Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг 46 улс байгуулахаар боллоо

2015 оны 04 сарын 01

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилгад нэгдэх хүсэлтэй улс орнуудыг бүртгэх хугацаа гуравдугаар сарын 31-нд дууслаа. БНХАУ-ын санаачилсан, шинээр байгуулах энэхүү банкны үүсгэн байгуулагч гишүүн болох хүсэлтээ нийт 46 орон ирүүлжээ. Тус банкийг байгуулахад оролцохоо мэдэгдсэн улсуудын дотор ОХУ, Герман, Австрали, БНСУ, Их Британи, Бразил, Киргизстан, Швед, Тайвань болон Зүүн хойд Ази, Ойрхи Дорнодын улсууд байна. Тэд уг банкны үндсэн бодлогыг тодорхойлоход оролцох эрхтэй аж. Харин АНУ, Япон улс тус банкны удирдлагын ил тод байдал хангалтгүй байгаа тул нэгдэхгүй гэдгээ мэдэгджээ. “Цаашид бусад улс тус банкинд нэгдэх боломжтой ч банкны бодлого боловсруулахад оролцох боломжгүй” хэмээн БНХАУ-ын Засгийн газраас мэдэгджээ. Ази тивийн хөгжиж буй улс орнуудын дэд бүтцийн төслүүдийг дэмжих зорилгоор БНХАУ ийм банк байгуулах санаачилга гаргаж буйгаа жилийн өмнө зарласан юм.

Энэ банкны үүсгэн байгуулагчдын нэг нь Монгол Улс. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар 2014 оны аравдугаар сарын 24-нд Бээжин хотноо гарын үсэг зурсан юм. Монгол Улс зэрэг бүс нутгийн хөгжиж буй орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч байгаа хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, мөнгөний урсгалыг зохистойгоор хуваарилахад энэ банк ихээхэн хувь нэмэр оруулна гэж Монголын Засгийн газар үзэж байгаа.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв байрыг Бээжинд байгуулахаар үүсгэн байгуулагч 22 улс өнгөрсөн жил тохиролцсон. Үйл ажиллагааг нь энэ оны эцсээр эхлүүлэхээр төлөв буй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга