсээр Сонгинохайрхан дүүргийн VI хороонд гэхэд “Хера пропертийз” компани өнгөрсөн намар 168 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Гэр хорооллоос орон сууцны хороолол руу нүүх энэ нүүдэл тасралгүй үргэлжилбэл Улаанбаатарын утаа шингэрч, хөрсний бохирдол багасах нь гарцаагүй. Даанч нүүдэл саарах янзтай.

Гэр хороололд орон сууц барихаар шалгарч, иргэдээс дэмжлэг авахдаа барилгын компаниуд эрчтэй, урамтай байсан бол харин одоо урвагар, уцаарлангуй болж. Учрыг нь тайлах гээд үзье. “Master properties” компанийн гүйцэтгэх захирал Б.Солонго энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлтийн хэсэгт 2014 онд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт төрөөс хийж өгснөөр өнөөдрийн байдлаар нийт 14.000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсны 80 гаруй хувь нь борлогдоогүй байна. 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн орон сууцны дундаж үнэ тогтмол буурч байгаа. 2014 оны сүүлчээр хийсэн судалгаанаас харахад орон сууц өнөөг хүртэл эрэлтийн илүүдэлтэй явж ирсэн хэдий ч 2015 онд нийлүүлэлтийн илүүдэлтэй байх дүн гарсан” (http://vip76.mn/content/31187) гэжээ. Орон сууцны үнэ хямдарч байна, браво.

Жирийн иргэн миний хувьд энэ бол сайн мэдээ. Улаанбаатарын тэнгэрт хар утаа баагиулагч яндангуудын тоо цөөрч, халуун ус хананаасаа авч, цахилгаан зууханд цайгаа чанах айлын тоо нэмэгдвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Агаарын чанар сайжирсан” гэх “ерөөл” бат оршино. Энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 229 байршилд 43.962 айлын шинэ орон сууц эзнээ хүлээж байв. “Master properties” компанийн судалгаагаар эдгээр байрны нэг ам метр талбайн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар, хоёрдугаар сарынхаас 36.500 төгрөгөөр буюу 1.6 хувиар хямдарчээ. Өнөө жилийн эхний хагас хүртэл орон сууцны үнэ тогтвортой байх ч хоёрдугаар хагаст бага зэрэг хямдарна гэж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шинжээчид таамаглаж байна. Иргэн миний чихэнд чимэгтэй сонсогдох энэ мэдээ харин барилгын бизнес эрхлэгчдэд таалагдсангүй. Бараагаа хямдхан зарах хүсэлтэй наймаачин хаа ч байдаггүй болохоор тэднийг ойлгож болох юм. Барилгын бизнес эрхлэгчдийн санааг зовоож буй бас нэг зүйл нь орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа гэнэ.

Өнгөрсөн жил борлогдоогүй 7000 айлын орон сууц бий. Үүн дээр нэмээд, энэ онд 27.435 айлын орон сууц ашиглалтад орно. Үүнийг хэн худалдаж авах вэ. Баячууд хэд хэдэн байр аваад хадгалчихсан. Тэдэнд дахиад орон сууц хэрэггүй. Дунджууд нь найман хувийн хүүтэй зээлээр байртай болчихсон. Дунджаас доогуур орлоготой нь байрны зээлээ сар сард нь төлөөд явж хүчрэх ч урьдчилгаанд өгөх 30 хувиа хуримтлуулж чадаагүй тул банкны хаалгаар шагайх эрхгүй. Тэгэхээр байр авах хүн Монголд алга. Монгол Улсын хүн амын хэдэн хувьд нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт байгаа, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа хэзээ тэнцэхийг бурхан л мэднэ. Энэ талаар бодит судалгаа байдаггүйгээс барилгын салбарынхан урт хугацааны бодлогоо төлөвлөж чаддаггүй. Үүнээс болоод төр нь ч, хувийн компаниуд ч эсгий гэрийн тоогоор орон сууцны эрэлтийг тооцох нь халаг байна.

Зээлээр ч бай, бэлэн мөнгөөр ч бай орон сууц авах хүн байхгүй нөхцөлд компаниуд барилга барихгүй. Тэр тусмаа гэр хорооллын айлуудыг нүүлгэж, тэдэнд түр толгой хоргодох байр гаргаж өгч байгаад орон сууц барих компани бүр ч олдохгүй биз. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй компаниуд гэр хорооллын айлуудын газрыг байраар сольж, эсвэл бэлэн мөнгөөр худалдан авах замаар чөлөөлж байгаа. Гэтэл төр өөрөө хоосон газар дээр “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” гэхчлэн орон сууцыг бүхэл бүтэн хорооллоор нь бариад хямдхан зараад байвал хувийн ямар ч компани гэр хороололд орон сууц барихгүй хэмээн барилгынхан бухимдаж байна. Үнэхээр ч өнгөрсөн жил төсөл хэрэгжүүлэгчид 1107 айл нүүлгэн, газрыг нь бүрэн чөлөөлжээ. Тэдний 152-оос газрыг нь худалдан авсан бол 604 айлыг газар дээр нь барьсан орон сууцнаас өгөхөөр гэрээ байгуулан, түрээсийн байранд түр оруулсан байна.

...Иргэн миний чихэнд чимэгтэй сонсогдох энэ мэдээ харин барилгын бизнес эрхлэгчдэд таалагдсангүй. Бараагаа хямдхан зарах хүсэлтэй наймаачин хаа ч байдаггүй болохоор тэднийг ойлгож болох юм. Барил-гын бизнес эрхлэгчдийн санааг зовоож буй бас нэг зүйл нь орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа гэнэ...

Газар дээр нь босгох байранд орох гэрээ байгуулсан хүний нэг нь Батаа. Дэнжийн мянгыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгч компани шалгарч, иргэдтэй гэрээ байгуулж эхлэх үед Батаа хашаа байшингийнхаа зээлийг банкинд төлөн, гэрчилгээгээ барьцаанаас авч, төсөл хэрэгжүүлэх компанид хураалгажээ. Батаа энэ талаар “Тухайн үед компанийн ажилтнууд “Намар гэхэд орон сууцаа барьж эхлээд хойтон жил ашиглалтад оруулна” хэмээн хэлсэн ч одоо барьж байгаа байшин байтугай босгосон шон ч байхгүй. Учрыг нь асуухаар мэдэх хүн байдаггүй, газар, хашаа байшингийн гэрчилгээгээ авъя гэхээр өгдөггүй. Зурагнаас нь харвал манай хашаа орон сууц барих газарт биш, ногоон байгууламж хийх газарт орсон. Хоёр талын гэрээ байгуулсан айлын тоо хэрэгтэй байсан учраас эхний гэрээгээ манайхтай хийсэн байх. Орон сууцаа барьчихаад ногоон байгууламжаа хийлгүй орхичихдог шүү дээ, компаниуд.

Паартай байшин, паалантай жорлон лөөлөө болж байх шиг байна аа. Ядаж гэрчилгээгээ авчих юмсан. Банкинд барьцаалах ч юмгүй болчихлоо” гэж ярив. Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын 2001 оны тайлангаас үзвэл иргэн, төсөл хэрэгжүүлэгч компани, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар (нийслэлийн Засаг даргыг төлөөлж) хооронд байгуулах гурван талт гэрээ удаашралтай байгаа аж. Үүнийг нэгдүгээрт, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн идэвх муу, бичиг баримтын зөрчил их, гэрээ байгуулах мэдлэг, мэдээлэл сул хоёрдугаарт, төсөл хэрэгжүүлэгч компаниуд гурван талт гэрээ байгуулах сонирхолгүй (гэрээний үүргийн биелэлт хангах боломжгүй) гуравдугаарт, Гэр хорооллын хөгжлийн газраас гурван талт гэрээ байгуулах талаар шахалт үзүүлэх эрх зүйн болон процессын боломж байхгүйтэй холбон тайлбарлажээ.

Нийслэлийн ИТХ-ын 2013, 2014 оны тогтоолуудаар найман дүүргийн гэр хорооллын нийт 24 байршлыг 75 хэсэг болгон хувааж, барилгажуулах төсөл зарласан. Энд 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх батламж авчээ. Эдгээр газрыг барилгажуулчихвал Улаанбаатар хотын гэр хорооллын 10-15 орчим хувь нь орон сууц болно гэсэн үг. Гэтэл энэ олон компанийн гуравны нэг хүрэхтэй үгүйтэй хэсэг нь л гурван талт гэрээ байгуулсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа нь гурван талт гэрээ болж байгаа юм. Энэ янзаараа байвал дахин төлөвлөлтийг өөрийг нь дахин төлөвлөх хэрэг гарах вий.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.171.135 Дахин төлөвлөх, газар шинэчлэх зэрэг төслүүдийг хийхдээ заавал айлуудыг зайлуулж олон давхар барилга барих биш, хашаа бүрд нь нэг загварын маягийн 2 давхар байшинг, цэвэр ус, бохир ус, дулаантай нь шийдээд, явбал болохгүй юм уу? Иргэн газартайгаа үлдэнэ. Иргэн зардлын тодорхой хувийг гаргана. Хашаа, орчиноо ногооруулана. Олон айл нүүхэд эхний 1 жишээ гэхэд тэр олон айлын нохойг яах вэ? Хулгай, дээрэм, хэв журмын зөрчилтэй энэ нийгэмд иргэд аюулгүй, тайван, амар амьдрах хэрэгтэй байна. Хашаандаа ядаж жоохон ногоо тариад, жимсээ тариад, тахиагаа тэжээж цэвэр өндөгөө хүүхэддээ өгмөөр байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга