Улаанбаатар-Дарханы замд осол их гардаг есөн цэг байна

2015 оны 04 сарын 20

Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 дугаартай улсын чанартай авто замд осол их гардаг. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнийг судлаад осол хамгийн их гардаг хэсэг 52-161 дэх км-т байгааг тогтоожээ. Энд жолооч нарт аюултай есөн цэг байгаа аж. Ослоос сэргийлэхийн тулд нэн даруй ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухай саналаа МХЕГ-аас Зам, тээврийн яаманд хүргүүлсэн байна. 

-52 дахь км-т 2013 онд зам, тээврийн 30 осол гарчээ. Энэ замын уруудах хэсэгт хурд хэтрүүлэх, халтиргаа гулгаатай үед осол гарах магадлал өндөр. Мөн эвдрэл, хагарлаас болж зам нарийссан аж. Жолооч нар энд хурдтай давхин орж ирээд сөрөг урсгалд орж мөргөлддөг нь тодорхой болжээ. Иймээс энд хурдны дээд хязгаар заасан тэмдэг байрлуулж, эвдэрч хагарсан хэсгийг засаж, эгнээг өргөтгөх шаардлагатай байна.  

-60 дахь км-т 2013 онд 20 осол гарсан байна. Замын эргэлттэй хэсэг болон хашлаганы төгсгөлд гэрэл ойлгогчийг хангалттай хийж өгөөгүй, эргэн тойрныг гэрэлтүүлэх тэмдэг, тэмдэглэгээ дутмагаас осол гардаг.  

-85 болон 91 дэх км-т 2013 онд 44 осол гарсан. Эргэлт дээр налуу өндөрлөгөө хийхдээ төвөөс зугтах хүчний үйлчлэлийг хангалттай тооцоогүй байна. Үүнээс болоод жолооч нар энэ хэсгээр эргэхдээ замаас гарч онхолддог, өөдөөс ирж яваа машинтай мөргөлддөг аж. Үүнээс гадна тойргийн эргэлтийн хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал учир шөнө осол гарах магадлал өндөр.

-97 дахь км-т 2013 онд дөрвөн удаа осол гарчээ. Энд байдаг гүүр нарийхан тул жолооч нар шөнө хашлага мөргөдөг. Гүүрэн дээрх зорчих хэсгийн голоор заагласан тасархай шугам баларч, бүдгэрснээс болоод шөнө жолооч нар баримжаа алдаж, осол гаргах магадлал нэмэгддэг.

-103-109 дэх км-т 2013 онд 26 осол гарч, нэг хүн нас баржээ. Шулуун замаар явж байгаад огцом эргэх хэсэгт замын налуу өндөрлөгөө хийхдээ төвөөс зугтах хүчний үйлчлэлийг хангалттай тооцоогүй байна. Үүнээс болж машин замаас гарч онхолддог, эсвэл өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлддөг аж. Мөн замын огцом эргэлт дээр үзэгдэх орчин хязгаарлагдмал байдгаас шөнө жолооч баримжаа алдаж осолдох өндөр магадлалтай.

-120 дахь км-т 2013 онд 150 осол гарч, нэг хүн амиа алджээ. Замын уруу хэсэгт жолооч нар хурд хэтрүүлдэг, өгсөж яваа машиныг гүйцэж түрүүлэх зэргээр өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлддөг аж. Огцом эргээд уруудах хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, аюулгүйн хаалт, хашлага дутмагаас шөнө жолооч нар баримжаа алддаг юм байна. Мөн замын хагарсан хэсгийг тойрч гарах үедээ өөдөөс ирж яваа машинтай мөргөлдөх магадлал их.

-157 дахь км-т машинууд мөргөлдөх болон замын хажуугийн хаалт, хашлага мөргөх осол ихэвчлэн гардаг. Огцом өгсүүр замын оройгоос баруун тал руу огцом эргэлт залгаж байгаа нь ослын шалтгаан болдог аж.

-161 дэх км-т жолооч нар хурд хэтрүүлдэг. Замын өгсүүр хэсгийн төгсгөлд буюу хадагтай модны орчим зарим жолооч удаан зогсдог. Зогссон машиныг хурдтай явж байгаа жолооч нар тойрч гарахдаа өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлддөг юм байна.   

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.201 sonato taxi nuud hoid tormosmnii ulaan gerelee salgaad davhaid bdag uuniig zogsooh hertei

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга