Булган, Үенчид гарсан шүлхийгээр 743 мал өвчлөөд байна

2015 оны 03 сарын 04

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, 743 мал халдвар аваад байна. Өвчний голомтод тус аймгийн Мал эмнэлгийн газрын эмч нар ажиллан, халдвар авсан малыг түргэвчилсэн оношлуураар шалгахад шүлхийн вирус илэрсэн аж. Тиймээс энэ сарын 2-нд тус аймгийн Онцгой байдлын комисс хуралдан, Булган, Үенч суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Шүлхийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, хошууч Д.Дандараар ахлуулсан, Мал эмнэлгийн газрын дарга, Цагдаагийн газрын дэд дарга, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Зоонозын өвчин судлалын тасгийн халдвар судлаач их эмч нараас бүрдсэн баг ажиллаж байгаа аж. Аймгийн Засаг дарга А/65 тоот захирамж гарган, хээрийн штаб байгуулж, Булган суманд 11, Үенч, Алтай суманд тус бүр хоёр пост гарган хөл хориулж байгаа гэнэ. Өвчний голомтын бүсэд хаваржиж буй малчны нэг настай хоёр хүүхэд өндөр халуурсан тул Булган сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлжээ. Хүүхдүүдийн халуун буурсан, нэмж хүн өвчлөөгүй гэсэн мэдээ байна.

Энэ өвчний шинж тэмдэг анх хоёрдугаар сарын 27-нд Булган сумын Баянсудал багт хаваржиж буй хоёр айлын 250 үхэр, 180 ямаа, 30 хонь, 3-4 тэмээнд илэрчээ. Энэ суурьт 20-иод айлын нийт 7000 гаруй мал бий. Өвчний голомт нь сумын төвөөс 70 гаруй км зайтай. Тэнд болон ойр хавьд байгаа малыг нэн даруй вакцинжуулах шаардлагатай. Тиймээс Улаанбаатар хотоос өчигдөр 159.000 тун вакцин ачуулсан байна. Гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан хил залгаа Баян-Өлгий аймгийн Булган суманд бас хөл хорьжээ.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга