“Кожеговь” 2015 оноос туршилтаар уран олборлож эхэлнэ

2015 оны 03 сарын 03

Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян суманд ураны хайгуул хийж буй Францын “Арева Монгол” компанийн охин “Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьери Плезант өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзан, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгсөн байна.

Тус компани дээрх хоёр суманд хийж буй ураны хайгуулаа дуусаж байгаа агаад үйл ажиллагаа явуулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж батлуулжээ. Тиймээс энэ оны эхний хагас жилд багтаан, уран ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөх гэнэ. Ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихвал 2015 оноос туршилтаар уран олборлож эхлэхээр төлөвлөжээ.

Ураны хайгуулаас болоод мал үхэх, хээл хаях, гаж хөгжилтэй төл төрүүлдэг гэсэн  мэдээлэл малчдын дунд одоо ч байгаа. Иймд тус компани Улаанбадрах, Зүүнбаян сумын малыг мал эмнэлгийн үзлэгт хамруулахаар болжээ. Энэхүү ажлаа  гуравдугаар сарын дундуур эхлэх юм байна. 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга