Цогтцэций сумын малчид шороон замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэж байна

2015 оны 03 сарын 30

Тавантолгойгоос Гашуунсухайт руу өдөр бүр 120-180 тонны даацтай 300-500 машин шороон замаар нүүрс тээвэрлэн, газрын хөрс талхалж, тоос босгож буйг эсэргүүцэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн малчид жагсаал зохион байгуулж байна. Тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн машинуудын замыг хаан, шороон замаар явуулахгүй байгаа аж. Хүнд даацын машинуудын дугуйнд говийн өвс ургамал талхлагдан, агаарт байнга тоос дэгддэг болсноос Сийрст багийн 30 гаруй өрх амьдрах нутаггүй, 13000 мал нь хамар хатгах өвсгүй болоход тулжээ. Тиймээс шороон замаар нүүрс тээвэрлэж буй компаниудад “Гуравдугаар сарын 1-нээс хатуу хучилттай замаар нүүрс тээвэрлэ” гэсэн шаардлага хүргүүлсэн юм байна. Гэсэн ч компаниуд шаардлагыг хүлээж аваагүй тул малчид ийм арга хэмжээ авахад хүрсэн аж.

Тавантолгойн ордод төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” болон “Энержи ресурс” компани үйл ажиллагаа явуулж байгаа. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компани Цанхиас нүүрс олборлож байгаа бол “Энержи ресурс” Ухаахудаг ордыг ашиглаж байгаа. “Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөр Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл хатуу хучилттай зам тавьсан юм. Энэ 245 км замыг “Эрдэнэс МГЛ” компани (Засгийн газар) 2013 онд 118 сая ам.доллараар худалдан авчээ. Ингэхдээ 100 саяыг нь бэлнээр нь шилжүүлж, үлдсэн 18 сая ам.долларыг нь замын хураамжаас төлөхөөр тохиролцсон байна. Үүний дагуу “Энержи ресурс” уг замаар нүүрс тээвэрлэсэн машин тутмаас 75 центийн хураамж төлж, үлдсэн 50 центийг “Эрдэнэс МГЛ”-ээс авах төлбөртөө суутгадаг гэнэ. Гэтэл бусад компани үүнийг ойлголгүй “Шударга бус, өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байна. Бас 1.25 ам.доллар өндөр байна” гэж үзэж буй аж.

Нүүрс тээвэрлэдэг жолооч нар хатуу хучилттай замаар явахыг хүсэж байна. Харин жолооч нар хатуу хучилттай замаар явахыг хүсдэг ч тэдэнд цалин хөлс өгдөг компаниуд нь зөвшөөрдөггүй учраас шороон замаар явахаас өөр аргагүйд хүрдэг аж. Шороон замаар явахад тоос босоод урдах замаа харж чадалгүй осол гаргах, хүн дайрах тохиолдол цөөнгүй гардаг. Уурхайгаас хил хүртэлх 240 км шороон замыг амралтгүйгээр 24 цаг явж туулдаг гэнэ.

Энэ асуудалтай Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллахдаа танилцаад, холбогдох албаны хүмүүст танилцуулж шийдвэрлүүлэхээр болжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга