ХҮНЭЭ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ЯАЛТАЙ

2015 оны 02 сарын 27

СТРАТЕГИЙН ЯЛ БАЙЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

Хүний сэтгэлийн дуутай энэхэн хорвоод хүүхдийн энэлэнт хашгираан сонсогддог болсоор хэр удсан юм, бүү мэд. Хойд эцэг нь дагавар хүүхдээ заазуурдаж гэнэ, хойд аав нь дагавар охиноо хүчирхийлжээ, хойд эх нь дагавар хүүхдээ амбаарт нохой шиг уяад угаадсаар хооллон 10 гаруй жил болгожээ, хүнд захиалга өгөн өргөмөл хүүхдээ алуулжээ... гэх хар мэдээ зүрх зүсдэг байсан бол бүр сүүлдээ төрүүлсэн охиныхоо толгойг эх нь заазуураар тасалчихжээ, төрсөн эцэг нь охиноо зодоод алчихжээ гэх сонссон хүн ч хар дармаар жигшүүрт хэрэг гардаг боллоо. Шувууны өндгөнд сүүдрээ тусгахыг цээрлэдэг монголчууд яагаад ингэтлээ хүнээ байчихав. Хүн бол сэтгэлийн амьтан гэсэн тодорхойлолт байдаг. Цагаан сүүний ургамлуудын сэтгэл ямархан хар хороор дүүрчихээрээ зулзагаа барьж иддэг гахай болчихдог байна аа. Хүнээ байсан монголчуудын нэг хэсэг нь бусдынхыг буруу харж, нөгөө хэсэг нь өөрийн үрээ барьж байна. Нэг хүүхдээрээ заазуур авчруулж байгаад нөгөөг нь заазуурдсан эцэг нэрт араатанд шүүх гурван жил хорих ял оноосон.

Тэгэхэд ард түмэн арай ч дээ хэмээн уулга алдсан. Хууль ийм гээд хуульчид мөрөө хавчсан. Гурван жилийн дараа араатан “аавынх”- аас гараад ирнэ. Эцэгтээ “цусаа соруулсан” хүү харин яагаа бол. “Бушуухан том болоод хариугаа авна даа” гэсэн хонзон бяцхан зүрхэнд нь нуугдаж үлдсэн бол яана. Хохирогчийн сэтгэлийг дулаацуулах, хохироогчийг бусдад жигшүүлэх арга хэмжээ авахгүй байгаа учраас л “Чамайг алчихад 10 жилийн дараа гараад ирнэ” хэмээн агсрах нөхөд Монголд олшроод байна бус уу. Стратегийн өмгөөлөл гэдэг зүйл байдгийг монголчууд мэдэж авсан. Тэгвэл стратегийн ял байж яагаад болохгүй гэж. Хүүхдэд хүн бусаар хандсан харгис араатнуудыг нийгэмд жигшүүлж, сэтгэлдээ хар буруу санаа агуулж яваа өөр нэгний гарыг “хүлэх” нь стратегийн ялын зорилго байх ёстой.

ЗЭРЛЭГ ЦЭНГЭЛД ХЭН ЦЭГ ТАВИХ ВЭ

Хөхөө өвлийн хүйтэнд хүний хүүхдийг хурдан морины нуруун дээр нүцгэн шахуу гаргачихаад нусаа хацартаа наахыг нь харан баясаж, хашгиран дагаж давхидаг зэрлэг цэнгэл Монголд газар авлаа. Энэ жил ч зэрлэг цэнгэл үргэлжиллээ, хойшид ч тасрах янз алга. “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос энэ сарын 22-ны ням гаригт Баруун-Уртад зохион байгуулсан, Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морьдын уралдааны үеэр 24 хүүхэд мориноос унаж, гэмтжээ. Хүүхдүүдийн хоёр нь тархи доргисон, цээж нь битүү бэртсэн гэсэн оноштойгоор аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тархи доргих, цээж битүү бэртэхийг хүнд гэмтэлд тооцдог юм байна. Хамаг тэнхээгээрээ хурдлан давхих морины нуруун дээрээс хөлдүү газарт пидхийтэл унасан хүүхэд яаж ч зүгээр өнгөрөх билээ.

Хөнгөн бэртсэн хүүхдүүд гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бол азаар бэртсэнгүй хэмээн олзуурхаж суугаа нэгнийх нь бэртэл хожим илрэх урхаг бас бий. Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай, гараад ирэхийн хооронд голд хүйтэн ором байлаа. Энэ өдрүүдэд салхины хүч секундэд 18-20, зарим үед 24 метрт хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурсан байв. Сүхбаатар аймагт ч хоёрдугаар сарын 21, 22-нд цасаар шуурч, өмнөх өдрүүдэд нь хайлмагтсан цас тэр өдөр мөстөж халтиргаа үүссэн байна. Үүний уршгаар зөвхөн азарганы уралдааны замд гэхэд 19 хүүхэд мориноос унажээ. Уяачдыг хахирган өвлийн хайруу жавраар хүүхэд, хүлэг хоёроороо зугаацан зэрлэг цэнгэлд умбаж хойх зуур Асгат сумын нутагт нэг хүн осгож нас барсан байх юм. Үүнээс үзэхэд л шүлс газарт унаж амжилгүй агаарт хөлдөх хүйтэнд хүүхдүүдээр хурдан морь унуулж уралдуулсан болох нь тодорхой болов.

Аймгуудын Засаг дарга нар өвөл, хавар морь уралдуулахыг хориглосон захирамж гаргадаг ч үг нь элсэнд асгасан устай адил болдог. Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэсэн шиг дураар аашлах уяачид, Морин спорт уяачдын холбоо гэх толгой томтой байгууллагууд хахир өвөл, хайруу хавар гэлгүйгээр хаа сайгүй уралдаан зохион байгуулсаар, тэр бүрт хүүхэд хөлд нь чирэгдсээр. 2014 онд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт болсон том, жижиг 122 удаагийн уралдааны үеэр 112 хүүхэд мориноос унасан нь үүний бэлээхэн баримт. Мориныхоо толгой руу ташуур далайдаггүй монголчууд хүүхдийг хайрлахаа байсан нь хаанаас гарч ирсэн хатуу сэтгэлийнх юм бол. Морь унаж уралдах нь байтугай галын дэргэдээс холдомгүй жихүүн хүйтэнд хүүхдийг моринд хүндэднэ гээд олигтой дулаан хувцас ч үгүй шахам мордуулчихдаг хүйтэн сэтгэл уяачдынх.

Орхон аймагт энэ сарын эхээр болсон хурдан морьдын сунгааны үеэр 12 настай хоёр хүүхэд мориноос унаж хүнд болон хөнгөн гэмтжээ. Хүнд гэмтсэн хүүхэд нь чөмөгнийхөө ясыг хугалчихаад хичээл номоо алдаад эмнэлэгт хэвтэж байгаа. Хамгаалалтын хувцас заавал өмсүүл гээд байхад л түүнийг авах хэдэн төгрөгтөө гар татсанаас нь болоод өнгөрсөн жил Завхан аймгийн Түдэвтэй суманд мориноос хүүхэд унаж эндсэн гашуун сургамж бий. Гэвч сургамжаас сургамж авдаггүй, алдаанаасаа суралцдаггүй адайр уяачдын аашийг зөөллөж хүчрэх хүн алга аа. Монголын морин спорт уяачдын холбоо нь ч тэднийгээ дийлдэггүй бололтой.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.199 буруу замаар олсон бузар мөнгөөрөө үнэтэй адгуус авч хоорондоо өрсөлдөж баярхдаг олигархиудыг наад хэдэн адгуусаа өөрсдийнх үр хүүхдээр унуулдаг болгож хуулийг өөрчлөх хэрэгтэй.
202.70.47.99 Naad zugaa tsengel, bah tavaa haggah gej uralduulj baigaa adguusaa uuriinhuu ur huuhduud, ach zee naraaraa unuuldaa!
122.201.31.8 Та юу гэж бодож байна ...uls torchid ni uyachid uyachid ni uls torchid baigaa tsagt ene asuudal yu gej shiidegdeh ve dee
202.170.93.12 Энэ талаар сайн мэдэхгүй ч үнэн зүйл. Монголчууд бид моринд хайртай нь үнэн, гэхдээ хүүхдээсээ илүү моринд хайртай гэж үү? энэ хүүхдүүд чинь юугаа мэдэхийнбээ унаад үхчинэ гэж бодохгүй, мэдэхгүй ш дээ. ДУРТАЙ ЮМ БОЛ УЯАЧИД ТА НАР ӨӨРСДӨӨ УНА!!!! хүүдийг битгий хохироогоод бай.
112.72.13.251 Ийм нийгэм байгуулах гэж бид хүссэн гэж үү?????????
202.179.15.125 Гэр бүлийн хуулийг чангатган хурдан батлаачээ. Хэдэн хүүхэд, эмэгтэйчүүд амь алдахыг нь харах гээд хүлээгээд байгаа юм уу. Хийсэн хэрэг нь тодорхой эд мөрийн баримт нь байхад хэргийг удаашруулан уяж яваандаа ял завших байдалд хүргэдэг шүү дээ. 4 настай охиныг алсан улс нь байхад ”сэжигтэн ” ч гэх шиг. Дор дро нь хурдан шийдээч дээ.
202.179.15.125 Та юу гэж бодож байна ...Аймаар байна .Мөнгөтэй бүхэн дийлж байна. Ёс зүй, хүнлэг сэтгэл хөлдсоор л байна...
202.72.245.42 дээр үеээсээ уралдаж байсан гэвч хөхөө өвлийн цагт уралдахнь юул бол
103.229.123.180 Та юу гэж бодож байна ...хүний амь үнэгүй болсон цаг Хэдэн баячууд нь баярхаж энэ спортыг дэвргэж байгаа ш дээ Энэ муу хүүхдүүдыг 5 төргөнөөс л болж алдаж байна даа
86.145.230.54 Tegeed boloogvi Gawayat col nexej baigaad awna, ene zerlegvvd...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга