Гянтболд олборлож байсан нинжа нарыг тараажээ

2015 оны 04 сарын 20

Ховд аймгийн Үенч сумын Нүцгэний оцог хад гэдэг газраас гар аргаар гянтболд олборлож байсан 300 гаруй хүнийг тус аймгийн Цагдаагийн газар, Үенч сум дахь Тагнуулын тасаг хамтран тараажээ. Нинжа нар 35 камфересор, гинжит трактор гурав, 60-аад машин, мотоцикль ашиглан гянтболд олборлож байсан аж.

Тэд 50 гэр, овоохой барьсан байснаас гадна гурван гуанз ажиллаж байсан гэнэ. Гар аргаар гянтболд олборлохыг таслан зогсоох тухай аймгийн Засаг даргын захирамжийг иргэдэд танилцуулж, сайн дураараа тарахыг үүрэг болгоход нинжа нарын 60-аад хувь нь хүлээн авч, гэр лүүгээ буцжээ. Үлдсэн иргэдэд шаардлага тавьж гэрийг нь буулган, овоолсон шороо, чулууг тэгшлүүлж, ухсан нүхийг трактороор булуулан, тарьсан хогийг цэвэрлүүлжээ.

Гэрээ ачиж явах унаагүй, машин хөлслөх мөнгөгүй хэсэг хүн таван гэрээ эзэнгүй орхиод явсан аж. Тиймээс ажлын хэсэг нутгийн хоёр малчнаар эргүүл тавьж, гэрүүдийг харж хандуулахаар болсон байна. Тус аймгийн Байгаль орчны газрын судалгаагаар 2000-2014 онд 11 сумын нутаг дэвсгэрээс иргэд хууль бусаар алт олборлосны улмаас 156.5 га талбай эвдэрчээ.

Тухайлбал, Алтай суманд 47, Үенчид 52.3, Булганд 13, Цэцэгт 19, Дөргөнд 9.2, Ховдод 8.0, Буянт, Чандманьд тус бүр 2.0 га газар сүйдсэн аж.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга