Шүлхийтсэн малыг устгахаа больсноор 1.5-2 тэрбум төгрөг хэмнэжээ

2015 оны 04 сарын 01

Ховд аймгийн Булган, Үенч суманд гуравдугаар сарын 16-наас хойш мал нэмж шүлхийтээгүй, шүлхийн халдвар зогсоод байгааг Мал эмнэлэг, үржлийн газар  (МЭҮГ) мэдээллээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл гуравдугаар сарын 20-ны байдлаар 992 өвчилсөөс 837 нь бүрэн эдгэжээ. Шүлхийтсэн малыг өмнө нь шууд устгадаг байсан юм. Энэхүү хуучин аргаасаа манай улс өнөө жилээс татгалзаж, вакцинжуулах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх зарчим баримталсан. Ингэснээр  малыг зориуд устгах, ариутгах, булах, малчдад нөхөн олговор олгох, шүлхийтэй тэмцэх ажлын зардал зэрэгт мөнгө гаргах шаардлагагүй болж, 1.5-2 тэрбум төгрөг хэмнэжээ.

Адуу шүлхийгээр өвчилдөггүй. Тиймээс адуунаас бусад малд шүлхийн вакцин тарьдаг. Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакциныг Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумын 312665, Баян-Өлгийн Булган сумын 34741 малд хийжээ. Эдгээр сумын вакцинжуулах шаардлагатай малыг тарилгад бүрэн хамруулсан байна.  

Францын “Мериал” фермд үйлдвэрлэсэн 300 мянган тун вакциныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-аас манай улсад тусламж болгон илгээсэн аж. Эл вакцинаар дээрх малыг давтан вакцинжуулах юм.

Шүлхийтсэн малыг МЭҮГ-ын удирдамжийн дагуу ээмэгжүүлэн, таних тэмдэгтэй болгож байна. Эдгээр малыг зургаан сарын дараа мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор нядалж, хүнсэнд хэрэглэх юм байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга